Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/772

 

 

 

 

 

    2022        09         29                                   2022/ШЦТ/772

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

Улсын яллагч Б.Батцэцэг,

Шүүгдэгч Г.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ад холбогдох эрүүгийн 2211 00000 1493 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Чүгээ овгийн ГА, 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 450 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын А байрны 803 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай /РД:..................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

         Шүүгдэгч ГА нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын А байрны 803 тоотод хамтран амьдрагч Э.Эийн нүүр лүү нь цохиж биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн доод зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ГА нь согтуугаар:

2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын А байрны 803 тоотод хамтран амьдрагч Э.Эийн нүүр лүү нь цохиж биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн доод зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхэд хандаж шүүгдэгч эцсийн үгэндээ:

“Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хэрэгт холбогдохгүй” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

 

Шүүгдэгч Г.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 27 дугаар тал/  “...миний хувьд гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Уг асуудлын дараагаас эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрсэн байгаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийнхаа биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа ... гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Э.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 5 дугаар тал/ “...би өөрийн хамтран амьдрагч Анхзултай 2021 онд танилцаж хамт амьдрах болсон. Хардалтын улмаас Анхзул бид хоёр 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хамт амьдрахаа болихоор шийдсэн байсан боловч өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өглөөний 08 цагийн орчим миний түрээслэн амьдарч байгаа нийтийн байранд ирсэн /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ Анхзул ирэхдээ 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 1 ширхэгийг авчраад манай хажуу талын Мөөгий гэх эмэгтэй бид гурав уусан. Бид гурав нэг пиво хувааж ууж байтал манай хамтран амьдрагч Анхзул миний зүүн нүд рүү юмаар цохих шиг болсон. Тэгээд миний нүд хамраас цус гартал гараад зугтчихсан. Би яг юугаар цохисныг хараагүй, цохисоны дараа миний нүд юм харахгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Бид хоёр хардалтын улмаас салахаар шийдсэн байсан. Мөөгий гэртээ орсон хойгуур ямар нэгэн шалтгаангүйгээр Анхзул миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохичихоод гэрээс гараад яваад өгсөн. Тухайн үед ямар ч хэрүүл болоогүй ба яагаад цохисон талаар би мэдээгүй. Ингээд манай хөрш болох Мөөгий гэх эмэгтэй миний нүд хөхөрснийг хараад 102-т дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Мөнх-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би нөхөр хүүхдийн хамт 1 сар орчмын өмнөөс дээрх хаяг дээр түр оршин сууж байгаа. Харин манай амьдардаг нийтийн байрны 10 тоот өрөөнд Анхзул, Эрдэнэцэцэг нар нүүж ирээд бас 1 сар орчим болж байгаа юм. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр намайг Эрдэнэцэцэгтэй хамт тэдний гэрт байхад Анхзул бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн гаднаас ирэхдээ 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво барьчихсан ирсэн. Тэгээд түүнийгээ задлаад надад хийж өгөхөөр нь би амсаад байж байтал манай хүүхэд памперсандаа баачихаар нь хүүхдээ аваад өөрийнхөө гэрт ороод памперсыг нь соличихоод эргээд ороод иртэл Анхзул Эрдэнэцэцэгийн нүд рүү нь цохичихсон, Эрдэнэцэцэг гараараа нүдээ дарчихсан уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Харин Анхзул намайг орж ирэнгүүт гараад явсан юм” гэх мэдүүлэг,    

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №11434 дугаар шинжээчийн: /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/ “Э.Эрдэнэцэцэгийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч Г.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 31 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дугаар тал/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 52-53 дугаар тал/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 299 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

 

Эдгээр баримтуудаар шүүгдэгч ГА нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын А байрны 803 тоотод хамтран амьдрагч Э.Эийн нүүр лүү нь цохиж биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн доод зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.А болон хохирогчоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт тус тус гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Э.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр “... гомдол санал байхгүй ...” гэсэн хүсэлтийг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулжээ.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Чүгээ овогт ГАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ