Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2519

 

 

 

 

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/02519

Улаанбаатар хот

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                         

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М ” ХХК /-д холбогдох,

*******,*******,******* тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, орон сууцны ашиглалтын зардал 2,096,526 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э /*******/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Жадыра нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Д.Б  *******ны нутаг дэвсгэрт “М ” ХХК-ийн барьж байсан орон сууцны 65б байрны 01 тоотыг сонгож аваад урьдчилгаа 10 хувь болох 3,314,000 төгрөгийг 07 дугаар сарын 09, 14, 28-ны өдрүүдэд 3 таслаж тус компанийн Голомт банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 90 хувь болох 29,800,000 төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц санхүүжилтийн корпорациас зээлийн гэрээгээр “М ” ХХК-д шилжүүлснээр орон сууцны төлбөр бүрэн төлөгдөж дууссан. Иймээс би өөрийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар “М ” ХХК-д удаа дараа хандсан боловч надаас үндэслэлгүйгээр НӨАТ-ын татвар болон ашиглалтын зардал нэхэж уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл гаргуулж өгөхгүй байгаа билээ. Мөн тус компани орон сууц захиалан бариулах гэрээг тухайн үед нотариатаар баталгаажсан биш, хуулбарыг надад өгснөөс болж надад хүнд чирэгдэл болж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой бичиг баримтыг одоо хүртэл гаргаж өгөхгүй байна. Иймд *******,*******ы 65б байрны 01 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахтай холбоотой бичиг баримтыг “М ” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Уг баримтыг гаргаж өгөхийг тус компанид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

”Иргэн Д.Б  2011 онд “М ” ХХК-тай 1/1 гэсэн Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу “М ” ХХК нь 2012 оны 01 дүгээр сард буюу 1 жил орчмын дараа орон сууцыг барьж дууссан. Орон сууцыг барьж дууссаны дараа Улсын комисст хүлээлгэж өгөх гэсэн боловч Улсын комисс ажиллахгүй байсан. Иргэн Д.Б тай харилцан тохиролцсоны дагуу мөн иргэн Д.Б  ердийн журмаар орон сууцыг ашиглая, орон сууцандаа оръё гэсний дагуу “М ” ХХК нь нэгдүгээрт Орон сууц захиалан бариулах гэрээгээ дүгнээд, хоёрдугаарт Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хэлцэл байгуулаад Д.Б гийн өөрийнх нь хүсэлтийн дагуу орон сууцанд оруулсан. Орон сууцанд орохын өмнө Д.Б  орон сууцаа хүлээж авсан. Цэвэр ус, хэрэглээний халуун ус, хүйтэн усны тоолууртай, хэрэглээний бүхий л шугам сүлжээнд холбогдсон орон сууцыг хүлээж авсан.  Хүлээж авахдаа талууд хэлцэл хийсэн. Мөн орон сууцанд орсны дараа дараах зүйлийг хариуцана гэж  2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Б  гарын үсэг зурсан. Үүнд хэрэглэсэн цахилгаан, цэвэр ус, хүйтэн ус, дулаан, халаалт, дундын цахилгаан, дундын халаалт, хог, харуул хамгаалалт, цэвэрлэгээний зардал болон СӨХ-ийн шийдвэрийн дагуу төлнө гээд “М ” ХХК-тай хэлцэл байгуулаад орон сууцандаа орсон. “М ” ХХК-ийн барьсан орон сууцанд оршин суугчид жигдрээгүй байсан учраас “М ” ХХК СӨХ-г бүрэн хариуцаж явж байсан. Орон сууцны баримт бичгийг гаргаж өгөх боломжгүй байгаа шалтгаан бол  2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байгуулсан хэлцлийн хүрээнд оршин суусан 2 жилийн хугацаанд “М ” ХХК нь Д.Б гийн өмнөөс төлбөр төлсөн,  Д.Б  нь гэрээний үүргийг биелүүлж уг мөнгө төгрөгийг төлөөгүй тул улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөх боломжгүй” гэв.

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            “Иргэн Д.Б гаас орон сууц ашиглалтын зардал 2,096,526 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Д.Б  2011 онд “М ” ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу   *******,*******ы 65б байрны 01 тоотын 2 өрөө орон  сууцыг 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ашиглалтанд хүлээж авсан. Тухайн үед тус орон сууцыг Улсын комисс хүлээж аваагүй байсан ба иргэд ердийн журмаар ашиглая гэсэн хүсэлт гаргасны дагуу орон сууцанд оруулсан. Түүний оршин сууж байгаа 65б байрны 1 тоотын 2012 оны 02-12 сар, 2013 оны 01-12 сар, 2014 оны 1-4 сарын ашиглалтын зардал болох цэвэр ус, бохир ус, халаалт, дулаан, цахилгааны төлбөр 2,096,526 төгрөгийг манай “М ” ХХК Д.Б гийн өмнөөс төлсөн болно. Иймд манай компанийн төлсөн Д.Б гийн орон сууцны ашиглалтын зардал 2,096,526 төгрөгийг Д.Б гаас гаргуулж өгнө үү“ гэв.

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

            “Хариуцагч “М ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар нотлогдоогүй байна. 2012 оноос 2014 он хүртэлх нийт оршин суугч нарын ашиглалтын зардлын тооцооны жагсаалтыг шүүхэд гаргаж өгсөн боловч энэ нь ямар үнэ ханшаар, ямар гүйлгээ заалтыг үндэслэн сар сард нь тооцож гаргасан талаарх санхүүгийн баримтаар нотлогдоогүй байна. Яагаад гэвэл ашиглалтын зардлын тооцооны жагсаалт болон банкны жагсаалтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл энэ  ашиглалтын зардал болох цахилгаан, цэвэр ус, бохир ус, халаалт гэх мэт төлбөрийг Д.Б гийн өмнөөс төлсөн гэдэг нь санхүүгийн эх баримтаар нотлогддоггүй. Үүнтэй холбоотой Төрийн банкинд “М ” ХХК ашиглалтын зардлыг иргэн Д.Б гийн өмнөөс нь төлсөн гэдгийг нотлох санхүүгийн баримтуудыг гаргаж өгдөггүй. Д.Б гийн хэрэглэсэн ус цахилгааны баримт төлсөн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Нөгөө талаар хичнээн киловатт, хичнээн хэмжээний ус хэрэглэсэн тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Засвар үйлчилгээтэй холбоотой зардал, цэвэрлэгээ, орцны гэрэл гэж байгаа. Энэ бүх задаргаанууд нь дундын цахилгаан, баримтын төлбөр гэсэн баримтууд байна. Гэтэл баримт үйлдээд айл бүрт тоолуурын дагуу ийм хэмжээний ус хэрэглэсэн байна гэж тооцоо гаргаж өгсөн баримт байхгүй. Айлуудаар СӨХ-ийн баримт үйлдэгдэж тараагдсан зүйл байхгүй. Орон сууц хүлээлгэж өгөх протоколын ар талд СӨХ-ийн төлбөрийг төлнө гэж бичүүлж авсан байдаг. Энэ баримтыг үйлдэхдээ айл болгонтой уулзаад танайх энэ төлбөрийг төлөхгүй бол манай компани өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй гэж дарамталж байгаад гарын үсэг айл болгоноор зуруулсан. Хариуцагч тал гарын үсэг зурсан тус баримтыг үндэслээд гэрчилгээ гаргаж өгөхгүй гээд нэхэмжлэлийн шаардлага тавьсан. Харин хавтаст хэрэгт нотлох баримт болгон мөнгө нэхэмжилсэн, мөнгө тушаасан санхүүгийн нотлох баримтууд хавсаргагдсан боловч энэ нь нэхэмжлэгч Д.Б д ямар хамааралтай болох нь нотлогдоогүй байна. Уг баримтууд нь “М ” ХХК-аас Ус сувгийн удирдах газар, Цахилгаан түгээх станц, нүүрсний компаниудаас нэхэмжилсэн нэхэмжлэл, төлсөн баримтууд байгаа боловч энэ нь Д.Б гийн нэхэмжлэлд хамааралгүй байна. “М ” ХХК нь байнгын үйл ажиллагаа явуулж байгаа өөрийнх нь барьсан оффисийн, түрээсийн том барилга байгууламжтай, тус аж ахуйн нэгж нь үүндээ холбогдох байгууллагуудад төлбөрөө төлдөг. Тэгээд ч улсын комисст хүлээлгэж өгөөгүй барилга байгууламжийн ашиглалтын зардлыг аж ахуйн нэгжийн тарифаар төлдөг ба “М ” ХХК нь айл өрхүүдээс ус, цахилгааны үнийг нэхэмжлэхдээ ямар ч тоолуур заалт баримтгүйгээр аж ахуйн нэгжийн өндөр тарифаар нэхэмжилж байгаа юм. Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Ашиглалтад хүлээлгэж өгөөгүй барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтанд хүлээн аваагүй барилга байгууламжийг цахилгаан, холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтанд хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэх заалтуудаар компани өөрөө хариуцах үүрэгтэй, иргэн Д.Б  ашиглалтын зардал төлөх үндэслэлгүй юм“ гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч “М ” ХХК-д холбогдуулан *******,*******,******* тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг,

хариуцагч “М ” ХХК нь нэхэмжлэгч Д.Б д холбогдуулан******* тоотын 2012 оны 02-12 сар, 2013 оны 01-12 сар, 2014 оны 01-04 сарын орон сууцны ашиглалтын зардал 2,096,526 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

1/ Хариуцагч “М ” ХХК-д холбогдох *******,*******,******* тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн боловч “М ” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөөгүй тул тус компаниас гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж, хариуцагч нь нэхэмжлэгч Д.Б  төлбөл зохих орон сууцны ашиглалтын төлбөрийг төлөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөх боломжгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч Д.Б  болон хариуцагч “М ” ХХК нар нь 2011 оны 07 сарын 09-ний өдөр 1/1 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, “М ” ХХК нь Баянзүрх дүүргийн 17 хороонд баригдсан “Да хүрээ хотхон”-ы******* тоот, 40,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 33,129,000 төгрөгөөр худалдах, Д.Б  нь төлбөрийн 10 хувь буюу 3,312,900 төгрөгийг төлж, үлдэгдэл 90 хувь буюу 29,816,100 төгрөгийг Орон сууц санхүүжилтийн корпорацийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-35/

Зохигчид ашиглалтад ороход бэлэн болсон орон сууцны барилгыг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ..

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2011 оны 07 сарын 09-ний өдөр 1,750,000 төгрөг, 07 сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 07 сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 21-ний өдөр 63,000 төгрөг, нийт 3,313,000 төгрөгийг “М ” ХХК-ийн захирал М.Золбоотын данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй. /хх-16-18, 154/

Мөн нэхэмжлэгч Д.Б  нь Орон сууц санхүүжилтийн корпорацитай 2011 оны 08 сарын 15-ны өдөр 403465 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 29,800,000 төгрөгийг зээлж, уг мөнгийг “М ” ХХК руу шилжүүлж гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-4-6/

Зохигчид 2012 оны 01 сарын 31-ний өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, нэхэмжлэгч Д.Б  нь орон сууцыг хариуцагчаас хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн талаар маргаагүй бөгөөд харин 2012 оны 01 сарын 31-ний өдөр Гэрээ дүгнэсэн протоколоор талууд орон сууцанд орсны дараа холбогдох зардлыг  төлөх талаар хэлцэл байгуулсан, уг хэлцлээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч Д.Б  биелүүлж орон сууцны ашиглалтын зардлаа төлөөгүй тул  үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөөгүй гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу “М ” ХХК нь орон сууц, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Д.Б  нь орон сууцны төлбөрийг төлөх, орон сууцыг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

    Зохигчдын хооронд 2011 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний харилцаанд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзалын үндэслэл болох талуудын хооронд үүссэн орон сууцны ашиглалтын зардалтай холбоотой асуудал нь хамаарахгүй тул хариуцагч “М ” ХХК уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж буй нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б  нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн байх тул *******,*******,******* тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “М ” ХХК-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2/ Нэхэмжлэгч Д.Б д холбогдох******* тоотын 2012 оны 02-12 сар, 2013 оны 01-12 сар, 2014 оны 1-4 сарын орон сууцны ашиглалтын зардал 2,096,526 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Д.Б гийн төлбөл зохих орон сууцны ашиглалтын төлбөрийг тус компани төлсөн тул төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж, нэхэмжлэгч нь түүний өмнөөс төлбөр төлсөн гэдэг нь баримтаар нотлогдоогүй тул төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

Зохигчид 2012 оны 01 сарын 31-ний өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, орон сууц хүлээлцэхдээ хэрэглэсэн цахилгаан, цэвэр ус, бохир ус, дулаан, халаалт, дундын цахилгаан, дулаан, ус, хог тээврийн төлбөр, харуул хамгаалалт, цэвэрлэгээний зардал, засвар үйлчилгээний хуримтлал, СӨХ-н төлбөр зэргийг нэхэмжлэлийн дагуу тухай бүр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-12 хуудасны ар тал/

Хариуцагч “М ” ХХК нь *******,*******, 65Б байрыг 2014 оны 02 сарын 26-ны өдрийн 2014/127 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар ашиглалтанд оруулсан болох нь хэрэгт авагдсан акт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Д.Б  нь******* тоот орон сууцанд 2012 оны 01 сарын 31-ний өдрөөс амьдарсан байх ба 2014 оны 04 дүгээр сарыг хүртэл орон сууцны ашиглалтын төлбөр болон орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд төлбөр төлж байгаагүй болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь төлбөл зохих төлбөрийг төлөөгүй шалтгаанаа ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй барилгын холбогдох зардлыг хариуцагч “М ” ХХК хариуцах үүрэгтэй гэж тхйлбарласан.

Барилгын тухай хуулийн /2008 оны/ 19 дүгээр зүйлийн 19.1-д “Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Ашиглалтад хүлээлгэж өгөөгүй барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад хүлээн аваагүй барилга байгууламжийг цахилгаан, холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно” гэж заасан бөгөөд зохигчид орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй байхад ашиглах, улмаар ашиглалттай холбоотой зардлыг төлөхөөр тохиролцсон нь Барилгын тухайн хуульд заасныг зөрчсөн байна.

Хэргийн үйл баримтаар хариуцагч “М ” ХХК нь 65Б байрыг 2014 оны 02 сарын 26-ны өдөр ашиглалтанд оруулсан, нэхэмжлэгч Д.Б  нь******* тоот орон сууцанд 2012 оны 01 сарын 31-ний өдрөөс амьдарсан, тэрээр уг орон сууцанд амьдарснаас хойш цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар хангагдаж байсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь******* тоотын 2012 оны 02-12 сар, 2013 оны 01-12 сар, 2014 оны 1-4 сарын орон сууцны ашиглалтын зардал 2,096,526 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б гаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Ус сувгийн удирдах газартай байгуулсан “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”, иргэн Д.Б тэй байгуулсан “Бохир ус тээвэрлэлтийн гэрээ”, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”, мөн 2011-2014 онуудад Ус сувгийн удирдах газарт усны үнэ, шугам угаалгын төлбөр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д цахилгааны төлбөр, “Б ” ХК, “Б  илч” ХХК болон бусад этгээдэд нүүрсний үнэ тус тус төлсөн, мөн бохир соруулсны ажлын хөлс зэрэгт төлбөр төлснийг нотлох төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн баримт, банкинд төлбөр төлсөн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн. /хх-48-92, 111/

Хариуцагч “М ” ХХК нь ашиглалтанд оруулаагүй барилгад орон сууц захиалсан айл өрхийг оруулан ашиглуулсан нь тухайн компанийн буруутай үйл ажиллагаа байх боловч орон сууцтай холбогдох зардлуудыг төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Д.Б  нь орон сууцыг ашиглалтанд хүлээлгэж өгөөгүйг мэдэж байсан, ашиглалтанд оруулах хүртэл орон сууцыг ашиглаж цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар хангагдаж байсан тул түүнтэй холбоотой зардлыг төлөх үүрэгтэй, тэрээр бусдын эд хөрөнгийг ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй юм.

Хариуцагчийн шүүхэд гаргасан төлбөрийн баримтууд нь “М ” ХХК нэрээр орон сууцны хэмжээнд бүхэлд нь төлсөн төлбөрийн баримт байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б гийн 1 тоот орон сууцанд хэрэглэсэн болон хүлээн авсан засвар үйлчилгээ, халаалт, цэвэр, бохир ус, ус халаасны төлбөр, хог цэвэрлэгээ, орцны гэрэл, жижүүрийн зардлыг зааглаж тогтоох боломжгүй байна. Мөн нэхэмжилж буй төлбөрийг аж ахуйн нэгжийн тариф, суурь хураамжийн төлбөрөөр тооцсон эсэх, айл өрхийн тариф, суурь хураамжийн төлбөрөөр тооцсон эсэх нь тодорхойгүй байна. “М ” ХХК нь ханган нийлүүлэгч байгууллагуудтай аж ахуйн нэгжийн хувьд гэрээ байгуулсан байх бөгөөд тус компанийн аж ахуйн нэгжийн тариф, суурь хураамжийн төлбөрөөр тооцсон төлбөрийг айл өрхөөс уг тариф, суурь хураамжаар тооцон гаргуулах үндэслэлгүй.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг гаргуулах үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “М ” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Б д холбогдох******* тоотын 2012 оны 02-12 сар, 2013 оны 01-12 сар, 2014 оны 1-4 сарын орон сууцны ашиглалтын зардал 2,096,526 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б гийн нэр дээр *******,*******,******* тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “М ” ХХК-д даалгасугай.

2. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б гаас орон сууцны ашиглалтын зардал 2,096,526 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “М ” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,495 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч “М ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Д.ЦЭРЭНДОЛГОР