| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/03144/и |
| Дугаар | 2607 |
| Огноо | 2018-08-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2607
| 2018 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2018/02607 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х /-д холбогдох,
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардал 402,400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Б.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Н ” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 232 дугаар гэрчилгээ авсан бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хураан авч банкин дахь харилцах дансанд төвлөрүүлэн ажилладаг. Б.Х нь 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд 2017 оны 01 сараас гэж бичсэн нь техникийн алдаа болсон, 16 сарыг 20 сар гэж андуурсан байна. Иргэн Б.Х гаас сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарын төлбөр 402,400 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Б.Х би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын Цагаанхуран хотхоны 88Б байрны 104 тоотод тус байр анх ашиглалтанд ороход нь буюу 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс хойш амьдарч байгаа. Тус байрны бүх иргэдийн хурлыг хэдийд зарлаж хуралдуулдаг нь тодорхойгүй, нэг л мэдэхэд хуралдаад дууссан, иргэд идэвхитэй оролцоогүй гэдэг бөгөөд хурал хүчин төгөлдөр бус байхад СӨХ-н мөнгийг сайн дураараа тогтоож, үйл ажиллагаагаа ил тод тайлагнахгүй хууль зөрчдөг гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тодорхой үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, Н нэртэй СӨХ хэзээ, хэдэн хувийн ирцтэй хурлын үндсэн дээр байгуулагдсан нь тодорхойгүй. СӨХ-н төлбөрийг ямар үндэслэлээр 25,150 төгрөгөөр тогтоосон нь тодорхойгүй. Нэхэмжилж байгаа үнийн дүнгийн задаргаа ойлгомжгүй, зарим төлбөр нь хууль бус байна. Тус төлбөрийг нэхэмжилсэн иргэнд ирдэг төлбөрийн баримтын задаргаанд дараах 5 төлбөр л байдаг. Засвар үйлчилгээ 0 төгрөг, хог 3000 төгрөг, лифт 6000 төгрөг, цэвэрлэгээ 5000 төгрөг, үйлчилгээний хураамж 150 төгрөг буюу нийт 14,150 төгрөгийн задаргаа ирдэг. Ийнхүү сар бүрийн төлбөр 25,150 төгрөгийн үнийн дүнтэй таардаггүй. Нэхэмжлэлээс 6000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай СӨХ-н төлбөрт удирдлагын зардал гээд сар бүр 6000 төгрөг бичигддэг. Энэ 6000 төгрөг нь юунд зарцуулагддаг нь тодорхойгүй. Надаас нийт 402,250 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд тус төлбөрөөс 2017 оны 1, 2 дугаар сард нийт 50,150 төгрөгийг төлсөнийг хасч тооцоогүй байна. Иймд сар бүрийн төлбөрөөс 14,150 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үндэслэлгүйгээр нэхэмжилсэн бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. СӨХ нь иргэдийн зөвшөөрөөгүй төлбөрийг хүчээр хууль бусаар авах эрхгүй юм. Би СӨХ-н даргатай хоёр удаа уулзсан, СӨХ-н төлбөрөө төлнө гэдгээ хэлсэн. Иргэний үүргээ мэдэж байна. Оршин суугч бүр санал хэлэх эрхтэй гэсэн утгаар би санал дэвшүүлсэн, түүнийг шийдээгүй. Шийдэх хүртэл хугацаагаар СӨХ-н төлбөрийг төлөхийг зогсоосон. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл дээр 145 айл байхаас 73 айл ирсэн гэж бичигдсэн. Гэтэл 219 хүний гарын үсэг зурагдсан байна. Хурлын тэмдэглэлийн байдлаас харахад зөрчилтэй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хурал дээр СӨХ-н төлбөрийг дээд тал нь 28,000 төгрөг байна гэж хэлэлцсэн болохоос биш яг 25,150 төгрөг дээр зөвшилцсөн тохирсон зүйл байхгүй. Н СӨХ-н 2016, 2017 оны үйл ажиллагааны тайлантай танилцсан. 2016 оны тайлан буюу хүмүүсийн хэлсэн тайлбарыг дээр доор нь оруулаад 2017 оны тайлан болгосон байна. Иймд хүчин төгөлдөр бус гэж үзээд 2017 оны шийдвэрийг хүчингүй гэж тооцно. СӨХ-н нэг сарын төлбөр 25,150 төгрөг гэсэн, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н ” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Х д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 402,400 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 88А, 88Б, 88В байрны оршин суугчдын хурлын тогтоолоор “Н ” Сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн, дүүргийн Засаг даргаас 2016 оны 03 сарын 17-ны өдөр 232 дугаартай гэрчилгээ олгогджээ. /хх-3/
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь ....дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө”, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан.
Хариуцагч Б.Х нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090812 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 88Б байрны 104 тоот, 37 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000611312 тугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд орон сууцны өмчлөгчийн хувьд дээр дурдсан хуульд заасны дагуу өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацааны 16 сарын төлбөрт 402,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөрийг тогтоосон бүх гишүүдийн хуралд оролцоогүй, уг хурал нь хууль бус ирцтэй хуралдсан тул шийдвэр нь хүчин төгөлдөр бус, мөн нэхэмжилж буй төлбөрийн удирдлагын зардал 6000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагаас сард төлөх төлбөрийн 14,150 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх боломжтой гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг зохицуулсан ба 9.1-д “Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т “бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан тул хариуцагч Б.Х нь “Н ” Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хуралд суугаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах үндэслэл болохгүй юм.
“Н ” Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаас тогтоосноор орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд хог 3000 төгрөг, цэвэрлэгээ 5000 төгрөг, харуул хамгаалалт 5000 төгрөг, лифт 6000 төгрөг, засвар үйлчилгээ 3000 төгрөг, удирдлага аж ахуйн зардал 6000 төгрөг, нийт 28,000 төгрөг, энэ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлын дээд хэмжээ байхаар шийдвэрлэсэн байх бөгөөд тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2016 оны 04 сарын 13-ны өдрийн тогтоолоор бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал болох 28,000 төгрөгийг 1-3 дугаар давхрын айлуудынх 19,150 төгрөг, 4-12 дугаар давхрын айлуудынх 25,150 төгрөг байхаар тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.9-д зааснаар Удирдах зөвлөлд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийгджээ.
Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаас тогтоосноор орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг 28,000 төгрөгөөр тогтоосон талаар маргаагүй бөгөөд уг зардлын хэмжээг бууруулж 25,150 төгрөг болгох талаар зөвшилцөөгүй тул хууль бус гэж маргаж байх боловч уг төлбөрөөс удирдлага аж ахуйн зардал 6000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бусад зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Б.Х нь 2017 оны 01, 02 сард орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 25,150 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагч сууц өмчлөгчийн хувьд үүргээ биелүүлж байсан болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч Б.Х болон 88Б байрны 104 тоотод оршин суугчид нь нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй, холбогдох үйлчилгээг аваагүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэр, хурлын ирц, холбооны Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг төлөхөөс татгалзаж буй нь үндэслэлгүй юм.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Хариуцагч Б.Х нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1 сард 25,150 төгрөгийг төлөх үүрэгтэй байх бөгөөд 2017 оны 03 дугаар сараас төлбөл зохих төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Н ” Сууц өмчлөгчдийн холбоо нь нийт 16 сарын төлбөрт 402,400 төгрөгийг хариуцагч Б.Х гаас гаргуулахаар шаардах эрхтэй.
Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Б.Х нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 88Б байрны 6 дугаар давхарын 104 тоот орон сууцны өмчлөгчийн хувьд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх талаарх хуулиар ногдуулсан үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Б.Х гаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарын зардалд нийт 402,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д заасныг баримтлан хариуцагч Б.Х гаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 402,400 /дөрвөн зуун хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 12,722 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР