| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/03337/и |
| Дугаар | 3133 |
| Огноо | 2018-10-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 3133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У гаргасан,
Хариуцагч: З ХХК
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 7,018,000.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, өмгөөлөгч Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч У миний бие 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч З ХХК-ийн ******* төвийн хятад рестораны үйлчилгээний менежерийн албан тушаалд туршилтын хугацаагаар сарын 1,200,000.00 төгрөгөөр ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Гэтэл намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад тус компанийн гүйцэтгэх захирлын зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “ашиг орлого муу байгаа тул цаашид ажиллуулах боломжгүй, маргааш ажилдаа ирэх шаардлагагүй, шинээр эхлүүлэх ажилд чамайг томилох болно” гэж төөрөгдүүлсэн.
Ингээд намайг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр ажиллуулахгүй байж байгаад давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Би, тус байгууллагад ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй байхад удаа дараа зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Би, хариуцагч З ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалыг хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд очиж чадаагүй тул миний нэхэмжлэлийг буцаасан байсан. Гэвч миний бие энэхүү нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргаж, өмнөх ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдох хүсэлтэй байна.
Иймд, намайг ажил, албан тушаалд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,018,000.00 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ф гэгч хүн ажилладаг бөгөөд бид энэ хүнийг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх талаар маргахгүй. Нэхэмжлэгч У нь манай компанид ажиллаж байхдаа хэд хэдэн удаа зөрчил гаргаж байсан, тухайлбал ажил дээрээ согтуу ирсэн, ажлын байранд мөрийтэй тоглосон гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэлийг түүнд ногдуулж байсан юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд ажилтан тус шийдвэрийн талаар мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал хэдийгээр 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ дэмжээгүй учраас шүүхээс түүний нэхэмжлэлийг буцаасан, түүний ажлаас халсан шийдвэрийн талаар мэдсэн өдрөөс хойш өнөөдрийн нэхэмжлэлийг гаргах өдөр хүртэлх хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан байна.
Бид, өмнө нь хянагдаж байсан хэрэг дээр нэхэмжлэгчийн зөрчлийг нотлохоор гэрчээр ******* гэж хүнийг оролцуулахаар болсон, мөн бидэнд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж байсан тушаал байгаа хэдий ч нэгэнт тэрээр хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа учраас уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Уаас хариуцагч З ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 7,018,000.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Уыг хариуцагч З ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б/19 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1.-т заасан үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ. Тодруулбал, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна /х.х-ийн 4-р хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Уын нийгмийн даатгалын дэвтэрт түүнийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцагч З ХХК-нд үйл ажиллагаа хариуцсан менежерийн албан тушаалд томилсон тухай бүртгэл хийгдсэн байгаагаас гадна зохигчид 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна /х.х-ийн 3, 5-р хуудас/.
Хэдийгээр талууд хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд хугацааны талаар зохицуулсан байх боловч гэрээг 1 /нэг/ жил, аль эсхүл туршилтын 3 /гурав/ сар хүртэлх хугацаагаар байгуулсан болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж, мөн 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1.-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно” гэж зааснаас гадна 231.1-д “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно” гэж тус тус зааснаар зохигчид ямар үндэслэл, шаардлагаар гэрээг хугацаатай, эсхүл туршилтын хугацаагаар байгуулж байгаа талаар тусгайлан тохироогүй байх тул тэдгээрийн хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэв.
Тодруулбал, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хөдөлмөрийн харилцаа үүссэн үйл баримтын талаар маргаагүй. Иймд, нэхэмжлэгч У болон хариуцагч З ХХК нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогч талын санаачилгаар тус хуулийн 40.1-д зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах юм.
Өөрөөр хэлбэл, сахилгын хариуцлага хүлээлгэх буюу тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажилтныг ажлаас халах үндэслэл нь тэрээр сахилгын давтан болон ноцтой зөрчил гаргасан байх явдал бөгөөд тухайн зөрчил тогтоогдсон байх учиртай. Гэтэл нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн болох нь тодорхойгүй байна. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан гэж тайлбарласан ч үүнийг баримтаар нотолсонгүй.
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байх тохиолдолд түүнийг давтан зөрчил гаргасанд тооцох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай ба тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй байж болно. Гэвч нэхэмжлэгч У нь хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон сахилгын зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдсан давтан зөрчил гаргасан гэх үйл баримтыг нотлогдсон гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ. Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох хариуцагч З ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/19 тоот тушаал, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Уыг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр сахилгын зөрчил гаргасныг хариуцагч тал тухайн үед мэдсэн гэх боловч түүнийг ажлаас чөлөөлөх буюу сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг мэдсэнээс хойш нэг сарын дотор гаргах ёстой байтал хоёр сар гаруй хугацаа өнгөрсний дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Уыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэж, түүнийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, мөн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан ба нэхэмжлэгч тал түүнийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалын талаарх гомдлоо уг тушаалыг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ёстой.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2018/11974 тоот захирамжаар нэхэмжлэгч Уын гаргасан хариуцагч З ХХК-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 7,018,000.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан үндэслэлээр буцаасан /х.х-ийн 7,8, 9-р хуудас/.
Энэхүү захирамжид дурьдснаар уг нэхэмжлэл хуульд заасан нэхэмжлэлд тавих шаардлагыг хангасан байсан тул шүүх хүлээн авч, улмаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэхээр 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааныг товлосон боловч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэлийг буцаасан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж мэтгэлцэж байна.
Гэвч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, мөн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж, түүнчлэн 79.3-д “Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно” гэж, түүнчлэн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, нэгэнт гаргасан нэхэмжлэлийн улмаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нь хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд тухайн этгээдэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг олгох зорилготой юм.
Тодруулан хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үл хүлээн зөвшөөрч, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч тэрээр өмнө нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр тогтоосон журмын дагуу нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авсан өдрөөс нэхэмжлэлийг буцааж, хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, тухайн тасалдсан хугацаа зогссон буюу нэхэмжлэлийг буцаасан өдрөөс эхлэн хугацаа тасалдахад хүргэсэн нөхцөл байдал бий болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр шинээр тоолох журамтай тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д “Эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй” гэж зохицуулсан байгаа ч нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаагүй, харин түүний нэхэмжлэлийг буцааснаар хэрэг шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж, мөн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, түүнчлэн 46.2.-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч тал тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч тал ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө сүүлийн 3 /гурав/ сарын хугацаанд 2,996,8817.00 төгрөгийн цалин хөлс авсан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тодорхойлвол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 46,462.00 төгрөг, ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлын 160 өдрөөс нэхэмжлэлийг буцаасан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс дахин нэхэмжлэл гаргасан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны өдрийг хасч, ажлын 153 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 7,108,686.00 төгрөг болж байгаа хэдий ч нэхэмжлэгч 7,018,000.00 төгрөгийг нэхэмжилсэн байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй /х.х-ийн 3-р хуудас/.
Ийнхүү шүүхээс дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж байгаатай холбогдуулан тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх нь ажил олгогч талын хүлээх үүрэг юм.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 127,238.00 төгрөг гаргуулж, улсын орлогод төлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР