Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1192

 

 

   2022         08         10                                    2022/ШЦТ/1192

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

   Улсын яллагч Ц.Ганцэцэг,

   Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн 2206 00000 2131 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 19-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний газар ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Булгачны 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Баянзүрх дүүгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000, Ү овогтой Б-ын Э-.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Булгачингийн 0-0 тоотод оршин суух иргэн З.Х-ы эзэмшлийн, хүн байнга амьдрах зориулалттай, өвлийн сууцны цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Фуна /Funai/ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч З.Хүрэлчулуунд нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: “...Би зурагтыг урьд хохирогч нь өөрөө надад өгсөн. З.Х-тай найзалдаг. Би гэрээр нь ороод гардаг. Би зурагтыг нь аваад явж байхад цагдаатай таараад “юун зурагт вэ гэсэн чинь” гэхэд нь “найзынхаасаа аваад явж байна” гэсэн чинь “наанаа суу” гээд аваад явсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх бичгээр өгсөн өргөдөл /хх-1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/, хохирогч З.Х-ы өгсөн мэдүүлэг /хх-11/, алдагдсан 42 инчийн Фуна маркийн зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлсэн “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-18/, Б.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-37/, шүүгдэгч Б.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Булгачингийн 0-0 тоотод оршин суух иргэн З.Х-ы эзэмшлийн, хүн байнга амьдрах зориулалттай, өвлийн сууцны цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Фуна /Funai/ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч З.Хүрэлчулуунд нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Х-ы өгсөн: “...Би өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд зуслангийн байшингаа шалгах гээд иртэл манай байшингийн цоожийг эвдээд хулгайч орсон байсан. Манай гэрээс 42 инчийн Фуна маркийн хар өнгийн зурагт алга болсон. Өөр зүйл алдагдаагүй...гэх мэдүүлэг /хх-11/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э-ын яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр архи уумаар санагдаад мөнгө байхгүй байсан тул зүс таних З.Х-ы гэрт очоод гэрт нь хууль бусаар нэвтэрч зурагтыг авсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-37/,

 

Алдагдсан 42 инчийн Фуна /Funai/ маркийн зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлсэн “Хас үнэлгээ” ХХК-ий хөрөнгийн үнэлгээ /хх-18/,

Гэмт хэргийн талаарх бичгээр өгсөн өргөдөл /хх-1/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/,

Шүүгдэгч Б.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Булгачингийн 0-0 тоотод оршин суух иргэн З.Х-ы эзэмшлийн, хүн байнга амьдрах зориулалттай, өвлийн сууцны цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Фуна /Funai/ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч З.Хүрэлчулуунд нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Иймд шүүгдэгч Б.Э-ын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Булгачингийн 0-0 тоотод оршин суух иргэн З.Х-ы эзэмшлийн, хүн байнга амьдрах зориулалттай, өвлийн сууцны цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Фуна /Funai/ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч З.Хүрэлчулуунд нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. 

 

Хохирогч З.Х- нь хулгайд алдагдсан зурагтаа буцааж авсан, гомдол санал гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо. Үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч Б.Э-ын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс ял шийтгэл оногдууллаа.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Э-т ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

 Шүүгдэгч Б.Э-т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ү овогтой Б-н Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э-т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

                                

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС