| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/03344/и |
| Дугаар | 2361 |
| Огноо | 2018-07-09 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2361
| 2018 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 101/ШШ2018/02361 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М ” ХХК / /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Л-д холбогдох,
2017 оны 04 сарын 06-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний үүргийн төлбөрт 53,500,000 төгрөг, алданги 6,318,000 төгрөг, нийт 59,818,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, Д.Б, хариуцагч Г.Л , хариуцагчийн өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Г.Л нь 2014 оны 06 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын хооронд “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “М ” ХХК-ийн харилцагч болох “Э Б” ХХК-ийн үлдэгдэл 58,500,000 төгрөгийн тооцоонд Рэнж Ровер маркийн автомашиныг үнэлэн компанийн ерөнхий захирал, хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр хувьдаа шилжүүлж авсан байсан. “М ” ХХК болон “Э Б” ХХК-уудын хооронд гэрээний төлбөрийн маргаан үүсч, “Э Б” ХХК-ийг шүүхэд хариуцагчаар татсан үеэс дээрх автомашины тухай “М ” ХХК мэдсэн бөгөөд автомашинтай холбогдох төлбөр тооцоог барагдуулахыг Г.Л д мэдэгдэж, “Э Б” ХХК-ийг бусад үлдэгдэл тооцоогоо хариуцахыг даалгасан. Энэ тохиролцоог Г.Л болон “Э Б” ХХК хүлээн зөвшөөрч 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г.Л болон “М ” ХХК-ийн хооронд “Төлбөр барагдуулах” гэрээг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “М ” ХХК болон “Э Б” ХХК-уудын хооронд “Эвлэрлийг гэрээ”-г тус бүр байгуулсан байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г.Л тай “Төлбөр барагдуулах” гэрээг байгуулах үед Г.Л нь Рэнж Ровер маркийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байгаагаа мэдэгдсэн болохоор энэхүү гэрээнд дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцсон байсан. Тодруулбал: Тус гэрээний 2.1-т “Төлбөр төлөгч нь тус гэрээний 1.1-т заасан 58,500,000 төгрөгийн өр төлбөртөө 2017 оны 04 сарын 10-ны өдрийн дотор биет байдлын доголдолгүй Rапgе Rоvег маркийн 8500УНЛ улсын дугаартай хар өнгийн автомашиныг биет байдлаар Төлбөр авагчид хүлээлгэн өгөх, 2.2-т “2017 оны 05 сарын 10-ны өдрийн дотор гэрээний 2.1-т заасан автомашиныг барьцаанаас чөлөөлж эрхийн доголдолгүй болгон автомашины холбогдох бичиг баримт (тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгалын гэрчилгээ г.м)-ыг бүрэн Төлбөр авагчид хүлээлгэн өгнө” гэсэн үүргийг Г.Л хүлээсэн байсан. Гэтэл Г.Л “М ” ХХК-д автомашиныг хүлээлгэн өгсөн боловч 2017 оны 05 дугаар сарьн 01-ний өдөр автомашиныг барьцаалсан байсан банк бус санхүүгийн байгууллага автомашиныг барьцаандаа хураан авсан. Энэ үед Г.Л “хэдхэн хоногийн хугацаа өгчих, би хүнээс авлагатай байгаа тэр авлагаа авахаар төлбөрөө бүрэн төлье” гэсэн хүсэлт гаргаж байсан тул Г.Л д итгэн түүний хэлсэн хугацааг хоёр ч удаа сунгасан боловч амласан хугацаандаа төлбөр барагдуулах хэлцлээр хүлээн зөвшөөрсөн төлбөрөө төлөхгүй сүүлдээ утсаа ч авахгүй холбогдохоо больсон. Харин Г.Л нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн байсан. “М ” ХХК Г.Л ын итгэл эвдсэн эдгээр үйлдлүүдийг цаашид ойлгон хүлээж авах боломжгүй болсон төдийгүй, энэ үйлдлүүд нь компанид санхүүгийн их хэмжээний бодит хохирол учруулж байгаа тул “Төлбөр барагдуулах” гэрээний 2.3-т “Төлбөр төлөгч нь тус гэрээний 2.1, 2.2-т заасан хугацаанд автомашиныг хүлээлгэн өгөх, барьцаанаас чөлөөлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Төлбөр авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам өр төлбөрийн үнийн дүнгийн 50 хувь буюу 29,250,000 төгрөгнөөс 0,3 хувиар бодож алданги тооцно” гэж мөн 2.4-т “Төлбөр төлөгч нь тус гэрээний 2.2-т заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, энэ хугацааг 1 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд Төлбөр авагч нь тус гэрээний 1.1-т заасан өр төлбөрийг хугацаа хэтрүүлсэн алдангийн хамтаар нэхэмжилж шүүхэд хандана.” гэж тус тус заасны дагуу алданги тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдреөс хойш 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 72 хоног бөгөөд гэрээнд заасны дагуу 29,250,000 төгрөгийн 0,3 хувийг 72 хоногоор тооцоход 6,318,000 төгрөг болно. Г.Л нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “М ” ХХК-тай байгуулсан “Төлбөр барагдуулах” гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж, компанид санхүүгийн хохирол учруулж байгаа тул шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэн Г.Л аас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах” гэрээний үүргийн төлбөрт 53,500,000 төгрөг, алданги тооцсон 6,318,000 төгрөг буюу нийт 59,818,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 457,040 төгрөгийн хамтаар гаргуулж “М ” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Г.Л миний бие 2014 оноос 2016 оны 12 дугаар сар хүртэл “М ” ХХК-д гүйцэтгэх захирлын албыг хийж байсан. Ингэж ажиллах хугацаанд “М ” ХХК-ийн нэрийн өмнөөс гадаад болон дотоодын харилцагч компаниудтай бүх төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авах, борлуулах гэрээг хийж ажиллаж ирсэн. 2015 оны 3 дугаар сард “Э Б” ХХК-тай 55 тонн шингэрүүлсэн шатдаг хий нийлүүлэн 2010 онд үйлдвэрлэгдсэн Range Rover маркийн 85-00 УНЛ улсын дугаартай авто машинаар харилцан солилцох хэлцэл хийн уг машиныг хүлээн авсан. “М ” ХХК-ийн шингэрүүлсэн шатдаг хий хадгалах бааз нь Улаанбаатар хотоос 50-иад километр зайтай байдаг бөгөөд энэхүү машиныг ажил албаны хэрэгцээнд ашиглан машинтай холбогдон гарах түлш шатахуун, масло тосны зардалыг компаниас гаргадаг байсан. Г.Л би 2014, 2015, 2016 онуудад “М ” ХХК-д ажиллаж байх хугацаанд хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан “Тусгай гэрээ”-ний 3.2 заалтын дагуу 80,000,000 төгрөг авах тул нэхэмжилж байгаа төлбөрийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй бөгөөд үлдэгдэл 23,500,000 төгрөгийг нэхэмжлэн авч тохиролцох саналтай байна. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс энэхүү тохиролцоог эс зөвшөөрвөл шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэх болно” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“Г.Л миний бие 2012 оноос Монгол улсад шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэх, хямд чанартай хийн түлшээр хэрэглэгчдийг хэрхэн хангах талаар өөрийн ажиллаж байсан туршлага, харилцан ажиллаж байсан гадаадын түншүүдийн тусламжтайгаар төсөл боловсруулан ажиллаж байсан юм. 2013 оны сүүлээр БНСУ-ын иргэн Ким Ян Так болон Е-1 Корпорациас хамтран ажиллах санал тавьснаар 2014 оны 05 дугаар сарын 28-нд “М ” ХХК-ийг анх байгуулж миний бие уг компанийн хувьцааны 9 хувь буюу 31500 ам.доллар тухайн үеийн ханшаар 56,067,000 төгрөгийн хувьцааг эзэмших болсон юм. 2014 оны 05 дугаар сарын 31-нд хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой “Тусгай гэрээг”-г БНСУ-ын хувьцаа эзэмшигчдийн санаачилгаар байгуулсан. Энэхүү тусгай гэрээний зорилго нь хувьцаа эзэмшигчдийн үүрэг хариуцлага, үүрэг хариуцлагаа биелүүлсэн Монголын талын хувьцаа эзэмшигчдэд нэмэлт урамшууллын хувь олгох явдал байсан юм. “М ” ХХК-ийн гэрээ дүрэм, тусгай гэрээгээр миний зүгээс шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийг Монгол улсад импортлоход гааль НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх, компанийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах тусгай зөвшөөрлийг Уул, уурхайн яамаар гаргуулан авах үүрэг хүлээсэн байсан. Миний бие “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон тусгай гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь бүрэн биелүүлэхийн зэрэгцээ БНХАУ-аас шингэрүүлсэн шатдаг хийн баазын тоног төхөөрөмжийг захиалан нийлүүлэх, өөрийн эзэмшилд байсан газраа “М ” ХХК-ийн бааз байгуулах зориулалтаар шилжүүлэн өгөх, төсөр зам тавиулах, баазын зураг төслийг боловсруулан бариулах, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллаж баазыг Улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан амжилттай гүйцэтгэсэн. Мөн шингэрүүлсэн шатдаг хийг маш хямд үнээр импортлох гэрээ байгуулан дотоодод хий борлуулах сүлжээ байгуулах, шатахуун түгээгүүр ажиллуулдаг компаниудтай үр ашигтай хамтран ажиллах гэрээг байгуулан компанийн ашиг орлогыг хангалттай хэмжээнд хүргэн ажиллаж байсан. Газрын тосны хэрэг эрхлэх газраар техникийн дүгнэлт гаргуулан Уул, уурхайн яамнаас хоёр төрлийн тусгай зөвшөөрлийг гаргуулан компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах бүх нөхцөлийг ханган ажилласан. Ингэж миний бие хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон Тусгай гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан тул Тусгай гэрээний 3.2-ын дагуу ашгийн 5 хувийн урамшууллыг авах ёстой гэж үзэж байна. 2014 оноос 2016 оны 12 дугаар сар хүртэл миний бие “М ” ХХК-ийг төлөөлж ОХУ-аас шингэрүүлсэн шатдаг хий импортлох гэрээг байгуулж байсан ба 1 тонн тутамыг 380 америк доллар буюу 760-800 мянган төгрөгөөр ямар нэгэн гааль НӨАТ-гүйгээр импортлож дотоодод тонн тутмыг 2-2,5 сая төгрөгөөр сард 250-350 тонныг борлуулж сард 300-аад сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Иймд миний тус компанид ажиллаж байсан 2014, 2015 оны ашгийг тусгай гэрээний 3.2-д заасны дагуу тооцож 80,000,000 төгрөг болж байгаа тул “М ” ХХК-иас гаргуулж өгнө үү.“ гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
“М ” ХХК нь анх 2014 оны 06 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр компанийн дүрмээ улсын бүртгэлд бүртгүүлснээр Г.Л нь “М ” ХХК-ийн монгол талын нэг хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй болж хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлж байсан. Харин 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “М ” ХХК-ийн монгол талын хувьцаа эзэмшигчид Г.Л болон Д.Б нар нь өөрсдийн хүсэлтээр өөрсдийн эзэмшиж буй хувьцаагаа хуульд заасны дагуу хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр солонгос хувьцаа эзэмшигч нарт шилжүүлж, тэдний хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг дуусгавар болгосон. Хувьцаа эзэмшигч байсан Г.Л тай компанийн солонгос талын хувьцаа эзэмшигчид тухайн үед тохиролцсоны дагуу Тохиролцооны бичиг гэх баримтыг үйлдсэн тус тохиролцооны бичгийн 2-т заасан 107,000 ам.долларыг нь Г.Л д бүрэн төлсөн төдийгүй, тохиролцооны бичгийн 3 дугаар заалтад заасан 1 жилийн хугацаанд сар бүр 2,000,000 төгрөгийн цалинг мөн бүрэн төлж дуусгасан болно. Харин Г.Л болон Д.Б тай 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбоотой тусгай” гэрээ нь монгол талын хувьцаа эзэмшигчид нь “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх тохиолдолд, мөн тус гэрээний 3.2-т “Монгол Улсын иргэн Хувьцаа эзэмшигчдийн урамшууллын хэмжээ нь цэвэр ашгийн / М1 Э ХХК-тай холбогдолтой бүхий л зардал төлөгдсөний дараах, үүнд хүү багтана/ 5 хувь байна гэж зааснаар компани ашигтай ажилласан тохиолдолд хэрэгжих боломжтой тохиролцоо юм. Гэтэл “М ” ХХК нь 2014 оны 06 дугаар сард үүсгэн байгуулагдсанаасаа хойш маш их хэмжээний хөрөнгө оруулсан учраас одоогоор алдагдалтай ажиллаж байгаа гэдэг нь компанийн 2014, 2015, 2016 оны санхүү, татварын тайлангаар тодорхой харагдаж байгаа юм. Иймд Г.Л ын санхүү, эдийн засгийн тооцоолол үндэслэлгүйгээр, өөрийн санаанд орсон тоогоороо тооцож гаргаж буй 80,000,000 төгрөгийг “М ” ХХК хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч Г.Л д холбогдуулан 2017 оны 04 сарын 06-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний үүргийн төлбөрт 53,500,000 төгрөг, алданги 6,318,000 төгрөг, нийт 59,818,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг,
хариуцагч Г.Л нь нэхэмжлэгч “М ” ХХК-д холбогдуулан “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.
1/ Хариуцагч Г.Л аас 2017 оны 04 сарын 06-ны өдрийн “Төлбөр барагдуулах” гэрээний үүргийн төлбөрт 53,500,000 төгрөг, алданги 6,318,000 төгрөг, нийт 59,818,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар
Нэхэмжлэгч “М ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус компанийн харилцагч болох “Э Б” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 58,500,000 төгрөгийн тооцоонд Рэнж Ровер маркийн автомашиныг Г.Л өөртөө дур мэдэн шилжүүлэн авсан, автомашины асуудлаар Г.Л , “М ” ХХК-ийн хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүргээ хариуцагч биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч Г.Л нь “М ” ХХК-аас 80,000,000 төгрөгийг авах тул нэхэмжилж буй төлбөрийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй, үлдэгдэл төлбөрийг авахаар тохиролцож болно гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “М ” ХХК болон хариуцагч Г.Л нар нь 2017 оны 04 сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, Г.Л нь “Э Б” ХХК-аас “М ” ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэл 75,629,000 төгрөгөөс 58,500,000 төгрөгт тооцон 8500 УНЛ улсын дугаартай, Range Rover автомашиныг шилжүүлэн авсан тул уг автомашиныг 2017 оны 05 сарын 10-ны дотор хүлээлгэн өгөх, 58,500,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг “Тооцоо нийлсэн акт”-аар баталгаажуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх1-6-7/
Мөн М ” ХХК, “Э Б” ХХК нь Тооцоо нийлсэн баримт үйлдэж, “Э Б” ХХК нь “М ” ХХК-д 75,629,000 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан тооцсон байх бөгөөд Г.Л нь “Э Б” ХХК-ийн өглөгийн 58,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч уг актад гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх1-8-9/
Хэрэгт “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э Б” ХХК-д холбогдох нийлүүлсэн шингэрүүлсэн шатдаг хийн төлбөр 122,443,500 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн 156/ШШ2017/00216 дугаартай захирамж баримтаар авагдсан байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх зохигчдын эвлэрлийг батлахдаа хариуцагч Г.Л ыг оролцуулахгүйгээр талуудын байгуулсан Эвлэрлийн гэрээг баталсан нь хууль зөрчсөн гэх тайлбарыг гарган маргасан. /хх1-64-65/
Хэргийн үйл баримтаар “М ” ХХК болон хариуцагч Г.Л нар нь 2017 оны 04 сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, Г.Л нь “Э Б” ХХК-аас “М ” ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэл 75,629,000 төгрөгөөс 58,500,000 төгрөгт тооцон өөртөө шилжүүлэн авсан 8500 УНЛ улсын дугаартай, Range Rover автомашины төлбөрийг төлөх асуудлаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон болох нь, мөн Г.Л нь төлбөл зохих төлбөрөөс 5,000,000 төгрөгийг “М ” ХХК-д төлсөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан байх ба дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э Б” ХХК-д холбогдох хэргийг Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн 156/ШШ2017/00216 дугаартай“Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гаргахад хариуцагч Г.Л ыг оролцуулаагүй байх боловч хариуцагч Г.Л нь зохигчдын эвлэрлийн гэрээнд дурдсан асуудлаар шүүгчийн захирамж гарахын өмнөх өдөр буюу 2017 оны 04 сарын 06-ны өдөр уг асуудлаар Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, уг гэрээний төлбөрийн үүргийг гүйцэтгэж байсан байх тул “М ” ХХК болон “Э Б” ХХК-ийн хооронд хийгдсэн Эвлэрлийн гэрээг Г.Л дэмжин зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Зохигчдын тайлбараар 2017 оны 04 сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу Г.Л нь 8500 УНЛ улсын дугаартай, Range Rover автомашиныг “М ” ХХК-д шилжүүлэн өгсөн боловч, уг автомашиныг барьцаалсан байсан банк бус санхүүгийн байгууллага Г.Л ын зээлийн барьцаанд хураан авсан болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч Г.Л нь “М ” ХХК-д уг автомашиныг буцаан өгөөгүй болон уг автомашины төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч Г.Л аас “Э Б” ХХК-ийн төлөх төлбөрийн 58,500,000 төгрөгт тооцон өөртөө шилжүүлэн авсан 8500 УНЛ улсын дугаартай, Range Rover автомашины төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь “Төлбөр барагдуулах” гэрээний үүргийн төлбөрт 53,500,000 төгрөг, алданги 6,318,000 төгрөг, нийт 59,818,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Г.Л нь 2017 оны 04 сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу “М ” ХХК-д “Э Б” ХХК-аас авсан Range Rover автомашины төлбөрт 58,500,000 төгрөгийг төлөхөөс 2017 оны 07 сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн байх тул 53,500,000 төгрөгийг нэхэмжлэгч “М ” ХХК-д төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх талаар зохицуулсан бөгөөд хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэслэлтэй боловч зохигчдын хооронд анхнаасаа автомашин шилжүүлэх, түүний төлбөрийг төлөх харилцаа үүсээгүй бөгөөд тэдгээрийн хоорондох төлбөр барагдуулах гэрээ гэх баримт нь Г.Л “Э Б” ХХК-аас “М ” ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэл 75,629,000 төгрөгөөс 58,500,000 төгрөгт тооцон шилжүүлэн авсан 8500 УНЛ улсын дугаартай, Range Rover автомашины төлбөрийг төлөх асуудлыг баталгаажуулсан баримт байх тул уг гэрээний дагуу хариуцагчид алданги тооцож гаргуулах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Л аас 53,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас алданги 6,318,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2/ Нэхэмжлэгч “М ” ХХК-аас “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний 3.2-т заасны дагуу ашгийн 5 хувийн урамшууллыг авах ёстой учир 2014, 2015 оны ашгийг тооцож 80,000,000 төгрөгийг “М ” ХХК-аас гаргуулах үндэслэлтэй гэж, нэхэмжлэгч нь тусгай гэрээний 3.2 дахь заалт нь компани ашигтай ажилласан тохиолдолд хэрэгжих боломжтой тохиролцоо, “М ” ХХК нь 2014 оны 06 дугаар сард үүсгэн байгуулагдсанаасаа хойш их хэмжээний хөрөнгө оруулсан учраас алдагдалтай ажиллаж байгаа гэдэг нь компанийн 2014, 2015, 2016 оны санхүү, татварын тайлангаар тодорхой харагдаж байгаа, хариуцагч үндэслэлгүйгээр 80,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
“М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид 2014 оны 05 сарын 31-ний өдөр “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-г байгуулсан байх ба гэрээний 3.2-т “Монгол Улсын иргэн Хувьцаа эзэмшигчдийн урамшууллын хэмжээ нь цэвэр ашгийн /М1 Э ХХК-тай холбогдолтой бүхий л зардал төлөгдсөний дараах, үүнд хүү багтана/ 5 хувь байна” гэж заасан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Г.Л нь уг гэрээний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч“М ” ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн. /хх1-57-60/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.
Хариуцагч Г.Л ын нэхэмжлэгч “М ” ХХК-д холбогдох “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 2017 оны 04 сарын 06-ны өдрийн “Төлбөр барагдуулах” гэрээний үүргийн төлбөрт 53,500,000 төгрөг, алданги 6,318,000 төгрөг, нийт 59,818,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байна. Үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл нь тус тусдаа нэхэмжлэл бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хоорондоо тооцогдохгүй шаардлага байх тул уг асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжтой гэдэг нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамаарах нөхцөлийг хэлнэ.
Иймд хариуцагч Г.Л ын нэхэмжлэгч “М ” ХХК-д холбогдох “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй тул хариуцагч Г.Л ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, хариуцагч Г.Л д буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Л аас 53,500,000 /тавин гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,318,000 /зургаан сая гурван зуун арван найман мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М ” ХХК-д холбогдох “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Г.Л ын сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Л аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 425,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, хариуцагч Г.Л д буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР