| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2022/0279/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/596 |
| Огноо | 2022-08-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч С.Ууганбаяр,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Бямбацогтын Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000338 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ерөнхий боловсролын ...сургуулийн 12б ангийн сурагч, ам бүл 2, эхийн хамт, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бямбацогтын М /РД:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Шинэ тэрэг плаза төвийн 4 давхарт үйл ажиллагаа явуулах биллъяардны төв дотор найз Б.Атай “биллъяардны дүрмээс болж маргалдан” улмаар түүний эрүү хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүү ясны хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
1.Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
2.Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ тэрэг плаза төвийн 4 давхарт байрлах биллъяарданд ангийн найзуудтайгаа цуг тоглож байхад М, Түвшинжаргал хоёр орж ирээд цуг тоглож байгаад М бид хоёр биллъяардны дүрмээс болж маргалдсан чинь миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж авсан юм. Би цохиулчхаад хэсэг байж байгаад очоод чи найзыгаа цохиж байгаа юм уу гэсэн чинь дахиад зүүн шанаа хэсэгт цохиж авсан бөгөөд би газар унасан, толгой эргээд манарсан байгаа юм. Тэгээд би нэг мэдсэн чинь 00-ын өрөөнд ороод цусаа угааж байсан бөгөөд Түвшинжаргал нарын хамт эмнэлэг явсан чинь хаасан байсан болохоор гэртээ харьсан юм. Миний толгой, шүд, эрүү өвдөөд байх шиг болохоор нь ээжийнхээ хамт 03 дугаар сарын 07-нд эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эрүү хугарсан байсан юм. Ингээд манай ах цагдаад очиж өргөдөл өгсөн юм. Намайг М гараараа 2 удаа цохиж гэмтэл учруулсан байгаа юм. Хяналтын камерын бичлэг дээр харагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 12-13 дахь тал),
3.Гэрч Б.Эрдэнээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ тэрэг плаза төвийн 4 давхарт биллъяард тоглож байгаад ангийнхаа Мд хоёр удаа цохиулан эрүү хэсэг нь хугарсан одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хагалгаанд орох гэж байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Эрүү хэсэг нь хугарсан тул эрүүний хагалгаанд орох гэж байгаа. Хяналтын камерын бичлэгийг авсан бөгөөд Мөнх- Оргил нь миний дүүг хоёр удаа гараараа маш хүчтэй эрүү хэсэгт нь цохиж унагааж байсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 16 дахь тал),
4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 3965 дугаар “...Б.Агийн биед эрүү ясны хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
5.Яллагдагчаар Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би найз Агийн биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Би баримтын хэмжээнд хохирлоо барагдуулах болно. Амарзаяагийн эмнэлэгт хэвтсэн 502.000 төгрөгийг төлсөн байгаа. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсаж байгаа. Намайг хэл амаар доромжлоогүй бол өнөөдөр ийм асуудал болохгүй байх байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
6.Өргөдөл, гомдол бичгээр (хавтаст хэргийн 3 дахь тал),
7.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
8.Хохирогч баримт (хавтаст хэргийн 38-43 дахь тал),
9.Хохирол төлбөр барагдуулсан талаарх дансны хуулга (хавтаст хэргийн 45 дахь тал),
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, сургуулийн тодорхойлолт, анги удирдсан багшийн тодорхойлолт (хавтаст хэргийн 47-51, 53-54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одонтуяа эмнэлгийн нэхэмжлэлийн дагуу хохирол барагдуулж авах тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 57 дахь тал), хохирол төлбөрт 387.000 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 60 дахь тал), хохирогчийн Цу-Эрдэнэ эмнэлэг, Mobio эмнэлэг, Монос эмийн сан, Цу-Эрдэнэ эмнэлгийн /эрүүлжүүлэх физик эмчилгээний үйлчилгээ/ зэрэг нийт 3.952.300 төгрөгийн баримт бүхий хохирлыг шүүгдэгч Б.М төлсөн талаарх дансны хуулга (хавтаст хэргийн 61-66 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Шинэ тэрэг плаза” төвийн 4 давхарт үйл ажиллагаа явуулах биллъяардны тоглоомын газарт найз Б.Атай “биллъяардны дүрмээс болж маргалдан” улмаар түүний эрүү хэсэгт гараараа 2 удаа цохиж, эрүү ясны хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Мын хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай хохирол учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.А, гэрч Б.Эрдэнээ нарын мэдүүлэг, шинжээчийн 3965 дугаар дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяагийн “...Моос 1,950,000 төгрөгийг дансаар хүлээж авсан. Гомдолгүй, цаашид гарах зардлыг нэхэмжилж авах хүсэлтэй байна...” гэсэн гар бичвэрийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул түүний энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Мын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...19 настай, эхийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мд 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Б.Мыг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
lll. Бусад асуудлаар:
Б.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Бямбацогтын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.Мыг оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.
4.Б.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5.Хохирогч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээ
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Мд сануулсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР