Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 118

 

                   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Одонтуул  даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

           улсын яллагч Б.Энхтуул,

           хохирогч О.Сүнжидмаа, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорол,

шүүгдэгч Б.Хэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Хэрлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 2357 дугаар хэргийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, архитектур мэргэжилтэй, “Цамхаг констракшин” ХХК-д салбар хариуцсан албаны дарга ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 95 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ХГ78040770 дугаартай,  Хатигин овогт Батбаярын Хэрлэн.

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Хэрлэн нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх  дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч О.Сүнжидмааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Хэрлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 6 дугаар сарын 09-ний өглөө хүүгээ харах гээд О.Сүнжидмаагийн гэрт байсан. Тухайн үед надаас 150.000 төгрөг гуйхаар нь “одоо надад мөнгө байхгүй байна, уржигдар чамд 100.000 өгсөн” гэж хэлэхэд хэрүүл эхэлсэн. Тэгээд би “хэрүүлтэй байж чадахгүй, явлаа” гэхэд Сүнжидмаа хаалгаа түгжээд Оогий буюу Одгэрэл ахруу утсаар миний талаар ярьсан. Тэгээд би гар утсыг нь аваад Оогий буюу Одгэрэл ахад намайг түгжээд гаргахгүй байгаа учраас одоохондоо ажил дээрээ очиж чадахгүйнээ гэж хэлсэн. Тэгсэн Оогий ах “та хоёр наанаа учраа ол, ямар жоохон хүүхдүүд байгаа биш” гээд утсаа салгасан. Тэгээд би гарлаа гээд Сүнжидмаагийн халаасанд байсан түлхүүрийг булаацалдаж байхдаа би Сүнжидмаагийн цээж, хоолойнд түлхсэн. Мөн гарыг нь барьчихсан байсан болохоор улайсан байж болзошгүй. Үүний дараа би өөрөө цагдаа дуудсан. Намайг түлхүүр булаацалдаж байхад Сүнжидмаагийн охин нь орж ирээд “та хоёр болиоч, ямар сонин юм бэ” гэж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Тухайн үед тусдаа амьдарч байсан. Гэхдээ 2015 оны зун манай лагер дээр хамт амьдарч байсан. Мөн гэрлэлтийн баталгаагүй боловч дундаасаа 1 нас 2 сартай хүүхэдтэй. Энэ хэрэг гарахын өмнөх өдөр найзынхаа төрсөн өдөрт очсон байсан. О.Сүнжидмааг гадуур ажилтай үед хүүхдээ хардаг байсан. Одоогоор тусдаа амьдарч байгаа. Хүүхдүүдийг нь айлган сүрдүүлж дарамталдаггүй. Уг маргаан болоход хүүхдүүд нөгөө өрөөнд байсан. ...Хохирогчоос уучлалт гуйсан. Мөн хохирогч надтай буцаж нийлвэл уучилна гэсэн. Хохирогчоос дахин уучлалт гуйж байна.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч О.Сүнжидмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед шүүгдэгчтэй хамт амьдарч байсан. 2016.06.09-ний өглөө 08 цаг 30 минутын үед босоод хувцасаа өмсөөд гарах гэж байхдаа Хэрлэнгээс буяны ажилд ном уншуулах 70.000 төгрөг, үс будуулах 30.000 төгрөг, халаасны мөнгө гээд нийт 150.000 төгрөг авъя гэж асуухад уурлаад толгой руу цохисон. Тэгээд би Оогий ахтай уулзана гэхэд Хэрлэн “чи Оогий ахтай уулзаж яах гэж байгаан” гээд утас шүүрч аваад духанд салаавч гаргасан. Тэгсэн бага хүүхэд сэрсэн тул аваад коридорт явж байтал намайг ханатай хавсраад толгой руу цохисон. Өмнө нь Оогий буюу Одгэрэл ах асуудал гарвал ахдаа хэлээрэй гэж байсан болохоор Оогий ахад хэлэхэд чи Оогий ахтай ярьлаа гээд дайрсан. Тэгээд би хүүхдээ эгчид нь өгөөд гол тогооны өрөө рүү ороход дахиад цохисон. Жижиг өрөөнд намайг боож унагасан. Мөн намайг элдвээр хэлсэн. Тэгээд би “цагдаа дуудна” гэхэд “би дуудая, мөнгөтэй хүнд цагдаа, шүүх үйлчилдэггүй юм, цагдаа нар худалдагдсан хүмүүс байдаг, чам шиг бөгс ухдаг ажилтай хүмүүс дандаа худалдагдсан байдаг юм” гээд өөрөө цагдаа дуудсан. Тэгээд “цагдааг чинь дуудчихлаа чаддаг юм бол миний хойноос ирээд барь, чамд үйлчилдэг цагдаа гэж байхгүй, чамайг нөхөр тогтоодоггүй ааштай авгай гэж хэлнэ” гэсэн. Тэгэхээр нь би “цагдаа иртэл хүлээгээд хариуцлагаа хүлээ, гаргахгүй” гэхэд миний гарыг мушгиж унагаагаад цээжин дээр өвдөглөөд халаасанд байсан түлхүүр авах гээд ноцолдсон. Мөн би чамайг үхэж байсан ч гаргахгүй гэхэд цонхоор үсэрнэ гэснээ өндөр юм байна болилоо гэсэн. Энэ үед хүүхдүүд уйлсан. Ер нь Хэрлэнгээс хүүхдүүд маань айдаг. Урд нь дунд хүүхдийг маань гараа зангидаж айлгаж байсан. Надад хэд хэдэн удаа гар хүрсэн. Намайг төрснөөс хойш Хэрлэнгийн авир гарч эхэлсэн. Би хүнтэй суухгүй, хүүхэд гаргахгүй гэж хэлэхэд чи миний хүүхдийг төрүүлэхгүй бол амиа хорлоно гэж 2-3 удаа намайг болон ээжийгээ зовоосон боловч хүүхэд төрсний дараа дарангуйлж эхэлсэн. Хэрлэн цагдаа дээр өөрөө очсон гэж худлаа мэдүүлж байна. Мөн гадуур миний нэр хүндийг унагаах зөндөө зүйл ярьсан. Би Хэрлэнд ингэж болохгүй гэж олон удаа ойлгуулж хэлсэн боловч намайг хүний бөгс ухдаг ажилтай, хөрөнгө, мөнгөө нуугаад гаргахгүй байна гэдэг. Гэтэл би амьдралд хөлөө олох гэж яваа л эмэгтэй. Тухайн үед цагдаа ирээд Хэрлэнгийн согтолтын зэрэг 3 бүхэл гарсан болохоор авч явна, та гомдол гаргах эрхтэй гэж хэлсэн болохоор хашраах зорилготой өргөдөл гаргасан. 2015 оны 11 сард миний бие өвдөөд шинжилгээ өгөх гээд эмнэлэг дээр очиход намайг аргагүй байдалд хүргэсэн. Намайг нийт 4 удаа зодсон. Хамгийн сүүлд зодуулахдаа 3 нялх хүүхэдтэй учраас эмнэлэгт үзүүлэх боломж байгаагүй. Гэхдээ өдрийн 10.000 төгрөгөөр толгойгоо бариулсан. Мөн эм тариа хийлгэсэн. Одоогоор хохирлын баримт байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...Шүүгдэгч надаас өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаагүй. Би шүүгдэгчийг чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг хүссэн. Мөн би хамт амьдрах хүсэлтэй байсан.” гэх мэдүүлэг,

 

Б.Хэрлэнгийн хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн: “…Тухайн өдрийн орой залгаад өглөө ирж хүүхдээ хараарай гэж хэлэхээр нь би өглөө очоод хүүхдээ аваад гаръя гэж бодоод байж байтал надаас 150.000 төгрөг нэхсэн. Тэгэхэд нь би “надад одоо мөнгө байхгүй байна, би уржигдар чамд 100.000 төгрөг өгсөн шүү дээ” гэж хэлэхэд хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд би гаръя, хэрүүл хиймээргүй байна гэхэд хаалга түгжээд халаасандаа түлхүүрээ хийгээд мөнгө өг, өгөхгүй бол гаргахгүй гэсэн. Тэгээд би түлхүүрийг булаацалдаад бугуйнаас нь барьж аваад түлхүүр автал түлхүүр барьж байсан миний хурууг хазчихсан юм. Тэгээд газар уначихсан. Тэгтэл том охин нь нөгөө өрөөнөөс гарч ирээд “та хоёр яасан сонин юм бэ? болилдоо” гэж хэлтэл охиндоо “энэ намайг сая зодож цохисон, боосон” гэж хэлээд цагдаа дууд гэсэн. Тэгэхээр нь би өөрөө цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа нар ирэхээс өмнө шалан дээр хэвтээд амьсгаа дээрдээд байхаар нь цагдаа ирэхээр болсон зүйлийг товч хэлж ярьж өгсөн юм. Тэгээд цагдаагийн хэсэг дээр очиж тайлбар байцаалт өгсөн юм. Би урьд өдөр нь найзын төрсөн өдөр гээд уучихсан байсан юм. Тэгээд архи гараагүй эрүүлжүүлэхэд орсон юм. Би түлхүүр булаацалдаад түлхсэн. Тэгээд гарыг нь барьж аваад атгасан. Гар хазахаар нь салгаж авахдаа нүүрийг нь улайлгасан байх.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30 дугаар тал/

Хохирогч О.Сүнжидмаагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Хэрлэн бид хоёр сэрээд боссон. Надад Хэрлэн хэдэн төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгийг нь данснаас цуг авахаар болоод хувцасаа өмсөж байгаад гэнэт уурлаад чи ер нь мөнгөөр яах гээд байгаа юм гэхээр нь чи надад 150.000 төгрөг л өгчих гэсэн. Тэгээд би 70.000 төгрөгөөр нь ном уншуулна, 30.000 төгрөгөөр нь цагаан цамц  авч өмсөнө, баярын арга хэмжээ болно, үлдсэн мөнгийг нь цайны мөнгө болгоод байж байя гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр чи яах гэж байгаа юм гэхээр нь чамтай хамт явж байгаад Оогий ахтай уулзана, ярих зүйл байгаа гэж хэлэхэд уурлаад намайг коридорт түлхээд “би чамтай явахгүй, чи Оогий ахтай уулзаж яах гэж байгаа юм, чамд мөнгө өгөхөө болилоо” гэхээр нь “ямар сүртэй юм бэ? Их мөнгө гуйж байгаа биш 150.000 төгрөг” гэж хэлтэл чамайг үхнэ гээд байгаа ламынхаа гар утасны дугаарыг өг, би яръя гэж хэлээд толгой руу гараараа цохисон. Тэгээд би ганцаараа явлаа, Оогий ахтай уулзаж юу хийх гээд байгаа юм, чи ажилдаа орж яах гэж байгаа юм. Элдэв янзын залуучуудтай уулзах гэж байгаа юм уу? би чамайг мэднэ шүү дээ гэж хэлсэн. Тэгээд чамд Оогий ах мөнгө өгөх байлгүй, Хэрлэн ав гэж хэлээгүй юу, чамд гарын салаа өгөх байлгүй гэж хэлээд над руу салаавч гаргасан. Тэгээд миний хоолойг боогоод “чи үхвэл таарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад “чи нялх нойтон хүүхэдтэй хүнийг үх гэж хэлдэг чи юу юм бэ, даварцан юм биш үү” гэж хэлээд явлаа гэхээр нь явуулахгүй цуг явна гэж хэлээд Оогий ахаа та хүрээд ирээ гэхэд та нар өөрсдөө учраа ол гэсэн. Тэгээд тантай уулзах хэрэгтэй байна. Хэрлэн сонин зан гаргаад байна гэхэд ажил дээр ирээд уулз гэж хэлээд гар утсаа тасалчихсан. Тэгтэл Хэрлэн “чи манай ах руу ярилаа” гэсэн. Тэгэхээр нь би охин Мөнх-Учралыг дуудаж сэрээсэн. Тэгэхэд намайг цохиж байсан хүн цохихоо болисон. Чиний биед ямар нэгэн хөх няц учруулахгүй цохино. Чамайг ганц хүчтэй цохиход чи үхнэ шүү гэж хэлээд үснээс зулгаасан. Би чи одоо яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд хоолой багалзуурдаад биед чинь гэмтээлгүйгээр чамайг зодвол чи яах юм бэ гэж хэлээд чиний л хохь болно, хүн намайг хэзээ ч буруутгахгүй. Яагаад гэвэл чи өмнөх нөхрөөсөө салсан. Одоо намайг явчихвал чамайг ааштай нөхрөө тогтоодоггүй гэж хэлнэ гэсэн. Би хүүхэд уйлах гээд байхаар нь жижиг өрөөнд ороод “би гомдол гаргана, цагдаа дуудна” гэж хэлээд ажилдаа орно гэхээр уурлаад байгаа юм уу? гэхэд “тэгэх юм бол би танайд дахиж ирэхгүй” гэхээр нь “хүүхэдтэй юм чинь чи дахиж ирж л таарна шүү дээ, чи надаас салж чадахгүй, би ч чамаас салахгүй, хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна” гэхэд “чи хүүхдээр далимдуулж манайхнаас мөнгө нэхэх гээд байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө ах дүү нарыг дуудлаа, намайг явуулахгүй байна гэж хэлнэ, яаж ч бодсон чи буруудна гэж хэлсэн. Тэр хооронд охин дүүгээ аваад өрөөнөөс гарахад намайг боогоод ухаан алдуулсан байсан. Тэр хооронд охин ирээд “та болиочээ” гэж хэлж байсан. Би цагдаад дуудлага өгч чамд гомдол гаргана гэхэд “тэр цагдаа нар чинь худалдагдчихсан хүмүүс, мөнгөтэй хүнд үйлчилдэг юм” гээд өөрөө цагдаагийн утас руу залгаж дуудлага өгөөд зодсон Хэрлэн, зодуулсан Сүнжидмаа гэж хэлээд гар утсаа салгачихаад мөнгөтэй хүнд үйлчилдэг юм, чаддаг юм бол гомдол гаргаад цаашаа яваарай гэж хэлж байсан. Тэгээд явлаа гэж хэлээд тэр цагдаа чинь намайг өөрсдөө олж ирнэ байх, харъя гэж хэлэхээр нь би хаалгаа түгжээд түлхүүрээ авчихсан. Тэгээд цагдаа нар ирэхэд дуудлага өгснөөрөө байж бай гэж хэлээд хүүхдүүдийн минь хажууд чи зодож цохидог боллоо, хардаж сэрдээд байдаг юм бол тэрийгээ зүгээр хэлнэ биздээ гэхэд тэгвэл би палконоор үсэрлээ гэж явснаа арай өндөр юм байна гэж хэлээд буцаад ирсэн. Өглөө уусан архи нь сайн гараагүй байсан. Би жижиг өрөөндөө зогсож байтал гэнэт ухас хийж ирээд миний цээжин дээр өвдөглөөд халааснаас түлхүүр авах гэж дайрсан. Тэгэхээр нь би “Учралаа авраарай” гэж хэлтэл та одоо болиоч гэж хэлж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд би хаалга онгойлгож өгсөн. Тэгтэл би өмгөөлөгчөө дуудна гэж хэлж байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр иртэл эрүүлжүүлэх байранд саатуулсан. Нөхөр чинь 1.3 бүхэл гарсан, согтолт ихтэй байна, эрүүлжүүлэхэд хийлээ, та гомдолтой бол өргөдөл гаргаж өгөөрэй гэсэн.” гэх мэдүүлэг,   

 /хх-ийн 19-20 дугаар тал/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 8135 дугаар:

            1. Б.Хэрлэнгийн биед баруун хацар, зүүн гарын 1 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 22 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8082 дугаар:

            1. Сүнжидмаагийн биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 24 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 33 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Хэрлэн нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх  дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч О.Сүнжидмааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

 шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Сүнжидмаагийн өгсөн “…2016 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг 30 минутын үед босоод хувцасаа өмсөөд гарах гэж байхдаа Хэрлэнгээс буяны ажилд ном уншуулах 70.000 төгрөг, үс будуулах 30.000 төгрөг, халаасны мөнгө гээд нийт 150.000 төгрөг авъя гэж асуухад уурлаад толгой руу цохисон. Тэгээд би Оогий ахтай уулзана гэхэд Хэрлэн “чи Оогий ахтай уулзаж яах гэж байгаан” гээд утас шүүрч аваад духанд салаавч гаргасан. Тэгсэн бага хүүхэд сэрсэн тул аваад коридорт явж байтал намайг ханатай хавсраад толгой руу цохьсон. Өмнө нь Оогий буюу Одгэрэл ах асуудал гарвал ахдаа хэлээрэй гэж байсан болохоор Оогий ахад хэлэхэд чи Оогий ахтай ярьлаа гээд дайрсан. Тэгээд би хүүхдээ эгчид нь өгөөд гол тогооны өрөө рүү ороход дахиад цохисон. Жижиг өрөөнд намайг боож унагасан. Мөн намайг элдвээр хэлсэн. ...Тэгэхээр нь би “цагдаа иртэл хүлээгээд хариуцлагаа хүлээ, гаргахгүй” гэхэд миний гарыг мушгиж унагаагаад цээжин дээр өвдөглөөд халаасанд байсан түлхүүр авах гээд ноцолдсон. Мөн би чамайг үхэж байсан ч гаргахгүй гэхэд цонхоор үсэрнэ гэснээ өндөр юм байна болилоо гэсэн. Энэ үед хүүхдүүд уйлсан. ...Намайг нийт 4 удаа зодсон. Хамгийн сүүлд зодуулахдаа 3 нялх хүүхэдтэй учраас эмнэлэгт үзүүлэх боломж байгаагүй. Гэхдээ өдрийн 10.000 төгрөгөөр толгойгоо бариулсан. Мөн эм тариа хийлгэсэн. Одоогоор хохирлын баримт байхгүй.” гэх,

мөн шүүгдэгч Б.Хэрлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд би гарлаа гээд Сүнжидмаагийн халаасанд байсан түлхүүрийг булаацалдаж байхдаа би Сүнжидмаагийн цээж, хоолойнд түлхсэн. Мөн гарыг нь барьчихсан байсан болохоор улайсан байж болзошгүй.” гэх,

 Б.Хэрлэнгийн хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн “…Тэгээд би гаръя, хэрүүл хиймээргүй байна гэхэд хаалга түгжээд халаасандаа түлхүүрээ хийгээд мөнгө өг, өгөхгүй бол гаргахгүй гэсэн. Тэгээд би түлхүүрийг булаацалдаад бугуйнаас нь барьж аваад түлхүүр автал түлхүүр барьж байсан миний хурууг хазчихсан юм. Тэгээд газар уначихсан. ...Би түлхүүр булаацалдаад түлхсэн. Тэгээд гарыг нь барьж аваад атгасан. Гар хазахаар нь салгаж авахдаа нүүрийг нь улайлгасан байх” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8082 дугаар, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 8135 дугаар дүгнэлтүүд зэрэг /хх-22, 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа нь Б.Хэрлэнг яллах үндэслэл болж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Хэрлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Хэрлэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             

            Шүүх шүүгдэгч Б.Хэрлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

           Хохирогч О.Сүнжидмаа шүүхийн хэлэлцүүлэгт “3 нялх хүүхэдтэй учраас эмнэлэгт үзүүлэх боломж байгаагүй. Өдрийн 10.000 төгрөгөөр толгойгоо бариулсан. Мөн эм тариа хийлгэсэн. Одоогоор хохирлын баримтгүй.” гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа болон уг хохиролтой холбоотой нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй тул шүүх хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна.

 

          Харин хохирогч О.Сүнжидмаа нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хатигин овогт Батбаярын Хэрлэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Хэрлэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар Б.Хэрлэн нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

 

4. Хохирогч О.Сүнжидмаа нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Хэрлэн цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

     6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хэрлэнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ