Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/676

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Н.Тайван,

шүүгдэгч Г.Гантулга,

шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Хувцагаан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тайван, Г.Гантулга нарт холбогдох эрүүгийн 2205011971392 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, ээж, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, 8-48 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 14 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух бүртгэлтэй,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 150,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 758 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Наран-Одгэрэлийн Тайван /Регистрийн дугаар: УШ96062872/,

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ногоон чулуутын 4 дүгээр гудамжны 67 тоотод оршин суух,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн, Зэлэм овогт Ганболдын Гантулга /Регистрийн дугаар: НХ96080214/,

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Х.Лхагвадоржийн хүн байнга амьдрах зориулалттай opoн байр болох Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 17-354-12 тоот нийтийн байранд байрлах гэрт нь хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн 1,300,000 төгрөгийн үнэ бүхий Real me 5G neo2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн 2-13 тоот М.Мөнхнасангийн эзэмшлийн лангуунаас 2 ширхэг куртикийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 590,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Тайван нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр

2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sway” баарны гадна Б.Мөнхтуяагийн халааснаас түүний эзэмшлийн 3,400,000 төгрөгийн үнэ бүхий Iphone 13 pro маркийн гар утсыг,

2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Теди төвийн гадна Ж.Гансанаагийн халааснаас түүний эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий Samsung S10 загварын гар утсыг,

2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс худалдааны төвөөр үйлчлүүлж байсан Т.Алтанчимэгийн халааснаас түүний эзэмшлийн 370,000 төгрөгийн үнэ бүхий Samsung A31 загварын гар утсыг,

2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Өлзий-Оршихын халааснаас түүний эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Redmi A9 загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн улмаас бусдад нийт 6,510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Гантулга мэдүүлэхдээ: “...Миний буруу. Архи ууснаас болж ийм үйлдэл хийсэн. Би барилгын компанид ажилладаг, миний өдрийн цалин 80,000-100,000 төгрөг, урд нь хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би нялх хүүхэдтэй, архи ууснаас болж ийм хэрэг хийсэн, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Тайван мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ажил хийнэ, дахиж ийм хэрэг хийхгүй” гэв.

Шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Х.Лхагвадоржийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

Хохирогч Г.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 17-354-12 тоот нийтийн байранд дүү Бүрэнтогтохын хамт амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өглөө манай дүү 06 цагт хичээлдээ явахдаа хаалга түгжилгүй явсан, би тэр үед гэртээ унтаж байгаад 11 цагийн үед сэрээд гар утсаа хайхад миний гар утас байхгүй байсан. Тэгээд хяналтын камер шалгаж үзэхэд тус өдрийн 08 цагийн үед үл таних 2 залуу манай гэрийн хаалгыг онгойлгоод ороод гарч байх нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би хулгайд алдсан гар утсаа үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 1,300,000 төгрөгийн хохирол учирсан байна” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 77-78 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хавтасны 65 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтасны 85-89 дүгээр хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-922/3438 дугаартай: “...Гар утас Realme Neo-2 5G нэг ширхэг 1,300,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2-р хавтасны 94-97 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр М.Мөнхнасангийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

Хохирогч М.Мөнхнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 20 орчим минутад би өөрийн ажлын байр болох Баянгол дүүргийн 15 дугаар хороо “Билэг их” дэлгүүрийн 2 давхарт байрлах лангуун дээрээ байж байсан. Тухайн өдөр манай лангуун дээрээс маш их хүмүүс куртик авч байсан. Тэгээд 19 цагийн орчим лангуугаа хаах гээд өөрийн лангуун дээрх куртик болон бусад бэлэн хувцсаа тоолоход 2 ширхэг куртик дутаад байсан. Улмаар лангууны ойролцоо байх хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд үл таних 20-25 насны хоёр залуу манай лангуунаас алдагдсан гэх хоёр ширхэг куртикийг аваад гарч байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Эрэгтэй хавар, намрын куртик байсан ба богино савхин эмжээртэй, хар хөх өнгийн куртик байсан, нөгөө куртик нь эмэгтэй куртик байсан ба булган захтай тэмээний ноосон дотортой хар хөх өнгийн куртик байсан. Камерт нэг залуу нь 170 см орчим өндөртэй туранхай цайвар өнгийн урт спорт загварын куртиктэй, хар гутал, цэнхэр жийнсэн өмдтэй байсан, нөгөө залуу нь 160 см орчим өндөртэй хиймэл үсэн дотортой богино куртиктэй хоёр залуу байсан” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 64-66 дугаар хуудас/,

Гэрч Г.Батзаяатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гадаа гараад машин дээр нь очиход манай хүү Тайван архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан ба би гэртээ оруулаад унтуулсан. Улмаар тухайн тээврийн хэрэгсэл дотроос гялгар ууттай зүйл олсон. Тэгээд би гайхаад тухайн гялгар ууттай зүйлийг гаргаад үзэхэд 2 ширхэг куртик байсан. Би тухайн куртикийг гэртээ аваад орсон. Маргааш өглөө нь ажилтай байсан тул тухайн 2 ширхэг куртикийг аваад өөрийн ажил руу явсан. Тухайн үед Тайван гэрт унтаад үлдсэн. Тухайн өдрийн 13 цагийн орчимд миний гар утас руу хүн залгаж эгчээ наад куртик чинь хулгайн куртик байна, та манай ажил дээр авч ирээд өгөөч гэж хэлсэн. Тухайн 2 ширхэг куртикийг аваад би Баянгол дүүрэг дэх цагдаагийн газар дээр авч ирж өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 87-88 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 45-50 дугаар хуудас/,

“Кости-эстимэйт” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн: “эрэгтэй хавар намрын шинэ куртик, булган захтай, тэмээний ноосон дотортой 1 ширхэг 395,000 төгрөг, эрэгтэй хавар намрын куртик шинэ синтафон дотортой 1 ширхэг 195,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хавтасны 93-95 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтасны 53-54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Тайвангийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр найз Гантулгатай тааралдаад бид хоёр нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд ууж байгаад бид хоёр хороолол орохоор болоод Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” нэртэй дэлгүүрт орсон. Гантулга бид хоёр тухайн дэлгүүрт куртик үзэж байгаад нууцаар аваад гарсан бөгөөд би бор өнгийн эрэгтэй куртик авсан, Гантулга нь эмэгтэй куртик аваад гарсан. Бид хоёр тухайн 2 ширхэг куртикийг авч явж байгаад гэртээ аваачаад байж байтал маргааш нь цагдаагаас залгахаар нь тухайн 2 ширхэг куртикийг буцааж өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 107-108 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянхошууны эцэст явж байтал найз Тайвантай тааралдсан. Тэгээд бид хоёр машинд нэг шил архи хувааж уугаад хорооллын Билэг их дэлгүүр рүү явсан. Билэг их дэлгүүрт 13-14 цагийн үед орсон бөгөөд Тайван бид хоёр куртик үзэж байгаад хоёр ширхэг куртик нууцаар аваад гарсан. Тэгээд тухайн хоёр куртикээ Тайвангийн машинд байлгаж байгаад буцаагаад хохирогчид нь өгсөн байгаа. Архиныхаа халуунд хулгайн гэмт хэрэг хийсэн. Намайг гэмт хэрэг үйлдэхэд хөндлөнгөөс нөлөөлсөн, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн, шан харамж амласан асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 111-112 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Тайвангийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Мөнхтуяагийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

Хохирогч Б.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sway” нэртэй баарнаас гарч ирээд өөрийн найз Амарзаяаг таксинд суулгаж өгөөд баарны баруун талд шорлог зарж байсан охиноос шорлог худалдаж авсан. Тэгээд өөрийн куртикний зүүн талын халаасанд байсан гар утсыг авах гэсэн боловч байхгүй байсан. Би хамгийн сүүлд найз Амарзаяаг таксинд суулгаад тухайн таксины улсын дугаарыг нь утсаараа зургийг нь дарж аваад халаасандаа хийсэн юм. Миний гар утас нь шаргал өнгөтэй, 128 gb багтаамжтай, ягаан өнгийн гэртэй Iphone 13 маркийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. Би тухайн гар утсыг 2021 оны 10 дугаар сард Солонгос улсад байхдаа 1,350,000 воноор худалдан авч байсан. Би одоо өөрийн гар утсыг 3,500,000 төгрөгөөр үнэлж байгаа. Миний гар утасны имей дугаар нь 351619859819239, 351619859347298 гэсэн дугаартай” гэсэн мэдүүлэг  /1-р хавтасны 12-13 дугаар хуудас/,

“Кости-эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22-15 дугаартай:  Iphone 13 pro /128 GB/ гар утас нэг ширхэг 3,400,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хавтасны 24-26 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтасны 4-5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Тайвангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед хороололд баарнаас гараад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эсвае нэртэй баарны ойролцоо шорлог идэхээр ганцаараа явж байсан юм. Тэгээд шорлог зарж байгаа хүний хажууд очиход 25-28 насны эмэгтэй хүн ойролцоо зогсож байсан бөгөөд тухайн эмэгтэйн куртикнийх нь зүүн талын халаасанд гар утас нь цухуйсан байхаар нь би өөрт нь мэдэгдэлгүй аваад такси бариад явсан. Тэгээд таксинаас буугаад тухайн хулгайлсан гар утсаа өөр такси зогсоогоод хүнд нь 200,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, өөртөө зарцуулсан. Би тухайн үед ганцаараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 36 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Тайвангийн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ж.Гансанаагийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

Насанд хүрээгүй хохирогч Ж.Гансанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагт гэрээсээ гараад 3, 4 дүгээр хороололд найзындаа очих гээд явсан. Тэгээд найзындаа байж байгаад 20 цагт гэрээс нь гарсан. Тэгээд манай найз Мөнх-Оргилсайхан намайг автобусанд суулгаж өгөх гээд бид хоёр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн автобусны буудал дээр 10 орчим минут зогссон. Тэгээд автобусны буудлын ард талын CU-руу орох гээд очиход тухайн дэлгүүр хаалттай байсан учир Өргөө кино театрын автобусны буудал руу явсан юм. Тэгээд өргөөгийн автобусны буудал дээр очоод гар утсаа алдсан гэдгээ мэдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Samsung S10 маркийн хар өнгийн гадаргуутай утас байсан” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 132-134 дүгээр хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ТХҮ-921/2918 дугаартай: “...Samsung S10 гар утас нэг ширхэг 500,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтасны 145-147 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /1-р хавтасны 120-121 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтасны 125-126 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Тайвангийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Начин заан ломбардын ойролцоо алхаад явж байхад нэг охины куртикний баруун халаасанд утас харагдахаар нь халааснаас нь утсыг нь нууцаар аваад буцаад эргээд алхсан. Тухайн гар утас нь Samsung S10 загварын утас байсан бөгөөд хохирогчид нь гар утсыг буцаан өгсөн байгаа. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд архиныхаа халуунд хулгайн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 155 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Тайвангийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Т.Алтанчимэгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

Хохирогч Т.Алтанчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд би Баянгол дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төв дотор худалдан авалт хийгээд явж байсан. Улмаар Барс худалдааны төвийн дотор байрлах В-3 лангуунаас хуванцар сав, баглаа, боодол авах гээд зогсож байсан. Тухайн лангууны худалдагч байхгүй байсан бөгөөд гар утасных нь дугаарыг мэддэг байсан болохоор өөрийн цүнхнээсээ гар утсаа гаргаад тухайн худалдагчтай ярьсан. Улмаар ярьж дуусаад би өөрийн өмсөж явсан цамцны баруун халаасанд гар утсаа хийчихсэн. Тэгээд хуванцар сав зардаг лангууны хүн ирэхэд би тухайн лангуунаас худалдан авалт хийгээд гар утсаа цамцны халаасандаа байгаа эсэхийг шалгахад миний гар утас алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 141-143 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хавтасны 114 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтасны 129-136 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн БГ1-22-230 дугаартай:  “...Samsung A31 гар утас нэг ширхэг 370,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хавтасны 147-148 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Тайвангийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б.Өлзий-Оршихын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

Хохирогч Б.Өлзий-Оршихын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүрэг 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Сэнтий нэртэй караокеноос би өөрийн найзууд болох Дашзэвэг, Саруул-Эрдэнэ, Мягмарсүрэн, Энхжин нарын хамт үйлчлүүлж дуусаад 23 цагийн орчимд гарсан. Улмаар бид нар тухайн караокеноос гараад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ардын хоршооны автобусны буудал руу алхахаар болсон. Тухайн үед би өөрийн гар утсаа өмсөж явсан куртикний зүүн халаасанд хийчихсэн байсан. Бид нар юм ярьж байгаад ардын хоршооны автобусны буудал дээр ирээд би өөрийн гар утсаа халаасандаа байгаа эсэхийг шалгахад миний халаасанд байсан гар утас алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 174-176 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтасны 180-185 дугаар хуудас/,

“Кости-эстимэйт” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн:  “...Realmi A9 гар утас нэг ширхэг 350,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хавтасны 188-190 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч Н.Тайвангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтасны 170 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хавтасны 171 дүгээр хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хавтасны 172 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хавтасны 173 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтасны 174 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Гантулгын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хавтасны 193 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтасны 194 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хавтасны 195 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтасны 200 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их
дэлгүүрийн 2-13 тоот М.Мөнхнасангийн эзэмшлийн лангуунаас 2 ширхэг куртикийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 590,000 төгрөгийн хохирол,

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 17-354 тоот хаягт байрлах нийтийн байрны 12 тоотод хууль бусаар нэвтэрч, Х.Лхагвадоржийн эзэмшлийн Realme Neo-2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч Н.Тайван нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sway” баарны гадна Б.Мөнхтуяагийн халааснаас түүний эзэмшлийн 3,400,000 төгрөгийн үнэ бүхий iPhone 13 pro загварын гар утсыг,

2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Теди” төвийн гадна Ж.Гансанаагийн халааснаас түүний эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий Samsung S10 загварын гар утсыг,

2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барс” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан Т.Алтанчимэгийн халааснаас түүний эзэмшлийн 370,000 төгрөгийн үнэ бүхий Samsung A31 загварын гар утсыг,

2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Өлзий-Оршихын халааснаас түүний эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Redmi 9A загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлсан үйл баримт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч М.Мөнхнасан, Х.Лхагвадорж, Б.Мөнхтуяа, Ж.Гансанаа, Т.Алтанчимэг, Б.Өлзий-Орших, гэрч Г.Батзаяат нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан идэвхтэй үйлдлийг хэлэх бөгөөд хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй орон зай ба уг газарт хууль бусаар нэвтрэхийг ойлгоно.

Тодруулбал, орон байранд нэвтрэх гэдэгт түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, онгорхой байхад нь сэм орох зэрэг аргаар нэвтрэн орсныг хэлдэг.

Шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нар  бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 17-354 тоот хаягт байрлах нийтийн байрны 12 тоотод гэрийн эзэн Х.Лхагвадоржийг унтаж байхад нь сэм орж түүний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нар өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

Иймд шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлон хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Гантулгын Н.Тайвантай бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад 1,890,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Н.Тайвангийн ганцаараа болон Г.Гантулгатай бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад 6,510,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Тодруулбал, хохирогч М.Мөнхнасанд 590,000 төгрөгийн, хохирогч Х.Лхагвадоржид 1,300,000 төгрөгийн, хохирогч Б.Мөнхтуяад 3,400,000 төгрөгийн, хохирогч Ж.Гансанаад 500,000 төгрөгийн, хохирогч Т.Алтанчимэгт 370,000 төгрөгийн, хохирогч Б.Өлзий-Оршиход 350,000 төгрөгийн тус тус хохирол учирсан болох нь эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт болон хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон.

Шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нар бүлэглэн “Билэг” их дэлгүүрийн 2-13 тоот лангуунаас хулгайлан авсан 590,000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 ширхэг куртикийг хохирогч М.Мөнхнасанд биет байдлаар /1-р хавтасны 54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Тайван хохирогч Ж.Гансанаагийн халааснаас хулгайлан авсан 500,000 төгрөгийн үнэ бүхий Samsung S10 загварын гар утсыг хохирогчид биет байдлаар /1-р хавтасны 126 дугаар хуудас/ тус тус буцааж өгсөн байна.

Мөн шүүгдэгч Н.Тайван нь хохирогч Б.Мөнхтуяад учирсан 3,400,000 төгрөгийн хохирлоос 2,350,000 төгрөг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан /1-р хавтасны 240, 241, 2-р хавтасны 01 дүгээр хуудас/ баримтаар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Гантулга нь хохирогч Х.Лхагвадоржид 650,000 төгрөг, шүүгдэгч Н.Тайван нь хохирогч Б.Мөнхтуяад 1,050,000 төгрөг, хохирогч Х.Лхагвадоржид 650,000 төгрөг, хохирогч Т.Алтанчимэгт 370,000 төгрөг, хохирогч Б.Өлзий-Оршиход 350,000 төгрөг тус тус нөхөн төлсөн нь банкны баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Тайванд 2 жил 06 сар хорих ял, шүүгдэгч Г.Гантулгад 2 жил хорих ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгч нарын өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Хэдийгээр шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нар урьд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч нарын урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь тэдний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нар хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Тайванд 1 /нэг/ жил 08 /найм/ сар хорих ял, шүүгдэгч Г.Гантулгад 1 /нэг/ жил 03 /гурав/ сар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, 2205011971392 дугаартай хэрэгт 2205000000141, 2205012001393, 2205012761395 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Гантулгын цагдан хоригдсон 18 хоногийг, шүүгдэгч Н.Тайвангийн цагдан хоригдсон 126 хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Тайванд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Наран-Одгэрэлийн Тайван, Зэлэм овогт Ганболдын Гантулга нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Тайванг 1 /нэг/ жил 08 /найм/ сар хорих ял, шүүгдэгч Г.Гантулгыг 1 /нэг/ жил 03 /гурав/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тайвангийн цагдан хоригдсон 126 /нэг зуун хорин зургаа/ хоногийг, шүүгдэгч Г.Гантулгын цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Г.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, 2205011971392 дугаартай хэрэгт 2205000000141, 2205012001393, 2205012761395 дугаартай хэргийг нэгтгэсэн, шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тайван, Г.Гантулга нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НЯМДАВАА