Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2021/0094/З |
Дугаар | 128/ШШ2021/0423 |
Огноо | 2021-06-11 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2021/0423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Л.С Хариуцагч: УБЕГ-ын дарга Нэхэмжлэлийн шаардлага: 1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 3. 20 хувиар 3 сарын хугацаатай суутгасан суутгалыг нөхөн олгохыг хариуцагчид даалгах, 4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ***дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 5. цалингийн шатлалын зөрүүг гаргуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нэхэмжлэгч Л.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Г.Б, У.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...*** дугаартай тушаалын тухайд: Л.С надад сахилгын шийтгэл ногдуулахад гол үндэслэл болгосон Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын Танилцуулга-д Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.3, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** тоот тушаалаар батлагдсан Хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрын Улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.2-ыг зөрчсөн буюу УБ-07 маягтыг бичгээр гаргаагүй гэж буруутгасан. Уг явдал 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэгч А.Дыг чөлөөтэй байх хугацаанд миний бие орлож байхдаа нэгэн эмэгтэйн материалыг шалгаад бүрдэл дутуу талаар хэлсэн. Тэрээр дутуу материалаа бүрдүүлэхээр яваад дахин ирээгүй байхад татгалзсан маягт өгөөгүй /УБ-07/ олгоогүй гэж буруутгасан нь үндэслэлгүй юм. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэгч А.Д уг бүртгэлийг хөтөлж, цахим сангаас өргөдөл хүлээн авсан тухай маягтыг үйлдэн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрчилгээ олгон архивын эх нотлох баримт болон цахим санд бүртгэгдсэн байна. Тэгэхээр намайг архивт байгаа нотлох баримтад засвар хийсэн, бүртгэл хөтөлсөн мэтээр буруутгасан нь үндэслэлгүй юм. Танилцуулга-д гаргасан 2020 оны 10 дугаар сарын 12-ны миний тайлбар нь Г ХХК руу чиглэсэн байхад өөр асуудлаар өөрийн алдааг зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь буруу юм. Тушаалын үндэслэл хэсэгт Хөдөлмөрийн дотоод журмын 10.2-ыг эш татсан байгаа. Уг хэсэгт Албан хаагч нь эрхэлсэн ажлын хүрээнд албан ёсоор илэрхийлж хэлсэн үг, албан тоот, тайлан, дүгнэлт, акт, болон аливаа зурсан гарын үсгийн төлөө хуулийн өмнө бүрэн хариуцлага хүлээнэ гэсэн байна. Г ХХК-ийн улсын бүртгэлийн хувийн хэргийн цахим болон архивын эх нотлох баримтад миний гарын үсэг болон албан үүргийн дагуу хэрэглэдэг 443 дугаартай тэмдэг огт дарагдаагүй байхад намайг хамаатуулж байгаа нь буруу юм. 2. ***тоот тушаалын тухай: Надад 8 хоногийн дараа дахин оногдуулсан энэ сахилгын шийтгэлийг ямар үндэслэлээр яагаад оногдуулсныг Улсын бүртгэлийн ерөнхий газар өнөөдрийг хүртэл надад тайлбарлаагүй, сонсох ажиллагаан дээр хэлээгүй, үндэслэх нотлох баримттай танилцуулаагүй байна. Төлөвлөгөөт шалгалт нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-ний хооронд хийгдсэн бөгөөд шалгалтын дараа шалгалтын бүрэлдэхүүн дүнгийн хурлыг нийт албан хаагчдыг байлцуулан хийж хүн нэг бүр дээр илэрсэн зөрчлийг танилцуулан зөрчлийн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан ба намайг маш сайн ажиллаж байна. Дархан-Уул аймгийн эд хөрөнгийн бүртгэл өмнө нь ийм сайн байгаагүй гэж үнэлэлт дүгнэлт өгөөд явсан. Шалгалтын дагуу Хяналт шалгалтын газраас *** дугаартай албан бичгээр Хяналтын улсын байцаагчийн 30 дугаартай албан шаардлага манай хэлтэст ирснийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцахад намайг улсын бүртгэгчийг мэргэжил арга зүйгээр хангаагүй муу ажилласан гэж огт дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны акт нь хуульд үндэслээгүй бөгөөд бодит байдалтай нийцээгүй гарсан. Иймд үндэслэлгүйгээр ногдуулсан сахилгын шийтгэлүүдийг үндэслэн намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл бий болж, ажлаа чөлөөтэй сонгох Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж болзошгүйгээс гадна цалин хөлс авах эрх маань зөрчигдөж байгаа тул түүнийг сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ***дугаартай албан тушаал бууруулах тухай тушаалын тухайд: Дархан-Уул аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр ажиллаж байхад тасгийн дарга бөгөөд Улсын ахлах бүртгэгч Ш.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, түүнээс хойш тасгийн даргын үүрэгт ажлыг надад хавсран гүйцэтгүүлсэн ч тушаал гаргаагүй ба нэмэгдэл цалин хөлс олгоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тасгийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *** тушаалаар тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээр томилсон тушаалууд гарсан. Миний бие 2003 оноос завсарлаагүйгээр бүртгэлийн байгууллагад төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд хэн нэгний оронд түр ажиллаж байгаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт болох "төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхнө гэсэн заалт хэрэглэсэн; Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг надад тохон архивчаас туслах бүртгэгч, улсын бүртгэгч, хяналтын улсын байцаагч, улсын ахлах бүртгэгч зэрэг Төрийн захиргааны албан үүргийг гүйцэтгэж ирсэн надад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчин Төрийн албаны зөвлөлийн ***дугаартай албан бичгийг үндэслэн ямар ч үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан. Надад Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлийг ноцтой зөрчиж сонсох ажиллагаа явуулаагүй гэнэт 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтсийн мэйл хаягаар ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал ирж ажил хүлээлцсэн. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д зааснаар миний эрх ашиг хөндөгдсөөр байтал ямар ч хүсэлт, санал авалгүй нотлох баримтад тулгуурлаж судлаагүйгээр удаа дараа үндэслэлгүй сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гаргасан. Уг тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үндэслэлгүй байхад албан тушаал бууруулсан мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан Ш.Цгийн асуудлаар 2020 оны 6 дугаар сард шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байтал түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэгч О.Мэндбаярыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Ингэж үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан нь миний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин хөлс авах Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж байхаас гадна төрийн албан хаагчийн баталгаа үгүй болж, төрийн албаны мэргэшсэн тогтвортой зарчим алдагдахад хүрч ажлын байрны дарамт шахалтад орж жирийн төрийн албан хаагч миний эрх зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэжээ. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Л.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай *** дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Лхагвын Соёлмаад албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Л.С нь 2003 оноос туслах бүртгэгч, архивч, хяналтын улсын байцаагчаар, 2015 оноос Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс тус хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Л.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай *** дугаар тушаалын эрх зүйн үндэслэл нь: А ХХК-ийн хуулийн зөвлөх Б.У нь тус байгууллагын цахим хуудаст 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэгч Л.С нь тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тавьсан шаардлага нь хууль бус болох тухай гомдлыг гаргасан ба уг асуудлыг тус газрын Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газраас шалгасан болно. Гомдлыг хянахад гомдол гаргагч болох А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг УБ-07 маягтаар бичгээр гаргаагүй, захирлын гарын үсэг бүхий баримт бичигт засвар, тэмдэглэгээ хийсэн, УБ-05 маягтад хасах, бүртгэх, томилох эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх гэж бич гэж хууль бус шаардлага тавьсан зөрчлийг гаргасан байна. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, 20 дугаар зүйлийн 20.1.3-т хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны *** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэл хөтлөх журам-ын 5.2-т Улсын бүртгэгч дараах тохиолдолд хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, өргөдөл гаргагчаас ирүүлсэн баримт бичгийн хамт энэ журмын 2.4-т заасан этгээдэд шилжүүлнэ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны *** дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Албан тушаалын тодорхойлолтод заасан Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн түр эзгүйд түүний чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрхлэн хөтлөх гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтад заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Л.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай" ***дугаар тушаалын эрх зүйн үндэслэл нь: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн *** дүгээр тушаалаар Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалтын газраас хийсэн. Дээрх шалгалтаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч нар нь хуулиар хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн тул тухайн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Л.С нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам зөрчиж 9 алдаатай бүртгэл хийсэн, албан тушаалын тодорхойлолтод заасан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, улсын бүртгэгчийг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалтад заасны дагуу Л.С-д албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн Л.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай *** дугаар тушаал, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Л.С-г үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай ***дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээнд гарсан хууль ёсны шийдвэр юм. Л.С нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны ***, ***дүгээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж ирүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны Хариу хүргүүлэх тухай ***тоот албан бичгийн хуулбартай танилцсан. Төрийн албаны зөвлөлөөс улсын бүртгэгч Л.С-н гаргасан гомдлыг шийдвэрлэсэн. Түүнийг хууль бусаар томилогдсон гэж үзсэн талаар тус байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй болно. Иймд Төрийн албаны зөвлөлд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Албан бичгийн хувийг гаргуулах тухай *** тоот албан бичиг хүргүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04/932 тоот албан бичгээр Л.С-д хариу хүргүүлсэн 2020 оны ***тоот албан бичгийн хуулбарыг албан ёсоор ирүүлсэн. Дээрх албан бичигт дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, 33 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх зохицуулалт болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ыг үндэслэн гаргасан зөрчлийг арилгаж Л.С-г өмнө ажиллаж байсан улсын бүртгэгчийн албан тушаалд томилсон. Энэ нь үндэслэлгүйгээр Л.С-н албан тушаалыг бууруулж хариуцлага тооцсон тушаал биш бөгөөд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд гарсан тушаал болно. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны Төрийн албаны тусгай шалгалтын захиалга хүргүүлэх тухай *** тоот албан бичгээр Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд төрийн албаны тусгай шалгалт авах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Иймд Л.С нь уг албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад орох эрх нь хуулиар нээлттэй байгаа болно. гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч нь 1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 3. Цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай суутгасан суутгалыг нөхөн олгохыг хариуцагчид даалгах, 4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ***дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 5. цалингийн шатлалын зөрүүг гаргуулах гэсэн 5 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Шүүх нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ***дугаартай тушаалыг хүчингүй болгуулах болон цалингийн шатлалын зөрүүг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, үлдэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай суутгасан суутгалыг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Л.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай *** дугаар тушаалаар Хуулиар хүлээсэн албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомж зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн нь Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газраас шалган, тогтоосон гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Л.С-д 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Л.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай ***дүгээр тушаалаар Албан тушаалын тодорхойлолтод заасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, улсын бүртгэгчийг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/1321 дугаар тушаалын дагуу Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Л.С-н албан тушаалын цалингийн хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Л.С-г үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай ***дугаар тушаалаар ... Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ***тоот албан бичгийг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Лхагвын Соёлмааг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн тус хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн албан тушаалд томилсон байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь дээрх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны *** дугаар тушаалд заасан зөрчлийг гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Учир нь А ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Уас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан [email protected] хаягт, Улсын бүртгэгч Л.С-н тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тавьсан шаардлага хууль бус болох тухай гомдлыг цахимаар гаргасан байна. Дээрх А ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Уянгын гомдлыг товчлон хураангуйлбал: ...Компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлж томилох тухай тухай А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт эрх шилжүүлэн авч буй хувьцаа эзэмшигч бус эрх шилжүүлж буй хувьцаа эзэмшигч гарын үсэг зурсан байх ёстой гэх шаардлагыг тавьсан. Уг шаардлага нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь заалтыг зөрчиж тавьсан шаардлага байна. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт эрх шилжүүлэн авч буй эзэмшигч бус эрх шилжүүлж авч буй хувьцаа эзэмшигч гарын үсэг зурсан байх ёстой гэх шаардлагыг тавьсан. Уг шаардлага нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсгийг зөрчиж тавьсан шаардлага байна. УБ-05 маягтад УБ-12 маягтыг бөглөж буй талаараа буюу компанийн эцсийн өмчлөгчид нэмэлт өөрчлөлт оруулж буй талаар нэмэгдэх өөрчлөлт хэсэгт бичсэн байх ёстой гэх шаардлагыг тавьсан. Компанийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхэд УБ-12 буюу Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг хамтад нь гаргадаг. Өөрөөр хэлбэл тусгайлан баталсан өргөдлийн маягтыг хамтад нь гаргаж байхад УБ-5 маягтад энэ талаар тэмдэглэх шаардлага байхгүй. Түүнийг заавал тусгана гэх зохицуулалт байхгүй. Гэтэл дээрх шаардлагыг тавьж компанийн тамга тэмдэг бүхий өргөдлийн загварт дур мэдэн бичвэр хийж баллаж, сохолсон үйлдэл гаргасан. УБ-5 маягтын хасагдах, өөрчлөлт нэмэгдэх өөрчлөлтөд хасах, бүртгэх, томилох гэх үйл үгийг тэмдэглэх ёстой гэх шаардлагыг тавьсан. ... хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрт энэ талаар тодорхой заасан байхад заавал үйл үгийг түлхүүр үгэндээ ашиглах шаардлагыг тавьсныг ойлгохгүй байна. ... Бид Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/les-new хэсэгт заасны дагуу баримт бичгийг бүрдүүлж өгсөн. Мөн .... компанийн албан ёсны шийдвэр, баримт бичгүүдийг эх хувиар нь хүлээлгэн өгсөн атал түүн дээр баллаж тэмдэглэгээ хийсэн үйлдэл гаргасан. Бидний хувьд хуульд заасан болон танай байгууллагаас тавьсан шаардлагын дагуу холбогдох бүх баримт бичгийг ном ёсоор нь бэлтгэн, тэдгээрийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан атал үндэслэлгүй, хууль бус шаардлага тавьж хүсэлтийг буцаасан үйлдэл нь хууль бус гэж үзэж байна... гэх зэргээр гомдлын үндэслэлээ тайлбарласан байна. А ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтэд А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх тухай №001 дүгээр шийдвэр, Гүйцэтгэх захирал чөлөөлж, томилох тухай №002 дугаар шийдвэр, Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай №003 дугаар шийдвэр, УБ-5 маягт, УБ-12 маягт, А ХХК-ийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Дархан-уул аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Итгэмжлэл олгох тухай 01/02 дугаар албан бичиг, Үүсгэн байгуулагчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 001 тоот шийдвэрийн хавсралтаар баталсан А ХХК-ийн дүрэм, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №1 Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, Хувьцааны эрх шилжүүлж буй болон хүлээн авч буй талуудын иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, зэрэг баримтуудыг хавсаргасан байна. Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын А ХХК-ийн гаргасан гомдлыг шалгасан тухай танилцуулгад ... 1. Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг УБ-07 маягтаар бичгээр гаргаагүй; 2. А ХХК-ийн тамга, тэмдэг дарсан, захирлын гарын үсэг бүхий баримт бичигт засвар тэмдэглэгээ хийсэн; 3. УБ-5 маягтад хасах, бүртгэх, томилох, эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх гэж бич гэж хууль бус шаардлага тавьсан зэрэг зөрчлийг гаргасан байна. Дээрх зөрчлүүд нь дараах эрх зүйн актуудыг зөрчиж байна: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3. хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах; Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах; Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны *** дугаар тушаалын хавсралтаар баталсан Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам-ын 5.2-т Улсын бүртгэгч нь дараах тохиолдолд хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, өргөдөл гаргагчаас ирүүлсэн баримт бичгийн хамт энэ журмын 2.4-т заасан этгээдэд шилжүүлнэ. Иймд дараах саналыг хүргүүлж байна: Дархан-Уул аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах байцаагч Л.С-д Төрийн албаны тухай хуульд заасан сануулах сахилгын шийтгэл ногдуулах... гэсэн байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:, 22.1.2-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;, 22.1.3-д үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;, 22.1.4-д үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;, 22.1.5-д шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;, 22.1.7-д хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл;, 22.1.8-д хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт;, 22.1.9-д улсын бүртгэлийн гэрчилгээ., 22.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй., 22.3-д Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:, 22.3.1-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;, 22.3.2-д эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;, 22.3.3-д дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт;, 22.3.4-д Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл... гэж тус тус заасан байна. Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам-ын 8.1-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтална. 8.2-д Хуулийн этгээдийн дараах мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хуульд өөрөөр заагаагүй бол ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ:, 8.2.1-д хуулийн этгээдийн нэр, төрөл, хэлбэр;, 8.2.2-д үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч;, 8.2.3-д хувь нийлүүлсэн хөрөнгө;, 8.2.4-д хувьцаа эзэмшигчийн хувь; 8.2.5-д төлөөлөн удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээд;, 8.2.9-д дүрэм, гэрээ;, 8.2.10-д салбар, төлөөлөгчийн газар, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлт;, 8.3-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:, 8.3.2-д үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;, 8.3.3-д дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, хуульд заасан тохиолдолд гэрээний нэмэлт, өөрчлөлт, эсхүл шинэчилсэн дүрэм /гэрээ/;, 8.3.4-д хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;, 8.3.6-д эрх шилжүүлэх тохиолдолд Иргэний хуульд заасан нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ, ..., 8.3.7-д хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан;, 8.3.1-д шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;, 8.4-д Иргэн, хуулийн этгээд энэ журмын 8.2-т заасан хугацаанд баримт бичгээ ирүүлсэн боловч улсын бүртгэгч энэ журмын Тавд зааснаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бол хуулийн хугацаанд баримт бичгийг ирүүлсэнд тооцно. гэж тус тус заасан байна. Дээр дурдсан үйл баримтууд, эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээ, хувьцаа эзэмшигчийн Хувьцаа шилжүүлэх тухай шийдвэр, Гүйцэтгэх захирал чөлөөлж, томилох тухай шийдвэр, Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай дугаар шийдвэр, УБ-5 маягт, УБ-12 маягт, А ХХК-ийн захирлын Дархан-уул аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн итгэмжлэл олгох тухай 01/02 дугаар албан бичиг, Үүсгэн байгуулагчийн шийдвэрийн хавсралтаар баталсан компанийн дүрэм гэх мэт хууль, журамд заасан баримтуудыг гүйцэд бүрдүүлэн өгсөн болох нь нотлогдож байна. Иймд А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Компанийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэхээс татгалзсан нэхэмжлэгчийн үйлдэл нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өргөдлийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэхээс татгалзсан нэхэмжлэгчийн үйлдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй., Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:, 20.1.1-д улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасантай нийцэхгүй байна. Мөн А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг нэхэмжлэгч бүртгэхээс татгалзахдаа татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаагүй нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны *** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам-ын 5.2-т Улсын бүртгэгч нь дараах тохиолдолд хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, өргөдөл гаргагчаас ирүүлсэн баримт бичгийн хамт энэ журмын 2.4-т заасан этгээдэд шилжүүлнэ гэж заасантай нийцэхгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Л.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай ***дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Л.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай ***дүгээр тушаалд заасан зөрчлийг гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнгийн талаарх 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Илтгэх хуудаст ...Улсын ахлах бүртгэгч Л.С-ийн бүртгэсэн бүртгэлийг шалгахад дараах алдаа зөрчил илэрлээ. Дархан сумын ** дугаар баг Мангирт 7 дугаар хэсэг ** гудамжны **** тоот хувийн сууцаа 95% гүйцэтгэлтэйгээр бүртгүүлэхээр хандсаныг 100% гүйцэтгэлтэйгээр бүртгэж **** тоот гэрчилгээ олгосон байна гэсэн байна. Мөн дээрх Хяналт шалгалтын газраас хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Илтгэх хуудсаас үзэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч М.У, Н.Б, О.М, Н.Ш нар нь тус илтгэх хуудаст дурдагдсан зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдож байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын чиг үүрэг гэсэн II хэсгийн Албан тушаалын зорилгод Аймгийн хэмжээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, улсын бүртгэгчийг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. гэж заасан байна. Дээрх албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга нь өөрийн тасгийн улсын бүртгэгчийг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг хариуцдаг тул тус тасгийн улсын бүртгэгчдийн хууль, журамд нийцээгүй үйлдлүүдийн улмаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн даргад сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Л.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай ***дүгээр тушаалаар улсын бүртгэгчийг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ***дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна:, 33.2.1-д ерөнхий шалгалт, 33.2.2-т тусгай шалгалт /тухайн албан тушаалын/., 33.3-д Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна., 33.4-д Энэ хуулийн 33.2-т заасан ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулна., 33.12-д Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална гэж тус тус заасан байна. Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн иргэн нь төрийн жинхэнэ албанд томилогдон ажиллах эрхтэй байна Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай *** тоот тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийг томилох хүртэл хугацаанд тус албан тушаалд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Л.С-г түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Төрийн албаны тухай шалгалтын захиалга хүргүүлэх тухай №*** тоот албан бичгээр Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд төрийн албаны тусгай шалгалт авах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн даргад хүргүүлсэн байна. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлөөс Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нийтэд мэдээлсэн байна. Дээрх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №*** тоот албан бичиг, сонгон шалгаруулалтын зар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** тоот тушаал зэрэг баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд Л.С нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтгүйгээр томилогдсон болох нь нотлогдож байна. Гэвч төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах, тусгай шалгалт өгч тэнцсэн иргэнийг томилох нь захиргааны байгууллагын үүрэг тул тусгай шалгалтгүйгээр томилогдсон гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, зохих иргэнийг томилох хүртэл хугацаагаар эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. Шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны ***дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтыг хууль, журмын дагуу зохион байгуулж, зохих иргэнийг томилох хүртэл хугацаагаар эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул Л.С-ийн ТЗ-7-4-өөс ТЗ-6-4 болж цалингийн шатлал буурсан зөрүүг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаагаар тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3, 33.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Л.С-г үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай ***дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.С-г урьд эрхэлж байсан Дархан Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, зохих иргэнийг томилох хүртэл хугацаагаар эгүүлэн тогтоож, ТЗ-7-4-өөс ТЗ-6-4 болж буурсан цалингийн сүлжээний шатлалын зөрүү цалинг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаагаар тооцож олгохыг УУБЕГД-д даалгаж, үлдэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ***дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах болон цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай суутгасан суутгалыг нөхөн олгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.С-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ |