Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            Шүүгдэгч Н.Энхбат, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намжилын Энхбатад холбогдох эрүүгийн 201624000531 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлгийн цэргийн хангалт үйлчилгээний тасагт нөөцийн нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-209 тоотод оршин суух, Энхийн төлөө медальтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Намжилын Энхбат (РД:ЕП76100230),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 23.50 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чандмань дэлгүүрийн баруун талын замд Тоёота Приус маркийн 33-31 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч А.Жаргалцэцэгийг мөргөн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол хэрэг гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдожээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-2016 оны 9 дугаар сарын 08-ны шөнө осол болсон нь үнэн. Айснаас болж сандраад, хохирогчийг эмнэлэг явахгүй гэхээр нь гэрийнх нь гадаа буулгасан. Хохирогчийг эмнэлэгт хэвтүүлсэн. Хохирогчид 1.101.580 төгрөгийн зардал, 280.000 төгрөгийн томографийн зардал, 400.000 төгрөгийн эмчилгээний зардал өгсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.  

Мөрдөн байцаалтад Н.Энхбат сэжигтнээр мэдүүлэхдээ:-2016 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ойролцоогоор 23 цаг 50 минутын орчим би өөрийнхөө эзэмшлийн 33-31 УБИ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашиныг жолоодон гэрээсээ гараад хадмын гэр болох Хайлаастын 2 дугаар буудал руу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй зорчих хэсгээр хурд сааруулагч дөнгөж давчихаад явж байхад гэнэт миний машины баруун урд талын салхины шилэн дээр нэг хүний ар нуруу ороод ирсэн. Би тэр даруй машинаа зогсоож машинаасаа буугаад, нөгөө машинд мөргүүлсэн хүн дээр яваад очиход миний машины урдхан талд нэг согтуу эмэгтэй хүн зам дээр газар уначихсан хэвтэж байсан, тэгэхээр нь би нөгөө эмэгтэйг өргөөд машиныхаа арын суудал дээр суулгаж “эмнэлэг орох уу” гэж асуухад “би гэр рүүгээ харимаар байна” гэхээр нь “гэр чинь хаана юм” гэж нөгөө эмэгтэйгээс асуухад осол болсон газраас 1 гудамжны цаана гэж заасан. Тэгэхээр нь машинтайгаа хөдлөхдөө машиныхаа бүх гэрлийг унтраагаад заасан гудамж руу нь өгсөж ороод машинаас нөгөө эмэгтэйг буулгачихаад машиныхаа арын төмөр дугаарыг гадагш нь дээшээгээ эргүүлчихээд хүн харах боломжгүй болгоод нөгөө эмэгтэйг үлдээгээд машинтайгаа хөдлөөд явчихсан. Би тухайн орой нилээн айсан байсан болохоор хадмынхаа гэр рүү нь очилгүйгээр найзынхаа гэрийн гадаа очиж найз Батсууриас зөвлөгөө авах гэсэн боловч найз маань байхгүй болохоор гэрийнх нь гадаа машин дотроо хоносон. Дараа нь Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасгаас дуудахаар нь очсон. Тухайн орой нилээн бороотой, зам нойтон, үзэгдэх орчин муу, харанхуй зорчих хэсгийн эсрэг урсгалын зам дагуух гэрэлтүүлэг ассан, миний зорчих хэсэгт гэрэлтүүлэг байхгүй, өөдөөс ирсэн машины гэрэлд нүд гялбасан байсан. Тийм болохоор би явган зорчигчийг огт хараагүй, гэнэт миний баруун гар талаас ар нуруу нь орж ирээд машинд мөргөгдсөн. Би тэр үед машинаа зогсоосон, тухайн үед айсан байсан болохоор хүнээ суулгаад машиныхаа их гэрлийг унтрааж ослын газраас хөдлөөд явсан. Тоёота Приус маркийн 33-31 УБИ дутаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийнх, ослын улмаас автомашины урд талын салхины шил цөмөрч цуурсан, өөр эвдрэл гэмтэл байхгүй, тэр эмэгтэй эмнэлэг явахгүй гээд байхаар нь гудамжинд нь буулгасан гэжээ.

            Хохирогч А.Жаргалцэцэгээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр би хамт ажилладаг хүмүүсийн хамт зааланд тоглож байгаад бааранд орж дуулсан. Тэндээс гараад бас нэг газар очиж архи, пиво уусан. Тэгээд би эгчийнд очихоор такси аваад Хайлаастын 15-ын тэнд Чандмань гэх дэлгүүрийн хажуу талд таксинаас буугаад явган хүний гарцаар зам гараад явж байх үед ямар нэг машин тэрэг байхгүй байсан ба гэнэт миний араас нэг машин ирж мөргөөд, намайг чирээд машиндаа суулгаад, гутал зам дээр тараад унасан байсан. Дугуй засварын гадаа түлхэж буулгаад явахаар нь араас нь харсан чинь ар талд нь дугаар байхгүй байсан. Намайг машинд мөргүүлсэн гэх А цэг унасан гэх Б цэгийг намайг мөргүүлэх үед харсан гэх ах, эгч хоёр зааж өгсөн гэж байсан гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            1.Ш.Бямбасүрэнгээс:-2016 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө би гэртээ нөхөр Дорждагвын хамт байж байсан чинь шөнө 00:00 цагийн үед гадаа түс гэх чимээ гарахаар нь би цонхоор харсан чинь нэг эмэгтэй хүнийг эрэгтэй хүн зам дээрээс чирээд машиндаа суулгаж байсан ба энэ үед машины гэрэл асаалттай байсан. Би хэрэгт дурлаад хүүхэн залуу хоёр хэрүүл хийж байгаа юм байна даа гэж бодоод хараад байж байсан чинь нөгөө залуу чинь эмэгтэй хүнийг машины арын суудал дээр суулгасан ба нөгөө эмэгтэй хүний гар нь сарвалзаад байсан. Жолооч машины бүх гэрлээ унтраагаад машинаа хөдөлгөөд урд талын харанхуй гудамжинд яваад орсон. Би дээд давхартаа байсан бөгөөд доошоо буугаад нөхөртөө болсон зүйлийг хэлсэн чинь манай нөхөр “хоёулаа араас нь явна” гээд бид хоёр гэрээс гараад машин орсон гудамжинд араас нь орсон чинь дээд талд хоёр машин байсан бөгөөд нэг машин нь цаашаа хараад зогсож байсан ба нэг машин нь наашаа хараад зогсож байсан. Бид хоёр явж байсан чинь бид хоёрын урдаас харж байсан машин хөдлөөд явсан ба бид хоёр улсын дугаарыг нь харах гэсэн чинь нүд гялбаад улсын дугаар нь харагдахгүй байсан. Арын дугаарыг нь харах гэсэн чинь арын улсын дугаараа дээш нь эргүүлж мушгиад хаячихсан байсан тул энэ машин яг мөн байна гээд араас нь дагаад гүйсэн чинь нөгөө машин төв замын уулзварт орох үедээ зогсохоор нь манай нөхөр дээш нь сөхсөн байсан улсын дугаарыг нь эргүүлж тэр машины улсын дугаарыг нь харсан. 33-31 УБИ улсын дугаартай бараан өнгийн Тоёота Приус маркийн машин байсан. Нөгөө машин зам руу ороод эргэсэн чинь тэр машины урд шил нь хагарсан байсан тул нөхөр бид хоёр энэ машин мөн байна гэж мэдээд шууд 102 дугаарт дуудлага өгсөн. Удалгүй байж байсан чинь 02 цагийн үед цагдаа нар “ирчихсэн байна, та хаана байна гараад ир” гэж утсаар ярихаар нь би гарч очоод цагдаа нарт осол гарсан газрыг нь зааж өгөөд, цагдаа нар хэмжилт хийгээд байсан гэжээ.

            2.Л.Болдбаяраас:-2016 оны 6 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө цагийг нь сайн санахгүй байна ойролцоогоор 23 цаг 50 минутын орчимд хашаан дотор ногоогоо усалчихаад гэр рүү орсон. Төд удалгүй гадаа түс тас хийх чимээ гарахаар нь юу болов гээд гартал манай хашааны зүүн талын явган хүний зам дээр Тоёота Приус маркийн 33-31 УБИ дугаартай автомашин нь баруун талынхаа урд хойд дугуй давуулаад ертөнцийн зүгээр урагшаагаа хараад зогсчихсон, уг машин руу нэг эмэгтэй хүнийг 40 орчим насны эрэгтэй хүн машиныхаа хойд талын суудал руу оруулж байгаа харагдсан. Машиныг нь хартал машины урд талын копут нь хонхойчихсон байсан. Мөн машиныхаа аваарыг татчихсан зогсож байсан. Нөгөө эрэгтэй хүн жолооныхоо ард суугаад машинтайгаа хөдлөөд манай урд талын гудамж руу яваад эргээд очихоор нь би өөрийнхөө утсаараа 102 дугаар руу залгаж дуудлага өгсөн. …би дээрх болсон үйл явдлыг ойролцоогоор 10 гаран метрийн зайтай харсан. …би машины урд талын төмөр дугаарыг хараад хөдлөөд явахад нь цагдаад мэдэгдсэн гэжээ.

            3.Д.Дорждагваас:-...эхнэр Бямбасүрэн бид хоёр гэртээ байж байтал манай эхнэр надад “сая манай энэ урд замд нэг машин хүн мөргөчих шиг болсон, хүчтэй дуу чимээ гарлаа, нэг эмэгтэйг машиныхаа арын суудалд суулгачихлаа, нөгөө эмэгтэй гараа сарвалзуулаад байна, ...нөгөө машин нь замын эсрэг талын харанхуй гудамж руу яваад орчихлоо шүү” гэхээр нь бид хоёр гэрээсээ гараад замынхаа баруун гудамж руу яваад ороход харанхуйд дээр, доор 2 машин зогсож байсан. Гудамжны арай цаахан талд зогсож байсан машин нь урд талынхаа их гэрлийг асаагаад өөдөөс хүрч ирээд хажуугаар зөрж өнгөрөөд төв зам руугаа орох гээд зогсоход нь уг машины улсын дугаарыг харах гэтэл арын төмөр дугаар нь тахийгаад дээшээгээ болчихсон мөртлөө дугаарын гэрэл асаалттай хэрнээ улсын дугаар нь харагдахгүй болохоор нь машины араас гүйж очоод дугаарыг нь харсан 33-31 УБИ дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашин байсан. Тэгээд нөгөө машин нь Хайлааст руу дээшээгээ өгсөөд ороход нь машиныг нь харж байхад машины урд талын салхины шил цацарч хагарсан байхаар нь эхнэрийн хэлээд байсан машин мөн байна гэж бодоод 102 дугаар руу залгаж дуудлага өгсөн гэжээ.

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.6.13-ны ¹8286 тоот актын дүгнэлтэд:

            1.Жаргалцэцэгийн биед ууцны 1-р нугаламын шахагдсан хугарал, баруун чамархайд шарх, нэг шүдний эмтрэл, дух, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, баруун зүүн бугалга, шуу, зүүн сарвуу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, баруун өгзгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

            Улаанбаатар хотын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2016.8.08-ны ¹415 тоот дүгнэлтэд:

1.33-31 УБИ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Н.Энхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5. “Ззм тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: з/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч А.Жаргалцэцэг нь Монгол Улсын ЗХД-ийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно үүнд: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Н.Энхбатыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чандмань дэлгүүрийн баруун талын замд Тоёота Приус маркийн 33-31 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахад биеэ хамгаалах чадваргүй явсан явган зорчигч А.Жаргалцэцэг нь уг автомашиныг мөргөж, биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авсан зам тээврийн осол гарчээ. Гэвч шүүгдэгч Н.Энхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5. болон 6.3-т заасныг зөрчиж, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэлгүй гудамжинд орхиж, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Жаргалцэцэгийн “…Хайлаастын 15-ын тэнд Чандмань гэх дэлгүүрийн хажуу талд таксинаас буугаад явган хүний гарцаар зам гараад явж байх үед ямар нэг машин тэрэг байхгүй байсан ба гэнэт миний араас нэг машин ирж мөргөөд намайг чирээд машиндаа суулгаад, … дугуй засварын гадаа түлхэж буулгаад явахаар нь араас нь харсан чинь ар талд нь дугаар байхгүй байсан“ гэх мэдүүлэг, гэрч Ш.Бямбасүрэнгийн “…гадаа түс гэх чимээ гарахаар нь би цонхоор харсан чинь нэг эмэгтэй хүнийг эрэгтэй хүн зам дээрээс чирээд машиндаа суулгаж байсан ба энэ үед машины гэрэл асаалттай байсан. … нөгөө залуу чинь эмэгтэй хүнийг машины арын суудал дээр суулгасан ба нөгөө эмэгтэй хүний гар нь сарвалзаад байсан. Жолооч машины бүх гэрлээ унтраагаад машинаа хөдөлгөөд урд талын харанхуй гудамжинд яваад орсон. … машин орсон гудамжинд араас нь орсон чинь урдаас харж байсан машин хөдлөөд явсан…” гэх мэдүүлэг, гэрч Л.Болдбаярын “…гадаа түс тас хийх чимээ гарахаар нь юу болов гээд гартал манай хашааны зүүн талын явган хүний зам дээр Тоёота Приус маркийн 33-31 УБИ дугаартай автомашин нь баруун талынхаа урд хойд дугуй давуулаад ертөнцийн зүгээр урагшаагаа хараад зогсчихсон, уг машин руу нэг эмэгтэй хүнийг 40 орчим насны эрэгтэй хүн машиныхаа хойд талын суудал руу оруулж байгаа харагдсан. Машиныг нь хартал машины урд талын копут нь хонхойчихсон байсан. Мөн машиныхаа аваарыг татчихсан зогсож байсан. Нөгөө эрэгтэй хүн жолооныхоо ард суугаад машинтайгаа хөдлөөд манай урд талын гудамж руу яваад эргээд очихоор нь би өөрийнхөө утсаараа 102 дугаар руу залгаж дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг, гэрч Д.Дорждагвын “…машины араас гүйж очоод дугаарыг нь харсан 33-31 УБИ дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашин байсан. Тэгээд нөгөө машин нь Хайлааст руу дээшээгээ өгсөөд ороход нь машиныг нь харж байхад машины урд талын салхины шил цацарч хагарсан байхаар нь 102 дугаар руу залгаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.6.13-ны ¹8286 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 2016.8.08-ны ¹415 тоот дүгнэлт, “Эрүүгийн 201624000531 дугаартай хэргээс “Н.Энхбат нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас явган зорчигч А.Жаргалцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан” гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэх 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 16 тоот прокурорын тогтоол, хохирогч А.Жаргалцэцэгийн 2016 оны 8 дугаар сарын 18-нд “Цагдаагийн байгууллага, прокурорын газраас шалгуулах нэхэмжлэх шаардлага байхгүй“ гэх бичгээр гаргасан хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Бэсүд овогт Намжилын Энхбатыг зам тээврийн осол гарсан газрын санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Н.Энхбатын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Энхбатын жолоочийн эрх хасах эсэх асуудлаар захиргааны журмаар хэлэлцүүлээгүй байх тул уг асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр хэрэгт хавсаргаж ирүүлсэн жолоочийн ¹430416 дугаарын үнэмлэхийг Тээврийн прокурорын газар буцаан хүргүүлэх нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бэсүд овогт Намжилын Энхбатыг зам тээврийн осол гарсан газрын санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Н.Энхбатыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Энхбатад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Н.Энхбатын жолоочийн ¹430416 дугаарын үнэмлэхийг энэ тогтоолын хамт Тээврийн прокурорын газарт буцаан хүргүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Н.Энхбатад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Энхбатад урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ