| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/1183/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1206 |
| Огноо | 2022-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1206
2022 08 15 2022/ШЦТ/1206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал,
Шүүгдэгч М.С- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2202 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 11-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, .... ХХК-нд үйлчилгээний ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх-000000, Б- овогт М-ын С-.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.С- нь 2022 оны 5 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Юу Би Кабын жолооч М.Г-той “байршил андуурлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас хохирогчийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх, доод уруулд зулгаралт, бүсэлхий нуруу, зүүн бугалга, шуу, баруун болон зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-3/, хохирогч М.Г-ийн өгсөн мэдүүлэг, /хх-8, 58/, гэрч Д.Оюунтүлхүүрийн өгсөн мэдүүлэг, /хх-10/, гэрч Б.Баярбаатарын өгсөн мэдүүлэг, /хх-13/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 7830 дугаартай дүгнэлт /хх-32-33/, шүүгдэгч М.С- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, гар утасны камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-38-39/, “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-51-52/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.С- нь 2022 оны 5 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Юу Би Кабын жолооч М.Г-той “байршил андуурлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас хохирогчийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх, доод уруулд зулгаралт, бүсэлхий нуруу, зүүн бугалга, шуу, баруун болон зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Г-ийн өгсөн: ”... 2022 оны 5 дугаар сарын 28-ны үүрээр 04 цаг 47 минутад КТМС-ээс 13-н Интернешнл зочид буудал, цааш офицер орох маршруттай дуудлагаар 805-н эцэс дээр очсон. Тэгтэл такси дуудсан хүн маань буруу хаяг оруулсан байсан. Очих үед 25-35 насны залуу байсан. Тэднийг аваад 805-аас 13-н Интернешнл зочид буудлын тийшээ явсан бөгөөд явж байх үед намайг зодсон ах “Би 200 метр алхаж гарч ирлээ, замд такси зогссон, би тэд нарт Юу би каб дуудсан яах гэж би танайхыг дуудсан юм бэ” гээд ууртайгаар хэлж машин дотор иймэрхүү маргаан үүссэн. Бид хэрэлдэж явсаар Интернешнл буудлын гадаа ирсэн. Тэр ах буухгүй хэрүүл хийгээд байхаар нь би 7780 /Юу би каб/ руу залгаад “Та хаягаа буруу оруулсан байна” гэж хэлээд үүнийгээ ойлгуулж батлахаар “Энэ хүн очих хаягаа хаана оруулсан байна вэ” гэж асуусан. Тэр хүн надад 7780-аа больчих энэ асуудлаа шийдье гэсэн. Би машиныхаа ард талын хаалгыг буулгах гээд онгойлготол тэр 172-175 см өндөртэй махлаг, дээгүүрээ шар хантааз, дотуураа сорочка цамц өмссөн, доогуураа цэнхэр өмдтэй, шар царайтай 25-35 орчим насны залуу, намайг шууд цохих гэж дайрсан, найз нь бололтой туранхайвтар хар хувцастай залуу болиулах гэж оролдсон. Тэр ах миний баруун нүд рүү гараараа 1 удаа, уруул завж хэсэг рүү 1-2 удаа цохиж, унагаж байгаад зам дээр нуруугаар чирсэн. Зодоон болох үед манай найз охин Оюунтүлхүүр бичлэг хийсэн байсан..." гэх мэдүүлэг, /хх-8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Оюунтүлхүүрийн өгсөн: ”... 2022 оны 5 дугаар сарын 28-ны үүрээр 5 цагийн үед 805-Офицер чиглэлд хүн авч хүргэхээр очсон. Өгөгдсөн байршлын дагуу 805-н гэр хороолол дунд очоод хүлээж байсан, тэгсэн нөгөө дуудлага өгсөн хүн залгаад “ Байршил дээрээ ирчихсэн байна, хаана байна” гээд залгасан Бид хоёр тэр хүмүүстэй утсаар яриад 805 руу уруудсан зам руу гарахад 3 залуу зогсож байсан. Тэр гурав суугаад нэг хүнээ буулгана гээд 13-н тийшээ явсан. Тэгсэн 30-35 насны саарал хантаазтай, далий хамартай дундаж биетэй ах “Яг байршил дээрээ ирсэнгүй, хөлдөж үхтлээ хүлээлээ” гэж ярьсан. 805-аас хойш 13-р хороолол хүртэл ах нэлээн харааж, доромжлоод байсан. Ганзо 13-н Интернешнл зочид буудлын орчимд зогссон. 30-35 насны саарал хантаазтай, далий хамартай дундаж биетэй ах бууж ирээд өнөөх “байршил андуурлаа” гэсэн утгатай зүйл яриад манай найз залуугийн нүүр лүү нь 2-3 удаа цохиж, унагаж байгаад дээрээс нь цохиод байсан. Би машин руу очоод утсаа авч бичлэг хийсэн. Тэр үед би сандарсан байсан. Би бичлэг хуулбарлан гаргаж өгнө.” гэх мэдүүлэг /хх-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярбаатарын өгсөн: ”... Би 2022 оны 5 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед би танил ах болох Дарьбазарынд 805-н дээд талд гэр хороололд очсон. Тэнд хорхог хийж идсэн. Дарьбазар ах бид хоёр С-г дуудсан. Түүнийг ирэхэд бид хоёр тус бүртээ 2 хундага архи уусан байсан. С- ирээд Дарьбазар ах бид гурав юм ярьж суугаад 0.75 литр ногоон өнгийн шилтэй архи 2 шилийг хувааж уусан. Бид нэлээн сууж байгаад би явах машинаа буюу ах Соронзонболдыг дуудсан. Явах гэж байснаа архи маань дуусах болоогүй байсан тул такси дуудчихъя гээд Соронзонболд ахад архи өгсөн. Бид 2022.05.28-ны үүрээр 04 цагийн орчим Юу би каб такси дуудаад Соронзонболд, С- бид гурав таксинд суусан. Бид таксиг айлын гадаа дуудаагүй, 805-н тэнд зам руу гаргачхаад хүлээж байтал, такси ирэхгүй байсан. Такси хэсэг хугацааны дараа ирсэн. С- 13-н тэнд Халдварт руу эхний уулзвараар баруун эргээд гэртээ буух байсан, харин Боёо ах бид хоёр офицер явахаар байсан. Замдаа С- Юу би кабын жолоочтой “Танайх Юу би каб биз дээ чамайг хамгийн ойрхон байсан учир дарсан, бид гурав зөндөө хүлээлээ ш дээ, яагаад дуудсан газар ирдэггүй юм бэ” гэх утгатай зүйл 2 удаа давтаж ярьсан. Тэгтэл Халдварт руу эхний уулзвараар баруун эргээд такси зогссоноо жолооч нь өөрөө түрүүлж буугаад С-г жолооч залуу нүүр лүү нь гараараа цохих шиг болсон. С- тэр жолооч залуу хоёр ноцолдоод эхэлсэн, харилцан зодолдсон.” гэх мэдүүлэг /хх-13/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 7830 дугаартай:
1. М.Г-ийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх, доод уруулд зулгаралт, бүсэлхий нуруу, зүүн бугалга, шуу, баруун болон зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-32-33/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-2/,
Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн “...цэц-114 ахмад Б.Оюунболд би ахлагч Дэлгэрдалай нар хамт очиж шалгаад дуудлага 88700010 дугаартай давхардсан дуудлага байв. Энгэрийн камераар 2 минутын бичлэг хийж баримтжуулав...” гэх дуудлагын лавлагааны хуудас /хх-3/,
Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-38
Шүүгдэгч М.С- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч М.С- нь хохирогч М.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч М.С-г тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч М.С- нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Юу Би Кабын жолооч М.Г-той “байршил андуурлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас хохирогчийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх, доод уруулд зулгаралт, бүсэлхий нуруу, зүүн бугалга, шуу, баруун болон зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.С-гийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Юу Би Кабын жолооч М.Г-той “байршил андуурлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Г- нь гэм хорын хохирол 509.821 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар М.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-ын С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.С- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.С-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС