Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/558

 

  2022        8            05                                             2022/ШЦТ/558

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,   

улсын яллагч С.Ууганбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ут холбогдох эрүүгийн 2210011650764 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Их түмэн трэйвел” ХХК-ийн хамгаалалтын менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт  оршин суудаг. Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдсэн, Боржигон овогт Ганбаатарын У /РД:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.У нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Минт” шөнийн цэнгээний клубын хамгаалалтыг хариуцан ажиллаж байхдаа тус шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэн Б.Мтой “шаардлага биелүүлээгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний 2 гарыг өчиж толгойгоор нь 2-3 удаа газарт савж, түүний биед тархи доргилт, баруун хацар, баруун бугалгад зулгаралт, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Г.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

           2.Хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 27-ны 23 цагийн үед найзуудын хамт Минт бааранд орсон. Бид нар 8-9 хүн явж байсан. 2 шил виски захиалж уусан. Бид хэдийн уух юм дуусаад манай найз нэг шилэн ширээн дээр нь суугаад байсан. Хамгаалагч хүрч ирээд найз Банзрагчтай маргалдаад байсан. “Ширээн дээрээс буу, та нарын уух зүйл дууссан бол гар” гэж хэлсэн. Найз “сууж байгаад гаръя, чи үйлчилгээний байгууллагад ажилладаг юм байж” гээд маргалдсан. Маргалдаад 2 тийшээ салсан. Өөр найз Өлзийг үүд хэсэгт 2, 3 хамгаалагч гарнаас нь өчих гээд дарсан байсан. Би очоод нэг хамгаалагчийнх нь хоолой хэсгээс хойш татсан. Миний араас 2 хамгаалагч татаад тараад VIP гэх камерын өрөө рүү авч орсон. Хамгаалалтын дарга гэх хүн миний 2 гарыг өчөөд шал руу нүүрээр 2-3 удаа савсан. Тухайн үед би маш их хэцүү байсан тул “намайг тавьчих, уучлаарай” гэж хэлсэн. Тэр үед хамгаалагчийн дарга өчсөн. Дарсан чигтээ байсан. Тухайн үед би астам өвчтэй учир амьсгалж чадахгүй, амьсгал давхцаад үнэнээ хэлэхэд намайг тавьж босгосон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

                 3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 6386 дугаартай:

             “-Б.Мийн биед тархи доргилт, баруун хацар, баруун бугалгад зулгаралт баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

              -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

              -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал)

                 4.Шүүгдэгч Г.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө би өөрийн ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд ажил үүргээ гүйцэтгээд хяналтын камерт хяналт тавьж байсан чинь вип клубын урт ширээн дээр хэсэг хүмүүс маргалдаад, ширээн дээр гарч суугаад, ойр орчимд нь үйлчлүүлж байгаа хүмүүст саад болоод байхаар нь станцаар “наад хүмүүсээ салгаж байгаарай, би очиж байна” гэж хэлээд тухайн заал руу явж очоод ширээн дээр сууж байгаа залууд “ширээн дээр сууж болохгүй, ширээ хагарна” гэсэн чинь хажууд нь байсан найз нь М намайг “зайл” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ, би энэ газрын хамгаалалтын менежер нь байна” гээд хэлсэн чинь “чиний хамгаалалтын менежер байна гэж юу байдаг юм, шаа лалар минь” гэж хэлэхээр нь би “согтуу байна, аятайхан байгаарай” гэж хэлээд явах гэтэл миний араас хувцаснаас зуурахаар нь М гэх залуугийн эхнэр юм шиг байсан нэг эмэгтэй салгасан. Би буцаад үүд рүү гарах гэж байтал ширээн дээр сууж байсан залуу манай хамгаалагч нартай маргалдаад байхаар нь “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь миний өмсөж байсан хувцаснаас зуураад заамдалцаад байж байхад манай хамгаалагч тухайн залууг салгах гэж араас нь татсан чинь надтай маргалдсан М ирээд хамгаалагч Түмэннасангийн үснээс нь зулгаагаад, хоолойг нь араас нь боосон чинь өөр хамгаалагч нар ирээд Мийг салгаад, гарнаас нь дараад, хамгаалалтын өрөө рүү оруулаад “чи яагаад байгаа юм бэ, чи нилээн согтуу байна, аятайхан ууж чадахгүй юм уу” гэж хэлсэн чинь “янхны хүүхдүүд минь аятайхан байгаарай, янхны хүүхдүүд учраас та нар хамгаалагч хийж байгаа, чиний дээлийг нөмрүүлнэ, чамайг шоронд хатаана лалар, пизда, гичий” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би баруун гарыг нь дараад доош дарж хэвтүүлсэн. М “би астамтай, эмээ ууя” гэж хэлэхэд нь хаалганы цаана байсан эхнэрийг нь дуудаж эмийг нь уулгасан чинь намайг хэл амаар доромжлоод орилоод байсан. Би гарыг нь дараад доош хэвтүүлэхдээ ямар нэгэн юм мөргүүлээгүй, шалан дээр нүүр нь зулгарсан байж магадгүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал).

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар тал), “Их түмэн трэйвел” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 92-102 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Минт” шөнийн цэнгээний газрын хамгаалалтын менежерээр ажиллаж байхдаа иргэн Б.Мийг “шаардлага биелүүлээгүй, соёлгүй үйлчлүүллээ” гэх шалтгаанаар толгойг хэсгээр нь 2-3 удаа газарт мөргүүлж, биед нь тархи доргилт, баруун хацар, баруун бугалгад зулгаралт, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Уын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулах” гэмт хэргийн үйлдэл нь хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 6386 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Уын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо барагдуулж авсан..” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 83 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

             

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...46 настай, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Г.Ут холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Уыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ут оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч Г.Ут холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Ут сануулсугай.       

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР