Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/02851

 

 

 

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/02851

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Ариунаа, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Түмэн наст хотхон, 36Б байрны 106 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ВН73111214, Шарнууд овогт Ванганжалын Амгаланбаярын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, Гранд плаза 13 давхар, 1304 тоотод байрлах, РД-5140595, Эй даблью Пи ХХК-д холбогдох,

 

13 230 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Амгаланбаяр, иргэдийн төлөөлөгч Ц.Булган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч нь хариуцагчаас машины эвдрэлийн хохиролд 9 268 000 төгрөг, үнэлгээний хөлс 268 000 төгрөг, оношлогооны хөлс 200 000 төгрөг, 231 рейсийн ажлын хөлс 3 465 000 төгрөг, нотариатын хөлс 28 000 төгрөг, нийт 13 230 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Эй даблью Пи ХХК-тай механизмын түрээсийн гэрээ байгуулан, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт Луус-Овоо нэртэй газарт нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажилд өөрийн эзэмшлийн өөрөө буулгагч, хүнд даацын Мицибуши фусо маркийн, улсын 48-94 УБР дугаартай өөрөө буулгагч автомашинаар 2018-05-24 өдрөөс 2018-06-24 өдрийг хүртэлх хугацаанд газар шороо, нүүрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэхээр үндсэн жолоочоор би, ээлжийн жолоочоор дүү В.Ганбаярыг ажиллуулахаар тохирч, нэг удаагийн рейсийн хөлсийг 15 000 төгрөгөөр тооцохоор болсон. Би гэрээ хийснээс хойш үндсэн жолоочоор 4 шөнө, 1 өдөр ажилласан. Ээлжийн жолооч В.Ганбаяр 1 шөнө, 4 өдөр уг автомашинаар уурхайн хөрс хуулалтын шороог зөөж, тээвэрлэж, компанийн заасан газарт буулгасан. Нийт 5 өдөр, 5 шөнө, 231 удаа тээвэрлэлт хийж байтал 2018-05-30 өдрийн шөнө 23 цагт ачаагаа буулгах гэж байгаад машин зүүн тийш хажуулдан унаснаас болж миний эзэмшиж байсан машинд ихээхэн хэмжээний эвдрэл хохирол учирсан. Машины эвдрэл, эд анги, агергатын хохирлын үнэ 9 268 000 төгрөг, үнэлгээний хөлс 268 000 төгрөг, автомашины оношлогооны хөлс 200 000 төгрөг, 231 рейсийн ажлын хөлс 3 465 000 төгрөг, нотариатын зардал 28 000 төгрөг, нийт 13 230 000 төгрөгийн хохирлыг Эй даблью Пи ХХК-иас нэхэмжилж байна. Уурхайн шороо буулгах газрын талбайн сул шороог нягтруулж, дагтаршуулах ажлыг хангалтгүй, дутуу хийсэн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг компаниас бүрэн хангаагүй, эксковатор шороог тэнцвэрт байдлыг хангаж ачаагүйгээс шалтгаалж, хүнд ачаатай машин шороогоо буулгахдаа хажуулдан унаж, миний эзэмшлийн автомашин болон өөрийн бие гэмтэж, тухайн үед хохирол, эрүүл мэндийн гэмтлийн зэрэг хөдөлмөрийн чадвар алдалтыг шүүх эмнэлгээр тогтоолгох байсан ч компанийн захирал, инженер техникийн ажилтнууд хэл үг гаргалгүй хохирлыг барагдуулна гэж худлаа хэлж, итгэл сэтгэлийг хөсөрдүүлж хохироолоо.

Иймд би болон ээлжийн жолооч В.Ганбаяр бид автомашины эвдрэлд оношлогооны байгууллагаар оношлогоо хийлгэж, үнэлгээний байгууллагаар хохирлоо тогтоолгосон.

Гэрээг тус компанийн уулын инженер Баттулга гэдэг залуутай тохиролцож, компанийн захирал Билгүүнсоёл гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан.

Машин унасан байхад захирал, уулын инженер, менежер, хөрөнгө оруулсан Солонгос улсын иргэн нар осол болсон газарт ирж танилцсан. Миний хувьд автомашиныхаа эвдрэл гэмтэл хохирлоо тооцож, 10 сая төгрөг нэхэмжилэхэд их байна гэж хоорондоо ярилцаж тохироод 5 сая төгрөгөөр тохиролцож, гарын үсэг зурцгаасан. Осол болсон даруйд цагдаа, хуулийн байгууллагад мэдэгдэж ослын шалтгааныг тогтоолгох акт , баримт нотолгоо хийлгэх гэсэн санал тавьсан боловч компанийн зүгээс хүсээгүй, өөрсдөө хувиараа зохицох санал гаргасан тул татгалзсан.

Иймд машины эвдрэл, эд анги, агергатын хохирлын үнэ 9 268 000 төгрөг, үнэлгээний хөлс 268 000 төгрөг, автомашины оношлогооны хөлс 200 000 төгрөг, ажлын хөлс 3 465 000 төгрөг, нотариатын зардал 28 000 төгрөг, нийт 13 230 000 төгрөгийн хохирлыг Эй даблью Пи ХХК-иас гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ачаагаа буулгах гэж байгаад машин зүүн тал руугаа хажуулдан унаснаас болж миний эзэмшиж, ажил гүйцэтгэж байсан машин осолдож, ихээхэн хэмжээний эвдрэл, хохирол учирсан гэжээ.

Аливаа этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тодорхой гэрээний үүрэг эсхүл хуулиар хамгаалагдсан эрх, үнэт зүйлст халдсан байх явдал нь хохирол шаардах эрх үүсэх, анхдагч суурь нь болдог.

Нэхэмжлэгч өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас өөрийн эзэмшлийн улсын 48-94 УБР дугаартай ачааны машиндаа хохирол учруулсан юм. Мөн хохирол нэхэмжлэх шаардах эрхийн хувьд эрх зөрчсөн үйлдэл нь хохиролд хүргэсэн гэдгийг тогтоох явдал байдаг бөгөөд үнэхээр л компани нэхэмжлэлд дурдсанаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйн улмаас эд хөрөнгөд хохирол учирсан бол ажлын үед гарсан ослын шалтгааныг тодорхойлох цагдаагийн байгууллагын дүгнэлт, ослын шалтгааныг тогтоосон акт зэрэг гарсан байх ёстой. Гэтэл эдгээр нотлох баримтууд байхгүй байна. Мөн иргэн В.Амгаланбаяр нь хохирол учруулсантай холбоотой машины үнэлгээний хөлс, оношлогооны хөлс зэрэг зардлаа нэхэмжилжээ. Зардал нь бусдын үүргийн зөрчилтэй шууд шалтгаант холбоотой нөхцөлд хууль тогтоогч үүнийг хохиролд тооцон нөхөн төлүүлэхээр Иргэний хуульд заасан байдаг. Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь компанийн үүргийн зөрчилтэй шалтгаант холбоогүй, нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирол бий болсон тул нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй гэж үзэж байна.

Компанийн уулын инженер Баттулга, В.Амгаланбаяр нар машины эвдрэл гэмтлийн хохирлыг 5 сая төгрөг өгч авалцахаар гэрээнд гарын үсэг зурсан гэх боловч Баттулгад ийм эрх байхгүй, компанийн зүгээс үүнийг мэдээгүй болно.

Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, түүний хавсралт, аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн ажилгүй байдлын шаардлага,тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах 2018-06-19 өдрийн гэрээ, тээврийн хэрэгслийг худалдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрэм, эзэмшлийг шилжүүлэх хүсэлт, автомашины техникийн үнэлгээний тайлан, автомашины фото зургууд, оношлогоонй дүгнэлт, хөлс төлсөн баримт, хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг шүүх хүргэсэн байх боловч тэрээр хуралдаанд ирээгүй, ирээгүй явдалд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хэлэлцүүлэх хүсэлтийг гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг үнэлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай Эйч би жи эм ХХК-ийн 4894 УБР дугаартай автомашиныг түрээслэх гэрээг 2018-05-23 өдөр байгуулж, уг автосамосвалыг Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт Луус-Овоо нэртэй газарт байрлах нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажилд ашиглуулах, үүнд нүүрсний уурхайн хөрс хуулалт, операторын хамт түрээслэхээр, нэг рейсийн үнийг НӨАТ, шатахуун багтсан үнэ болох 15 000 төгрөг байхаар тохирсон байна.

Гэрээний дагуу дээрх механизмаар нэхэмжлэгч болон түүний дүү Ганбаяр нар тээвэрлэлтийн ажлыг 2018-05-24 өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж байх үедээ 2018-05-30 өдрийн шөнө нэхэмжлэгч автомашиныг жолоодож, ачааг буулгах үед машин хажуу тийш унасан талаар зохигч маргахгүй байна.

Нэхэмжлэгч машин унах болсон шалтгааныг хариуцагч байгууллагаас шороо ачиж байсан эксковатор ачилтын тэнцвэртэй байдлыг хангаж ачаагүйгээс болсон гэж үзэж байгааг хариуцагч эс зөвшөөрч, машиныг жолоодож байсан жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж маргаж, нэхэмжлэлээс татгалзсан байна.

Хэдийгээр зохигч байгуулсан гэрээгээ механизмын түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил дэх техникээр нүүрсний уурхайн хөрс хуулалтаас гарсан шороог нэг сарын хугацаанд заасан цэгт зөөх ажлыг гүйцэтгэх, хариуцагч тээвэрт хэрэглэх шатахууныг хариуцаж, нэг рейсийн хөлсийг 15000 төгрөгөөр тохирсон буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг зохигч байгуулсан байна.

Гэрээний дагуу тохирсон ажлыг гүйцэтгэх явцад нэхэмжлэгчийн жолоодож явсан машин ачааг буулгах үедээ хажуулдаж унасан үйл явдалд нэхэмжлэгч өөрийн гэм буруугүйг, хариуцагч байгууллага буруутай болохыг нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөөлөгчтэй хохиролд 5 сая төгрөг өгч авахаар тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбар нотлогдоогүй, түүнтэй хохирол төлөхөөр тохирсон ажилтан нь уг байгууллагыг төлөөлж түүнтэй энэ тухай хэлцэл хийх эрхтэй эсэх тогтоогдоогүй болно.

Иймд хариуцагчаас өөрийн эзэмшиж байсан тээврийн хэрэгсэл хажуу тийш унаснаас учирсан хохирол болон уг хохирлыг үнэлүүлсэн үнэлгээчний ажлын хөлс, тээврийн хэрэгсэлд оношлогоо хийсэн хөлс зэргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

Хариуцагч учирсан хохирлоос татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэлийн хүрээнд багтсан нэг шаардлага болох 2018-05-24 өдрөөс 2018-05-30 өдрийн шөнийг хүртэл гүйцэтгэсэн гэх 231 рейсийн ажлын хөлсний талаар татгалзсан, эсхүл зөвшөөрсөн талаар тайлбар ирүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу нээхмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хариуцагчийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 224 100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.