Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2569

 

 Ч.Гийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02563 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Г,

Хариуцагч Н албанд холбогдох,

 

Санал болгох комиссын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/6 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4061 дүгээр захирамжаар Ч.Гээс 39 036 675 төгрөгийг гаргуулж “Г ХХК” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Н алба /цаашид Н АЛБА гэх/-наас 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн саналын хурлаар төлбөр төлөгч миний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, УС 3-34 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул төлбөр авагч “Г ХХК  партнерс” ББСБ-д хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэ 101 000 000 төгрөгөөр тооцож Н АЛБА-ны дансанд төлбөрийг байршуулан, миний хөрөнгийг “Г ХХК партнерс” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээрх санал болгох ажиллагааны хурал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэхгүй, хуулийг зөрчсөн хурал болсон. Өмчлөгч миний хувьд амьдарч байгаа орон байрыг минь төлбөр авагчид өнөөгийн зах зээлийн ханшнаас хэт бага үнээр буюу 101 000 000 төгрөгөөр тооцож, саналын хуралд оруулан шууд шилжүүлэх гэж байгаад гомдолтой байна. Иймд 202 972 380 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг 101 000 000 төгрөгөөр үнэлж төлбөр авагч “Г ХХК партнерс” ББСБ-д шууд шилжүүлэх ажиллагааг явуулж буйд гомдолтой байгаа тул саналын хурлын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010531 дугаартай төлбөр төлөгч Ч.Гийн хамтран өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол, 3-р байрны 34 тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр битүүмжлэн, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хураасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгоход 202 972 380 төгрөгөөр үнэлсэн. Н АЛБА-наас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 202 972 380 төгрөгийн 70 хувь буюу 142 080 666 төгрөгөөр, хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 202 972 381 төгрөгийн 50 хувь буюу 101 486 190 төгрөгөөр тус тус оруулахад худалдан борлогдоогүй.

Гэтэл төлбөр төлөгч Ч.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон хурлын шийдвэрт гомдол гаргаж, тус шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4193 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1258 дугаар магадлалаар Н АЛБА-ны 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Ч.Гэд шүүхийн шийдвэртэй төлбөрийг бүрэн төлж барагдуулах хугацааг хангалттай олгосон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны комиссын хурлыг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахин зохион байгуулж барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 3-34 тоот орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдааны үнэ 101 486 190 төгрөгт тооцон төлбөр авагчид шилжүүлж, төлбөр авагчаас зөрүү 66 672 382 төгрөгийг гаргуулан төлбөр төлөгч Ч.Гэд олгон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор тус тус шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Ч.Г болон хамтран өмчлөгч эхнэр Ч.Энхзаяа нарт барьцаа хөрөнгийг сайн дураар чөлөөлж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3/14483 тоот албан бичгээр гэрийн хаягаар очиж эхнэр Ч.Энхзаяад гардуулан өгсөн. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь 89086152 дугаараас 95180888 дугаарт 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр холбогдож, барьцаа хөрөнгийг тус албанаас албадан чөлөөлөх гэж байгаа талаар хэлэхэд “...би хөдөө сумын төвд явж байна, утасны сүлжээ орж гараад байна, чиний утаснаас зөндөө мессэж хүлээн авсан, би хэд хоногоос хот орно...” гээд утсаа салгасан. Шийдвэр гүйцэтгэгч 12:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн шүүхийн үүдэнд Ч.Гтэй тааралдсан бөгөөд барьцаа хөрөнгийг Н АЛБА-наас албадан чөлөөлөх гэж байгаа талаар дахин мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан болно.

Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол, Ус-3 байрны 34 тоот орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр албадан чөлөөлөхөөр өглөөний 07:50 цагийн үед төлбөр төлөгчийн хаягаар очиход Ч.Г, Ч.Энхзаяа нар хүүгийн хамт байсан ба барьцаа хөрөнгийг албадан чөлөөлөх гэсэн боловч бид өөрсдөө нүүлгэлтийн компанитай хамтарч чөлөөлөөд, эд хөрөнгөө аваад танай албанд мэдэгдье, та нар оролцсоны хэрэггүй гээд эд хөрөнгөө авч, сайн дураараа чөлөөлснийг төлбөр авагч “Г ХХК партнерс” ББСБ-д орон сууцыг хоосон байдлаар хүлээлгэн өгсөн. Иймд Ч.Г нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үндэслэлгүйгээр гомдол гаргаж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Амгаланзаяа, Ж.Батнасан нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус ББСБ нь төлбөр төлөгч Ч.Гээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4061 дүгээр захирамжаар 39 036 675 төгрөгийг гаргуулж авах гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран ажиллаад Ч.Гийн үндэслэлгүй, цаг хожих гэсэн удаа дараагийн гомдол гаргаснаас болж өнөөдрийг хүртэл захирамж биелэгдээгүй цаг хугацаа, хөрөнгийн үнэ цэнээ алдаад байна.

Ч.Г нь барьцаанд байгаа Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол, 3-р байрны 34 тоот 75 м.кв 3 өрөө орон сууцыг зах зээлийн бодит үнээс хэт өндрөөр буюу 500 000 000 төгрөгөөр үнэлсэн нь манай байгууллагын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход үнийг 202 972 380 төгрөгөөр тогтоосон.

Улмаар Н АЛБА-наас зохион байгуулсан 2 шатны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 101 486 190 төгрөгөөс зөрүүг тооцон шилжүүлэхээр 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэрлэсний дагуу манай байгууллага 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ч.Гэд олгогдох дуудлага худалдааны зөрүү төлбөр 66 672 382 төгрөгийг шүүхийн шийдвэр биелүүлэх албаны Улаанбаатар хотын банк дахь 2617001560 тоот дансанд шилжүүлсэн боловч Ч.Г уг ажиллагаанд дахин гомдол гаргаснаар шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн ажиллагаа зогсож өнөөдрийг хүрсэн. Ч.Г нь төлбөрийн чадвартай боловч төлөх сонирхолгүйн улмаас манай компанийн хувьд цаг хугацаа, хөрөнгийн үр ашгийг алдагдуулж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар Н албанд холбогдох, санал болгох комиссын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4/6 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Ч.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх ёстой. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд өмнө нь шүүх нэгэнт дүгнэсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд харин тухайн орон сууцыг төлбөр авагчид санал болгохдоо төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхолыг хүндэтгэж, өнөөдрийн үнийн талаар санал солилцоогүй зэрэг нөхцөл байдлыг бодитоор дүгнээгүй гэж үзэж байна.

Мөн төлбөр төлөгч Ч.Гэд холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, түүний орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа нь хэлбэрийн төдий, ямар нэгэн байдлаар худалдан борлуулах зорилгыг гол болгоогүй, дуудлага худалдаа явуулахаар зарласан гэх цаг хугацаа нь энэ төрлийн ажиллагаа явуулахад нэн тохиромжгүй буюу олон нийтийн амралт, баяр ёслолын үеийг тааруулсан зэрэг нь төлбөр гаргуулахаар битүүмжилсэн орон сууц худалдан борлогдохгүй байх гол нөхцөлийг бүрдүүлсэн тул тухайн ажиллагаа төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхолыг зөрчсөн. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Н албанд холбогдуулан санал болгох комиссын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/6 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ түүний өмчлөлийн эд хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн, албадан дуудлага худалдааны зарыг нийтэд хүртээмжтэй тараагаагүйн улмаас үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй гэснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч цаг хугацаа авах зорилгоор гомдол гаргаж байна гэж маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4061 дүгээр захирамжаар /хх 19/ Ч.Гээс 39 389 808 төгрөг гаргуулж, “Г ХХК партнерс ББСБ” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг түүний Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Ус3 байр, 34 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны санал болгох комиссын шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/04193 дугаар шийдвэр, /хх 82-84/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1258 дугаар магадлал /хх 85-87/ хүчин төгөлдөр байна.

Давж заалдах шатны шүүхийн 1258 дугаар магадлалаар хариуцагч Н албаны 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн санал болгох комиссын шийдвэрийг хүчингүй болгосон ба ажиллагааг зөвтгөн явуулах 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөр төлөгчөөс төлбөрийг барагдуулж,  шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар санал болгох комиссыг дахин хуралдуулж, шүүхийн шийдвэрт заасан орон сууцыг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон нь хууль зөрчихгүй.  

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн санал болгох комиссын хуралдаанаас /хх 91-92/ өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэ буюу 2 жилийн өмнөх үнэлгээ 101 486 190 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй, орон сууцны үнэ өссөнийг анхааралгүй төлбөр төлөгчийг хохироосон гэх боловч үнэлгээг шинэчлэн тогтоолгох саналыг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад гаргаагүй, харин орон сууцыг өөрөө чөлөөлөхийг зөвшөөрч байсан нь ажиллагааны явцад хөтөлсөн тэмдэглэлд тусгагджээ.

Түүнчлэн орон сууцыг төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгохдоо шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс илүү гарсан зөрүү  66 672 382 төгрөгийг төлбөр төлөгчид шилжүүлэхээр шийдвэрлэж, уг мөнгийг төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх албаны дансанд байршуулсан нь хэрэгт баримтаар авагдсан байна. /хх 102/

Дээрхээс үзвэл хариуцагч Н албаны төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах үеийн шинжээчийн тогтоосон үнээр тооцон, төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн  ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, 177.4, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эдлэх эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                             Д.БАЙГАЛМАА

                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ