Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

              улсын яллагч М.Отгонбаатар,

               шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э,

               шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.У,

               шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номуунзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М с ХХК-д холбогдох эрүүгийн 2119001320161 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч хуулийн этгээдийн биеийн байцаалт: Каолин боловсруулж, плита үйлдвэрлэх барилгын материалын худалдаа, жонш худалдан авч, боловсруулах үйлдвэрлэл гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 2-8 тоотод байрлах хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хувийн хэргийн дугаар №9011120100, регистрийн дугаар №5168449.

             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9011120100 хувийн хэргийн дугаартай 5168449 регистрийн дугаартай Монголианфлюор спар ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон 500 миллитрийн шилтэй 2 ширхэг Этилийн спирт /ethanol absolute/ жагсаалтын 854, 500 миллитрийн савтай 5 ширхэг Фторт ус төрөгч /hydrofluoric acid-НF/ жагсаалтын 140, 500 граммын савтай 21 ширхэг Калийн гидроксид /Potassium hydroxide/ жагсаалтын 506, 1,2 кг-ийн савлагаатай 23 ширхэг Давсны хүчил /Кислота соляная/ жагсаалтын жагсаалтын 485, 0.5 кг-ийн савлагаатаи 1 ширхэг калийн гидроксид жагсаалтын 506, 500 граммын савтай 1 ширхэг Ammonia solution 25% жагсаалтын 111-д заасан бодиснуудыг Засгийн газрын 2007 оны дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон 500 миллитрийн шилтэй 2 ширхэг Триэтаноламин /Triethanolamine-C6H15N03/ жагсаалтын 28-д заасан бодиснуудыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ компани маань химийн хорт бодис зөвшөөрөлгүй ашиглаж, хадгалж байсан нь тогтоогдсон. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрнө. Шинжээчийн дүгнэлтийн зардлыг төлөөгүй байгаа. Одоо төлнө. Эдгээр бодисыг бид ашигладаггүй, мэддэггүй. Хятадын лаборант ирж ашиглаж байсан. Хэзээ авчирч тавьсныг мэдэхгүй. Цэцүүх трейд ХХК-аас зөвшөөрөгдсөн химийн бодисуудаа авдаг байсан. Хятад мэргэжилтнүүд л жоншны агууламжийг тогтоосон тулд хэрэглэх гэж байсан болов уу гэж бодож байна. БОАЖЯ-аас манай компани дээр шалгалт ирдэг байсан. Шалгалтаар ирсэн хүмүүс химийн бодис ашиглах, зөвшөөрөл авах ёстой гэдэг зүйлийг хэлж байсан. Манай компани жонш худалдан авч боловсруулдаг. Би энэ компанийн гүйцэтгэх захирлаар 2018 оноос хойш ажиллаж байгаа гэсэн мэдүүлэг,

         -Хохирогч Г.Б-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Дорноговь аймгийн Даланжаргалан суманд жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа М с ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай" тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад орсон этилийн спирт, фторт ус төрөгч, калийн гидроксид, давсны хүчил гэх бодисуудыг химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр лабораторийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан. ...Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “М с" ХХК нь химийн хорт бодис тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалж төрөөс гаргасан хууль тогтоомжийг зөрчиж төрийн хууль ёсны эрх ашиг, сонирхолд халдсан тул Монголианфлюор спар ХХК-д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн мэдүүлэг /1хх 16 ху/,

         -Иргэний нэхэмжлэгч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт шалгагдаж байгаа Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголианфлюор спар ХХК-ийн химийн лаборатори нь химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр химийн бодис хадгалсан гэх хэрэг бүртгэлтийн 211900132 дугаартай хэрэгт химийн бодисонд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг гаргуулж дүгнэлт гаргасан үнэ болох 50.000 /тавин мянга/ төгрөгийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас шийдвэрлүүлж дээрх гаргуулсан хөлс болох 50.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн буруутай аж ахуйн нэгж, этгээдүүдээс гаргуулан авахаар манай цагдаагийн газар иргэний нэхэмжлэгчээр тооцогдож цагдаагийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон гэсэн мэдүүлэг /1хх 21 ху/,

         -Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эдгээр химийн хорт болон аюултай бодисыг ашиглахын тулд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авч байж ашиглах шаардлагатай. Триэтаноламин гэдэг бодис нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон бодис. Үүнийг ашиглахын тулд химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлт авах шаардлагатай. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2 болон 15.6.3, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлиин 1 дэх хэсэгт зааснаар фторт устөрөгчийг ашиглах тохиолдолд химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэсэн мэдүүлэг /1хх 30 ху/,

           -Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тосны хүчил 15.028 кг-ийг 72.048.000 төгрөгөөр, Техникийн сод 4000 кг-ийг 7.600.000 төгрөгөөр, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Метанол 1 литрийг 31.000 төгрөгөөр, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Этонал 5 литр 160.000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Давсны хүчил 24 кг буюу 20 литр 237.600 төгрөгөөр, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр давсны хүчил 24 кг буюу 20 литрийг 259.200 төгрөгөөр тус тус худалдан авсан байна. Этилийн спирт буюу этонал, калийн гидроксид, давсны хүчил зэрэг бодисуудыг манай компаниас зөвшөөрлийнхөө дагуу худалдан авч байсан. Өөр бусад нэр төрлийн химийн хорт болон аюултай бодисуудыг худалдан авч байгаагүй гэсэн мэдүүлэг /1хх 106 ху/,

          -Гэрч Р.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Монголианфлюор спар ХХК-ийн үйлдвэр 2015 онд ажиллаж эхлээд 2016 онд жоншны үнэ унаад санхүүгийн хямралтай холбоотойгоор огт үйл ажиллагаа явуулаагүй. Ингээд 2017 оны 06 дугаар сараас тогтвортой уйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд жоншны агууламжтай хүдрийг боловсруулж жоншийг нь ялгаж авах үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Манай үйлдвэрийн тухайд жоншны агууламжтай шороог тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас худалдан аваад тэрийг боловсруулах үйл ажиллагаа явуулдаг. Хүдэр хүлээн авах пүнкэрт шороо хийсний дараа бутлуураар дамжиж бутлагдаад үйлдвэрийн терми хэсэг рүү ордог. Терми хэсгээс гарч холигч машин руу оруулсны дараа техникийн сод, шингэн шил, тосны хүчил холиод баяжуулдаг. Баяжуулсан зүйлээ гаргаж өтгөрүүлэгч гэх зүйлд хийж хадгалсны дараа шуудайгаар шүүж авдаг Манай тусгай зөвшөөрөлд заасан 17 төрлийн бодисоос үйлдвэрийн явцад 3 төрлийн буюу шингэн шил, техникийн сод, тосны хүчил гэсэн 3 бодисыг ашигладаг. Үлдсэн 14 төрлийн бодисноос 12 төрлийн бодисыг лабораторийн анализ хийх үйл явцад ашигладаг. Триэтаноламин гэх бодисыг одоо үйл ажиллагаанд ашигладаггүй. Өмнө нь буюу 2017-2019 оны хугацаанд Хятад ард улсын баяжуулахын инженерүүд манай үйлдвэрт ажиллаж байхдаа лабораторт ашигладаг байсан байх гэсэн мэдүүлэг /2хх 245 ху/,

            -Хими, химийн төхнологийн хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д орсон байна. Этилийн спирт жагсаалт 854, Фторт ус төрөгч /hydrofluoric acid-НF/ жагсаалтын 140, Калийн гидроксид жагсаалт 506, Давсны хүчил жагсаалтын 485, Ammonia solution 25% жагсаалтын 111-д заасан бодиснуудыг, Засгийн газрын 2007 оны дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д орсон Триэтаноламин /triethanolamine-C6H15N03/ жагсаалтын 28 гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 41 ху/,

           -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 237 ху/

            -Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа /1хх 112 ху/,

          -Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх мэдээллийн технологийн төвөөс ирүүлсэн албан бичиг /1хх 144 ху/

            -Түрээсийн гэрээ /1хх 131-134 ху/

           -Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм /1хх 210-211, 2хх 88-94ху/

            -Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг /1хх 142 ху/,

       -Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/2739, 13/204 дугаартай албан бичгүүд /1хх 47, 2хх 91 ху/,

         -М с ХХК-ийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх 93-103 ху/,

            -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3хх 104-105 ху/

             -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх 88 ху/ зэрэг болно.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж “М с” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

             Шүүгдэгч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9011120100 хувийн хэргийн дугаартай 5168449 регистрийн дугаартай М с ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон 500 миллитрийн шилтэй 2 ширхэг Этилийн спирт /ethanol absolute/ жагсаалтын 854, 500 миллитрийн савтай 5 ширхэг Фторт ус төрөгч /hydrofluoric acid-НF/ жагсаалтын 140, 500 граммын савтай 21 ширхэг Калийн гидроксид /Potassium hydroxide/ жагсаалтын 506, 1,2 кг-ийн савлагаатай 23 ширхэг Давсны хүчил /Кислота соляная/ жагсаалтын жагсаалтын 485, 0.5 кг-ийн савалгаатаи 1 ширхэг калийн гидроксид жагсаалтын 506, 500 граммын савтай 1 ширхэг Ammonia solution 25% жагсаалтын 111-д заасан бодисуудыг Засгийн газрын 2007 оны дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон 500 миллитрийн шилтэй 2 ширхэг Триэтаноламин /Triethanolamine-C6H15N03/ жагсаалтын 28-д заасан бодисуудыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхбатын “Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн “...Монголианфлюор спар ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 356/396 хамтарсан тушаалаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад орсон этилийн спирт, фторт ус төрөгч, калийн гидроксид, давсны хүчил гэх бодисуудыг химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр лабораторийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан. Монголианфлфор спар ХХК нь химийн хорт бодис тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалж төрөөс гаргасан хууль тогтоомжийг зөрчиж төрийн хууль ёсны эрх ашиг, сонирхолд халдсан тул Монголианфлюор спар ХХК-д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлгүүд, гэрч Ц.Батжаргал /1хх 30 ху/, Р.Энхбаяр /2хх 245 ху/, Б.Солонго /1хх 106 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, тухайн бодисуудыг химийн болон аюултай бодисын жагсаалтанд орсон болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1хх 41 ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, улсын бүртгэлийн лавлагаа, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            “Химийн хорт бодис” гэдэг нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн элемент, тэдгээрийн нэгдлийг хэлэх бөгөөд химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан үйлдлүүд нь нийгмийн аюулгүй байдал болон хүн амын эрүүл мэндэд гэм буруугийн хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл болохыг Эрүүгийн хуулиар тодорхойлсон.

            Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж заасны дагуу шүүгдэгч Монголианфлюор спар ХХК -ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

               Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

               Шүүгдэгч М с ХХК нь гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй байна.

      Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзээд улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шинжээчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд  тооцогдох бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутай этгээдээс холбогдох баримтыг үндэслэн гаргуулахаар заажээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч О.Энхсоёл “...Монголианфлюор спар ХХК-ийн химийн лаборатори нь химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр химийн бодис хадгалсан гэх хэрэг бүртгэлтийн 211900132 дугаартай хэрэгт химийн бодисонд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг гаргуулж дүгнэлт гаргасан үнэ болох 50.000 төгрөгийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас шийдвэрлүүлж дээрх гаргуулсан хөлс болох 50.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн буруутай аж ахуйн нэгж, этгээдүүдээс гаргуулан авахаар манай цагдаагийн газар иргэний нэхэмжлэгчээр тооцогдож цагдаагийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон” гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхбат “...Шинжээчийн дүгнэлтийн зардлыг төлөөгүй байгаа. Одоо төлнө” гэсэн мэдүүлгүүдийг үндэслэн шинжээчийн зардал 50.000 төгрөгийг Монголианфлюор спар ХХК-аас гаргуулж Дорноговь аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /одоо Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багт байрлах “М с” ХХК-ийн лабораторид хадгалагдаж байгаа/ 500 миллитрийн шилтэй этилийн спирт /ethanol absolute/ 2 ширхэг, 500 миллитрийн савтай фторт ус төрөгч /hydrofluoric acid-НF/ 5 ширхэг, 500 граммын савтай калийн гидроксид /Potassium hydroxide/ 7 ширхэг, 1,2 кг-ийн савлагаатай давсны хүчил /Кислота соляная/ 1 ширхэг, 0.5 кг-ийн савлагаатай калийн гидроксид 1 ширхэг, 500 граммын савтай Ammonia solution 25% 1 ширхэг, 500 миллитрийн шилтэй Триэтаноламин /Triethanolamine-C6H15N03/ 2 ширхэг, химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад ороогүй триллон Б 250 бодис 14 ширхэг, 500 граммын савлагаатай натрийн сульфат гептагидрат 2 ширхэг, 500 граммын савлагаатай калийн хлорид 1 ширхэг, 500 граммын савлагаатай калийн сульфат 1 ширхэг, 500 граммын борын хүчил 8 ширхэг, нийт 45 ширхэг бодисуудыг ОБЕГ-ын Гамшиг судлалын төвд хүргүүлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хуулийн этгээдийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

               1.Шүүгдэгч М с ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Монголианфлюор спар ХХК-ийг барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Монголианфлюор спар ХХК нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 1 жилийн хугацаанд сард 2.500.000 /хоёр сая таван зуу/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

               4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Монголианфлюор спар ХХК -ийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /одоо Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багт байрлах “Монголианфлюор спар” ХХК-ийн лабораторид хадгалагдаж байгаа/ 500 миллитрийн шилтэй этилийн спирт /ethanol absolute/ 2 ширхэг, 500 миллитрийн савтай фторт ус төрөгч /hydrofluoric acid-НF/ 5 ширхэг, 500 граммын савтай калийн гидроксид /Potassium hydroxide/ 7 ширхэг, 1,2 кг-ийн савлагаатай давсны хүчил /Кислота соляная/ 1 ширхэг, 0.5 кг-ийн савлагаатай калийн гидроксид 1 ширхэг, 500 граммын савтай Ammonia solution 25% 1 ширхэг, 500 миллитрийн шилтэй Триэтаноламин /Triethanolamine-C6H15N03/ 2 ширхэг, химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад ороогүй триллон Б 250 бодис 14 ширхэг, 500 граммын савлагаатай натрийн сульфат гептагидрат 2 ширхэг, 500 граммын савлагаатай калийн хлорид 1 ширхэг, 500 граммын савлагаатай калийн сульфат 1 ширхэг, 500 граммын борын хүчил 8 ширхэг, нийт 45 ширхэг бодисуудыг ОБЕГ-ын Гамшиг судлалын төвд хүргүүлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хуулийн этгээдийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

               6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шинжээчийн зардал 50.000 төгрөгийг Монголианфлюор спар ХХК-иас гаргуулж Дорноговь аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

               7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА