Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2596

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Нийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01962 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Н,

Хариуцагч “М” ХХК, А.Ут холбогдох,

 

Өв залгамжлалийн эд хөрөнгөд 1 500 000 000 төгрөг, компанийн хувьцаа ногдол ашиг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч А.Уийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сувданцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн,

Хариуцагч А.У, түүний өмгөөлөгч З.Шүрэнчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н миний бие 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан хүү Ч.Батболдын хууль ёсны өвлөгч бөгөөд бэр болох А.У нь өвлөх эд хөрөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Би хүүгийнхээ үлдээсэн мөнгө, эд хөрөнгө, бусад эд зүйлээс өөрт оногдох хэсгийг авах зорилгоор өвлөх эрхийнхээ дагуу Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Б.Батсүрэн дээр бүртгүүлж, хөрөнгө хамгаалах ажиллагаа хийлгүүлсэн юм. Гэтэл Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг хуваарилахад маргаан гарсан тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Талийгаач хүү маань дээрх компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд компанийн 70 хувийг эзэмшдэг байсан. Иймд хувьцаанаас ногдох өвийг нэхэмжилнэ.  

Миний бие элэгний хүнд өвчний улмаас бие муу байгаа бөгөөд эмчилгээний зардлыг хүү маань хариуцдаг байсан, бурхны оронд очсоноос хойш эмчилгээ хийлгэх боломжгүй болж маш хүнд байдалтай болоод байна. Миний хүү Ч.Батболдын нэр дээр болон “М” ХХК-ийн нэр дээр банкинд 2 тэрбум гаруй төгрөг, үл хөдлөх хөрөнгө, автомашин бүгд нийлээд хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд компани нь 2014-2015 онд нилээд их хэмжээний ашиг олсон байх боломжтой. Иймээс ногдол ашгаа гаргуулна.

Миний бие хүнд өвчний улмаас хүүгийнхээ байнгын асрамж, туслалцаанд байсан бөгөөд хүүгийн эхнэр гэх А.У нь 2014 оны 11 дүгээр сард салаад явсан тул хүү маань намайг охин н.Отгонцэцэг болон түүний 3 хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн Хурдын байрны 19-11 тоотод орших өөрийнхөө гэрт нүүлгэж авч ирснээс хойш 3 сарын хугацаанд хүүхдүүдийн хамт хоол ундыг нь хийж, хувцсыг нь угааж, гэр орныг нь цэвэрлэж, хамтран амьдарч байсан. Эд хөрөнгийн асуудлыг А.У өөрөө зохицуулж өгөх байх гээд өдий хүртэл харлаа. Гэтэл хөгшин намайг болон миний хүүхдүүдийг доромжилж, “...эд нар намайг алах гээд байна, эд хөрөнгө, мөнгө хулгайлж авсан” гэж хуулийн байгууллага болон хүмүүст худлаа ярьж, гүтгэн доромжилж байгаад гомдолтой байгаа.

Хүүгийн маань нэр дээр банкны дансанд нь компанийн хөрөнгөөс тусдаа 2 тэрбум гаруй төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө, 8 ширхэг автомашин байдаг. Иймд хуульд заасны дагуу хууль ёсны өвлөгч надад хүүгийн нэр дээрх мөнгө, хөрөнгө болон “М” ХХК-ийн эзэмшлийн хувиас хуульд заасны дагуу гарган өгнө үү. Мөн “М” ХХК-ийн 2014-2015 оны ашгаас хүүд маань ногдох ашгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд миний хүүгийн нэр дээрх эд хөрөнгө, мөнгө болон түүний удирдаж байсан “М” ХХК-ийн хөрөнгөөс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 533 дугаар зүйлийн 533.1 дэх хэсэгт зааснаар өвлөгчөөр тогтоож, өвлөх эд хөрөнгийг хувааж, 1 тэрбум төгрөгийг олгуулж, миний эрхийг хамгаалж, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна. Мөн компанийн байранд байсан алдрын буланг 500 000 000 төгрөгөөр дүгнэн нэхэмжилнэ гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх саналыг хариуцагчид тавьсан, тиймээс ч бид компанийн хувьцаа ногдол ашиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, зуслангийн газар дээрх байшинг үнэлүүлэх хүсэлтээс татгалзаж байгаа. Нэхэмжлэгч одоо бие нь муу, бас цаашид маргалдаж муудалцах хүсэлгүй байгаа учраас хүүгийнхээ хүүхдүүдийг бодоод нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 600 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх саналтай гэж надаар дамжуулж шүүхэд болон хариуцагчид хэлүүлсэн юм гэжээ.

Хариуцагч, хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч А.У шүүхэд болон түүний өмгөөлөгч З.Шүрэнчулуун шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд зурагдсан гарын үсгийг Д.Н зураагүй, охин Ч.Сувданцэцэг нь зурсан байх тул нэхэмжлэгчийн хүсэл зориг биш байна. Нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, чөлөөлүүлэх хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байхад иргэний хэрэг үүсгэсэн байна. Энэ нь хүсэл зориг биш байхад түүний нэхэмжлэл гэж үзсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасан төлбөрийн чадваргүй байдал нь тайлбар болон бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, тэтгэврийн насны, хүнд өвчтэй байдал нь төлбөрийн чадваргүй гэх үндэслэл болохгүй юм. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй.

Д.Н нь өөрийн төрсөн хүүхдэд ногдох эд хөрөнгөөс өвлөх эрхтэй боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу тэргүүн ээлжинд хууль ёсны өвлөгч нь түүний эхнэр А.У би болон түүний төрсөн хүүхдүүд болох Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн бид мөн адил хэмжээгээр өвлөх эрхтэй юм. Гэтэл нэхэмжлэгч нь бодит байдалд нийцэхгүй, ямарч баримт нотолгоогүй, хэт их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ компанийг бид өөрсдөө үүсгэн байгуулсан, энэ үйл явдал болсноос хойш үйл ажиллагаа ч хэвийн явагдаагүй, хуваах ногдол ашиг гэж гараагүй.

А.У миний бие талийгаач Ч.Батболдтой 1997 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж дундаасаа 4 охинтой болсон. Нөхөр бид хоёр суухдаа аль аль талаасаа хөрөнгө гэхээр зүйлгүй нийлж, хамгийн анх техникийн зах дээр контейнерт дугуй зарахаас эхлээд хамтдаа уйгагүй хөдөлмөрлөсний дүнд 2007 онд “М” ХХК-ийг үүсгэн байгуулж авто засвар нээн, нойр хоолгүй зүтгэсний дүнд нилээдгүй амжилтанд хүрч чадсан билээ. Гэвч миний нөхөр Ч.Батболд 2015 онд нас барж, манай гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиогоод байна. Биднийг өөрсдийн амьдралыг босгож бий болгоход талийгаач Ч.Батболдын ар гэрийнхэн тусалж дэмжсэн зүйл байхгүй бөгөөд зөвхөн өөрсдийн хамтын хөдөлмөрийн үр шимээр энэ бүх орлого, мөнгөн хуримтлал болон бусад эд хөрөнгүүдийг бий болгосон учир Ч.Батболдын нэр дээр бүртгэлтэй бүх орлого, мөнгөн хуримтлал болон бусад эд хөрөнгүүд нь ганц Ч.Батболдын өмч биш манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм.

Гэтэл гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс талийгаач Ч.Батболдын ээж Д.Н нь үндэслэлгүйгээр 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд А.У миний бие болон талийгаач Ч.Батболд бид хоёрын дундаас гарсан хүүхдүүд болох Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн бид нар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Ч.Батболдод ногдох хэсгийг хууль ёсоор өвлөх эрхтэй учир бидний өмчлөх эрх болон өвлөх эрхийг хамгаалж, тодорхой бус үндэслэлгүй гаргасан Д.Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид эвлэрэх талаар ярилцсан, гэхдээ 600 000 000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй. Газар нь өмчлөлийн газар биш, мөн авто зам нь нийтийн эзэмшлийнх учир өвлөгдөх хөрөнгөд тооцогдохгүй. Бид гэр бүл байсан учир бүхий л хөрөнгө нь хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцогдоно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Уээс ногдох өв болох 599 146 090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900 853 910 төгрөгийг болон Мобикомын 99111348 дугаар, “М” ХХК-ийн хувьцаа, 2014 оноос 2016 оны ногдол ашгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 3 153 680 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч, хариуцагч нараас шинжээчийн зардалд 1 100 000 төгрөгийг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад манай гэр бүлийн үл хөдлөх болон бусад эд хөрөнгүүдийг 3 572 570 000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоож, харилцах дансанд нийт 1 051 796 551 төгрөг байгаа болох нь лавлагаагаар гарсан байдаг. Мөн миний бие хариу тайлбар гаргаж, уг тайлбараа нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гарган өгсөн байдаг. Тухайлбал, “М” ХХК-ийг анх үүсгэн байгуулахдаа нөхөр бид хоёр ярилцаад 100 хувь миний нэр дээр бүртгүүлж байгуулж байсан, сүүлд бизнесийн үйл ажиллагаа өргөжсөнтэй холбоотой 70 хувийн хувьцааг Ч.Батболдын нэр дээр шилжүүлж, өөрөө 30 хувийн хувьцааг эзэмших болсон зэрэг нь М ХХК-ийн үйл ажиллагаанд тогтмол оролцож хамтран эзэмшдэг байсныг нотолж байгаа юм.

Гэтэл шүүх хамтын бизнесийн үр шимээр бий болсон манай гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болон мөнгөн хуримтлалыг ганц нөхөр Ч.Батболдын хуваарьт эд хөрөнгө мэтээр өрөөсгөл дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2 дахь хэсэгт энэ талаар тодорхой заасан байна. Уг хуулийн заалтаас дүгнэхэд манай нөхөр Ч.Батболдын нэр дээр бүртгэлтэй байгаа эд хөрөнгө болон мөнгөн хуримтлал нь гэрлэснээс хойш, хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагааны үр шимээр бий болсон тул гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран гэр бүлийн дундын өмчид зайлшгүй хамаарах юм.

Харин манай нөхөр Ч.Батболдын нэр дээр бүртгэлтэй байгаа эд хөрөнгө болон мөнгөн хуримтлал нь гэрлэхийн өмнө бий болоогүй, өв болон бэлэглэлийн журмаар шилжүүлэн аваагүй, амин хэрэгцээг хангахад зориулагдаагүй, оюуны өмчлөлийн эд хөрөнгө буюу зохиогчийн шагнал, хувийн авьяас, чадварыг сайшаан шагнасны орлого, хуваарьт эд хөрөнгөөр олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах эд хөрөнгө зэрэг биш тул Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан хуваарьт эд хөрөнгөд хамааруулах боломжгүй юм.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд тооцох эрхзүйн зохицуулалт байсаар байтал уг хуулийн заалтыг хэрэглэлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасны дагуу манай гэр бүл 6 гишүүнтэй тул 3 572 570 000 төгрөгийн үнэлгээтэй тогтоогдсон нийт эд хөрөнгө болон 1 051 796 551 төгрөгийн мөнгөн хуримтлалын 6 хуваасны 1 хэсэгт ногдох эд хөрөнгө болон мөнгөн хуримтлал нь нөхөр Ч.Батболдын хуваарьт эд хөрөнгө болох тул түүнд 770 727 758 төгрөгийн эд хөрөнгө ногдож байна.

Үүнээс түүний эхнэр А.У, охин Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн бид нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу түүний ээж Д.Нийн адил мөн хууль ёсны өвлөгч тул Ч.Батболдын 770 727 758 төгрөгийн хуваарьт эд хөрөнгийг 6 өвлөгчид хуваавал нэг хүнд 128 454 626 төгрөгийн эд хөрөнгө өвлөх эрхтэй юм. Үүнээс нэхэмжлэгч Д.Нэранчимэг нь 128 454 626 төгрөгийн эд хөрөнгийг хуулийн дагуу өвлөх эрхтэй байтал анхан шатны шүүх 599 146 090 төгрөг хариуцагч А.У надаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь миний болон хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, илт үндэслэлгүй шийдвэр болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч “М” ХХК болон А.Ут холбогдуулан өв хөрөнгөөс  ногдох хувь 1 500 000 000 төгрөг, компанийн хувьцаа болон ногдол ашиг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ гэр бүл болсноос хойш хамтын хөдөлмөрийн үнэ цэнээр бий болсон гэр бүлийн дундын хөрөнгөнөөс нэхэмжлэгч их хэмжээний өв шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Чоймболын Батболд 2015 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Д.Н түүний төрсөн эх, хариуцагч А.У  нь хууль ёсны эхнэр, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн нар төрсөн хүүхдүүд болох баримтууд хэрэгт авагдсан, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар нээгдсэн өвийг мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчид байна.

            Ч.Батболдын өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022991 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Гандийн гудамж 19 дүгээр байрны зоорийн давхрын 70 тоот авто зогсоол, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012849 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Гандийн гудамж 19 дүгээр байрны 11 тоот хаяг бүхий орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008711 дугаартай Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Энэбишийн гудамж, 175 тоот хаягт байрлах автомашин засвар, үйлчилгээний зориулалттай 1404 м.кв талбайтай барилга, Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай дугуйн худалдааны төв болон 2122 УНҮ улсын дугаартай Toyota Land cruiser 200 маркийн, 6299 УНС улсын дугаартай Toyota Land cruiser Prado маркийн, 8416 УНЧ улсын дугаартай Ssagyong Istana маркийн, 2129 УНГ улсын дугаартай Toyota Crown маркийн, 6190 УНӨ улсын дугаартай Ford Transit маркийн, 1794 УБҮ улсын дугаартай Toyota Thundra маркийн, улсын дугааргүй 2014 оны мөнгөлөг саарал Toyota Tundra маркийн автомашинууд бүртгэлтэй байсан нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн болон тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс шинжээчээр томилсон “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийн үнэлгээгээр дээрх хөрөнгүүд нь 3 572 570 000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болохыг тогтоосон, зохигчид уг үнэлгээг эсэргүүцэж маргаагүй байна.

            Мөн түүний нэр дээрх Худалдаа хөгжлийн банкан дахь төгрөгийн 45251166 тоот дансанд 189 471 812 төгрөгийн, 452416027 тоот дансанд 379 403 008 төгрөгийн, 464000027 тоот дансанд 172 142 454 төгрөгийн, 499211946 тоот виза картны 3 633 931 төгрөгийн, ам.долларын 499189341 тоот виза картны 18 923 ам.долларын, юаний 452524205 тоот дансанд 8 733 юаний, Төрийн банкан дахь төгрөгийн 106100021870 тоот дансанд 124 697 төгрөгийн, “М” ХХК-ийн Худалдаа хөгжлийн Банкан дахь 5003346202 тоот төгрөгийн дансанд 1 148 450 төгрөгийн үлдэгдэлтэй  байсан, нийт дүн нь 1 051 796 551 төгрөгийн мөнгөн хөрөнгө байгаа нь тогтоогдсон байна.

            Дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгийг гэр бүл болсноос хойш бий болсон, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэх хариуцагч талын үндэслэлийг нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй боловч эдгээр нь Ч.Батболдын хуваарьт хөрөнгө байсан болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу нотлоогүй, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-127.1.6-д заасан хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

            Дээрх 4 624 366 551 /3 572 570 000+1 051 796 551/ төгрөгөөр нийтдээ үнэлэгдсэн  хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 126.2.4, 126.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй тул 6 гишүүнтэй гэр бүлийн нэг гишүүнд ногдох хувийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 770 727 758 төгрөг /4 624 366 551:6/ байна.

Иймээс Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч Ч.Батболдын 770 727 758 төгрөгийн хөрөнгө хууль ёсны өвлөгч Д.Н, А.У, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн нарт өвлөгдөх үндэслэлтэй, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар 6 өвлөгч тус бүрт /төрүүлсэн эх, эхнэр, төрсөн хүүхэд 4/ адил хэмжээгээр буюу 128 454 626 төгрөгийн өв  ногдохоор байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад авто зогсоол, 1404 м.кв талбайтай барилга, тээврийн хэрэгслүүд, банкан дахь дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг хуваарьт хөрөнгө гэж үзсэн нь үндэслэл муутай, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд үйлчилгээний зориулалтаар 4040 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар, Баянгол дүүргийн 3 дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 1758 м.кв газрыг 10 жилийн хугацаатайгаар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээ Ч.Батболдын нэр дээр тус тус олгогдсон, “Алтанбулаг чөлөөт бүс”-д 4400 м.кв газрыг худалдаа, засвар үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг 2014 оны 9 дүгээр сард “М” ХХК-д олгосон боловч үйл ажиллагаа явуулаагүй тухай баримт хэрэгт авагдсан ба Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар эрх өвлөгдөх боломжтой боловч  Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өмчлүүлснээс бусад газар нь төрийн өмч тул  эзэмших эрхийг мөнгөөр үнэлсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

            Хариуцагч “М” ХХК нь Ч.Батболд, А.У нарын 2 үүсгэн байгуулагч, гишүүнтэй, тэд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болон мөн компанийн хувьцааны 70.9 хувийг Ч.Батболд, 29.1 хувийг А.У эзэмшдэг тухай лавлагааг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн, зохигчид уг хувь хэмжээн дээр маргаагүй тул 70.9 хувийн хувьцааг 6 өвлөгч адил хэмжээгээр өвлөх эрхтэй. Иймд “М” ХХК-ийн хувьцааны 11.8 хувийн хувьцааг нэхэмжлэгчид олгож, компанийн хувьцаа гаргуулах нэхэмжлэлийг энэ хэмжээгээр хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай байгааг зөвтгөх боломжтой гэж үзэв. Нэхэмжлэлийг хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилсан шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “3 153 680 төгрөгийг” гэснийг “870 448 төгрөгийг” болгон өөрчилнө.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан БНХАУ-ын Эрээн хот болон Эрдэнэт хотод япон сэлбэгийн дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдоогүй, Алтанбулаг олон улсын чөлөөт бүсэд баригдсан объект, Шарга морьт дахь зуслангийн 4 байшин, гэрийн үнэлгээ тодорхойгүй, өмчлөгч хэн болох нь тогтоогдоогүй, алдрын буланг 500 000 төгрөгөөр үнэлэн шаардсан боловч хариуцагчид байгааг нотлоогүй, Мобикомын 99111348 дугаар нь А.Уийн эзэмшилд бүртгэлтэй, “М” ХХК 2014-2016 онуудад ашигтай ажиллаж, ногдол ашиг хуваарилсан баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийн үндэслэл нотлогдоогүй гэж шүүх дүгнэж, хэрэгсэхгүй болгосон нь зөв ба нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй,  шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

            Нэхэмжлэгч Д.Н нь анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсний дараа нас барсан талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч эрх залгамжлах талаар  шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлийг  анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01962 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6 дахь хэсэгт зааснаар ногдох өв 128 454 626 төгрөг, “М” ХХК-ийн хувьцааны 11.8 хувийг хариуцагч А.Уээс гаргуулж нэхэмжлэгч Д.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 371 545 374 төгрөгийг болон Мобикомын 99111348 дугаар, “М” ХХК-ийн хувьцааны үлдэх хэсэг болон 2014 оноос 2016 оны ногдол ашиг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “3 153 680 төгрөгийг” гэснийг “870 448 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 2 511 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

А.ОТГОНЦЭЦЭГ