Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 765

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Д-ийн М-ийн нэхэмжлэлтэй,  

    Хариуцагч: Ц-ийн Б-д холбогдох,

     Гэм хорын хохирол 3.160.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,  иргэдийн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

    Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Гивааны талбайн хажууд, Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутан гэх Б гэгчээр зодуулж гэмтэл авсан. Тухайн үед надад Ц-ийн цохилтоос болж миний үүдэн доод шүд сэтэрсэн, дээд баруун талын шүд хугарч унасан юм. Б нь эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтад байх үед надад эмчилгээний зардалд ямарч хохирол өгөөгүй, зөвхөн шүүх эмнэлгийн дүгнэлтийн мөнгө, эмчид үзүүлсэн мөнгө 23.000 төгрөг өгсөн. Миний бие насанд хүрээгүй, дунд сургуульд сурдаг учир хичээлээ таслаж, шүдээ хийлгэхээр хот явах боломжгүй байсан. Ингээд энэ зун аав Д-ийн хамт 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Улаанбаатар хот явж, шүдээ хийлгэх, мөн сэтэрсэн шүдэндээ эмчилгээ хийлгэсэн юм. Миний бие эрүүгийн хэргийн талаар ямарч ойлголтгүй учир ээж аав Улаанбаатар хотод байсан тул би хохирлоо нэхэж чадаагүй юм. Үүний дараагаар өмгөөлөгч авч, шүүх хуралд оруулж, хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болсон. Надад Б-ийн гэм буруутай үйлдлээс болж маш их хохирол учирсан юм. Иймд Б-ээс надад учирсан гэм хорын зардал 3.160.600 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

   Иргэдийн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б зодоон цохион хийсэн нь үнэн болно. 3.166.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч М нь хариуцагч Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 3.160.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.    

    Хариуцагч Б-д нэхэмжлэлийн хувийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гардуулж, танилцуулсан боловч тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

     Хариуцагч Б нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

   Өөрөөр хэлбэл, хариуцагч Б гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан байх ба Б-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй байна.

      Шүүх нэхэмжлэгч М-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   М өөрийн эцэг Д-ийн хамтаар 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хот руу орон нутгийн нийтийн тээврээр зорчихдоо 127.800 төгрөг /нэг хүний 63.900 төгрөг/, мөн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг руу ирэхдээ мөн л орон нутгийн нийтийн тээврээр зорчиж 127.800 төгрөг, мөн нотариатын төлбөр 5.200 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авч оролцуулан, өмгөөлөгчид 500.000 төгрөгийн хөлс төлсөн тухай “Тасалбар 20” гэсэн баримтыг тус тус хэрэгт эх хувиар ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

    Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, ... өмгөөлөгчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарна” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дээрх өмгөөлөгчийн төлбөр 500.000 төгрөгийг, мөн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн замын зардлыг тус тус гаргуулж олгох үндэслэлтэй байна.

     Харин “Дашпэлжээ” ХХК-ийн Энхийн мишээл эмнэлгийн Нүүр амны их эмчийн 2.000.000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн гэх тодорхойлолт, Улаанбаатар хотод 73-27 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр өдрийн 50.000 төгрөг, 8 хоногийн турш 400.000 төгрөгийн үйлчилгээ авсан тухай иргэн С.Гансүхийн тодорхойлолт, нийт 2.400.000 төгрөгийн зардлыг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

     Учир нь Энхийн мишээл эмнэлгийн эмч Б.Мандхайгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Шүдний эмчийн үзлэг” гэх баримтад М-ийн 12 дугаартай шүдэнд бүрээс хийж, 41 дүгээр шүдэнд ломбо тавьж, 13 дугаар шүдэнд сувгийн эмчилгээ хийсэн тухай дурдаад “Эмчилгээний нийт төлбөр нь 1.600.000 төгрөг, эмчилгээ оношлогоо 300.000 төгрөг, бүгд дунджаар 2.000.000 төгрөг болсон байна” гэсэн атлаа гэмтэлтэй шүд тус бүрт ямар ямар үнэ бүхий эмчилгээ, оношлогоо хийгдсэн нь тодорхойгүй, “дунджаар” гээд 2.000.000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн гэж дурдсан нь бодит байдалтай нийцэхгүй байгаа бөгөөд тухайн баримт, тодорхойлолт нь эргэлзээтэй байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

      Түүнчлэн иргэн С.Гансүхийн тодорхойлолтод “өдөрт 20.000 төгрөгөөр бензин хийж, хөлсөнд 30.000 төгрөг, нийт 50.000 төгрөгийн таксины үйлчилгээ үзүүлсэн” гэсэн нь мөн л эргэлзээтэй, хаанаас, хаана хүртэлх замд өдрийн турш 20.000 төгрөгийн бензин зарлагдсан, тухайн бензин, шатахууныг хаанаас авч байсан талаарх уг баримтыг давхар нотлох бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

    Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “3.160.600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн атал хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 3.160.800 төгрөгийн баримтыг шүүхэл ирүүлсэн байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

    Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Б-ээс гэм хорын хохиролд 760.800 төгрөгийг гаргуулж М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.399.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба түүний улсад төлсөн 65.520 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот данснаас буцаан гаргуулж М-д олгож, мөн 760.800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22.809 төгрөгийг хариуцагч Б-ээс гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Б-ээс гэм хорын хохиролд 760.800 /долоон зуун жаран мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.399.800 /хоёр сая гурван зуун ерэн есөн мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.520 /жаран таван мянга таван зуун хорь/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот данснаас буцаан гаргуулж М-д олгож, хариуцагч Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 22.809 /хорин хоёр мянга найман зуун ес/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Н.ГЭРЭЛТУЯА

ШҮҮГЧИД                                                    П.БОЛОР

                                                                        Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ