Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/669

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2205023111*******65 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*******74 оны 05 дугаар сарын 1*******-нд Улaaнбaaтap хотод төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-45 тоотод түр оршин суух, ******* дүүргийн ******* дүгээр хороо, Дэнжийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, ******* овогт гийн ******* /Регистрийн дугаар: ЗН74051*******12/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эндо” зочид буудлын 1 тоот өрөөнд *******ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар болон баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Миний хөлд учирсан гэмтэлд ******* хамааралгүй, ноцолдож байхад дээрээс нь эд зүйл унасан байх. Хохирогчид 1,420,000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 11-нд хамт ажилдаг байсан *******, баавгай гэж хочилдог залуу хоёртой архи ууж байгаад Баянгол дүүргийн 16 дугаар хороо M2 баарны ард “Эндо” зочид буудлын нэг давхарт 1 тоотод очиж дахин архи уухаар явсан. Тэгээд уг тоотод ороод Баавгайтай ам зөрөхөд ******* газар унагаагаад намайг өшиглөөд дэвссэн. Тэгээд би болио гээд салсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаагийн газар ирсэн. ******* намайг өшиглөж дэвсэж цохиж уг гэмтлийг учруулсан. Баавгай гэж дууддаг залуу, ******* бид гурав л байсан өөр хүн байгаагүй. Майхан яриад маргахад ******* хажуунаас шууд цохиод өшиглөж дэвссэн” гэсэн мэдүүлэг /хх-17-18 дугаар хуудас/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 11-ний орой танил ******* манай гэрт ирээд хамт архи уусан, тэгээд *******ын гэрт очоод ирье гээд гарсан. Намайг гэрт хэвтэж байхад нэмж уусан бололтой *******тай хамт орж ирсэн. ******* хажууд сууж байгаад чи майхнаа харамлалаа, намайг юм өг гэвэл өгч бай за юу гээд цохисон. Тэгээд зууралдаад салсан. ******* бид хоёр луу орилоод байсан. Тэгээд ******* *******ыг хэд хэд цохисон, удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газар авч ирээд *******ыг эрүүлжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-23-******* дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн *******870 дугаартай: “*******ын биед хамар болон баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр найз ******* манай гэрт ирээд бид 0,75 хэмжээтэй Эден гэдэг архи хувааж уусан. Манай гэрээс гараад найз Бямбацогтын гэрт очоод байж байтал гэнэт ******* нь Бямбацогт руу “Чи надаас майхнаа харамлалаа, би ямар идчих юм уу” гээд дайраад эхэлсэн. Хэд хоногийн өмнө ******* Бямбацогтоос майхныг нь гуйсныг Бямбацогт байхгүй гээд хэлчихсэн байж. Гэтэл гэрт нь очиход нөгөө майхан нь байж байтал ******* түүнийг нь харчихаад уурлаад асуудал эхэлсэн. Би *******ыг салгаж болиулах гэтэл “Та нар намайг бөөрөлхлөө, барахгүй шүү” гээд орилохоор нь би *******ын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон. Удалгүй цагдаа нар ирсэн. Миний хөлд учирсан гэмтэл нь ширээ өшиглөсөн юм уу, хөлөн дээр юм унагасан уу, нэг л юм болсон гэж бодож байна. Үүнд ямар нэг санал хүсэлт, гомдол байхгүй. Би гайгүй, халамцуу байсан. ******* манайд халамцуу ирээд нэмж уусан, гэхдээ айхтар согтуу байгаагүй. Тухайн зодоон маргааны үед *******, Бямбацогт бид гурав л байсан. Бямбацогтын гэрт ямар нэг хяналтын камер байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-51-52 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу, мөн хохирогч ******* хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт тус тус гаргасан байна.

Уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эндо” зочид буудлын 1 тоот өрөөнд *******ын нүүр рүү цохиж, эрүүл мэндэд нь хамар болон баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч *******, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******870 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ын хохирогч *******ыг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хохирол, хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан түүний гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч *******ын хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн *******870 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би *******ын хохирол гэж түүний эхнэр Цэндсүрэнгийн данс руу өөрийн эхнэрийн данснаас 1,220,000 төгрөг шилжүүлсэн, мөн бэлнээр 200,000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч ******* “...Миний хохирлыг гаргаж өгсөн тул надад гомдол, санал байхгүй” гэж бичгээр хүсэлт /хх-3******* дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь уг саналыг хүлээн зөвшөөрсөн, дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш *******0 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш *******0 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА