Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

 

 

 

 

   2022           06          30                                         2022/ШЦТ/111

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагч М.Отгонбаатар,

шүүгдэгч О.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 2219000000052 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Эрхчөлөөний 123-12 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ням овогт О-ийн Д /РД:ЕЮ96042414/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч О.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 07-ны орой 20 цаг 45 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Миссури нэртэй дэлгүүрийн гадаах авто машины зогсоол дээрээс хохирогч Н.Даасүрэндүүгийн 19-32 УНҮ улсын дугаартай Тоёота марк-Х маркийн авто машиныг, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг 39 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мөнх-Эрдэнэ худалдаа, үйлчилгээний төвийн гадаах авто машины зогсоол дээрээс хохирогч Ө.Цэрэндагвын эзэмшлийн 75-74 УБӨ Тоёота кровн маркийн автомашиныг тус тус завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч О.Доржсэмбийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Үйл явдлаа сайн санахгүй байгаа. Прокурорын хэлсэн бүгд үнэн. Би багаасаа машин барих хүсэлтэй байсан. Ахаараа машин барихыг заалгасан. Би бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаснаа хүлээн зөвшөөрнө. Тухайн тээврийн хэрэгслүүд асаалттай байсан. Тэгээд унамаар санагдаад барьж явсан. Хурдыг нь хэтрүүлээд машин мөргөсөн байсан. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Хохирлыг аав барагдуулсан гэсэн. Аав 16 сая төгрөгийн хохирол учирсан гэж хэлсэн. Би ээж аавыгаа их зовоож байгаа. Дахиж архи уухгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Н.Даасүрэндүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...20 цагийн орчимд дэлгүүрээс идэх юм худалдаж авахаар гараад өөрийн 19-32 УНҮ улсын дугаартай, тоёота Марк-Икс маркийн автомашинтайгаа Миссоури худалдаа үйлчилгээний төвийн хүнсний дэлгүүр лүү орж худалдан авалт хийчихээд ойролцоогоор 2-3 минутын дараа гарч ирээд авто зогсоол дээр өөрийн автомашинаа байхгүй байгааг хараад цагдаагийн газрын 7052102 дугаарын утсанд автомашин хулгайд алдагдсан талаар мэдэгдсэн. Би ажлаасаа дөнгөж гарч ирсэн байсан болохоор өөрийн автомашинаа халаахаар асаалттай орхисон байсан гэсэн мэдүүлэг /хх 81 ху/,

-Хохирогч Ө.Цэрэндагвын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Мөнгөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс юм авахаар тухайн дэлгүүрийн урд талын зогсоол дээр өөрийн 75-74УБӨ улсын дугаартай 180 кровн загварын тээврийн хэрэгслийг асаалттай түр орхиод найз охин Ц Ганчимэгийн хамт дэлгүүр орж юм авчихаад ойролцоогоор 5-10 минут орчим болоод гарч ирэхэд тээврийн хэрэгсэл унаад хөдөлж байсан. ...Би тухайн машины араас гараад гүйсэн боловч 4 замын уулзвараас хаашаа эргэснийг харж амжаагүй. Ийм учир цагдаагийн байгууллагад хандах болсон. Машиндаа түлхүүрээ үлдээсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 140-141 ху/,

-Хохирогч М.Очирсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...хүн эмнэлэг рүү хоол хүргээд өг гэж гуйхаар нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү өөрийн 07-63 ДГС улсын дугаартай, Тоуоtа sрасio маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ оччихоод буцаад гэр лүүгээ явж байх замд цагаан өнгийн 180 кроун маркийн автомашинтай хүн намайг дэнжийн уулзварын ойролцоо явж байхад урсгал сөрж ирээд миний автомашиныг мөргөчихсөн. Миний хамрын зүүн доод талд урагдчихсан байхаар нь эмнэлэгт очиж үзүүлтэл 4 оёдол тавьсан. Зүс харж байсан л хүн байсан. Яг хэн гэдгийг нь мэдэхгүй. Би үнэрлэж бариагүй болохоор эрүүл согтуу байсан эсэхийг нь мэдээгүй. 2021 оны 11 дүгээр сард 4.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлэг /хх 144 ху/,

-Гэрч Ц.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...хамаатны ах Мөнхбатын хамт 08-35УНП улсын дугаартай, тоёота Эстима маркийн автомашинтай Мөнгөн-Эрдэнэ худалдаа үйлчилгээний төвөөс худалдан авалт хийчихээд гэр лүүгээ харихаар Горгазын колонкын орчимд явж байтал Мөнхбат ахын машины араас 19-32 улсын дугаартай, Тоёота марк икс маркийн тээврийн хэрэгсэл ирээд хүчтэй мөргөсөн. Тэгээд Мөнхбат ах бид хоёр аваарын гэрлээ асаагаад зогссон. Манай хамаатны ах Мөнхбат жолоодож байсан. ...Зүс таних Сэмбээ гэдэг хүн жолоодож байсан. Гэхдээ тэр Сэмбээг эрүүл явж байхыг нь харж байгаагүй. Би машинаас бууж очоод "дарвайсан юм чинь хэнийхээ машиныг уначихсан явж байгаа юм бэ” гэж хэлтэл “миний машин" гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

-Гэрч Ц.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Алтанговь худалдааны төвөөс ажлаасаа 19 цаг гэж тараад Ө.Цэрэндавгаар авахуулсан бөгөөд 7574УБӨ улсын дугаартай цагаан өнгийн тоёота 180 кроун загварын тээврийн хэрэгсэлтэйгээ ирж авсан. Бид 2 Алтанговь худалдааны төвөөс шууд Мөнгөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс юм авахаар явж уг дэлгүүрийн урд талын зогсоол дээр 7574 УБӨ улсын дугаартай цагаан өнгийн тоёота 180 кроун загварын тээврийн хэрэгслээ асаалттай, түлхүүр нь зоолттой орхиод дэлгүүр лүү хамт орсон. Дэлгүүр дотор бид хоёр 5-10 минут орчим байж байгаад ундаа, тамхи, кетчуп зэрэг эд зүйл аваад буцаад гараад ирэхэд Ө.Цэрэндавгын 7574УБӨ улсын дугаартай цагаан өнгийн тоёота 180 кроун загварын тээврийн хэрэгсэл Мөнгөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс урагшаа байх төв засмал зам руу орох гээд зогсож байсан. Араас нь гүйсэн бөгөөд тухайн машин ертөнцийн зүгээр зүүн зүгт эргээд хөдлөөд явсан. Тэгээд Ө.Цэрэндавга нь цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх 147-148 ху/,

-Гэрч А.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:19-32 УНҮ улсын дугаартай Тоёото Марк Икс маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг бөгөөд 2019 онд найзынхаа ах нь Даасүрэндүү худалдаж авсан. ...Бт машинаа Даасүрэндүүд худалдсан болохоор иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй гэсэн мэдүүлэг /1хх 236 ху/,

-О.Доржсэмбийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07 цагийн орчимд танил Сүхээ буюу Бүжигчин Сүхээтэй хамт 0.5 литрийн Хараа архи хоёулаа хувааж уучихаад ойролцоогоор 08 цаг өнгөрч байх үед дэнжийн дэлгүүрээс гэр лүүгээ харьж унтсан. Тэгээд гэртээ байж байгаад орой харуй бүрий болчихсон байх үед ойролцоогоор 21 цагийн орчимд гэрээсээ гараад Монгол шуудангийн хойд талын “Ганзам" хүнсний дэлгүүрээс 1 шил 100 гр-ын ерөөл нэртэй архи худалдаж авч гудамжинд уучихаад Миссури дэлгүүрийн гадаа явж байтал саарал өнгийн автомат хроптой суудлын автомашин байхаар нь жолоочийн суудал дээр нь суугаад хөдөлсөн. Тэгээд тэр машинтай Ар шанд руу явж байгаад машин мөргөчихсөн. Би өөрийнхөө унаж явсан машины марк болон мөргөсөн машиныхаа маркийг ч бас мэдэхгүй байна. Би жолоодох эрхийн үнэмлэхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож болохгүй талаар мэднэ. Гэхдээ өчигдөр машин баримаар санагдаад байхаар нь Миссури худалдааны төвийн гадаа зогсоол дээр байсан саарал өнгийн машиныг баримаар санагдаад байхаар нь барьчихсан юм гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

-2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд “...3. 08-35 УНП дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд эвдрэлгүй замын хөдөлгөөнд оролцож байсан тул осол гарахад нөлөөлөөгүй” гэсэн дүгнэлт  /хх 33-35 ху/,

-2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд:  “...3. 19-32 УНҮ дугаартай тэврийн хэрэгсэл нь техникийн хувьд эвдрэлгүй байсан тул осол гарахад нөлөөлөөгүй” гэсэн дүгнэлт  /хх 42-46 ху/,

-2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд: “...О.Доржсэмбийн жолоодож явсан 75-75 УБӨ улсын дугаартай тоёото кроун маркийн тээврийн хэрэгсэл нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /1хх 191 ху/

-2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд: “...Хохирогч М.Очирсүрэнгийн жолоодож явсан 07-63 ДГС улсын дугаартай Тоёото кролла спакио маркийн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцож явсан замналаас үзэхэд техникийн хувьд эвдрэлгүй байсан тул осол гарахад нөлөөлөөгүй” гэсэн дүгнэлт /1хх 197-204 ху/

-2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: “О.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл. 3.7.А. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчин буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна” гэсэн магадлагаа /хх 50-51 ху/,

-2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: “О.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А.  Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл. 3.7.А. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчин буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна” гэсэн магадлагаа /хх 237-238 ху/,

-Шүүх сэтгэц гэм судлалын 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.О.Д нь сэтгэцийн ямар нэг өвчин үгүй болно.

2.О.Д нь өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай.

3.О.Д нь болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно гэсэн дүгнэлт /1хх 106-108 ху/,

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0109 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.М.Очирсүрэнгийн биед хацрын шарх, баруун өвдөг, зүүн өвдөгний шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Учирсан хацрын шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1хх 159-160 ху/,

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх  03 ху/

-Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-20, 26-28, 168-170, 176-179 ху/,

-О.Д-ийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 72-77, 215-218 ху/,

-Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх 83-88 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 103 ху/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 128-136 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч О.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 07-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Миссури нэртэй дэлгүүрийн гадаах авто машины зогсоол дээрээс хохирогч Н.Даасүрэндүүгийн 19-32 УНҮ улсын дугаартай Тоёота марк-Х маркийн авто машиныг, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мөнх-Эрдэнэ худалдаа, үйлчилгээний төвийн гадаах авто машины зогсоол дээрээс хохирогч Ө.Цэрэндагвын эзэмшлийн 75-74 УБӨ Тоёота кровн маркийн автомашиныг тус тус завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Үйл явдлаа сайн санахгүй байгаа. Прокурорын хэлсэн бүгд үнэн. Би багаасаа машин барих хүсэлтэй байсан. Ахаараа машин барихыг заалгасан. Би бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаснаа хүлээн зөвшөөрнө. Тухайн тээврийн хэрэгслүүд асаалттай байсан. Тэгээд унамаар санагдаад барьж явсан. ...Дахиж архи уухгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Даасүрэндүүгийн “ ...өөрийн 19-32 УНҮ улсын дугаартай, тоёота Марк-Икс маркийн автомашинтайгаа Миссоури худалдаа үйлчилгээний төвийн хүнсний дэлгүүр лүү орж худалдан авалт хийчхээд ойролцоогоор 2-3 минутын дараа гарч ирээд авто зогсоол дээр өөрийн автомашинаа байхгүй байгааг хараад цагдаагийн газрын 7052102 дугаарын утсанд автомашин хулгайд алдагдсан талаар мэдэгдсэн” гэсэн /хх 81 ху/, хохирогч Ө.Цэрэндагвын “...Би Мөнгөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс юм авахаар тухайн дэлгүүрийн урд талын зогсоол дээр өөрийн 75-74УБӨ улсын дугаартай 180 кровн загварын тээврийн хэрэгслийг асаалттай түр орхиод найз охин Ц Ганчимэгийн хамт дэлгүүр орж юм авчхаад ойролцоогоор 5-10 минут орчим болоод гарч ирэхэд тээврийн хэрэгсэл унаад хөдөлж байсан. Би тухайн машины араас гараад гүйсэн боловч 4 замын уулзвараас хаашаа эргэснийг харж амжаагүй. Ийм учир цагдаагийн байгууллагад хандах болсон. Машиндаа түлхүүрээ үлдээсэн. Би ямар хүн авсныг хараагүй” гэсэн /хх 140-141 ху/, хохирогч М.Очирсүрэнгийн ...хүн эмнэлэг рүү хоол хүргээд өг гэж гуйхаар нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү өөрийн 07-63 ДГС улсын дугаартай, Тоуоtа sрасio маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ оччихоод буцаад гэр лүүгээ явж байх замд цагаан өнгийн 180 кроун маркийн автомашинтай хүн намайг дэнжийн уулзварын ойролцоо явж байхад урсгал сөрж ирээд миний автомашиныг мөргөчихсөн. Миний хамрын зүүн доод талд урагдчихсан байхаар нь эмнэлэгт очиж үзүүлтэл 4 оёдол тавьсан. Зүс харж байсан л хүн байсан” гэсэн /хх 144 ху/ мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, техникийн шинжээчийн 05, 06, 09, 10 дугаартай дүгнэлтүүд, 02, 05 дугаартай мөрдөгчийн магадлагаанууд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд авто тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Доржсэмбийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй. 

Энэ хэргийн улмаас хохирогч М.Мөнхбатад 2.210.000 төгрөгийн,  Н.Даасүрэндүүд 2.745.000 төгрөгийн,  М.Очирсүрэнд 3.814.000 төгрөгийн, Ө.Цэрэндагвад 5.119.000 төгрөгийн хохирол тус тус учирсныг Хас үнэлгээ ХХК тогтоосон байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 02, 03 хуудсанд авагдсан хохирогч нараас ирүүлсэн хүсэлт, мөн шүүхийн шатанд ирүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний 43 хоног цагдан хоригдсоныг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ням овгийн Оюунбилэгийн Доржсэмбийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Доржсэмбийг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Доржсэмбийн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч О.Доржсэмбийн цагдан хоригдсон 43 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА