Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/673

 

 

 

 

 

 

 

 

  2022          8          17                                      2022/ШЦТ/673

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч А.Азжаргал /томилолтоор/,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б.От холбогдох эрүүгийн 2211 00992 1347 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт хамт ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 02-ний өдөр 1175 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, ... овгийн Б.О, регистрын дугаар гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 08 цаг 30 минутын орчимд ... Б.Эийг дуу чимээ гаргаж унтуулсангүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж зодон биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд 6-р шүдний сулрал, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

- Гэрч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, Т.Чимэд-Очирын 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 8280 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн  25-26 дахь тал/,

- Яллагдагч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 61 дэх тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Оыг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 08 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах 9в байранд Н.Э дуу чимээ гаргаж унтуулсангүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж зодон биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд 6-р шүдний сулрал, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.От холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Б.О нь 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 08 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах 9в байранд Б.Эийг дуу чимээ гаргаж унтуулсангүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж зодон биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд 6-р шүдний сулрал, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр өөрийн ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх 9в байранд засвар хийж байгаа газартаа 07 цаг 30 минутын орчим ирсэн. Ажил дээрээ ирээд ажлын багажаа цэвэрлээд байж байтал 08 цаг 30 минутын үед миний ажиллаж байгаа байрны хажуу талын түрээслэгч залуу цонхоороо шагайгаад “...пизда, гөлөг нар минь унтаж амармаар байна, би өглөө 6 цагт ирсэн...” гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би ажпаа хийж байна гэж хэлээд тагтан дээр байж байтал тухайн залуу цонхоороо тагтан дээр гарч ирээд шууд намайг толгой, нүүр лүү цохиж эхэлсэн. Тэр үед барьцалдаад байж байтал эхнэр нь орж ирээд салгасан. Тэгээд би гадагшаа гараад байж байтал араас хувцсаа өмсөж гарч ирээд гадаа гудамжид миний баруун шанаа хэсэг руу цохисон. “...Хоёулаа өөр газар очиж эр хүн шиг үзье, цагдаад өглөө гээд би эрүүлжүүлэхэд ороод гарчихна, өөр зүйл надаас олохгүй...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

- Гэрч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 6 сарын 7-ны өдөр манай нөхөр Отгонбаатар найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаад өглөөний 06 цаг гэртээ ирсэн. Тэгээд гэртээ нөхөр унтах гээд хэвтсэн чинь манай хажуу айлын тагтан дээр барилгын ажил хийж байгаа юм шиг дуу чимээ гараад байсан тэгсэн манай нөхөр хэвтэж байснаа тагт руу босож очоод цонхоо онгойлоод “...би өглөө эрт ирсэн болохоор унтаж амармаар байна...” гэж хэлсэн тэгсэн чинь нөгөө залуу “...би ажлаа хийж байна...” гэсэн тэгээд манай тагт болон тухайн засвар хийж байгаа тагт хоёр хамт байдаг болохоор манай нөхөр нөгөө засвар хийж байсан залуу руу тагтаараа дамжиж ороод маргалдаад байх шиг болохоор нь би араас нь яваад орсон чинь манай нөхөр болон нөгөө засвар хийж байсан залуу хоёр хоорондоо зууралдсан байдалтай байж байсан тэгэхээр нь би очоод нөхрийгөө салгаж аваад гэртээ оруулсан. Тэгсэн нөхөр уурлаад би ийм дуу чимээтэй газар унтаж чадахгүй гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд би нөхөр болох Отгонбаатарын араас хувцсаа өмсөөд гарсан чинь нөгөө хоёр дахиад байрны үүдэнд таараад маргалдаж байхаар очоод салгасан тэгээд удаагүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, Т.Чимэд-Очирын 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 8280 дугаартай: “...Б.Эийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд 6-р шүдний сулрал, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  25-26 дахь тал/,

- Яллагдагч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр өглөөний 6 цагийн орчимд гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ороод унтах гээд 7 цагт байж байсан. Баруун талын айлын тагтан дээр юм нүдээд байгаа юм шиг чимээ гараад байхаар нь цонхоороо гараад “...би унтаж амармаар байна. Ажлаа 9, 10 цагийн үед хийж болдоггүй юм уу...” гэсэн. Тэгсэн нөгөө залуу “...би өөрөө ажлаа мэдэж байна...” гэсэн. Тухайн залуу намайг түлхсэн. Миний ард блокууд өрөөтэй байсан болохоор миний биед зулгаралт үүссэн. Тэгээд миний уур хүрээд Энхдэлгэр гэх залуугийн баруун хацар хэсэгт нэг удаа цохиод зууралдаад байж байсан. Манай эхнэр араас ирээд би хоёрыг салгасан. Тэгээд би унтаж амарч чадахгүй юм байна гарч өөр газар унтаж амарна гэж бодоод байрны үүдэнд гарч ирсэн тэгсэн гадаа үүдэнд нөгөө маргалдсан гэх залуутай таарсан. Тэгсэн нөгөө залуу “...чи байж бай, цагдаа дуудсан байгаа...” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О нь Б.Эийг дуу чимээ гаргаж унтуулсангүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж зодон биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд 6-р шүдний сулрал, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Энхдэлгэрийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Оын идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Хохирогч Б.Э “...Б.Э миний бие Отгонбаатарт ямар ч гомдол, саналгүй. Тухайн үед гарсан хохирлоо бүрэн төлүүлсэн...” /хавтаст хэргийн  60 дахь тал/ гэх тул шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ