Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0463

 

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0463

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Ш" ХХК /

Хариуцагч: СХДЗД

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгчээс гаргасан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг СХДЗД-д даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Нийслэлийн Засаг даргад энэхүү асуудлаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хандсан ба гомдлынхоо хариуг эмчилгээ хийлгэх өдрөөсөө өмнө буюу 2020 оны 10 дүгээр сарын 28-ны өдөр очин уулзахад таны гомдлыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн байгаа газар эзэмших эрхийг сунгах дүүргийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулан ажиллаж байгаа гэх хариуг өгсөн билээ.

Үүний дараа эрүүл мэндийн шалтгаан болон хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор дүүргийн газрын алба ажиллаагүй тул холбогдох Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын мэргэжилтэнтэй нь биеэр уулзаж чадаагүй ба хорио цээрийн шийдвэр цуцлагдсаны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр уулзаж манай газар эзэмших эрхийг сунгасан шийдвэр хэзээ гарах талаар тодруулахад удахгүй гарна гэж хариулж байсан атлаа 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж ойлгогдохоор хариуг ирүүлсэн.

Үүнийг Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлын хариу, мөн сонсох ажиллагаа гэж тайлбарласан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгдсэн гэж үзэж байна. Учир нь Нийслэлийн Засаг даргаас иргэн миний гаргасан гомдлыг тухайн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, түүний харьяа Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн тул энэхүү ажиллагааг хийгдсэн гэж тооцох боломжтой гэж үзэж байна.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар албан бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан гаргаж байна.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд: Манай компани нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах 10 га газрыг хүүхдийн зуслангийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20*** оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар шийдвэрээр эзэмших эрхтэй болж иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 20*** оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, *** тоот гэрчилгээг мөн авсан байдаг.

Уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусах байсан ба үүнийг сунгуулахаар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №*** дугаар албан бичгээр хандсан байдаг.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөөгүй тул энэ тухай гомдлоо Нийслэлийн Засаг даргад гаргасан боловч дээр дэлгэрэнгүй дурдсанаар хугацааг сунгах захирамж төлөвлөгдөж байгаа гэсэн боловч хүсэлтийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг гаргаснаас болж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах гэж заасан эрхийг үндэслэлгүйгээр зөрчсөн.

Манай компанийн хувьд Газрын тухай хууль, гэрээнд заасны дагуу үйл ажиллагаа явуулж, зориулалтын дагуу ашиглаж ирсэн бөгөөд газар дээрээ бетонон хашаа барьж төв аймгийн эрчим хүчний шугамаас иргэн Д*******тэй хамтран эрчим хүч татаж холбох ажлыг эхлүүлж гэрээ байгуулсан, бохирын ус болон худаг гаргах ажлын гэрээ байгуулагдсан, зарим барилгын суурийн ажлууд хийгдсэн байгаа бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн бодитоор хүүхдийн зуслан тэр дундаа тахир дутуу хүүхдүүдэд зориулсан тэдний эрүүл аюулгүй орчинд амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх, найз нөхөдтэй болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн Монгол улсдаа шинэлэг төслийг хэрэгжүүлэх шат дараатай ажлуудыг хийж гүйцэтгэж байхад ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөс гадна хөрөнгө оруулагч, хамтран ажиллахаар гэрээ байгуулсан аж ахуй нэгж, иргэдийн эрх мөн давхар зөрчигдөж төлөвлөсөн үйл ажиллагаа зогсох, хөрөнгө оруулалтгүй болох зэрэг томоохон эрсдэлийг бий болгож өнөөгийн энэхүү өвчин зовлонтой, эдийн засгийн хүнд байдалтай байгаа цаг үед давхар давхар сөрөг үр дагаврыг бий болгож байгаа тул цаг алдалгүй энэхүү асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа билээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш *** хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана.

Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж заасны дагуу шийдвэрээ гаргах ёстой байтал өнөөдрийг хүртэл зохих шийдвэрийг гаргахгүйгээр хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул зөрчигдсөн эрхийг маань хамгаалж нэхэмжлэгчээс гаргасан Нэхэмжлэгчээс гаргасан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Согинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй эахиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ш ХХК нь 20*** оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот захирамжийг үндэслэн, нэгж талбарын *** дугаарт 100000 м2 газрыг Хүүхдийн зуслангийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтэд 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Ш  ХХК-аас Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн 17 тоот албан бичгийг судалж үзээд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.

Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 40.1.6 /Xүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-д заасны дагуу эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа"-г зохион байгуулж. байгааг албан бичгээр мэдэгдсэн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан зүйлгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Ш ХХК-нь Нэхэмжлэгчээс гаргасан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг СХДЗД-д  даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20*** оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтэд байрлах 100000 м2 газрыг Ш ХХК-д 5 жилийн хугацаатай хүүхдийн зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Сонгионхайрхан дүүргийн Өмч газрын харилцааны алба болон Ш ХХК-ийн хооронд 20*** оны 10 дугаар сарын 12-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 5 жилийн хугацаатай байгуулагдсан байх ба уг гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусахаар байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:, 37.2-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш *** хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ. гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн огноотой Газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад болон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан байх ба Ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаас[1] үзэхэд уг хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээж авсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Манай хүсэлтэд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул энэ тухай гомдлоо Нийслэлийн Засаг даргад гаргасан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлыг Нийслэлийн Засаг даргаас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн болох нь Ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаар[2] нотлогдож байна.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Ш  ХХК-д хүргүүлсэн Хариу хүргүүлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот албан бичигт ...Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн судалгааг гарган ... хүчингүй болгохоор ажиллаж байна. Иймд танай байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч нь манай хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, хариу өгөөгүй тул эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ, манай Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан гомдлыг Нийслэлийн Засаг даргаас дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн учир тус албаны Хариу хүргүүлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот албан бичиг гарсан гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүйг хариуцагч гаргасан гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд ...Манай компанийн хувьд Газрын тухай хууль, гэрээнд заасны дагуу үйл ажиллагаа явуулж, зориулалтын дагуу ашиглаж ирсэн бөгөөд газар дээрээ бетонон хашаа барьж Төв аймгийн эрчим хүчний шугамаас иргэн н.Д*******тэй хамтран эрчим хүч татаж холбох ажлыг эхлүүлж гэрээ байгуулсан, бохирын ус болон худаг гаргах ажлын гэрээ байгуулагдсан, зарим барилгын суурийн ажлууд хийгдсэн байгаа, агуулахын барилгыг барьж дуусгасан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ш ХХК-нь бетонон хашаа, барилгын суурь болон Агуулахын барилга барьсан болох нь маргаан бүхий газарт очиж бодит байдалтай танилцсан шүүхийн үзлэг, уг үзлэгийн фото зургууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн агаар сансрын зураг, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн болон 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээнүүд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ш ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараахь эрхтэй:, 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах; гэж тус тус заасан байна.  

Дээрх үйл баримтууд, хуулийн зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх буюу газар эзэмших эрхийн гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот албан бичиг үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч Ш  ХХК-ийн гүйцэтгэх захирал нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэндийн шалтгаантай, эмчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш  ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг СХДЗД-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 

 

 

 

 

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас