Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/660

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч *******,

хохирогч *******,

хохирогчийн өмгөөлөгч З.Б,

шүүгдэгч *******,

шүүгдэгч ******* нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2205008191343 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 12-нд ӨвөрХ аймгийн Хужирт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй,

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй,

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Э, А.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд талд байрлах автобусны буудлын орчимд хохирогч М.Хтай маргалдаж түүний биед халдаж, нүүрэн тус газарт нь гараараа тус тус нэг удаа цохиж “баруун хоншоорын хөндийн урд хананы хугарал, духанд зулгаралт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал“ бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Би хувиараа бичил уурхайд ажилладаг. Сарын цалин дунджаар 1,800,000 төгрөг. Тухайн үед согтуу байсан болохоор болсон үйл явдлаа сайн санахгүй байсан, камерын бичлэг үзээд буруутай үйлдэл хийснээ харсан. Гэм буруугаа хүлээж байна. Бид хоёр тус тусдаа 1,350,000 төгрөг буюу нийт 2,700,000 төгрөг хохирогчид өгсөн. Бусад хохирлоо дараа долоо хоногт цалин орохоор төлнө” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин хэрэгт холбогдохгүй. Хэрэг гарснаас хойш ах осолд ороод хохирогчийн хохирлыг барагдуулах боломжгүй байсан” гэв.

Хэрэгт авагдсан CD /СиДи/-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-21 дүгээр хуудас/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-25 дугаар хуудас/,

Хохирогч М.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бор өнгийн зах хэсгээрээ үстэй нэхий өмссөн залуу миний нүүр хэсэг рүү гараараа цохих үед би машины хамар хэсгийг налаад манараад унасан. Манарч байгаад өндийх үед миний нүүр хэсэг рүү нэг нь дахиж цохисон. Бараан өнгийн куртик өмссөн залуу харагдахаар нь тэр залууг цохисон байх гэж дараа нь бодсон. Тэгээд би цагдаа дуудах гээд тэр гурван залууг байж бай гэж хэлсэн. Тэр гурав явсан. Би тэр гурвын араас булан тойрсон чинь камергүй газарт орж ирлээ гэж хэлсэн. Би тэд нарын нэгийг барьж авч үлдээд цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгнө гэж бодоод цагаан улаан өнгийн өмд, цагаан өнгийн куртиктэй хүнээс зуурах үед дээрээс хүн цохих шиг болсон. Би нүүрээ дараад доош суусан” гэсэн мэдүүлэг /хх-38 дугаар хуудас/,

Гэрч Д.Буяннэмэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед Х бид хоёр СУИС-ын орчимд пабд орж 0,5 л хэмжээ бүхий 2 шил пиво захиалж уугаад тэндээс гараад такси бариад Баянгол дүүргийн 7 дугаар хороо ГССҮТ-ийн хажууд байх Тэргэл төвийн үүд хэсэгт буугаад таксигаа явуулаад бид хоёр өгсөөд ГССҮТ-ийн автобусны буудлын чигтээ алхаж явсан чинь найз Ариунжаргалтай таарсан. Х найз Ариунжаргалд хандаж найз нь аав болсон гэж хэлсэн чинь Ариунжаргал Хд хандаж баяр хүргэе, эхнэр хүүхэд хоёрт чинь юм авч өгье, найз нь Солонгос улсаас ирсэн, одоо удахгүй буцах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд Ариунжаргал Х хоёр миний урд би ард талд нь явж байсан чинь гудамжаар явж байсан үл таних гурван залуу өөдөөс чиглээд ирсэн. Тэр гурван залуутай зөрөх гэж байх үед нэг нь өдөж хэрүүл маргаан эхэлсэн. Би яваад очсон чинь бор өнгийн зах болон хормой хэсэг нь цагаан оруулгатай богино нэхий өмссөн залуу нь Хн нүүр хэсэг рүү гараараа цохисон. Энэ үед Х хойно байх ертөнцийн зүгээр урд зүгт харсан машины хамар хэсэг дээр нүүрээ гараараа дарж түрүүлгээ харж унасан. Тэгээд байж байгаад өндийх үед цагаан куртик, улаан өнгийн өмдтэй залуу нь Хн нүүр хэсэг рүү нь гараараа цохисон бөгөөд Х нүүрээ дараад ойролцоогоор нэг минут орчим хэвтээд байсан. Энэ үед би үлдсэн нэг залууг нь хориод байж байсан. Миний хорьж байсан залуу тухайн цаг хугацаанд Хг цохиогүй намайг цохиод байсан. Тэгээд маргаж байсан чинь үл таних гурван залуу дахиж дайрсан. Энэ үед Ариунжаргал тэр гурван залууд хандаж боль цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь тэр гурван залуу булан эргээд явсан. Үл таних гурван залуу булан эргэхээр нь бид гурав араас нь дагаж яваад булан эргэсэн чинь улаан өнгийн өмд, цагаан өнгийн куртиктэй залуу нь Хг барьж аваад буланд шахаад толгой хэсэг рүү нь гараараа цохисон. Би очоод салгах гэхэд улаан өнгийн өмд, цагаан өнгийн куртиктэй залуутай хамт явж байсан хоёр залуу над руу дайраад салгуулахгүй байсан. Би цагдаа дуудсан шүү гэж орилсон чинь одоо боль явъя гэж нэг нь хэлээд тэр гурван залуу явах гээд байсан. Х улаан өнгийн өмд, цагаан өнгийн куртик өмссөн залууг барьж аваад явуулаагүй бөгөөд хамт явсан хоёр залуу нь яваад өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ...Эхний нүүрэнд цохиод булан эргээд барилцаж авсан энэ хоёрын голд ямар нэгэн зодоон болоогүй. Хэрэг гарсан өдрийн маргааш нь зодоон болсон газруудад очоод харсан чинь хяналтын камер байсан. Тэгээд бичлэгийг нь хуулж авсан. Камерын бичлэгт гарч байгаа газруудад зодоон болсон, өөр газар зодоон болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-57-58 дугаар хуудас/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04/2723 дугаартай албан бичиг, хавсралт: “...Гэмтэл согог судлалын үндэсний төв ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж 85,000 төгрөг, Эм Би Жи мэд эмнэлэг мэс засал 2,557,005 төгрөг” гэсэн төлбөрийн мэдээлэл /хх-68-69 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ГССҮТ-ийн урд талд байрлах автобусны буудлын баруун талд 2022 оны 02 дугаар сарын 17-ноос 2022 оны 02 дугаар сарын 18-нд шилжих шөнө иргэн М.Х бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч М.Х нь 2022 оны 03 дугаар сард Эм Би Жи Мэд эмнэлэгт мэс засалд орж Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,642,005 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай яллагдагчаар гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-72-73 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3239 дугаартай: “М.Хн биед баруун хоншоорын хөндийн урд ханын хугарал, духанд зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-79-80 дугаар хуудас/,

Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Хн биед учирсан гэмтлүүд нь ойролцоогоор нэг түвшинд, нэг цаг хугацаанд үүссэн хоорондоо хамааралтай гэмтлүүд байх тул тус тусад нь салгах боломжгүй. Духны зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, чанга, сул цохилтоос хамаарна.” гэсэн мэдүүлэг /хх-77 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед байх тус газраас гараад бид гурав Бийн гэр лүү явж байх замдаа үл таних 2 хүнтэй маргаж байснаа санаж байна. Тэгээд гэртээ сэрсэн. Архи их уусан байсан учир хэн халдсан талаар санахгүй байна. Маргаж байснаа санаж байна, цааших зүйлийг нь санахгүй байна. Мөрлөсөн гэдэг асуудлаар уг маргаан Баянгол дүүргийн 7 дугаар хороо ГССҮТ-ийн орчим явган хүний зам дээр үүссэн. Б тухайн үед цагаан цэнхэр оруулгатай богино куртиктэй байсан, бусад хувцсыг нь санахгүй байна. Би шар эмжээртэй богино нэхий, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн гуталтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-104-105 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө найз Энхбат, Э нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх караоке ороод архи уусан. Караокед архи согтууруулах ундаа их уусан учир би гараад тасарсан байсан. Нэг мэдсэн хүнтэй маргаж байсан санагдаж байна. Тэгээд Х гэх залуутай цагдаагийн газар ирсэн байсан. Миний санаж байгаа зүйл ийм байна. Миний бие хяналтын камерын бичлэг үзээд өөрийн хийсэн зүйлийг мэдсэн. Би өөрийн хийсэн зүйлд маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-113-114 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд: Шүүгдэгч Б.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-128 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-131 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-132 дугаар хуудас/, мэргэшсэн жолоочийн лавлагаа /хх-134 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-136 дугаар хуудас/, шүүгдэгч А.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-137 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-140 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-141 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-142 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

          Шүүгдэгч Б.Э, А.Б нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн тул тэдэнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

          Улсын яллагч “шүүгдэгч Б.Э, А.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Шүүгдэгч Б.Э, А.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн урд талд байрлах автобусны буудлын орчимд хохирогч М.Хтай маргалдан түүний биед халдаж, нүүрэнд нь гараараа тус тус нэг удаа цохиж “баруун хоншоорын хөндийн урд ханын хугарал, духанд зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хохирогч М.Х, гэрч Д.Буяннэмэх, иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүх, шинжээч эмч Н.Туяа, шүүгдэгч Б.Э, А.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3239 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04/2723 дугаартай албан бичиг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

          Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн үед үйлдэгдсэн гэж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхойлсон боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Д.Буяннэмэхийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч М.Х нарын мэдүүлгээр уг гэмт хэрэг 2022 оны 02 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн үед үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг зөвтгөн дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

          Прокурорын шатанд уг хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Энхбатад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

          Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хавсаргаж ирүүлсэн камерын бичлэг, хохирогч М.Х, гэрч Д.Буяннэмэх нарын мэдүүлгээр “хохирогч М.Хгийн нүүр хэсэгт шүүгдэгч Б.Э, А.Б нар цохисон” нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд гэрч Д.Буяннэмэх “...эхний нүүрэнд цохиод булан эргээд барилцаж авсан энэ хоёрын голд ямар нэг зодоон болоогүй” /хх-58 дугаар хуудас/ гэж мэдүүлжээ.

          Иймд хохирогчийн өмгөөлөгчийн “гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй, Д.Энхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

          Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

          Хохирогч М.Хгийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Б.Э, А.Б нарын гэм буруутай үйлдлээс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Э, А.Б нар өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хохирол, хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

          Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамласан байх бөгөөд уг зохицуулалт нь гэмт хэрэгт хамтран оролцох ерөнхий зохицуулалт тул нарийвчилсан зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Э, А.Б нар үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн хохирогч М.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хохирогч М.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөр буюу эмчилгээ, оношилгоо, хагалгаа, эм тарианы зардалд нийт 3,978,917 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа гаргаж өгсөн бөгөөд уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

Хохирогч М.Хд шүүгдэгч А.Б нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1,350,000 төгрөг, шүүгдэгч Б.Э нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг тус тус нөхөн төлсөн тул үлдэх 1,278,917 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, хохирогч М.Хд олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч М.Х цаашид хагалгаанд дахин ороход 4,067,000 төгрөг нэхэмжилсэн ба ирээдүйд гарч болзошгүй уг зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Э, А.Б нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Хгийн эмчилгээ, мэс заслын зардал буюу “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн яаралтай тусламжийн зардалд 85,000 төгрөг, “Эм Би Жи Мэд” эмнэлгийн мэс заслын зардалд 2,557,005 төгрөг, нийт 2,642,005 төгрөг зарцуулсан /хх-68 дугаар хуудас/ байх ба энэ зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлүүлэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Н.Мөнгөнсүх гаргасан байна.

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хохирогч М.Х нь 2022 оны 03 дугаар сард Эм Би Жи Мэд эмнэлэгт мэс засалд орж Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,642,005 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай яллагдагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” /хх-72-73 дугаар хуудас/ гэжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:”, 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан байна.

Иймд дээрх зардлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Эгаас 1,321,003 төгрөг, шүүгдэгч А.Бээс 1,321,003 төгрөг тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Э, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрд 1 жил хорих ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Э, А.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.Э, А.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдов.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нарт тус бүр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Э, А.Б нар цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ёндон овогт Б.Э, Тугчин овогт А.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нараас 2,642,005 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Эгаас 1,321,003 төгрөг, шүүгдэгч А.Бээс 1,321,003 төгрөг тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай данс/-т олгосугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нараас 1,278,917 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Эгаас 639,459 төгрөг, шүүгдэгч А.Бээс 639,459 төгрөг тус тус гаргуулж, хохирогч М.Х /РД:/-д олгож, хохирогч М.Х гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Э, А.Б нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Э, А.Б нар цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА