Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/677

 

       

 

 

 

 

 

 

2022             09          07                                     2022/ШЦТ/677

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч Т.Жавхлантөгс өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Жавхлантөгсөд холбогдох эрүүгийн 2205000001706 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 13-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 18-90 тоотод оршин суух, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 132 тоотод оршин суух бүртгэлтэй,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих шийтгэж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 147 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 cap хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийг хурааж, 10 жил 6 сар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 09 сар 17 хоног хорих ялын зарим болох 4 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон, Сартуул овогт Төмөрбаатарын Жавхлантөгс /Регистрийн дугаар: ТИ85031370/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.Жавхлантөгс нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүннарангийн 18-01 тоот хашаан дотор Д.Сумъяабазарын биед халдаж баруун 10 дугаар хавирганы хоёрлосон зөрүүтэй, 9, 11 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун уушгины эдийн голомтлог няцрал, бүрэн бус авчилт, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт, цээжний зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй, зүүн хоншоор ясны далд хугарал, зүүн хацар, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 7 дугаар шүдний сулрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Жавхлантөгс мэдүүлэхдээ: “...Хохирогчид шаардлага тавихаар очсон. Тэгтэл чи давраад байгаа шүү, гараад ир гэсэн. Би дагаад гартал өөрөө боож аваад өргөсөн. Би 2-3 лааз пиво уусан байсан. Өмнө нь энэ хүнтэй маргалдаж байгаагүй. Би чулуугаар сийлбэр хийдэг, сард 3,000,000 орчим төгрөг олдог. Намайг хананд шахаж боосон, би эрүү рүү нь цохисон, гэдэс рүү нь тохойлдож унагаагаад дэвссэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 18-01 тоот хашаанд байх нийтийн байрны 05 тоот гэрээсээ бие засах гэж гадаа нойл руу гарсан. Энэ үед 4 тоотод оршин суух Дагийхүүгийн хамтран амьдрагч Жаагий гэж дууддаг Жавхлантөгс миний араас гадаа гарч ирээд намайг шууд ална гэж хоолойноос заамдаж боож, толгой, цээж хэсэг рүү гараараа цохиж газар унагаж цээжин дээрээс өвдөглөж зодсон. Энэ үед би юу болсон талаараа сайн санахгүй ухаан санаа балартсан байсан. Намайг сэрэх үед би амьсгалж чадахгүй цээж хөндүүрлэн өвдөж гэртээ арай гэж ороод түргэн дуудаж гэмтлийн эмнэлэг орж эмчилгээ үйлчилгээ авсан. Тухайн өдөр би найз Тунгалаг гэх эмэгтэйн хамт найзындаа очиж хүнс авч найз нөхөдтэйгөө ганц нэг архи ууж байгаад хүнсээ авч гэртээ ирсэн юм. Гэртээ ирээд байж байхад 6 тоотод суух айлын хүн хана нүдэж юм хийгээд байхаар нь би боль амармаар байна гэж хэлсэн. 6 тоотод хүн суудаггүй байсан юм, тэгтэл байр хариуцдаг Дагийхүү албаар хүн оруулж хана нүдэж 22 цаг болж хүн амрах үед амраахгүй байсан болохоор энэ талаар нь Жаагий тэр хоёрт хэлж шаардлага тавьсан. Тэрнээс болж Жаагий намайг зодсон гэж би бодох болсон, өөрөөр намайг зодох шалтгаан бол байгаагүй. Намайг Жаагий цамцны захнаас хоолой боож гараараа цээж рүү цохиж газар унаган дээрээс өвдөглөж миний хавирга хугалсан. Намайг гараараа цохиж дээрээс өвдөглөсөн. Тухайн үед миний ухаан санаа балартсан, тэгээд би юмаар цохиод байна гэж бодсон, тэгсэн үгүй байсан. Би гэмтлийн эмнэлэгт зургаа хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Нийт надад 1,000,000 орчим төгрөг хохирол учирсан байх гэж бодож байна. Надад нэхэмжлэх зүйлгүй, Жавхлантөгс бид хоёр уулзаж учир зүйгээ олж эвлэрсэн, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-11-12 дугаар хуудас/,

Гэрч Д.Дагийхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 22 дугаар хороо 18-90 тоотод байх нийтийн байрны 4 тоотод 2012 онд анх орж тэндээ амьдарч эхэлсэн. Амьдарч байх хугацаанд Жавхлантөгс гэх залуутай танилцаж хамтдаа амьдраад одоо таван жил болж байна. Манай нийтийн байрны 05 тоотод Сумъяа гэх хүн намайг ороод cap болсны дараа орж байсан. Тухайн үед Сумъяа Цэвэлээ гэх хүүхэнтэй амьдарч байгаад хоёр жилийн дараа салсан. Тэр үеэс хойш намайг хэл амаар доромжилж, гичий янхнаар дуудах болсон. Би хамтран амьдрагч Жавхлантөгстэй нийлснээс хойш бүр их доромжилж эхэлсэн. Тэр ч байтугай Жавхлантөгсийн ээжид хүртэл намайг энэ нийтийн байрны эр болгонтой нөхцөж явдаг талаар хэлж ярьсан байсан. Сумъяа нь долоо хоног бүрийн хоёр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи уусан үедээ их муухай авиртай болж хэл амаар доромжилж хэлэхгүй муухайгаар хэлж ярьдаг. Мөнгө төгрөг өгье миний доодхыг хөхчих гэж хүртэл хэлж намайг их муухайгаар доромжилж байсан удаатай. Сумъяа гэх хүн манай нөхөр Жавхлантөгсөд зодуулсан гэсэн, би зодуулж байхыг нь хараагүй. Тэр өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сумъяа согтуу өрөөндөө нэг эмэгтэйтэй хэрүүл маргаан хийгээд орилж хашгираад байхаар нь нөхөртэйгөө хамт орж одоо та унтаж амарчих гэж хэлж ярьсан. Сумъяа бид хоёрын өөдөөс хэрүүл хийж хараагаад байсан. Би Жавхлантөгсийг одоо хоёулаа өрөөнөөс гарч амаръя гэж хэлээд гарсан. Тэгээд гэртээ байж байхад Сумъяа манай хаалгыг онгойлгож Жавхлантөгсийг гаръя гэж хэлсэн. Жавхлантөгс гарч яваад удаагүй дүү Отгонтөгс орж ирээд за унтаж амаръя гэж хэлж бид нар ч унтлаа гэж хэлээд унтаж амарсан, ийм зүйл болсон юм” гэсэн мэдүүлэг /хх-18-19 дүгээр хуудас/,

Гэрч О.Баттөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад манай дунд ах надад Жавхлантөгс ах нэг хүнтэй маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарч хашаан дотор байх 00 орчим очиход Жавхлантөгс ах Сумъяа ах хоёр маргалдаад нэгийгээ заамдаж барьсан зогсож байсан. Би боль гэж хэлээд ахыг Сумъяагаас татаж салгах үед Жавхлантөгс ах тохойгоороо Сумъяагийн цээж хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан, тэгээд ахыг дагуулж шууд гэртээ орсон” гэсэн мэдүүлэг /хх-26-27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7286 дугаартай: “Д.Сумъяагийн биед баруун 10 дугаар хавирганы хоёрлосон зөрүүтэй, 9, 11 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун уушгины эдийн голомтлог няцрал, бүрэн бус авчилт, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт, цээжний зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй, зүүн хоншоор ясны далд хугарал, зүүн хацар, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 7 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-35-36 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Жавхлантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой 22 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 18-01 тоот нийтийн байранд хамт амьдардаг Сумъяа гэх ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэртээ буюу нийтийн байрны 5 тоотод дуу чимээ гаргаад байхаар нь би хаалгыг нь цохиж та чимээ гаргахаа болио гэж хэлэхэд чи юугаа хуцаад байгаа юм, дандаа намайг адлаад байна уу, намайг уух болгонд чи дандаа хаалга үүд балбаж байдаг гэж хэлсэн. Би нийтийн байрыг хариуцан ажиллаж байгаа учир архи уусан хүн бүрд чимээгүй байх талаар хэлдэг юм. Тэр зарчмаар би Д.Сумъяа ахад өөрийн шаардлага тавьсан. Д.Сумъяа ах үгийн зөрүүгүй уурлаж, гараад ир чамтай алалцана гэж хэлсэн. Би тэгээд араас нь байрнаас гарч нойлын тэнд очиход намайг заамдаж аваад мөргөсөн, тэр үед нь би түлхэж холдуулж дүү ирэхээр нь хоёр удаа тохойгоор тохойлдож ёворч тэгээд гэртээ орсон ийм зүйл болсон. Би учирсан хор хохирлыг барагдуулсан. Хохирогчтой эвлэрсэн, гомдол санал байхгүй гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-58-59 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58 дугаар хуудас/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-59 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-60 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-61 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Т.Жавхлантөгс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлт, хохирогч Д.Сумъяа шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ тус тус бичгээр гаргасан тул шүүгдэгч Т.Жавхлантөгсөд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч Т.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Т.Жавхлантөгс нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 18-01 тоот хашаан дотор Д.Сумъяагийн биед халдаж, нүүр, цээж хэсэгт цохих, тохойлдож өвдөглөсний улмаас түүний эрүүл мэндэд баруун 10 дугаар хавирганы хоёрлосон зөрүүтэй, 9, 11 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун уушгины эдийн голомтлог няцрал, бүрэн бус авчилт, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт, цээжний зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй, зүүн хоншоор ясны далд хугарал, зүүн хацар, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 7 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Д.Сумъяа, гэрч Д.Дагийхүү, О.Баттөгс нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7286 дугаартай шинжээчийн дүгнэлт, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Жавхлантөгсийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн зарим хэсэгт, мөн тогтоох хэсэгт хохирогч Д.Сумъяагийн нэрийг Д.Сумъяабазар гэж ташаа бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч Д.Сумъяагийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүнд хохирол нь шүүгдэгч Т.Жавхлантөгсийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Жавхлантөгс нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хохирол, хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.Жавхлантөгсийн хүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлон хуульчилжээ.

Хохирогч Д.Сумъяа нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд бичгээр хүсэлт гаргасан хэдий ч уг гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзан цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Жавхлантөгсөд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Жавхлантөгсийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Т.Жавхлантөгс нь урьд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Шүүгдэгч Т.Жавхлантөгсөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, хохирогчийн гомдол, саналгүй талаарх хүсэлт зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн хүрээнд, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жавхлантөгсийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Т.Жавхлантөгсийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.Жавхлантөгс нь цагдан хоригдсон хугацаагүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт Төмөрбаатарын Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жавхлантөгсийг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жавхлантөгсөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.Жавхлантөгс нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Сумъяа нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Жавхлантөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НЯМДАВАА