| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2022/0898/Э |
| Дугаар | 2022 6 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022 6
2022 6 15 2022/ШЦТ/892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ******* яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00000 1535 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд 1996 онд 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, 1998 онд 2 жилийн хугацаагаар хорих ял, 1999 онд 3 жил 2 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 09 дүгээр 27-ны өдөр 1 жил 6 сар 16 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан *******
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн их цуурайн 17 тоотод үйл ажиллагаа явуулдаг Бурхант хошуу хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг архи, 1 хайрцаг тамхи, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч Т.Тулаабаатарт хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Иргэн Т.Тулаабаатраас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11/,
- Хохирогч Т.Тулаабаатрын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 19:00 цагийн орчимд дэлгүүрээ түгжээд гэртээ очиж хоноод 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10:30 минутад буцаж дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрийн урагшаа харсан цонх онгорхой байсан, тэгээд би дэлгүүртээ орж ирэн камерын бичлэг шүүж үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өглөөний 06 цаг 39 минутад 168 орчим өндөртэй, хар куртик, улаан цамцтай, урт үстэй, бор өнгийн өмдтэй эрэгтэй хүн дэлгүүрийн цонхоор орж лангуун дээрээс 1 боодол улаан вест тамхи, 0.75 литрийн хэмжээтэй соёрхол архи 3 ширхэг, мөн хэмжээтэй хараа архи 1 ширхэгийг мөн мөнгөний модон хайрцгаас /хэд гэдгийг мэдэхгүй байна/ мөнгө авч буцаж цонхоор гарч явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,
- Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 01/31 дугаартай дүгнэлт /хх-ийн 26,/
- *******-аас нийт 78.050 төгрөгийг бэлнээр гаргаж өгснийг хүлээн авч, Т.Тулаабаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-14/,
- Яллагдагч *******-аас “...би Бурхант хошуу дэлгүүрээс эд зүйлс хулгайлахдаа ганцаараа байсан, хулгайлж авсан архи тамхины мөнгийг төлж хохиролгүй болгоно” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Яллагдагч ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн их цуурайн 17 тоотод үйл ажиллагаа явуулдаг Бурхант хошуу хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг архи, 1 хайрцаг тамхи, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч Т.Тулаабаатарт хохирол учруулсан гэмт хэрэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бага хэмжээнээс дээш хохирол буюу 339.000 төгрөгийн хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орон байранд нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/,
- ******* нийт 78.050 төгрөгийг бэлнээр гаргаж өгснийг хүлээн авч, Т.Тулаабаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-14/,
- Хохирогч Т.Тулаабаатрын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “....2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 19:00 цагийн орчимд дэлгүүрээ түгжээд гэртээ очиж хоноод 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10:30 минутад буцаж дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрийн урагшаа харсан цонх онгорхой байсан, тэгээд би дэлгүүртээ орж ирэн камерын бичлэг шүүж үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өглөөний 06 цаг 39 минутад 168 орчим өндөртэй, хар куртик, улаан цамцтай, урт үстэй, бор өнгийн өмдтэй эрэгтэй хүн дэлгүүрийн цонхоор орж лангуу дээрээс 1 боодол улаан вест тамхи, 0.75 литрийн хэмжээтэй соёрхол архи 3 ширхэг, мөн хэмжээтэй хараа архи 1 ширхэгийг мөн мөнгөний модон хайрцгаас /хэд гэдгийг мэдэхгүй байна/ мөнгө авч буцаж цонхоор гарч явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,
- Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 01/31 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2022 оны 04 дгээр сарын 1-ний өдрөөс 03-ны шөнийг хүртэл Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ферм гэх газарт зуслангийн газар дээрээ ирсэн танихгүй залуустай архи ууж байгаад тасраад уначихсан байсан, тэгээд би маргааш өглөө нь буюу 04 дүгээр сарын 04-ний өдөр ганцаараа сэрээд халаас ухаж үзэхэд 10.000 төгрөг байсан, би уг мөнгөнөөсөө архи авч шараа тайлахаар Бурхант хошуу хүнсний дэлгүүрийн гадна өглөөний 6 цагийн орчим очиход дэлгүүр хаалттай байсан, тэгээд би дэлгүүрийн эздийн өөрсдийнх нь амьдардаг байшингийнх нь цонхоор харахад хүн байхгүй байсан, тэгээд гарах гэтэл хүнсний дэлгүүрийнх нь урд зүг рүү харсан цонхны зүүн талын цонхны порчиг онгойсон байсан ба уг цонх гадуураа хамгаалалтын төмөртэй байсан, би цонхны хамгаалалтын төмрийг татахад сугараад гараад ирэхээр нь онгорхой цонхоор дэлгүүр лүү орж дотроос нь 3 ширхэг 0.75 л соёрхол архи, 1 ширхэг 0.75 л хараа архи, 10 хайрцаг буюу 1 блок улаан вест тамхи, мөн дэлгүүрийн мөнгөний хайрцгаас нь мөнгө базаж аваад буцаж цонхоор гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******* үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Т.Тулаабаатарт гэмт хэргийн улмаас 339.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч ******* ял оногдуулахад эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА