Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ш.Анужин /томилолтоор/,

хохирогч Д.Балхаажав,

шүүгдэгч Г.Эрдэнэтулга өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эрдэнэтулгад холбогдох эрүүгийн 2205002271918 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамжны 301 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Гонжид овогт Ганбаатарын Эрдэнэтулга /Регистрийн дугаар: УШ96071813/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Эрдэнэтулга нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко” баарны үүдэнд хохирогч Д.Балхаажавын биед халдаж хөлөөрөө нүүрэн тус газарт нь өшиглөж, доод уруулын салстад шарх, зүүн доод үүдэн 1, 2 дугаар шүдний эмтрэл бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Эрдэнэтулга мэдүүлэхдээ: “...Хохирогчтой уулзаад таны эрүүл мэндийг хамгаалж өгье, манай найз, хамаатан садан эрүүл мэндийн салбарт ажилладаг, 500,000 төгрөгийг өөрийн боломжоороо өгнө гэсэн. Би 700,000-800,000 төгрөгийн цалин авдаг. Дөнгөж их сургуулиа төгсөөд Зүүн хараад хүргэн болж очсон. Надад тухайн газар найз нөхөд гэх хүмүүс байхгүй. Аав маань 8 сард бурхан болсон. Хотод орж ирсэн гээд стрессээ тайлах гээд найзтайгаа уулзаж бүжиглэх гэсэн юм, үүнээс биш би архи уугаад явдаг хүн биш. Хохирогчоос уучлалт гуймаар байна. Санаатай үйлдэл байгаагүй. Хохирогч руу 2-3 удаа утсаар ярьсан, тухайн үед ойлголцоход хэцүү байсан. Надад энэ ах хохирол барагдуулах боломж олгоогүй. Би гэм буруугаа хүлээж байна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Д.Балхаажав мэдүүлэхдээ: “...Би гадаа гарч тамхи татаад орсон чинь нэг залууг маш хүчтэй цохиод унагаасан. Би тэр залууг босгох гэж байхад миний нүүр лүү өшиглөсөн. Ариун цэврийн өрөө орж харахад уруул эргэсэн байсан. Тухайн үед маш их өвдсөн, гэмтлийн эмнэлэг орж 8 оёдол тавиулсан. 20 хоног хоол идэж чадахгүй, уруул хавдчихсан байсан. Хоёр шүдний үзүүр хугарсан. Маргааш нь над руу уучлалт гуйж би андуурсан байна гэж утсаар ярьсан. Би нэг алхам л урагш гишгэсэн байсан бол түнх чихээд газар дээрээ үхчих байсан. Тухайн өдрийн нөгөөдөр нь шүүх эмнэлэгт үзүүлнэ гээд цагдаа дээр очсон. Энэ залуу 500,000 төгрөг өгөөд хохирол барагдуулна гэж ярьсан. Би зүгээр байж байгаад хохирсон, тухайн үед маш их юм бодогдсон. Би мөнгө нэхэхгүй, эмч байж хүн зодох ёсгүй, хуулийг ойлгох хэрэгтэй. Тухайн үедээ миний биеийг ч асуугаагүй. Тухайн ажилладаг эрүүл мэндийн байгууллагад энэ талаарх албан тоот явуулах хэрэгтэй. Ийм хүн хүнийг эмчилнэ гэж байхгүй. Зөв бурууг мэдэж хүн рүү дайрах хэрэгтэй” гэв.

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Цэндбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 04 цагийн үед найз Эрдэнэтулгын хамт Коко банана баарнаас бааранд танилцсан хоёр эмэгтэйн хамт дөрвүүлээ гарахаар болсон. Эрдэнэтулгын хамт баарны өлгүүрээс хувцсаа аваад баарны гадаа гараад ирсэн чинь бааранд танилцсан хоёр эмэгтэй хэдэн залуучуудтай зогсож байсан. Бид хоёр очоод таньдаг юм уу гэсэн чинь үгүй танихгүй, татаж чангаагаад, хоргоогоод байна гэсэн, энэ үед Эрдэнэтулга тэр хоёр эмэгтэйн нэгийг нь аваад автомашинаа халаачхаад ирье гээд явсан. Би үлдсэн эмэгтэйг нь чи танихгүй юм бол хоёулаа бас явъя гэсэн. Гэтэл баарны гадна байсан үл таних залуу бааранд танилцсан эмэгтэйн куртикнээс нь татахаар нь би тэр залууг чи тавь гээд цээж рүү нь түлхсэн. Тэгтэл тэр залуу намайг цохисон. Тэр залуутай хамт байсан залуучууд бөөнөөрөө намайг зодсон. Энэ үед найз Эрдэнэтулга гүйж ирээд наадуул чинь яагаад чамайг зодоод байгаа юм гэхээр нь би энэ эмэгтэйг татаж чангаахаар нь тавь гэсэн чинь учиргүй цохиод байна гэсэн чинь манай найз Эрдэнэтулга анх миний цээж рүү түлхдэг залууг нэг удаа цохисон. Тэр цохиулсан залуу нь газар унаад өгсөн. Би Эрдэнэтулгыг боль гээд болиулсан. Ингээд байж байтал нэг үл таних залуу ирээд чи намайг зодсон гээд байхаар нь би чи цагдаа дууд гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-21-22 дугаар хуудас/,

Хохирогч Д.Балхаажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед 4 найзтайгаа хамт хоолонд орсон юм. Тэгээд хоолонд орсны дараа 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед найз Жамъянсүрэнгийн хамтаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, UB palace-н хашаанд байрлах Коко нэртэй бааранд орсон. Тэгээд бид хоёр бааранд ороод 0,75 литрийн 1 шил архи аваад хувааж уунгаа талд нь оруулаагүй сууж байсан, удалгүй бид хоёр баарны гадаа тамхи татчихаад баар руу орох гэсэн чинь баарны үүдний хаалган дээр хүмүүс нь орох гээд шахалцаад хоорондоо муудалцаад байж байсан ба намайг тухайн хаалгаар ортол миний араас 1 үл таних залуу орж ирсэн чинь миний урд байсан үл таних 1 залуу миний ард байсан залууг цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би тэр унасан залууг босгох гэтэл нөгөө цохисон залуу нь намайг тонгойх үед миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тухайн үед амнаас цус гараад байхаар нь 00-н өрөөнд ороод угаах гээд харсан чинь миний уруулын доод хэсэг язарсан байдалтай цус гараад огт тогтохгүй байсан. Тэгээд би гадаа гараад тухайн баарны хамгаалагчид намайг цохисон залууг хэлж байгаад бариулаад цагдаа дуудаж өгсөн. Тухайн үед би эмнэлэг орж үзүүлэхэд 8 оёдол тавьсан. Би эм тарианы мөнгө болон ирж очсон зардал нийт 1,000,000 төгрөгийг тухайн хүнээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-17-19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 596 дугаартай: “Д.Балхаажавын биед доод уруулын салстад шарх, зүүн доод үүдэн 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-33-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Эрдэнэтулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 04 цагийн үед бид нар баарнаас гарч явахаар болсон бөгөөд би найзуудаасаа түрүүлж гараад өөрийнхөө машиныг асаачихаад буцаад баар луу орох гэтэл тухайн баарны гадна манай найз Цэндбаярыг 2-3 залуучууд нийлээд нүүр хэсэг рүү нь цохиж байхаар нь би хөөе манай найзыг яаж байна гээд өмөөрөөд очтол цаанаас өндөр шар царайтай, хар куртиктэй үл таних эрэгтэй намайг гараараа 2 удаа цохиод баар луу яваад орчихсон. Тэгэхээр нь би араас нь хөөгөөд баар луу ороод баарны үүд хэсэгт тэр үл таних залууг гараараа 1 удаа цохисон чинь тэр залуу газар унасан бөгөөд нэмж өшиглөтөл урдуур хажууд нь байсан бүдэг ногоон өнгийн куртиктэй, жинсэн өмдтэй, 168 см орчим өндөртэй 40 орчим насны, үл таних эрэгтэй хүн орж ирээд оногдсон ба амнаас нь цус гараад цааш явсан” гэсэн мэдүүлэг /хх-45-46 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61 дүгээр хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-67 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-68 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Эрдэнэтулга шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч Г.Эрдэнэтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Эрдэнэтулга нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко” баарны үүдэнд хохирогч Д.Балхаажавын нүүрэн тус газар өшиглөж, түүний биед доод уруулын салстад шарх, зүүн доод үүдэн 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.Балхаажав, гэрч Б.Цэндбаяр нарын мэдүүлэг болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Эрдэнэтулгын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 596 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгах талаар заасан байхад прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Г.Эрдэнэтулгын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхойлон бичилгүй орхигдуулсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Эрдэнэтулгын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхойлж тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг. Хохирогч Д.Балхаажавын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Эрдэнэтулгын гэм буруутай үйлдэл болох өшиглөснөөс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Эрдэнэтулга нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хохирол, хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Эрдэнэтулгын хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Эрдэнэтулгын хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Балхаажавын эрүүл мэндэд доод уруулын салстад шарх, зүүн доод үүдэн 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 596 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Д.Балхаажав нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Эрдэнэтулгаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Эрдэнэтулгад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Эрдэнэтулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Г.Эрдэнэтулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэтулгад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэтулга нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.Эрдэнэтулга нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гонжид овогт Ганбаатарын Эрдэнэтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэтулгыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэтулга нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.Эрдэнэтулга цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Балхаажав нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Эрдэнэтулгаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эрдэнэтулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НЯМДАВАА