| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/02834/и |
| Дугаар | 3039 |
| Огноо | 2018-09-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 3039
| 2018 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2018/03039 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ж ” ХХК -д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“П овогтой У миний бие “Ж ” ХХК-д 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Хүний нөөц болон оффис менежерээр ажиллаж байгаад 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралттай байх хугацаандаа 3 удаа төрөөд, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа буцаж орох өргөдөл өгсөн боловч бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, захирлын туслах болон хүний нөөцийн менежерийн орон тоо хасагдсан гэх шалтгаанаар үндэслэлгүйгээр түгээгчээр ажиллуулах санал хүргүүлсэн. Би энэ саналыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Яагаад гэвэл ажлын байрны орчин, цалингийн хэмжээ өөрчлөгдөж байгаа тул энэ ажлын саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс миний бие түгээгчээр ажиллах боломжгүй тул урт хугацааны цалингаар хохирч байна. Анх хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалин 800,000 төгрөг. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тооцоход 97 хоног болж байгаа. Энийг нэг өдрийн ажлын хөлсөөр тооцоход 4,060,517 төгрөг болж байгаа тул “Ж ” ХХК-аас гаргуулж, өмнө нь ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч “Ж ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч П.У нь 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс Хөдөлмөрийн хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтыг эдэлсний дараагаар тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу түүний хүсэлтийн дагуу хүүхэд асрах чөлөө олгосон. Нэхэмжлэгч нь чөлөөтэй байх хугацаандаа нэг ч удаа хугацаагаа сунгах, хэзээ ажилд орох боломжтой талаар санал хүсэлт байгууллагад гаргаж байгаагүй. Хариуцагч байгууллагын зүгээс 2014 онд авсан жирэмсний чөлөөг үргэлжлүүлээд эдлүүлээд явж байгаа тул хөдөлмөрийн харилцаа хэвээр байгаа. Нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний ажлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-д заасны дагуу хэвээр хадгалж нийгмийн даатгалыг хуульд заасан журмын дагуу бүрэн төлж байгаа болно. Компанийн үйл ажиллагаа муудаж, санхүүгийн байдал хүндэрсний улмаас 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Ж ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 139/17 дугаартай тушаалаар орон тоо бүтэц зохион байгуулалтын схемийг шинэчлэн баталсан. Уг шинэчлэн баталсан орон тоонд нэхэмжлэгчийн ажиллаж байсан хүний нөөц болон оффис менежерийн ажил албан тушаал багтаагүй бөгөөд уг ажлын орон тоо хасагдсан. Хэдийгээр орон тоо хасагдсан боловч нэхэмжлэгч нь гурав хүртэлх насны хүүхэдтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д зааснаар ажлаас халаагүй болно. Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа буцаж орох хүсэлт гаргахад түүний орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “...хүүхэд асрах чөлөө дууссан, дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллах үүрэгтэй бөгөөд орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө...” гэж заасны дагуу түгээгчээр ажиллах санал хүргүүлсэн. Энэ саналыг авсан даруй нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаас халагдсан гэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлага, агуулга хоёр тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хууль бусаар ажил санал болгосон гээд байгаа. Хариуцагч компанийн зүгээс хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж хууль бусаар ажил санал болгож халсан зүйл байхгүй. Хариуцагч компани нь холбогдох нийгмийн даатгалыг хуульд заасан журмын дагуу төлөөд явж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй. П.У ийг ажлаас халсан явдал байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.У нь хариуцагч “Ж ” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч “Ж ” ХХК нь нэхэмжлэгч П.У ийг ажлаас халаагүй, компанийн бүтэц, орон тооны өөрчлөлттэй холбогдуулан хуульд заасны дагуу өөр ажлын байр санал болгох ажиллагаа хийгдсэн, хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.
Хариуцагч нь нэхэмжлэгч П.У ийг ажлаас халаагүй, хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байхад ажлаас халагдсан мэт нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
П.У нь “Ж ” ХХК-ийн Ерөнхий удирдлагын хэлтэст Хүний нөөц, оффис менежерээр ажиллаж байгаад тус компанийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 08 сарын 15-ны өдрийн 295/14/А дугаартай тушаалаар 2014 оны 08 сарын 22-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны чөлөө авсан байна. /хх-4/
Нэхэмжлэгч П.У нь 2014 онд жирэмсний болон амаржсаны чөлөө аваад 2014 оны 10 сарын 24-ний өдөр, 2016 оны 07 сарын 25-ны өдөр, 2017 оны 09 сарын 09-ний өдөр хүүхэд төрүүлж, 2018 оны 05 сарын 08-ны өдөр ажилдаа орох хүсэлтийг гаргасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
“Ж ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 139/17 дугаартай “Орон тоо, бүтэц зохион байгуулалтын схемийг шинэчлэн батлах тухай” тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, уг өөрчлөлтөөр нэхэмжлэгч П.У ийн ажиллаж байсан хүний нөөц, оффис менежерийн орон тоо ажлын байр хасагджээ. /хх-15-17, 70/
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар ажил олгогч нь жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасан.
Хариуцагч “Ж ” ХХК нь нэхэмжлэгч П.У ийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 оны 09 сараас эхлэн Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-д заасны дагуу Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-23-25/
Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч П.У нь 2018 оны 05 сарын 08-ны өдөр ажилдаа орох хүсэлтийг гаргасан, хариуцагч “Ж ” ХХК нь түүнийг жирэмсний болон хүүхэд асарсны чөлөөтэй байх хугацаанд компанийн бүтэц өөрчлөгдөж хүний нөөц, оффис менежерийн орон тоо ажлын байр хасагдсан талаар мэдэгдэж, түгээгчээр ажиллуулах саналыг хүргүүлжээ. /хх-5/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил олгогчоос санал болгосон ажлын байранд ажиллах боломжгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. Хэргийн үйл баримтаар ажил олгогчоос ажилтанд түгээгчийн ажлын байр санал болгосон ажиллагааг явуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч “Ж ” ХХК нь нэхэмжлэгч П.У т түгээгчийн ажил санал болгосныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч П.У ийг ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал үүсээгүй байна.
Дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч “Ж ” ХХК-ийн бүтэц, орон тооны өөрчлөлт хийсэн асуудал хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн хүлээсэн үүргийг хэрэгжүүлэн ажилласан, ажиллаж байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч П.У ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан хариуцагч “Ж ” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч П.У ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР