Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

 

 

 

2022           07            04                                         2022/ШЦТ/116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагч М.Отгонбаатар,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /цахим/

шүүгдэгч Б.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Азбаярт холбогдох эрүүгийн 2219000410136 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан, тогооч мэргэжилтэй, Өндөр Алтай ХХК-нд жолооч ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 гудамжны 125а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржгон овогт Б-ны А /регистрийн дугаар: 4083051579/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.А нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс 10 км зайд Зам ангийн кемп дээр хохирогч Ц.Цэвгээг “гагнуур хийж өгсөнгүй” гэх зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд баруун нүдний зовхинд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд баруун зүүн 1, 2-р шүдний сулрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчийн биед нүүр рүү нь 1 л удаа цохисон. Тухайн үед маргаан үүсчихсэн байх үед Цэвгээ гаднаас орж ирсэн. Цэвгээ гагнуур хийж өгөөгүй болохоор уур хүрээд 1 цохисон. Хохирогчид учирсан гэмтэл нь миний цохисноос бас унаснаас үүссэн гэмтэл гэж бодож байна. Хохирогч над руу яриад 1 сарын 20-доор 650.000 төгрөгийг шилжүүлсэн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Би Цэвгээгийн нүүр рүү баруун гараараа цохисон. Нүүрний яг хаана нь цохисныг санахгүй байна. Гэхдээ энэ үйлдэлдээ маргах зүйлгүй. Баримтын дагуу шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө. 12 сараас хойш ажил хийгээгүй. Би 7, 8 саяын орлоготой гэж байгаа боловч байнга авдаг орлого биш. Би одоо болтол түрээсийн орлогоо авч чадаагүй байгаа  гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ц.Цэвгээгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Ган-Төмөр Гүүр” ХХК-ийн кемпийн өөрийн амардаг монгол гэрт амарч байхад гаднаас 9 цагийн үед манай кемпийн жолооч Анхбаяр гэх залуу орж ирээд Хово маркийн машинд ачаа дээр гагнуур хийгээд өг гээд орж ирсэн. Тэгээд гагнуур хийх гээд тог гаргадаг дизель мотор асаах гэтэл тус моторны ирмээн тасарсан байхаар нь би орхиод Stагөх маркийн тээврийн хэрэгсэлтэй усанд явсан. Тэгээд усаа аваад буцаад ирэхэд 11 цаг болж байсан. Өөрийн байрладаг гэрт гал түлэх санаатай гадаа нүүрс авч байхад Анхбаяр таараад хогийн писда вэ юм гагнаад өгчихгүй гэхээр нь би моторны ирмээн тасрахаар нь усанд яваад ирлээ гэж хэлээд гэртээ буцаж ороод галаа түлээд хоол хийж 13 цагаас 14 цагийн орчимд өдрийн хоолоо хийж идсэн. Энэ үед хойд гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь эхлээд тоогоогүй. Тэгээд удалгүй би Алтанцэцэг эгчийн гэрт орж Энхболдыг хоолоо ид гэж дуудах санаатай гэрийн хаалгыг татаад ортол намайг нүүр лүү юмаар цохиод авах шиг болоод ухаан балартаад сэрэхэд нүүр амнаас маш их цус гарсан байдалтай сууж байсан. ...Намайг хажуу талын гэр луү оруулаад баруун талын орон дээр тамхи татаад сууж байхад гаднаас Анхбаяр буцаж орж ирээд дахиад зодож би ухаан алдсан. Сэрээд харахад нэг нь миний цусыг арчиж байсан ба би арай гэж босоод өөрийн байрладаг гэр рүүгээ ороод орон дээр хэвтсэн. Намайг ухаан алдсаны дараа Анхбаяр нь миний толгой дээр дэвсэлж өшиглөж зодсоныг Санжаа, Эбо, Ариунаа, Алтанцэцэг нар дараа нь хэлж байсан. Өөр хэн байсныг санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх 8-9 ху/,

-Гэрч Ө.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15-16 цагийн хооронд кемп дээр ээ нярав Алтанцэцэгийн гэрт ажлын газрын хүм хамт хурал хийж байсан. Гэрт Алтанцэцэг, тогооч Ариунжаргал, манай компанийн түрээсийн жолооч нар гээд олон залуучууд байсан. Тэгээд бид нарыг байж байхад Цэвгээ гэх манай ажлын газрын залуу гаднаас согтуу орж ирсэн. Тэр үед Анхбаяр гэх залуу гэрийн үүдэнд зогсож байсан. Анхбаяр Цэвгээг хараад гуйсан юм хийж өгсөнгүй, гагнуураар боодог хэн юм бэ гээд Анхбаяр Цэвгээгийн нүүр лүү нь удаа цохисон. Тэр үед Цэвгээ шалан дээр ойчсон. Тэр үед Анхбаяр дахиад өшиглөх үйлдэл гаргахад нь манай Энхтайван гэх жолооч Анхбаярыг барьж аваад гэрээс гарсан. ...Цэвгээг газар унасан хойно Анхбаяр өшиглөх гэж оролдсон сайн харж чадаагүй гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/,

-Гэрч Н.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15:00-16:00 цагийн хооронд кемп дээрээ Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч нар түрээсийн мөнгөний асуудлаас болоод явах гээд манай гэрт орж ирээд надаас түлш нэхээд байж байхад гаднаас Цэвгээ орж ирэхэд Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч Анхбаяр нь Цэвгээ гэх экскаваторын жолоочийн нүүр лүү шууд цохиод авахад Цэвгээ доошоо унаад өгсөн. Тэр үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Тэгээд хүүе гээд гэр дотор байсан жолооч нарын нэг нь Анхбаярыг бариад авахад Анхбаяр чи намайг гагнуураар боодог хэн гэж хэлээд гэрээс гараад яваад өгсөн. Цэвгээгийн шүднээс цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 23-24, 28 ху/,

-Гэрч А.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Алтанцэцэгийн хамт гэртээ амраад байж байтал Анхбаяр гэх залуу нярваас түлш авах гэж орж ирсэн. Тэгтэл гаднаас манайд шинээр ажилд ороод удаагүй байгаа жолооч Цэвгээ ороод ирсэн. Анхбаяр нь Цэвгээг чи надад яагаад гагнуур хийж өгөөгүй юм гээд нүүр лүү нь гараараа цохиход нөгөө залуу шалан дээр унасан, босч ирээд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 26-27, 40 ху/,

-Гэрч Л.Цагаанцоожийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...кемп дээр би Улаанбаатар хот руу буцах гээд түлшээ авах гээд Монгол гэрт хуралдаж байсан юм. Тэгтэл нэг залуу ороод ирэхэд Анхбаяр барьж аваад газар унагасан барьцалдаад дээр нь гарсан байхаар нь би очиж салгаад Анхбаярыг би аваад гарсан гэсэн мэдүүлэг /хх 31 ху/,

-Гэрч Б.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед зодуулсан гэх дуудлага яаралтайгаар эрүүл мэндийн төвөөс надад дуудлага ирсэн. Тэгээд Эрүүл мэндийн төв дээр ирэхэд дугаарын бичиг баримттай Ц.Цэвгээ гэх 34 настай эрэгтэй иргэн хүлээн авах тасгийн өрөөнд орон дээр хэвтэж байсан. Биеийн ерөнхий байдлыг үзэхэд хүндэвтэр орчиндоо харьцаатай, байрлал идэвхгүй архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Гаднаас харж ажиглахад баруун нүд хөхрөлтэй, толгойн духны хэсэгт хавдартай, үүдэн шүднүүд суларсан байсан.  ...туханй зүүн гар болон баруун хөлөнд хүрэх үед мэдрэхгүй байсан. Тухайн Ц.Цэвгээ гэх иргэнд амин үзүүлэлт тогтворжуулж анхны тусламж үзүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 33-34 ху/,

-Гэрч Г.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би иргэн Ц.Цэвгээгийн биед 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 06 цагийн орчимд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн компьютер томографийн кабинетын өрөөнд толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээ хийсэн. Тухайн Ц.Цэвгээгийн зүүн талын нүдний ухархайн дотор хананд 2.1 см сууриар 0.25 см гүн цөмөрсөн хугарал нь хурц өнцөгтэй үүссэн харагдаж байсан тус хугарлыг Шүүх эмнэлгийн шинжилгээний эмч нар шинэ, хуучинг тогтооно гэсэн мэдүүлэг /хх 35 ху/,

-Гэрч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн толгойн тодосгогчгүй КТГ-ийн шинжилгээнд давтан уншуулж үзэхэд жижиг хэмжээний цөмөрсөн хуучин хугаралтай байсан. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн толгойн КТГ-аар ухархайн хананы хуучин хугаралтай байгаа нь тухайн гэмтэлтэй шалтгаант холбоогүй юм. Уг гэмтэл нь 7 хоногийн дотор бороожсон байх боломжгүй, учир нь тухайн гэмтэл нь хуучин гэмтэл байсан гэсэн мэдүүлэг/хх 44 ху/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3149 дугаартай дүгнэлтэнд:

1.Ц.Цэвгээгийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд баруун зүүн 1, 2-р шүдний сулрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-57-61/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 406 дугаартай дүгнэлтэнд:

1.Хүний бие шүүх эмнэлгийн нэмэлт  шинжилгээ хийсэн акт №3149 дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Ц.Цэвгээд баруун зовхины цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд баруун зүүн 1, 2-р шүдний сулрал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

4.Баруун зовхины цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд баруун зүүн 1, 2 дугаар шүдний сулрал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулжээ.

5.Ц.Цэвгээд учирсан баруун зовхины цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд баруун зүүн 1, 2 шүдний сулрал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэлд нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтооно гэсэн дүгнэлт /хх-71-76/,

-Яаралтай тусламжийн хуудас /хх 12 ху/,

-Гэмтлийн эмчийн үзлэг /хх 81-93 ху/,

-Б.Аыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 133-142 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 113 ху/,

-Хохирлын баримтууд /хх 150-162 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс 10 км зайд Зам ангийн кемп дээр хохирогч Ц.Цэвгээг гагнуур хийж өгсөнгүй гэх зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд баруун нүдний зовхинд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд баруун зүүн 1, 2-р шүдний сулрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчийн биед нүүр рүү нь 1 л удаа цохисон. Тухайн үед маргаан үүсчихсэн байх үед Цэвгээ гаднаас орж ирсэн. Цэвгээ гагнуур хийж өгөөгүй болохоор уур хүрээд 1 цохисон. Хохирогчид учирсан гэмтэл нь миний цохисноос бас унаснаас үүссэн гэмтэл гэж бодож байна. ...Би Цэвгээгийн нүүр рүү баруун гараараа цохисон. Нүүрний яг хаана нь цохисныг санахгүй байна. Гэхдээ энэ үйлдэлдээ маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Цэвгээгийн “...манай кемпийн жолооч Анхбаяр гэх залуу манай байрладаг гэрт орж ирээд Хово маркийн машинд ачаа дээр гагнуур хийгээд өг гээд орж ирсэн тэгээд гагнуур хийх гээд тог гаргадаг дизель мотор асаах гэтэл тус моторны ирмээн тасарсан байхаар нь би орхиод stагөх маркийн тээврийн хэрэгсэлтэй усанд явсан. Тэгээд усаа аваад буцаад ирэхэд 11 цаг болж байсан. ...удалгүй би Алтанцэцэг эгчийн гэрт орж Энхболдыг хоолоо ид гэж дуудах санаатай гэрийн хаалгыг татаад ортол намайг нүүр лүү юмаар цохиод авах шиг болоод ухаан балартаад сэрэхэд нүүр амнаас маш их цус гарсан байдалтай сууж байсан. ...орон дээр тамхи татаад сууж байхад гаднаас Анхбаяр буцаж орж ирээд дахиад зодож би ухаан алдсан” гэсэн мэдүүлэг /хх 8-9 ху/, гэрч Ө.Энхболд, Н.Алтанцэцэг, А.Ариунжаргал, Л.Цагаанцоож, Б.Ганбаяр, Г.Наранчимэг, Н.Энхцолмон нарын мэдүүлэг, хохирогчийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд баруун зүүн 1, 2-р шүдний сулрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 3149 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэргийн улмаас хохирогчид баруун нүдний зовхинд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд баруун зүүн 1, 2-р шүдний сулрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед компьютер СТ үнэ 860.000 төгрөг, Сонгдо эмнэлэгт СТ зураг авахуулсны төлбөр 177.000 төгрөг, Манал оточ эмнэлэгт хэвтсэн төлбөр 1.900.000 төгрөг, Ачит эх эмнэлэгт хэвтсэн төлбөр 505.000 төгрөг, эм эмнэлгийн хэрэгслийн төлбөр 357.000 төгрөг, шатахууны зардал 298.700 төгрөг,и  1,2-р шүд имплант хийлгэх зардал 6.000.000 төгрөг, нийт 10.132.700  төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүх хохирлын баримтуудыг шинжлэн судалж эдгээрээс нотлох баримтын шаардлага хангасан, энэ хэрэгт хамааралтай гэж үзсэн толгойн СТ 130.000, тариа 930 төгрөг, MRI 730.000 төгрөг, толгойн СТ 177.000 төгрөг, ор хоног, эмнэлгийн хэрэгсэл 120.500, 136.500 төгрөг, шатахууны зардал 298.700 төгрөг, нийт 1.593.630 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлээс сээр нурууны бүсний төлбөр 135.000 төгрөгийн нэхэмжлэлийг тухайн хэрэгт хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож, Манал оточ эмнэлгийн төлбөр 1.900.000 төгрөг, Ачит эх эмнэлгийн төлбөр 505.000 төгрөг 1, 2-р шүд имплант хийлгэх зардал 6.000.000 төгрөг, нийт 8.405.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Шүүгдэгч талаас 2022 оны 01 сард хохирогчийн ярьсны дагуу эмчилгээнд 650.000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж нотлох баримтыг ирүүлсэн бөгөөд үүнийгээ гэм хорын нэхэмжлэлээс хасуулах талаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбар хэлээгүй тул энэ мөнгийг тухайн үеийн эмчилгээнд зориулсан гэж шүүх дүгнэн шүүгдэгчийн төлөх төлбөрөөс хасч тооцоогүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Б-ны А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 1.300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд сард 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Ааас 1.593.630 /нэг сая таван зуун ерэн гурван мянга зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулж, хохирогч  Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 1 дүгээр байр, 46 тоотод суух Ц.Цэвгээ /НБ87030612/-д олгож, нэхэмжлэлээс 135.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 8.405.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА