Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2022/1085/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1180 |
Огноо | 2022-08-04 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1180
2022 08 04 2022/ШЦТ/1180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Я.Амарзаяа,
Хохирогч А.З, Э.Б-э
Шүүгдэгч Б.М-, Н.А-,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Байгалмаа, Э.Хашчулуун нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.М- нь Н.А- нарт холбогдох эрүүгийн 2206 00000 1567 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 27-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, 5 дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Пума 0 дугаар байрны 0 тоот оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-000000, Т овогтой Б-ы М-.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймаг, Шарын гол сумд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 0 дүгээр баг, Бүркит 0 дугаар байр 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-000000, Ш овогтой Н-ий А-.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.М- Н.А-тэй нар нь бүлэглэж 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүүн хүрээ” нэртэй хотхоны урьд хохирогч Э.Б-э, Л.З нартай “утсаар ярьсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гараараа болон хөлөөрөө толгойн тус газар цохиж биед нь халдаж хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд учирсан зүүн ухархайн дотор, доод хананы хугарал, хоншоорын хөндий цус хуралт, дух, баруун хөмсөгний дээр зулгаралт, дээд уруулын цус хуралт, шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл,
хохирогч Л.Зйн хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зулайн хуйх, дээд уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамрын нуруу, хүзүү, баруун бугуйнд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй... Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй.. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол дээр өмгөөлөгчийн хэлдэг дээр санал нэг байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Б-э мэдүүлэхдээ: ”...Тухайн өдөр би өөрийн үеэл дүү Сумъяагийнд очих гээд залгахад утсыг нь нэг залуу аваад намайг хараагаад байсан. Намайг очиход гаднаас дөрвөн залуу орж ирээд орц дотор маргалдаад чанга чанга ярьцгаагаад байсан. Би хүмүүсийг сэрээчих байх гэж бодоод гадагшаа гараад ярилцъя гээд гараад орцноос дөнгөж гарангуут шууд урдаас Н.А-, Б.М- хоёр бүлэглэн зодсон. Гомдолтой байна. Эмчилгээний зардал хэргийн материалд өгсөн баримтын мөнгөн дүнгээр нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.З мэдүүлэхдээ: ”... Тухайн өдөр 4 дүгээр сарын 15-ны өдрийн орой бид нар найзуудаараа гарсан. Э.Б-ийн дүү Э.Сумъяагийн гэр лүү явахаар тохироод Э.Б-э утсаар ярихад нэг танихгүй залуу утсыг нь авсан. Тэгээд учир зүггүй хараасан гэдэг зүйлийг надад хэлээд “юун танихгүй залуучууд манай дүүгийнд очсон байна, хоёулаа юу ч гэсэн очъё” гээд очсон. Тэднийх хамгийн дээд давхарт нь байдаг. Дээд давхарт нь гараад хаалгыг нь тогшсон чинь хаалга нь онгойхгүй байсан. Нэг их удаагүй байж байхад ард лифтнээс дөрвөн залуу ороод ирсэн. Тэр дөрвөн залуу ороод ирэхээр нь та нар Сумъяагийнд байгаа юм уу” гэхэд “тийн” гээд хэг ёг гэсэн байдалтайгаар харьцаж эхэлсэн. “Би та нараас хамаагүй ах ш дээ, та нар намайг яагаад хүндэлж ярихгүй байгаад байгаа юм бэ, та нар яагаад саагаад байгаа юм бэ” гэсэн хандлага гаргаснаа бол хэлнэ. Тухайн үед би цохиогүй гэдгээ баттай хэлж чадна. Яагаад гэвэл бид нар тухайн үед бараг л эрүүл байсан. Бид нар тэгж их уугаагүй. Тэгээд нөгөө дөрвөн залуу ч Э.Б-э ч “гаръя гаръя” гээд энд чимээ шуугиан гаргахгүй гарж байгаад ярилцъя гээд гарсан. Э.Б-э түрүүлээд гарсан. Би хойно нь нэг залуутай хойно нь маргалдаад үлдсэн. Хойд талаас нь бид хоёр гарах гээд явж байхад өөдөөс нэг залуу ороод ирсэн. Тэр хоёрын хамт байсан залуугийн нэрийг нь сайн санахгүй байна. Тэгээд орж ирснээ “ахаа та битгий уурлаарай, та байж байгаарай, та битгий яваарай” гэсэн би зүгээр зүгээр гээд байж байхад Б.М- нь шууд орцны хаалгаар орж ирээд над руу шууд уурлаад “та нар яадаг гэлээ” гээд уурласан. Би тэгэхээр нь “зүгээр хол байгаарай, маргалдах ямар ч шаардлага байхгүй, чи намайг цохивол сүүлд нь гай болно дэмий” гээд холдуулсан. Тэгээд гараад л Н.А- миний өөдөөс цохиж авч эхэлсэн. Хажуугаас Б.М- цохиж авч эхэлсэн. Уг нь би “та нар хол бай” гэж маш сайн хэлсэн боловч учир зүггүй шууд цохиж авсан. Н.А- нь цохиод болингуут Б.М- нь цохино. Б.М- нь цохиод болингуут Н.А- цохино гэсэн байдлаар маш олон удаа цохиж авсан. Шүүх шинжилгээний дүгнэлт дээр ахар сүүл гэмтэлтэй би өөрөө бичүүлсэн. Хугарал биш нэг их хүнд гэмтэл биш болохоор тодорхой хэмжээнд цууралт явагдсан болов уу гэж бодсон. Би маш их гомдолтой байна. Би эмчилгээний зардал 87.900 төгрөг, хагалгаанд орох шаардлагатай 2.200.000 төгрөг, ажлын цалингийн зөрүү 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-16-18/, хохирогч Л.Зйн өгсөн мэдүүлэг /хх-22/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5803 дугаартай дүгнэлт /хх-45-46/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5818 дугаартай дүгнэлт /хх-52-53/, шүүгдэгч Н.А-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-40-43/, Н.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-151-152/, шүүгдэгч Б.М-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-38-39/, Б.М-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-139/, гэрч С.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /хх-28-29/, гэрч Т.Баттулгын өгсөн мэдүүлэг /хх-31-33/, гэрч Ө.Сумъяажидийн өгсөн мэдүүлэг, /хх-35-36/, Б.М-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-64/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, /хх-65/, Н.А- нь шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-88/, Б.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, Н.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-84/, шинээр 14 хуудас хохирол нэхэмжилсэн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.М-, Н.А- нар нь бүлэглэж 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүүн хүрээ” нэртэй хотхоны урьд хохирогч Э.Б-э, Л.З нартай “утсаар ярьсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гараараа болон хөлөөрөө толгойн тус газар цохиж биед нь халдаж, хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд учирсан зүүн ухархайн дотор, доод хананы хугарал, хоншоорын хөндий цус хуралт, дух, баруун хөмсөгний дээр зулгаралт, дээд уруулын цус хуралт, шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл,
хохирогч Л.Зйн хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зулайн хуйх, дээд уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамрын нуруу, хүзүү, баруун бугуйнд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол тус бүр санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Б-ийн өгсөн: “...Орцноос гараад эрүүлжүүлэгдсэн 3 залуугийн хоёр нь намайг цохиж аваад газар унагаасан. Би толгойгоо хамгаалаад байхад доороос өшиглөөд, гараараа цохиод байсан. Намайг болон Л.Зйг Боргил гэх залуу нь зодоогүй ба үлдсэн залуучууд нь зодсон. ...Зодуулаад дийлэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. ...Манай зүүн хүрээ хотхонд хяналтын камер байгаа...” гэх мэдүүлэг /хх-16-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Зйн өгсөн:”... Н.А-, Б.М- хоёр хоёулаа ээлжлээд гараараа миний нүүрэнд цохисон, хөлөөрөө бөгс рүү өшиглөсөн, толгой руу цохисон, ...Яг адилхан нэгнийхээ цохисон газарт ээлжлээд цохиод байсан. ...Шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Боргилын өгсөн: “...Н.А-, Б.М- хоёр нөгөө хоёр ахтай хоорондоо зодолдоод байсан. Баттулга бид хоёр нөгөө дөрвийг салгах гээд оролдоод бараагүй. Сүүлдээ Сумъяажидийн ах газар уначихсан хүмүүс дээрээс нь өшиглөөд байсан. ...Намайг хүн цохиж зодсон зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-24-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Төгөлдөрийн өгсөн: “...Сүүлд сонсоход Сумъяажидын ахын найзыг Б.М-, Н.А- нар зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баттулгын өгсөн: “...Намайг явахад Сумъяажидын ах болон Сумъяажидын ахын найз, Б.М-, Н.А- нар нь маргалдаад үлдсэн. Харин Б.Боргил тэд нарыг салгах гээд үлдсэн. Би цохиж зодсон зүйл байхгүй. Намайг цохиж зодсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-31-33/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5803 дугаартай:
1. Э.Б-эд зүүн ухархайн дотор, доод хананы хугарал, хоншоорын хөндий цус хуралт, дух, баруун хөмсөгний дээр зулгаралт, дээд уруулын цус хуралт, шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.
4. Дээрх гэмтэл нь нэг хонгийн өмнө үүссэн байна.
5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-45-46/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5818 дугаартай:
1. Л.Зйн биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зулайн хуйх, дээд уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамрын нуруу, хүзүү, баруун бугуйнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-52-53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-н яллагдагчаар өгсөн: “...Би найз Н.А-ын хамт 2022 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө Э.Б-э, Л.З нартай маргалдаж, улмаар зодолдож, дээрх гэмтлүүдийг учруулсан гэж бодож байна. Эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-139-140/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.А-ийн яллагдагчаар өгсөн: “...Би найз Б.М-н хамт 2022 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө Э.Б-э, Л.З нартай маргалдаж, улмаар зодолдож, дээрх гэмтлүүдийг учруулсан гэж бодож байна. Эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-151-152/,
Шүүгдэгч Б.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/,
Шүүгдэгч Н.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-84/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Н.А-, Б.М- нар нь бүлэглэж хохирогч Э.Б-э, Л.З нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч нар өөрсдөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч Э.Б-э, Л.З нар нь шүүгдэгч нарт зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд Н.А-, Б.М- нар нь бүлэглэж 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүүн хүрээ” нэртэй хотхоны урьд хохирогч Э.Б-э, Л.З нартай “утсаар ярьсан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар гараараа болон хөлөөрөө толгойн тус газар цохиж биед нь халдаж, хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд учирсан зүүн ухархайн дотор, доод хананы хугарал, хоншоорын хөндий цус хуралт, дух, баруун хөмсөгний дээр зулгаралт, дээд уруулын цус хуралт, шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.Зйн хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зулайн хуйх, дээд уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамрын нуруу, хүзүү, баруун бугуйнд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол тус бүр санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.А-, Б.М- нарын бүлэглэж 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүүн хүрээ” нэртэй хотхоны урьд хохирогч Э.Б-э, Л.З нартай “утсаар ярьсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гараараа болон хөлөөрөө толгойн тус газар цохиж биед нь халдаж, хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд учирсан зүүн ухархайн дотор, доод хананы хугарал, хоншоорын хөндий цус хуралт, дух, баруун хөмсөгний дээр зулгаралт, дээд уруулын цус хуралт, шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.Зйн хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зулайн хуйх, дээд уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамрын нуруу, хүзүү, баруун бугуйнд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Бүлэглэж гэж гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдэхийг ойлгоно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.А-, Б.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,
508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч шүүгдэгч Н.А-, Б.М- нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Б-э гэм хорын хохирол 4.862.591 төгрөг, хохирогч Л.З гэм хорын хохирол 350.700 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нар нь хохирогч Э.Б-эд 2.660.000 төгрөг, хохирогч Л.Зд 320.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.
Шүүх хуралдаан дээр хохирогч Л.З хагалгаа хийлгэх зардал 2.200.000 төгрөг, цалингийн зөрүү 5.000.000 төгрөг эмчилгээний зардал 87.900 төгрөг нийт 7.287.900 төгрөг нэхэмжилсэн ба хохирогч Л.Зйн нэхэмжилсэн цалингийн зөрүү 5.000.000 төгрөг болон хагалгааны хийлгэх зардал 2.200.000 төгрөгийг нотлох баримт байхгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна. Харин эмчилгээний зардал 87.900 төгрөг гэм хорын хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 30.700 төгрөг нийт 118.600 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Зд, 2.202.591 төгрөгийг гаргуулж хохирогч хохирогч Э.Б-эд олгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч нараас нийт 2.321.191 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, хохирогч Л.Зд 118.600 төгрөг, хохирогч Э.Б-эд 2.202.591 төгрөг олгох шийдвэрлэв.
Хохирогч Л.З нь эмчилгээний зардал болон гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримт хангалтгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд хохирогч Л.З, Э.Б-э нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Н.А-, Б.М- нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.
Шүүгдэгч Н.А-, Б.М- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ы М-, Ш овогт Н-ий А- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Н.А-ийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-, Б.М- нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.А-ээс 1.160.595,5 төгрөг, шүүгдэгч Б.М-гаас 1.160.595,5 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-эд 2.202.651 төгрөг, хохирогч Л.Зд 118.600 төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б-э, Л.З нар нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шүүгдэгч Н.А-, Б.М- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-, Б.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.А-, Б.М- нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС