Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1188

 

 

   2022         08         08                                    2022/ШЦТ/1188

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Г.Билгүүн,

Шүүгдэгч, хохирогч Т.Д-,

        Шүүгдэгч, хохирогч С.А- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Д-, С.А- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 02450 2250 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        1. Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000, Ш овогт Т-ийн Д-,

        2. Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ... солонгос хоолны ресторанд зөөгч ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн Цамбагарав 00 дүгээр байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000 Б овогт С-ийн А-

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Т.Д- нь 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Камел баарны үүдэнд 1 цагийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хохирогч С.А-тэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт цохиж, түүний биед баруун хацарт шарх, духанд зулгаралт, хэвлий, зүүн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан,

         Шүүгдэгч С.А- нь 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Камел баарны үүдэнд 1 цагийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хохирогч Т.Д-тай маргалдаж, улмаар нүүр хэсэгт 2-3 удаа цохиж, 1 удаа мөргөж, түүний биед баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Т.Д- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй... Хохирогчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч С.А- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй... Хохирогчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...”  гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  хохирогч Т.Д-ын мэдүүлэг /хх-23/, хохирогч С.А-ийн мэдүүлэг /хх-28/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 6530 дугаартай дүгнэлт /хх-14-15/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн 6539 дугаартай дүгнэлт /хх-18-19/, гэрч Э.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /хх-48-49/,  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-50-52/, шүүгдэгч Т.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, шүүгдэгч С.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, шүүгдэгч хохирогч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-68, 78/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Т.Д-, С.А- нар нь 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Камел баарны үүдэнд 1 цагийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.А-ийн өгсөн: ”...Би 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед ганцаараа Баянзүрх дүүрэг, Сансарт /нэрийг нь мэдэхгүй/ караокед орж 2 цаг дуулсан, тэгээд тэндээс гараад “Камел” нэртэй бааранд орж “Сэнгүр” нэртэй 2 лааз /0.5 л/ пиво, Еден нэртэй 0.75 л хэмжээтэй архи захиалсан. Ганцаараа архиа дундартал, 2 лааз пивоо уучхаад шөнийн 00 өнгөрөөгөөд тамхи татахаар уг баарнаас гарсан. “Камел” нэртэй баарны үүдэнд хогийн савны хажууд тамхи татаад зогсож байтал 28-30 орчим насны 170-173 орчим өндөртэй залуутай үл ялих зүйлээс болж маргалдсан. Эхлээд уг үл таних залуу намайг заамдаад боож авсан, тэгэхээр нь би тэр залууг нүүрэнд нь 2-3 удаа цохисон. Тэгээд тэр залуу намайг зөрүүлээд цохихоор би түүний дух хэсэг рүү нь мөргөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Удалгүй цагдаа нар ирээд авч явсан. Би шинжээч эмчийн 2022 оны 5 сарын 4-ний өдөр гаргасан №6530 дугаартай дүгнэлт, 2022 оны 5 сарын 3-ны өдөр гаргасан №6539 дугаартай дүгнэлтүүдтэй уншиж танилцлаа, дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Д-ын өгсөн: “... 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Камел нэртэй бааранд өөрийн найз Ганзоригтой хамт очиж жаахан согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн. Тэгээд 1 цаг болж байхад би Камел баарнаас гараад тамхи татахаар ганцаараа гарахад баарны гадна талд гарсан. Тэгтэл би баарны гадаа нэг мэдэхэд хэсэг бүлэг эрэгтэйчүүдтэй муудалцаж зодолцсон. Би тухайн үед согтуу байсан. Миний санаж байгаа зүйл нь би 2 эрэгтэй хүнтэй муудалцаад барьцалдаж байсан, нэг нь намайг толгой тус газар мөргөж унагаагаад дээрээс минь цохиж өшиглөж байсан, харин нөгөөх нь манай найз Ганзоригт чирэгдээд цааш явсан. Намайг зодсон эрэгтэйг цагдаа ирээд аваад явсан. Намайг зодсон эрэгтэйг би танихгүй” гэх мэдүүлэг /хх-23/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 сарын 3-ны өдрийн 6539 дугаартай:

1.С.А-ийн биед баруун хацарт шарх, духанд зулгаралт, хэвлий, зүүн сарвуу, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-18-19/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 сарын 4-ний өдрийн 6530 дугаартай:

1.Т.Д-ын биед баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-14-15/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ганзоригийн өгсөн: “...Би тухайн үед жолооч хийж явсан учир огт уугаагүй. Манай хоёр найз нэлээн согтчихсон дахиад нэмж уух гэхээр нь та хоёр согтчихсон байна. Одоо яахын гэж хэлж байсан. Шөнийн 01 цагийн үед Т.Д- ганцаараа тамхи татна гээд Камел баарнаас гараад орж ирэхгүй удаад байхаар нь 20 орчим минут болохоор нь гараад хартал манай найз Т.Д- маань нэг залуутай зодолдож байсан. Т.Д- унасан байдалтай, үл таних залуу түүний дээрээс өшиглөж байсан, Т.Д-ыг зодож байсан залуу нь 25-28 орчим насны 170-175 см орчим өндөртэй, туранхайвтар залуу байсан. Би тэр хоёр салгаад танихгүй залууг цээжээр нь тэврээд Т.Д-аас холдуулсан.Би Т.Д-ыг зодож байсан залууг харвал танина. Би очиж салгаад шууд 102-т дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-48-49/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “Таньж олуулах ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн таньж олуулах ажиллагаа явуулах эрх бүхий 107 тоот албан өрөөнд урт сандал дээр 25-30 орчим насны 4 залууг хамт суулгаж 1-4 гэж дугаарлав. Сэрдэгдэж буй С.А-ийг 2 гэж дугаарлан таниулахад гэрч Э.Ганзориг 2 дугаарыг зааж байв.

Дахин дугаарлалтын дарааллыг өөрчилж сэрдэгдэж буй С.А-ийг 3 гэж дугаарлан таниулахад гэрч Э.Ганзориг мөн 3 дугаарыг зааж байв” гэх тэмдэглэл /хх-50-52/,

 

Шүүгдэгч Т.Д-ын яллагдагчаар өгсөн: “...баарны үүдэнд С.А- тэй үл ялих зүйлээс маргалдсан юм шиг байгаа юм, ямартай ч С.А-тэй харилцан зодолдсон. ... С.А- надаас уучлал гуйсан, би мөн түүнээс  уучлал гуйсан тул нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-66-67/,

Шүүгдэгч С.А-ийн яллагдагчаар өгсөн: “... намайг заамдаад барьж авахаар нь зөрүүлээд 2-3 удаа цохичихсон. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-76-77/,

 

Шүүгдэгч, хохирогч Т.Д-ын  гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-68/,

Шүүгдэгч С.А-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-78/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч нар нь өөрсдөө болон хохирогчоор хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд Т.Д-, С.А- нар нь 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Камел баарны үүдэнд 1 цагийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.Д-, С.А- нарын 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Камел баарны үүдэнд 1 цагийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Д-, С.А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Д-, С.А- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Т.Д-, С.А- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

  Шүүгдэгч Т.Д-, С.А- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Т-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт С-ийн А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-, С.А- нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Д-, С.А- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-, С.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Д-, С.А- нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС