| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0274/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/312 |
| Огноо | 2022-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/312
2022 9 16 2022/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн С.Б холбогдох эрүүгийн 2225003550310 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, С.Б
Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ, 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Сансар” худалдааны төвийн гадаа 50-90ОРА дугаартай тээврийн хэрэгсэл дотор А.Э*н толгой, нүүр лүү нь олон удаа цохиж, “тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч С.Б“...мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч А.Э-н “...2022 оны 6 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Бүрэнбүстийн овооны урд тал Бямба-Оргил уулзаад мах шарж идээд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, над дээр ирэхдээ нэлээн эрэгтэй найзтайгаа хоёулаа согтуу ирсэн. Тэндээс хөдөлж яваад машин дотроо Бямба-Оргил бид хоёр маргалдаад Бямба-Оргил намайг зодож, үснээс зулгааж, толгой тархи руу цохиж, нүүр, хамар луу хүчтэй цохисон. Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр “Сансар” худалдааны төв өнгөрч байхад намайг машинаас түлхээд унагаачихсан, замын цагдаа нар ирээд Бямба-Оргил түүний найз Ээгий хоёрыг саатуулах гээд аваад явсан. Машинд бид хоёр маргалдаж байхдаа би татаж байсан тамхиараа түлчихсэн чинь Бямба-Оргил намайг олон удаа нүүр рүү цохиж, үснээс зулгаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
“...намайг аймар зодоод байхаар нь Эрдэнэчулуунаас “наад машинаа зогсоо, би буумаар байна” гээд машины хаалганы онгойлгодог хэсгээс барьчихсан байж байхад Бямба-Оргил хамар луу хүчтэй цохичихсон болохоор тухайн үед миний толгой балартаад машинаас уначихсан, намайг машинаас унахад Бямба-Оргил, Эрдэнэчулуун хоёр бууж ирсэн. Эрдэнэчулуун над руу дөхөж ирээд “бос, явъя одоо цагдаа хүрээд ирнэ, босооч ээ” гээд орилоод байсан. ...Удалгүй замын цагдаа ирээд Эрдэнэчулууны согтолтын зэргийг үзээд “согтуу байна” гээд машиныг нь журамлаад аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
гэрч Б.Э “...Энхжаргал, Бямба-Оргил бид гурав 50-90ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан, замдаа Бямба-Оргил, Энхжаргал хоёр маргалдаж, ...Бямба-Оргил “чи яахаараа тамхиа миний нүүрэн дээр унтраадаг юм” гэж байсан, гэнэт бужигнаад явчихсан, тэр хоёрыг салгах гээд чадахгүй болохоор нь машинаа зогсоогоод салгах гээд буутал Энхжаргал машинаас үсрээд буучихаар нь босгох гээд очтол хамраас нь цус гарчихсан, хажуу талаараа хэвтээд байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
С.Б сэжигтнээр өгсөн “... 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 20.00 цагийн үед найз А.Энхжаргал надруу утсаар яриад “найз нь Булган аймгийн Орхон сумын “Ар мэргэн” гэх газар найзуудтайгаа байна, пиво дөхүүлээд өгөөч” гэхээр нь найз Б.Эрдэнэчулууны хамт очоод тэндээ тавуулаа пиво, нэг шил архи уугаад 22 цагийн үед А.Энхжаргал манай найз Эрдэнэчулуун бид гурав найзын машинтай Орхон аймаг руу явж байхдаа А.Энхжаргалтай яг ямар асуудлаас болж маргалдсанаа санахгүй байна, надруу уурлаад дайраад байсан, Энхжаргал татаж байсан тамхиа миний баруун шанаа хэсэгрүү дарж унтраагаад надруу дайрч, цохиод байхаар нь би Энхжаргалыг үсдээд толгой болон хамарлуу нь цохисон. Тэгээд “Сансар” худалдааны төвийн баруун талын замын хажууд маргалдаж байхад цагдаа ирээд 103 дуудаж, Энхжаргалын хамт эмнэлэг рүү очоод толгойн зураг авхуулах гэсэн чинь Энхжаргал “авхуулахгүй” гэхээр нь би найзынд нь хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 461 дугаартай; “...А.Энхжаргалын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, зүүн бугалга, баруун болон зүүн өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
хохирогч А.Э-н “...2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнө Цагаанчулуут багт манай найз залуу намайг зодож, миний биед халдсан.” гэсэн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
С.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34, 46 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас, мөн С.Бямба-Оргилоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч С.Б гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ, 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Сансар” худалдааны төвийн гадаа 50-90ОРА дугаартай тээврийн хэрэгсэл дотор А.Э-н толгой, нүүр лүү нь олон удаа цохиж, “тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч А.Э-н “...Бямба-Оргил намайг зодож, үснээс зулгааж, толгой тархи руу цохиж, нүүр, хамар луу хүчтэй цохисон.” гэх,
гэрч Б.Э “...Бямба-Оргил “чи яахаараа тамхиа миний нүүрэн дээр унтраадаг юм” гэж байсан, гэнэт бужигнаад явчихсан, тэр хоёрыг салгах гээд чадахгүй болохоор нь машинаа зогсоогоод салгах гээд буутал Энхжаргал машинаас үсрээд буучихаар нь босгох гээд очтол хамраас нь цус гарчихсан, хажуу талаараа хэвтээд байсан.” гэх,
С.Б-н “...Энхжаргал татаж байсан тамхиа миний баруун шанаа хэсэгрүү дарж унтраагаад надруу дайрч, цохиод байхаар нь би Энхжаргалыг үсдээд толгой болон хамарлуу нь цохисон.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 461 дугаартай; “...А.Энхжаргалын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, зүүн бугалга, баруун болон зүүн өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, хохирогч А.Энхжаргалын гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч С.Бгэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;
шүүгдэгч С.Б нь хохирогч А.Э-н эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, толгой, нүүр лүү нь олон удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч С.Б-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч С.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч С.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Бямба-Оргилын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагч “...шүүгдэгч С.Бямба-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх шүүгдэгч С.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг харгалзав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч С.Бямба-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхаарууллаа.
Шүүгдэгч С.Б эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,
1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Хохирогч А.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэсэн байх тул өнөөдрийн байдлаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Харин А.Э-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, зүүн бугалга, баруун болон зүүн өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 461 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгч С.Бямба-Оргилын гэм буруутай үйлдлийн улмаас гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг хохирогч А.Энхжаргалд нээлттэй үлдээн шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Э нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ