Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2597

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02688 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Б,

Хариуцагч Б.Нд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунбаатар, өмгөөлөгч Ж.Баярсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж Б.Нд 30 000 000 төгрөгийг сарын 4.7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Б.Н хүүний мөнгийг сар бүр төлж байсан боловч үндсэн зээлээс 15 000 000 төгрөгийг 3 удаа хувааж төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй болно. Бид эвлэрүүлэн зуучлалаар орж 20 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хувааж өгч дуусгана гэж тохиролцсон боловч эвлэрүүлэн зуучлалаас гараад үл ойлголцол болсноос эвлэрлийн гэрээ хүчингүй болж захирамж гарсан. Иймд шүүхийн журмаар Б.Нгоос үндсэн зээл болох 15 000 000 төгрөг, зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу алданги болох 7 500 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь сар бүр зээлийг хүүг төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. 30 000 000 төгрөгийн хүүг төлсөн гэдэгт аль аль тал нь маргаагүй. Зээлийн гэрээнд барьцаанд Тоёота Харриер маркийн УНК3649 дугаартай автомашин байгаа гэж бичигдсэн боловч энэ автомашин нь хариуцагчид өөрт нь байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бэс авсан 30 000 000 төгрөгийг цааш нь хүнд өгөөд залилуулсан учир эрүүгийн журмаар шалгагдаад явж байгаа гэж ярьж байгаа боловч энэ хэрэг нь н.Нарангэрэл, н.Туул гэх хүмүүстэй холбоотой болохоос М.Б, С.Ариунбаатар нартай ямар ч холбоогүй.

Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр М.Болор-Эрдэнийн нэр дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Хариуцагч тал Ж.Сэрсэндэмид рүү 590 000 төгрөг шилжүүлсэн, бэлэн мөнгө өгсөн гэж яриад байна. Хэрвээ бэлэн мөнгө өгсөн бол гарын үсэгтэй баримт байх ёстой. Өөрсдийн бичсэн тэмдэглэлээ хараад яриад байгаа болохоос хэзээ, ямар хэмжээний мөнгө өгсөн гэдэг тодорхой зүйл ярихгүй байна. Мөн Ж.Сэрсэндэмид хүүхдүүдийнхээ өмнөөс бусдаас мөнгө авах эрх олгогдсон эсэх нь баримтаар тогтоогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид өөрийн маргааны үйл баримтыг өөрсдөө нотлох үүрэгтэй байдаг. Иймд 22 500 000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэстэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжилсэн мөнгөн дүндээ хариуцагчийн талаас өгсөн мөнгөн дүнг тусгаагүй байгаа тул шүүхийн байгууллагаар бодит нөхцөл байдлыг шийдвэрлүүлэх саналтай байна. Хариуцагч Б.Н нь зээлийн гэрээний 6 сарын хугацаанд хүүд төлөх ёстой 8 400 000 төгрөгийг бүрэн төлсөн. Сард 1 400 000 төгрөгийн хүү төлж байсан. 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрээний хугацаа дуусахад 10 000 000 төгрөгийг, хүү 1 400 000 төгрөгтэй нийлүүлж, нийт 11 400 000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээний хугацаанд 18 400 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш дансаар болон бэлнээр хэд хэдэн удаагийн төлөлтөөр зээлдүүлэгчид нийт 7 100 000 төгрөгийг, мөн Ж.Сэрсэндэмид гэж хүний дансанд хэд хэдэн удаагийн төлөлтөөр нийт 590 000 төгрөгийг төлж байсан.

Мөн бид 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сар бүр тогтмол 930 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сар бүр 700 000 төгрөгийг тогтмол төлж байсан. Дансны хуулгатай танилцаад өөрийн данснаас шилжүүлсэн, М.Болор-Эрдэнийн дансанд шилжүүлсэн мөнгө, гүйлгээг тэмдэглэсэн байгаа. Миний 99045861 дугаараас мобайл үйлчилгээгээр мөнгө шилжигдсэн. Банкаар болон миний өөрийн биеэр шилжүүлсэн мөнгөний дансны хуулгууд зэргээр эдгээр төлбөрүүд нотлогдоно. 

Ж.Сэрсэндэмид рүү 590 000 төгрөг шилжүүлсэн учир нь энэ хүн нэхэмжлэгч талын хүмүүсийн аав. М.Б, С.Ариунбаатар хоёр Ж.Сэрсэндэмидээс мөнгө авсан ба, үүний дагуу Ж.Сэрсэндэмид рүү мөнгө шилжүүлж байсан. Энэ мөнгийг М.Б Ж.Сэрсэндэмидээс зээлсэн учир шилжүүлэхдээ дандаа М.Болор-Эрдэнийн нэрийг оруулж шилжүүлж байсан. Өгсөн мөнгөнүүд нь дансны хуулгаар харагдахгүй байна гэж үзэж байгаа бол дансны хуулгатайгаа сайн танилцаагүй байна. Миний хувьд өөрийн шилжүүлсэн мөнгөн дүнгүүдээ тодруулсан байгаа учир үүгээр мөнгөн дүнгүүд нь тодорхой гарч ирнэ. Төлбөрийн үлдэгдэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлээс 2 360 000 төгрөгийг зөвшөөрнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Нгоос 12 165 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 335 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 209 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь, миний зүгээс Б.Н болон М.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрт 590 000 төрөгийг нэхэмжлэгчийн эцэг Ж.Сэрсэндэмидийн дансанд тушааж байсан тухай тайлбар хийж, энэ тайлбартай холбогдуулаад дансны хуулгыг хэрэгт хавсаргаснаас нотлогдож байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Ж.Сэрсэндэмид гэгч нь М.Болор-Эрдэнийн эцэг биш эсэхэд маргаагүйгээс гадна 590 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарладаг.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “...М.Бтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлсөн болохоо бүрэн нотлоогүй...” гэж үзэн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээлийн үлдэгдэл төлбөр 8 110 000 төгнөөс хасч тооцолгүй шийдвэрлэснийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс дээрх 590 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 8 110 000 төгрөгөөс хасч тооцох, үүнтэй холбоотой алдангийн хэмжээг өөрчилж оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Б.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 22 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаны 2 360 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй, харин үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргажээ.

            Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг зээлдүүлэгч М.Бэс шилжүүлснийг зээлдэгч Б.Н хүлээн авсан, харилцан тохиролцож тогтоосон 4,7 хувийн хүүд зээлийн гэрээний 6 сарын хугацаа дуустал 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сар бүр 1 400 000 төгрөгийг, үндсэн зээлд 10 000 000 төгрөгийг тус тус, нийт 18 400 000 төгрөг төлсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

            Түүнчлэн зээлдэгч буюу хариуцагчаас 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 890 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн нь М.Болор-Эрдэний дансны хуулга, банкны орлогын баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд зээлийн гэрээний хугацааг бичгээр сунгаагүй тул хүү шаардах эрхгүй гэж шүүх дүгнэн, уг төлбөрийг үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөгөөс хасч тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцсэн байна.

            Хариуцагч тал 590 000 төгрөгийг Ж.Сэрсэндэмидийн дансаар дамжуулан М.Бд шилжүүлсэн гэж, банкны орлогын мэдүүлгийг баримтаар гаргасны гүйлгээний утга хэсэгт “М.Бд Ганбатаас” гэж бичигджээ.

            Дээрх 590 000 төгрөгийг аваагүй гэж нэхэмжлэгч тал уг баримтыг үгүйсгэсэн боловч шүүх хуралдааны явцад тодруулахад өөрийн эцэг Ж.Сэрсэндэмидэд хариуцагч нараас зээлийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж хариулсан нь тэмдэглэлд тусгагдсан, Ж.Сэрсэндэмидэд төлбөр төлөх үүрэгтэй талаарх өөр баримтыг шүүхэд гаргаагүй байна.  Иймд М.Бд н.Ганбатаас төлсөн гэх гүйлгээний утгыг хэргийн дээрх нөхцөл байдлуудтай харьцуулан үнэлбэл 590 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй, шүүх уг баримтыг эргэлзээтэй гэж дүгнэсэн нь алдаатай болсныг залруулж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 20 000 000 төгрөгөөс 12 480 000 /11 890 000+590 000/ төгрөгийг хасч тооцвол, хариуцагч тал 7 520 000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.

            Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 7 520 000 төгрөгийг, гэрээний 3 дахь заалтаар тохиролцсон 0,5 хувийн алдангийн хамт нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэрт хариуцагч Б.Нгоос 11 280 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгож, үлдэх 11 220 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамжийг уг дүнгээс тооцож 195 430 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02688 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “12 165 000 төгрөгийг” гэснийг ”11 280 000 төгрөгийг” гэж, “11 220 000 төгрөгийг” гэснийг “10 925 000 төгрөгийг” гэж,  тогтоох хэсгийн 2 дахь заалтын “209 590 төгрөгийг” гэснийг “195 430 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 18 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

А.ОТГОНЦЭЦЭГ