Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 3000

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Э

 

Хариуцагч: Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 38,152,032.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,  хариуцагч Э, Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай банк 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Э, Б нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 30,000,000.00 төгрөгийн зээлийн шугамын эрх олгож, 24 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон.

Өнгөрсөн хугацаанд хариуцагч нар уг шугамын дансаар нийт 300,087,980.00 төгрөгийн гүйлгээ хийсэн бөгөөд тэдний хүсэлтийг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан зээлийг 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлж дуусгахаар тохирсон.

 

Гэтэл хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг төлөөгүй. Шугамын зээл нь өөрөө бусад төрлийн зээлээс онцлогтой бөгөөд зээлдэгчийн нэр дээрх дансанд үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү хамт бодогдож, төлөх ёстой үлдэгдэл гардаг.

Хэрэгт авагдсан баримтаар манай банк энэхүү шугамын зээлийн эрхийг зогсоохоор үлдэгдлийг өөр дансанд шилжүүлсэн бөгөөд үндсэн зээл болох 27,402,822.00 төгрөгийн хувьд зээлийн шугамын дансанд бодогдсон төлбөр буюу үндсэн зээл, хүүгийн нийлбэр гэж хэлж болно. Учир нь, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.10.-д зааснаар шугамын зээлийн үлдэгдлийг ашигласан зээл, түүний хүү болон үүрэг хүлээсний шимтгэлийн нийлбэр байхаар тохиролцсон юм.

Бид, анх хариуцагчид ******* тоот данс нээж өгсөн бөгөөд дээр дурьдснаар шугамын эрхийг зогсоохдоо ******* тоот дансанд шилжүүлэн бүртгэсэн тул шинэ зээл биш. Талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Манай компани өнгөрсөн хугацаанд хариуцагчдаас удаа дараа зээлээ төлөхийг шаардсан бөгөөд нэхэмжлэлийг шүүхэд гаргах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэхээр ажилласан боловч тэдгээрийн оршин суугаа хаяг тодорхойгүй, утсаар ярих гэхээр утсаа авахгүй байсан, бид ямар нэгэн байдлаар зээлийн хүүг нэмэгдүүлэхээр санаатайгаар хугацаа хожимдуулаагүй.

Тус зээлийн гэрээг үргэлжилж байх хугацаанд Х ХХК-ийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 2 хувь байхаар тогтоосон бөгөөд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 27,402,822.00 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 2 хувийн хүү тооцож, 9,590,987.00 төгрөг бодогдсон.

Иймд, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 27,402,822.00 төгрөг, зээлийн хүү 9,590,987.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,158,223.00 төгрөг, нийт 38,152,032.00 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

Хариуцагч нар тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бид, энэхүү зээлийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт тооцож төлөхөд татгалзахгүй. Учир нь, тухайн зээл муудаж, бид санхүүгийн гачигдалд орсон талаар нэхэмжлэгч тал мэдсээр байж ийнхүү нэхэмжлэлийг бараг 2 жилийн дараа өгч байгаа бөгөөд хэрэгт авагдсан “шүүхэд шилжүүлэх болсон тухай мэдэгдэх хуудас”-т дурьдснаар шүүхэд өгөх ёстой байтал өөрсдөө хугацаа хэтрүүлсэн.

Х ХХК-ийн дотоод журмаар муу зээлийг төлүүлэхэд 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн тохиолдолд тус зээлийг шүүхийн журмаар нэхэмжилж төлүүлдэг. Нэхэмжлэгч тал бидэнд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийг шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаж төлүүлэх талаар мэдэгдэл өгсөн атлаа санаатайгаар хугацаа хожимдуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг өсгөж байна.

 

Хэрэгт авагдсан ******* тоот данс дансны хуулгаас үзэхэд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 24,999,118.18 төгрөг байхад үүнд бодогдсон 530,282.95 төгрөгийн хүүг нэмж, 25,530,514.43 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй гэж бүртгээд, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин зээл олгосон мэтээр ******* тоот данс нээж, зээлийн үлдэгдлийг 27,402,821.56 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд бидний зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулж, нэмж зээл олгосон мэт ийм үйлдэл гаргасан байгаа нь хууль зөрчиж байна. Бидний тооцооллоор 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 24,999,118.18 төгрөг, зээлийн хүү 1,220,629.53 төгрөг, нийт 26,219,747.71 төгрөг болсон. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яригдснаар дээр дурьдсан 24,999,118.18 төгрөг ч хүртэл ашигласан зээл болон хүүгийн нийлбэр болж таарч байна.

Мэдээж хэрэг зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой, гэтэл зээлдүүлэгч болох нэхэмжлэгчийн зүгээс гэрээний нөгөө талд мэдэгдэхгүйгээр нэмж зээл олгосон мэтээр бүртгэл хийж, улмаар хүүгээс хүү тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Бидний эрхэлж байсан бизнесийн орлого муудсан, эхнэрийг маань тус банкинд ажиллаж байхад орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлж, орлогогүй болсныг мэдсээр байж нэгэнт төлөгдөхгүй байгаа зээлийн хугацааг хэтрүүлж, хүү нэмж нэхэмжилж байгааг шударга биш гэж үзэж байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч Э, Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,152,032.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

            Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ “2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 27,402,822.00 төгрөг, зээлийн хүү 9,590,987.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,158,223.00 төгрөг, нийт 38,152,032.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тодруулсныг хариуцагч нар үл хүлээн зөвшөөрч, үндсэн зээлийн үлдэгдэл болон түүнд бодогдсон хүүгээс нэмж хүү тооцсон, гэрээний нөгөө талд мэдэгдэхгүйгээр шинээр зээл олгосон бүртгэл хийсэн гэж маргасан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Э, Б нар 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж, 30,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй, шугамын эрх нээлгэсний төлбөрт сар бүр 0.2 хувийн шимтгэл төлөхөөр тохиролцжээ /х.х-ийн 6-11-р хуудас/.

            Тодруулбал, хариуцагч болох Э, Б нар тус 30,000,000.00 төгрөгийг нэг удаа авч ашиглах бус, харин тэд ашигласан зээлээ зохих ёсоор төлсөн тохиолдолд уг 24 сарын хугацаанд дахин хэдэн ч удаа авах боломжтой онцлог нөхцөл бүхий гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 451.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасантай нийцэж байна.

Түүнчлэн зохигчид уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар зээлдэгч Бгийн өмчлөлийн ******* тоот улсын бүртгэлийн дугаартай *******,*******,*******,*******ны зоорийн давхарт байрлах 22.94 м.кв талбайтай автозогсоол болон ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, *******,,, тоот хаягт орших 700 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна /х.х-ийн 14-20-р хуудас/.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн 12.3.-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх..............” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба тэд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ******* тоот зээлийн дансны хуулгаар хариуцагч буюу зээлдэгч Э, Б нар 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 26,100,000.00 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, тухайн зээлийг авч ашигласан ба тухайн дансаар 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 327,528,128.57 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгджээ /х.х-ийн 22-32-р хуудас/.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсан тооцно” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч тал гэрээний зүйлийг шилжүүлсэн байна.

 

Мөн хариуцагчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба хэдийгээр зээлийн ******* тоот дансыг гагцхүү зээлдэгч Эын нэрээр бүртгэсэн байх боловч хариуцагч Б нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн  242.2.-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заасны дагуу хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч юм.

Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч нарын авч ашигласан зээл болох 30,000,000.00 төгрөгийг төлөх хугацааг 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгаж, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хумих байдлаар төлж дуусгахаар тохиролцсон байна /х.х-ийн 12, 13-р хуудас/.

 

Гэвч зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлөөгүй учраас ийнхүү зээлдүүлэгчийн зүгээс хариуцагчдад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл хариуцагч Э, Б нарын үндсэн зээлийн үлдэгдэл 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 27,402,822.00 төгрөг, уг өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл бодогдсон хүү 9,590,987.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,158,223.00 төгрөг, нийт 38,152,032.00 төгрөг болсон гэж тооцоолжээ /х.х-ийн 21-р хуудас/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК-ийн зээлийн удирдлагын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01-ний өдрийн тогтоолоор хариуцагч Э, Б нарын зээлийн шугамын эрхийг цуцалж, шинээр данс үүсгэн бүртгэхээр шийдвэрлэсэн байхаас гадна тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А-1590 тоот тушаалаар зээлийн хүүгийн дээд хэмжээг 2 хувь байхаар тогтоож, тухайн хүүг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон ба талууд үндсэн зээлийн үлдэгдэл гэх 27,402,822.00 төгрөгт шинээр тогтоосон сарын 2 хувиар хүү тооцсон үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 83, 84, 109-р хуудас/.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч буюу зээлдэгч нарын зээлийн шугамын эрхийг ийнхүү цуцалсан шийдвэр гаргасан боловч 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар бодогдсон зээлийн хуримтлагдсан хүү 608,139.23 төгрөг /553,348.84 төгрөг, 17,464.29 төгрөг, мөн 36,036.59 төгрөг болон 1,289.51 төгрөгийн нийлбэр/ дээр 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл гэх 26,832,008.43 төгрөгийг нэмж, нийт 27,440,147.66 төгрөгийн зээлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шинээр олгосон мэтээр бүртгэсэн байна /х.х-ийн 32, 33-р хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь талуудын хооронд байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэсэн атлаа хариуцагч нарын төлөөгүй 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл гэх 27,402,822.00 төгрөгийг дээр дурьдсан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл бодогдсон зээлийн хүү болох 608,139.23 төгрөг дээр нэмж буюу 27,440,147.66 төгрөгт багтааж, шинээр зээл олгосон мэт бүртгэл хийгдсэн байгаа нь ойлгомжгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол банкнаас ирүүлсэн зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас үзвэл хариуцагч Э, Б нарын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн шугамын гэрээний дагуу олгосон 30,000,000.00 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлөгдснөөр бүртгэгдэж, харин 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олгосон тус 27,440,147.66 төгрөгийн зээл зохих ёсоор төлөгдөөгүй байгаа гэж ойлгогдож байгаа бөгөөд энэ нь 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл гэж бүртгэгдээгүй байна /х.х-ийн 111, 112-р хуудас/.

 

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д “зээлийн мэдээлэл гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг хэлнэ” гэж, мөн 4.1.2.-т “зээлийн мэдээллийн сан гэж Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг хэлнэ” гэж зааснаас гадна 4 дүгээр зүйлийн 4.1.8.-д “мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг хэлнэ”, түүнчлэн 5 дугаар зүйлийн 5.1.4.-т “мэдээлэл үнэн зөв, тэгш, тэнцвэртэй байх зарчим баримтална”, мөн 10 дугаар зүйлийн 10.1.1.-д “төрийн байгууллага нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг авч албан ажлын хэрэгцээнд ашиглах” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.-т “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө” гэж заасны дагуу дээр дурьдснаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч нарын зээлийн мэдээллийг үнэн зөв гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан шиг үндсэн зээлийн үлдэгдэл гэх 27,402,822.00 төгрөг нь зохигчдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл гэж ойлгогдохгүй, харин уг зээл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж зааснаар дуусгавар болсон мэт бүртгэгдсэн байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд дурьдсан үндсэн зээлийн үлдэгдэл болох 27,402,822.00 төгрөгийг хариуцагч нарын ашигласан бөгөөд одоо төлөх ёстой зээлийн цэвэр үлдэгдэл гэдгийг нэхэмжлэгч тал баримтаар нотлохгүй байна.

 

Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ******* тоот зээлийн дансны хуулгаас үзвэл “зарлага”-ын гүйлгээ гэсэн хэсэгт хариуцагч нарын авч ашигласан зээл болон түүнд бодогдсон буюу төлөх ёстой зээлийн хүү, мөн шугамын эрх нээлгэсний төлбөр болох шимтгэл тус тус хамт бүртгэгдсэн байх бөгөөд эдгээрийн нийлбэрээр үндсэн зээлийн үлдэгдлийг тооцсон тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хариуцагч Э, Б нарын ашигласан зээлийн дүн дээр зээлийн хуримтлагдсан хүү болон үүрэг хүлээсний шимтгэлийг нэмж, тэдгээрийн төлөх ёстой зээлийн үлдэгдэл гэж бүртгэжээ.

 

Тухайлбал, тус ******* тоот зээлийн дансны хуулгаас үзвэл хариуцагч нар 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 27,680,220.00 төгрөгийн зээлийг авч ашигласан байна гэж үзвэл үүн дээр 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн хуримтлагдсан хүү 374,526.12 төгрөг, үүрэг хүлээсний шимтгэл 360.90 төгрөг, нийт 374,887.02 төгрөгийн нэмж, зээлийн үлдэгдлийг 28,055,107.02 төгрөг гэж, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдлийг 29,999,958.76 төгрөг байсан гэж тооцвол үүн дээр 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн хүү 604,656.47 төгрөг болон 116,788.83 төгрөгийг тус тус нэмж, хариуцагч нарын төлсөн 630,000.00 төгрөгийг хасч, үлдэгдлийг 30,091,404.06 төгрөг гэж бүртгэсэн, түүнчлэн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдлийг 24,999,118.18 төгрөг гэж бүртгээд үүн дээр мөн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хуримтлагдсан зээлийн хүү 530,282.95 төгрөг, үүрэг хүлээсний шимтгэл 1,113.30 төгрөгийг тус тус нэмж, зээлийн үлдэгдлийг 25,530,514.43 төгрөг гэж бүртгэсэн нь энэ хүртэлх хугацаанд хариуцагч нарын төлбөл зохих зээлийн үлдэгдлийг 25,530,514.43 төгрөг байсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна х.х-ийн 22, 29, 31-р хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл болох 27,402,822.00 төгрөг нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дээр дурьдснаар үлдсэн /ашигласан зээл, зээлийн хүү болон үүрэг хүлээсний шимтгэлийн нийлбэр/ 26,832,008.43 төгрөг дээр 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хуримтлагдсан хүү 553,348.84 төгрөг, мөн 17,464.29 төгрөгийг нэмж, тооцогдсон байна.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан зээлийн шугамын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.10.-д “Банк 1.1.-д заасан үндсэн хүү, үүрэг хүлээсний шимтгэлийг сар бүрийн эцэст тооцон, тооцсон дүнгээр зээлдэгчийн авч ашигласан зээлийн үлдэгдэлд нэмж тооцох бөгөөд дараа сарын ажлын эхний 5 өдрийн дотор уг тооцсон зээлийн хүү, үүрэг хүлээсний шимтгэлийг банкинд төлнө” гэж заасан боловч эдгээр хүү, шимтгэлийг хариуцагч нарын авч ашигласан зээл дээр нэмж, төлөх ёстой үндсэн зээлийг тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн төлбөл зохих үүрэг нь тэдгээрийн ашигласан буюу үндсэн зээлийн үлдэгдэл, түүний хүү болон үүрэг хүлээсний шимтгэлийн нийлбэрээр тодорхойлогдох боловч ******* тоот зээлийн дансны хуулгад бүртгэгдснээр үндсэн зээлийн үлдэгдлийг эдгээрийн нийлбэр гэж тайлбарлаж буй нь хуульд нийцэхгүй юм.

 

Учир нь, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1.-д “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан.

 

Тодруулбал, зээлийн хүү нь зээлдэгч буюу хариуцагч нарын гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг болох тухайн зээлийг авч ашигласны хариу төлбөр бөгөөд зээлдэгчид энэхүү төлбөрийг зээлдүүлэгчид төлөөгүйн тэдгээрийг тийм хэмжээний зээлийг авч ашигласан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгчээс бодитоор авч ашигласан зээлд гэрээгээр тохирсон хариу төлбөр болох хүүг төлөх үүрэг үүсэх ба зохих ёсоор төлөгдөөгүй хариу төлбөрийг бодитоор авч ашигласан зээлд тооцохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3.-д тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан хариуцагч нарын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийг ийнхүү 27,402,822.00 төгрөг мөн болохыг баримтаар нотлохгүй байгаагаас гадна тус зээлийн үлдэгдлийг ашигласан зээл болон түүнд төлөх хүү, үүрэг хүлээсний шимтгэлийн нийлбэрээр тодорхойлж, түүнээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.-т заасантай тус тус нийцэхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2018/13496 тоот захирамжаар нэхэмжлэгч талаас үндсэн зээлийн үлдэгдэл 27,402,822.00 төгрөг мөн эсэхийг тодруулахаар холбогдох баримтыг шаардсан боловч уг компанийн зүгээс энэ талаарх баримтыг гаргаж өгөх боломжгүй гэжээ /х.х-ийн 76-79, 82-р хуудас/.

Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Х ХХК-ийн гаргасан хариуцагч Э, Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38,152,032.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 481,911.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг үүгээр дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР