Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/607

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч М.Т,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн М.Т, Б.Х нарт холбогдох эрүүгийн 2210005590426 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, , ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хун тайжийнхан овогт Мягмарын Т /РД:

            Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, “ ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сартуул овогт Баатартөмөрийн Х /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Мөнхийн рашаан” дэлгүүрт Б.Хтай маргалдаж, улмаар цамцны захаар хоолойг боож, хүзүүний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Б.Х нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Мөнхийн рашаан” дэлгүүрт М.Ттэй маргалдаж, улмаар М.Тгийн нүүр лүү гараараа цохиж, 1 шүд сулрал, буйланд цус хуралт, уруулын салстад цус хуралт, язралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч, хохирогч М.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Шүүгдэгч, хохирогч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

3.Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд “Мөнхийн рашаан” нэртэй хүнсний дэлгүүр, халуун усны газрыг эхнэр Жын хамт ажиллуулдаг. 2022 оны 02 дугаар сарын 06-ны ...19-20 цагийн орчимд намайг дэлгүүрт сууж байтал эхнэр, нөхөр бололтой 2 хүн гаднаас орж ирээд “халуун усанд оръё” гээд төлбөрөө төлөөд халуун ус руу орсон. ...Эхнэр ...“доор сая  халуун усанд үйлчлүүлсэн нэг эрэгтэй тоосны алчуураар гутлаа арчаад зогсож байхаар нь наадах чинь тоосны алчуур, яагаад тоосны алчуураар гутлаа арчиж байгаа юм, болохгүй гэж шаардлага тавьтал хэл амаар доромжлоод байна, цагдаа дуудаж өгье” гээд зогсож байтал эхнэртэй маргалдсан залуу гаднаас ороод ирсэн. Эхнэр болон тэр эрэгтэйгээс юу болсон талаар асуухад эхнэр “энэ залуу тоосны алчуураар гутлаа арчаад  зогсож байхад нь боль наадах чинь тоосны алчуур, болохгүй гэж шаардлага тавихад намайг хэл  амаар доромжилж эхэлсэн” гэж хэлтэл “юун сүртэй юм, ганц муу алчуураар гутал арчаа л биз” гээд тэр хавиар нэг орилоод байхаар нь би тэр залууд хандаж “чи эмэгтэй хүнийг хэл амаар доромжилж янхан, гичийгээр дуудаж болохгүй шүү дээ, чи гарч бай цагдаа дуудаад ирэхээр нь учраа олъё” гэж хэлэхэд тэр залуу “та нар муусайн гэр хорооллын гуйлгачид, нэг муу халуун ус, дэлгүүр ажиллуулж байж өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм бэ” гээд орилоод байхаар нь би тэр залууг дэлгүүрээсээ гаргах гээд түлхэх гэтэл тэр залуу гэнэт баруун гараараа миний хоолойноос багалзуурдаж барьж аваад зүүн гараараа миний цамцны захнаас барьж гараа ороож татан миний хоолойг боож дэлгүүрээс авч гарах гэж татаад байсан. Эхнэр тэр залууг надаас салгаж гарыг нь тавиулах гэж оролдсон боловч чадаагүй. Миний амьсгал боогдож нүүр ам улайж, ухаан алдаж унах гээд байсан болохоор би зүүн гараараа тэр залуугийн өмсөж  байсан куртикных нь мөр хэсгээс барьж, баруун гараараа нүүр хэсэг рүү нь түлхэж хэсэг хугацаанд бид хоёр зууралдаж ноцолдсон. Тэр залуугийн гарыг би тавиулж чадаагүй, миний амьсгал боогдож гар ч суларсан. Манай эхнэр “чи хүн аллаа, тавиач” гэж хэлэхэд тэр залуу намайг тавьсан. Тэгэхээр нь би лангууныхаа  араар ороод эхнэртээ “цагдаа дууд, наад хүн чинь бүтэхгүй юм байна” гэж хэлээд цагдаа дуудуулсан... ...Т гэх эрэгтэйд гомдол санал гэх зүйл байхгүй. Нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал)

                 4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2624 дугаартай:

Б.Хын  биед хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал)

                 5.Хохирогч М.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20-509 тоотод хашаа байшинтай. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би хашаа, хороогоо цэгцэлж, жаахан ажил хийсэн. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд халуун усны газар байдаг гэхээр нь тухайн өдөр хашаандаа ажил хийсэн тул тоос шороогоо арилгая гэж бодоод тухайн халуун усны газар эхнэрийнхээ хамт орсон. Халуун усны газар орохдоо хажуу талын дэлгүүрт нь төлбөрөө төлж халуун ус руу орсон. Усанд орох гэтэл ус нь хүйтэн байхаар нь ороод  буцаад гарахад үүдэнд нь саарал өнгийн шалан дээр байсан шалны алчуураар би гутлаа арчсан юм. Нэг эмэгтэй орж ирээд “чи муу гуйлгачин яагаад шалны алчуураар гутлаа арчиж байгаа юм бэ” гэхээр нь би уучлалт гуйж “уучлаарай, би алчуурыг нь базаад өгье” гэтэл гэнэтхэн тэр эмэгтэй “муусайн гуйлгачин, чи юу юм” гээд орилж хашгираад эхэлсэн. Хэл амаар доромжлоод байхаар нь би тэр эмэгтэй хүнтэй маргалдаж эхэлсэн бөгөөд “халуун ус чинь байхгүй байна, би усанд орж чадсангүй, төлбөрөө авъя” гэж муудалцсан чигээрээ дэлгүүр лүү нь орсон. Дэлгүүр дотор ортол тэр эмэгтэйн нөхөр нь гээд нэг эрэгтэй лангууныхаа ард талаас гарч ирээд “чи муу яагаад миний эхнэрийг доромжилдог юм бэ” гээд учир зүггүй миний куртикны захаас зүүн гараараа барьж аваад заамдаж хоолой боосон. Би зөрүүлж тухайн залуугийн өмссөн байсан дугуй захтай богино ханцуйтай цамц буюу футболкны захнаас нь баруун гараараа ороож бариад заамдаж хоолойг нь боосон. Тэр залуу миний нүүр хэсэг рүү 3 удаа цохисон. Миний уруул язарч цус гарсан. Удалгүй манай эхнэр Азжаргал гаднаас орж ирээд тэр залуу бид хоёрыг салгаж, би цагдаа дуудсан. Миний уруулаас цус гарч байсан учир цусаа хуруугаараа аваад  түүн рүү нясалчихсан юм. Тэр залуу  дахиад миний ам, уруул хэсэгт цохисон бөгөөд тухайн үедээ халуу оргиод байсан. Энэхүү үйл явдал хурдан болоод өнгөрсөн. Хоорондоо маргалдаж байтал цагдаа ирээд цагдаагийн хэлтэс рүү явсан. Мэргэжлийн эмнэлэгт шүднийхээ зургийг авахуулахад уруул язарсан, 1 дүгээр шүд хөдөлсөн байна гэсэн...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал)

           6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2615 дугаартай:

М.Тгийн биед 1 шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулын салстад цус хуралт, язралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь  хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

7.Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-07-ны өдрийн хооронд “Эрхэс-111” чиглэлд Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн цагдаагийн байгууллагын 102 дугаарт ирсэн дуудлага мэдээллийг хүлээн авч шалган ажиллаж байсан. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орой 18 цаг 31 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн 2 дугаар автобусны буудлын ард байх халуун усны газарт намайг зодсон гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд 88844555 дугаараас давхардсан дуудлага орж ирсэн. Тухайн дуудлага мэдээлэлд очиж ажиллахад “Мөнхийн рашаан” гэх дэлгүүр дотор 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн хоорондоо маргалдаад зогсож байсан. Болсон асуудлыг тодруулахад Х гэгч нь Тг гэгчийг хана арчдаг алчуураар гутлаа арчихаар нь манай эхнэр шаардлага тавихад дэлгүүрт орж  ирээд намайг миний цамцнаас заамдаж хоолой боосон, би зөрүүлж хоолойг нь боосон гэсэн. Харин Т гэгч нь намайг эхнэр нь хэл амаар доромжлоод, нөхөр нь дэлгүүрээсээ хөөгөөд түлхэхээр нь би цамцнаас нь заамдсан чинь намайг зөрүүлж заамдаад миний нүүр лүү цохьчихлоо, би гомдолтой байна гэсэн. Тухайн хоёр иргэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан тул хэлтэс дээр дагуулан ирж тухайн өдөр жижүүрийн зөрчлийн байцаагчаар ажиллаж байсан Болор-Эрдэнэд хүлээлгэн өгч ажилласан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

            8.Гэрч Б.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би нөхрийнхөө хамт дэлгүүртээ бараа бүтээгдэхүүнээ цэгцэлж байсан. Доошоо халуун усны газар луугаа орж, усанд орсон  хүмүүсээ гаргаж, өрөөгөө цэвэрлэх гэтэл, нэг залуу манай хана арчдаг цагаан өнгийн алчуураар гутлаа арчаад сууж байсан. Би “наадах чинь өрөө цэвэрлэдэг, хана арчдаг алчуур яагаад гутлаа арчиж байгаа юм бэ, би танай гэрт ороод нүүр гарын алчуураар гутлаа арчаад байвал яах вэ” гэхэд “юун сүртэй юм, би угаагаад өгье, янхан минь” гэхээр нь би резинэн бээлийгээ шал руу шидэж өгсөн. Тухайн асуудлаас болж хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаа дуудах гээд дээшээ дэлгүүр лүү орсон. Тэр эрэгтэй араас дагаж орж ирсэн. Нөхөртөө болсон асуудлыг хэлсэн. Манай нөхөр тэр залууд хандаж “чи хүний юманд дураараа хүрч, гутлаа арчдаг хэн юм бэ, дээрээс нь эмэгтэй хүнийг янхан гичийгээр нь дуудаад байдаг чи юу юм бэ” гэж хэлсэн. Тэр эрэгтэй учир зүггүй “та нар дэлгүүр, халуун усны газар ажиллуулдаг гэхээрээ өөрсдийгөө лаг гээд бодчихдог юм уу, наад газрыг чинь хаалгаад өгье” гээд орилоод, нулимаад байсан. Манай нөхөр “чи гар” гэхэд гарахгүй байсан болохоор нь лангууныхаа араас гарч ирээд тэр залууг гаргах гэж түлхэхэд тэр залуу нөхрийг минь цамцнаас нь хоёр гараараа ороож, заамдаж, хоолойг нь боосон бөгөөд “хоёулаа гадаа гаръя” гээд хаалга руу чирсэн. Тэр хооронд тэр хоёр нилээн удаан зууралдаж ноцолдсон. Манай нөхрийн нүүр нь улайж амьсгалж чадахаа больсон бололтой түүнийг тавиулах гээд чадаагүй. Би ч гараас нь татаад тавиулж чадаагүй. Манай нөхөр “би тавьчихлаа, чи тавиач” гэхэд тэр залуу тавихгүй, чангалаад, хоолойг нь боогоод байсан. Би “чи хүн аллаа шүү, тавиач” гэж хэлтэл манай нөхрийг тавьсан бөгөөд би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

            9.Гэрч И.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчимд “Мөнхийн рашаан” нэртэй дэлгүүр лүү орсон. Тухайн дэлгүүр лүү ороход  хэрүүл маргаан болж  байсан бөгөөд  миний санаж байгаагаар нэг өндөр нуруутай залуу, эхнэр нь бололтой гартаа тортой зүйл барьсан нэг эмэгтэй, мөн тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсан бололтой 50 орчим насны согтуу, эрүүл нь мэдэгдэхгүй нэг эрэгтэй хүн тухайн дэлгүүрийг ажиллуулдаг эрэгтэй, эмэгтэй хоёртой маргалдаад зогсож байсан. Ерөнхийдөө өндөр нуруутай залуу, тэр дэлгүүрийн эзэн залуутай маргалдаад зогсож байсан.  Тэр дэлгүүрийн эзэн эрэгтэйг Х гэдэг. Тэр залуу Хтай хэрэлдэж байсан бөгөөд хэлэх, хэлэхгүй үгээр харааж “чи дэлгүүр ажиллуулж хүн шулдаг янхан, гичий” гэх зэргээр харааж байсан. Би “залуу хүүхдүүд байж яасан айхтар хэл амтай юм, болохгүй бол цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Хын эхнэр цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. Би юм авах гээд зогсож байхдаа хэрүүлийг нь нилээн ажигласан. Х болохоор “би чамайг цохиогүй, чи түрүүлж цохисон, битгий солиор” гэх зэргээр, харин тэр өндөр залуу нь Хт хандаж “битгий хуц, чи түрүүлж цохисон, чи бол гичий, чи бол янхан, ялтан” гэх зэргээр харааж тэр хоёр хоорондоо маргалдаж байсан. ...Миний харснаар Хын хоолой, цээж нь улаан эрээн болчихсон, цамц нь зах орчмоороо  үрчийсэн байдалтай байсан. Харин нөгөө залуугийн уруул, завж орчмоос  нь улаан, ягаан өнгийн бололтой шингэн зүйл гарсан байдалтай байсан. Түүнээс өөр зүйл бол мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

10.Шинжээч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн Т гэх хүний биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байсан. Дээрхи гэмтлүүдийн зүүн дээд 1-р шүд буюу 1 шүдний гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд болох буйланд цус хуралт, уруулын салстад цус хуралт, язралт зэрэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал)

11.Гэрч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Мөнхийн рашаан” нэртэй дэлгүүрээр 2022 оны 02 дугаар сарын эхээр, яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тухайн дэлгүүрээс талх, гурил авч төлбөрөө төлж бичүүлэх гээд хүлээгээд зогсож байтал касс буюу төлбөр хүлээн авах цэг дээр худалдагч залуу Хишигээ, түүний эхнэр гэх хүүхэн хоёр нэг өндөр залуутай хэрэлдээд зогсож байсан. Хэсэг хугацаанд маргалдаж байснаа “би, чи” дээрээ тулж худалдагч залуугийн эхнэр нь намайг зодлоо ухааны юм худлаа ярьж орилсон. Хишигээ цаанаас гарч ирээд “чи яахаараа миний эхнэрийг зоддог юм, яахаараа миний эхнэрийг хэл амаар доромжилдог юм” гээд шууд тэр залууг бариад авсан бөгөөд куртикнээс нь заамдаж, хоолойноос нь боосон. Тэр өндөр залуу зөрүүлэн подволк буюу дугуй захтай, богино ханцуйтай цамцнаас нь адилхан харилцан хоолойноос нь боосон. Хишигээ тэр өндөр залуугийн нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Хишигээгийн эхнэр нь бас тэр өндөр залуугийн гараас нь зуураад байсан. Би Хишигээд хандаж “та нар яагаад нийлж энэ залууг зодоод байгаа юм болиоч” гэхэд Хишигээ надад “чам шиг согтуу толгойд хамаагүй, чи зүгээр мөрөөрөө зайл, ална шүү чамайг” гэж намайг хэл амаар доромжилж дэлгүүрээсээ хөөсөн. ...Миний харснаар Хишигээ тэр өндөр залууг хоолойноос нь бооход тухайн өндөр залуу зөрүүлж Хишигээгийн хоолойноос  боосон. Хишигээ тэр өндөр залуугийн нүүр хэсэг рүү 2-3 удаа хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал)

12.Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би биеэ хамгаалах зорилгоор тухайн хүнд хүрсэн. Тэр хүн миний хоолойг боогоогүй бол би тэр хүнд хүрэхгүй байсан. Би нэг ёсондоо биеэ хамгаалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал)

13.Шүүгдэгч М.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхлээд намайг дэлгүүрт нь ороход лангууныхаа араас гарч ирээд “чи яагаад манай эхнэрийг доромжилдог юм” гээд куртикнээс барьж заамдаж боосон. Би өөрийгөө хамгаалж түүнийг зөрүүлж цамцнаас нь заамдсан. Тэр хүн миний хоолойг эхэлж боогоогүй бол би тэр хүнд гар хүрээд байх шаардлага байгаагүй, би биеэ хамгаалах зорилгоор түүнд хүрсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-72 дахь тал)

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгч М.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 87 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дэх тал), шүүгдэгч Б.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95 дахь тал) иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 97 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т, Б.Х нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Мөнхийн рашаан” дэлгүүрт таарамжгүй харилцааны улмаас маргалдан, харилцан хоорондоо хүч хэрэглэж, М.Т нь Б.Хын биед хүзүүний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, Б.Х нь М.Тгийн биед 1 шүд сулрал, буйланд цус хуралт, уруулын салстад цус хуралт, язралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч М.Т, Б.Х нарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулах” гэмт хэргийн үйлдэл нь шинжээчийн 2624, 2615 дугаартай дүгнэлт, гэрч Д.А, Б.Ж, И.Ч, Ч.Г, шинжээч Ц.Нандинцэцэг нарын мэдүүлэг, Б.Х, М.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгээр тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч М.Т, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Т, Б.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэд шүүхийн хэлэлцүүлэгт “...хэн алинаасаа нэхэмжлэх зүйлгүй...” гэдгээ мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

       Шүүгдэгч М.Т, Б.Х нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Т, Б.Х нарын таарамжгүй харилцааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн зэргийг харгалзан М.Т, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

  1. Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч М.Т, Б.Х нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Хун тайжийнхан овогт Мягмарын Т, Сартуул овогт Баатартөмөрийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар М.Т, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй

            3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч М.Т, Б.Х нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            4.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            5.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            6.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Х, М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР