Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/671

 

 

 

 

 

 

 

 

  2022         8           16                                      2022/ШЦТ/671

 

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ц.Бд холбогдох эрүүгийн 2211 00148 1331 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдлын технологич, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ... тоотод оршин суух үндсэн хаягтай боловч ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, .... овгийн Ц.Б, регистрын дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Төрийн банкаар дамжуулан 3,539,350 төгрөгийн алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж Хаан банкны 5076441678 дугаартай дансанд шилжүүлэн авч хувьдаа завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн О.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 647 дугаар шийдвэрээр Я.Маас 3,539,350 төгрөгийг гаргуулж Ц.Бд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Я.М нь хэсэгчлэн уг мөнгийг манай байгууллагын дансанд хийсээр байгаад 2021 оны 10 сарын 22-ны өдөр хийж дуусгасан. 2021 оны 11 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Энх-Учрал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас төлбөрийн мөнгө шилжүүлэх баримт үйлдэн нягтлан бодогчоор дамжуулан манай байгууллагын Төрийн банкны 10600059575 дугаарын данснаас Ц.Бгийн Хас банкны 5002238175 дугаарын данс руу 3,539,350 төгрөгийг өөрийн байрны 1 давхрын Төрийн банкны салбараас шилжүүлсэн. Үүнээс 3 хоногийн дараа нь андуурч дахин 3,539,350 шилжүүлсэн байсан. Ц.Бгийн 90099588 дугаарын утас руу нь ярьж андуурсан гүйлгээ хийгдсэн үүнийг эргүүлэн данс руу хийх талаар хэлэхэд “Би энэ талаар мэдсэн ажил явдалтай явж байна. Одоогоор уг мөнгийг эргүүлэн хийх боломжгүй байна. Очихоор уулзъя” гээд үүнээс хойш ирээгүй, утсаа авахгүй, андуурсан гүйлгээг манай байгууллагын дансанд хийгээгүй болохоор гомдол гаргаж би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- Ц.Бгийн Хас банкны 5002238175 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 37 дахь тал/,

- Ц.Бгийн Хас банкны 5002238175 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 34 дэх тал/,

- гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 14-р хороо Хайлаастайн 12-235 тоот хашааг манай аав Б нь анх хоосон газар байхад нь хашаа барьж манайх суурьшсан. Би төрөх үед манай энэ хашаанд байсан. Энэ хашаанд Ц.Б гэдэг эмэгтэй хүн амьдарч байгаагүй. Яагаад ийм мэдээлэл байгааг мэдэхгүй. Манайд ийм нэртэй хамаатан садан байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

- Яллагдагч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би иргэний маргаантай холбоотой гомдол гаргаад иргэний шүүхээс надад хохирлын 3,539,350 төгрөгийг холбогдогчоос гаргуулж авахаар шийдвэр гарсан юм. Тэгээд уг хохирлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр надад хохирлыг буюу 3,539,350 төгрөгийг барагдуулсан байсан. Тэгсэн маргааш нь дахиад уг мөнгөний гүйлгээ ороод ирсэн юм. Тэгэхээр ньь би дахиад давхардаад над руу шилжүүлсэн байна гэж мэдсэн боловч мөнгөний хэрэг гараад 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжиж ирсэн гүйлгээг хувьдаа зарцуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 97дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 101 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ц.Бг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Төрийн банкаар дамжуулан 3,539,350 төгрөгийн алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж Хаан банкны 5076441678 дугаартай дансанд шилжүүлэн авч хувьдаа завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Төрийн банкаар дамжуулан 3,539,350 төгрөгийн алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж Хаан банкны 5076441678 дугаартай дансанд шилжүүлэн авч хувьдаа завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оюунзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 647 дугаар шийдвэрээр Я.Маас 3,539,350 төгрөгийг гаргуулж Ц.Бд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Я.М нь хэсэгчлэн уг мөнгийг манай байгууллагын дансанд хийсээр байгаад 2021 оны 10 сарын 22-ны өдөр хийж дуусгасан. 2021 оны 11 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас төлбөрийн мөнгө шилжүүлэх баримт үйлдэн нягтлан бодогчоор дамжуулан манай байгууллагын Төрийн банкны 10600059575 дугаарын данснаас Ц.Бгийн Хас банкны 5002238175 дугаарын данс руу 3,539,350 төгрөгийг өөрийн байрны 1 давхрын Төрийн банкны салбараас шилжүүлсэн. Үүнээс 3 хоногийн дараа нь андуурч дахин 3,539,350 шилжүүлсэн байсан. Ц.Бгийн 90099588 дугаарын утасруу нь ярьж андуурсан гүйлгээ хийгдсэн үүнийг эргүүлэн дансруу хийх талаар хэлэхэд “Би энэ талаар мэдсэн ажил явдалтай явж байна. Одоогоор уг мөнгийг эргүүлэн хийх боломжгүй байна. Очихоор уулзья” гээд үүнээс хойш ирээгүй, утсаа авахгүй, андуурсан гүйлгээг манай байгууллагын дансанд хийгээгүй болохоор гомдол гаргаж би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- Ц.Бгийн Хас банкны 5002238175 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 37 дахь тал/,

- Ц.Бгийн Хас банкны 5002238175 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 34 дэх тал/,

- гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 14-р хороо Хайлаастайн 12-235 тоот хашааг манай аав Батпүрэв нь анх хоосон газар байхад нь хашаа барьж манайх суурьшсан. Би төрөх үед манай энэ хашаанд байсан. Энэ хашаанд Ц.Б гэдэг эмэгтэй хүн амьдарч байгаагүй. Яагаад ийм мэдээлэл байгааг мэдэхгүй. Манайд ийм нэртэй хамаатан санад байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

- Яллагдагч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би иргэний маргаантай холбоотой гомдол гаргаад иргэний шүүхээс надад хохирлын 3,539,350 төгрөгийг холбогдогчоос гаргуулж авахаар шийдвэр гарсан юм. Тэгээд уг хохирлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр надад хохирлыг буюу 3,539,350 төгрөгийг барагдуулсан байсан. Тэгсэн маргааш нь дахиад уг мөнгөний гүйлгээ ороод ирсэн юм. Тэгэхээр нь би дахиад давхардаад над руу шилжүүлсэн байна гэж мэдсэн боловч мөнгөний хэрэг гараад 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжиж ирсэн гүйлгээг хувьдаа зарцуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Бг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг.

            Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Бгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Төрийн банкаар дамжуулан 3,539,350 төгрөгийн алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж Хаан банкны 5076441678 дугаартай дансанд шилжүүлэн авч хувьдаа завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нь “...2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр иргэн Ц.Бгаас 3,539,350 төгрөгийг манай Төрийн банкны 103301851000 тоот дансанд шилжүүлсэн байх тул гомдол, саналгүй болно...” /хавтаст хэргийн  95 дахь тал/ гэсэн байх тул шүүгдэгч Ц.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овгийн Ц.Бг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ