Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/534

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Б.Хурц /томилолт/,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөл овогт Пүрэвдоржийн Бд холбогдох эрүүгийн 2210000000678 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1966 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт оршин суух,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

            Төв аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Төв аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 220 цагийн албадан ажил хийлгэх ял,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 506 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсагт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, Хөл овогт Пүрэвдоржийн Б /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 5 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-1-4 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Утай маргалдаж, улмаар баруун мөрөнд нь 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь “баруун мөрөнд гүн хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 01-нд ...Б ахтай ярьтал намайг “гэртээ хүрээд ирээч” гэхээр нь 18 цагийн орчимд явж очиход Б ахын нутгийн найз нь гэх нэг ахтай хамт архи хувааж уугаад сууж байсан. Би нэмж 0,75 литрийн Хараа архи 1 шилийг аваад бид 3 хувааж уусан. Дахин нэг архи аваад задлаад уух гэж байтал, манай бурхантын лам залуу Нямсүрэн хүрч ирсэн. Бид нар дахин 1 шил 0,75 литрийн Хараа архийг хувааж уугаад сууж байгаад Б ахын найз “гэрт чимээтэй байна” гээд утсаар ярихаар гарч явсан. Удалгүй лам залуу гадагш гараад явсан. Б ах намайг нэг залуутай тэдний гэрээр хэд хоногийн өмнө ороод гарсныг ярьсан. Тэр залуу тухайн өдрөөс хойш тэдний гэрээр архи үнэртүүлчихсэн 2, 3 удаа орж ирдэг болсон, охин нь ганцаараа байх үед айлгаж ичээгээд байна гэж хэлээд надад уурласан. Бид хоёулаа уучихсан, нилээн согтчихсон байсан болохоор би ч хэлж байгаа үгийг нь ойлгож хүлээж авалгүй түүний урдаас хэд гурван үг хэлж орхисон. Б ах бүр их уурлаад сууж байсан газраасаа босож ирээд над руу дайрсан. Би ч мөчөөгөө өгөлгүй түүнтэй зууралдаад зогсож байтал Б ах миний баруун гар луу цохих шиг болоход эхэндээ юу ч мэдрэгдээгүй боловч хэсэг хугацааны дараа хүйт даасан мэдрэмж төрж, цамцыг маань нэвтлээд цус гарч эхэлсэн. Тэгээд Б ах надаас холдоход тэрээр гартаа хутга барьчихсан байсан бөгөөд би гараа бариад шууд доошоогоо хэвтчихсэн. Тэгээд өвчиндөө толгой эргээд ухаангүй байж байгаад 103-ын эмч нар ирж намайг аваад явсан юм... ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)

                 3. Гэрч П.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр ...12 цагийн үед Бгийн гэрт ирсэн. Бид хоёр Соёрхол нэртэй 0,5 литрийн хэмжээтэй 1 архи хувааж уусан. 21 цагийн орчимд Бгийн танил дүү У гэх залуу хүрч ирээд бид гурав 0,75 литрийн хэмжээтэй Хараа архийг хувааж уугаад сууж байтал Нямсүрэн гэх лам залуу хүрч ирээд үлдсэн архиа хувааж уусан. 00 цагийн орчимд манай гадаадад байдаг найз над руу залгаад бид 2 ярьж байгаад гэр дотор чимээ шуугиан ихтэй болохоор нь гэрийн гадна гарч ирээд утсаар яриад сууж байтал гэр дотор хүмүүс муудалцах, түжигнэх чимээ гарахаар нь дуудлагаа таслаад гэр дотор явж ороход гэрийн зуухны хажууд У гэх залуу гараа барьчихсан хувцас нь цус болчихсон хэвтэж байсан. Орон дээр Б суучихсан туүний өмнө лам залуу түүнийг хориглосон байдалтай зогсож байсан. Тэгээд би эмнэлэгт дуудлага өгсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)

                 4. Гэрч Л.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 21 цагийн орчимд Б ах над руу залгаад “гэрт хүрээд ир” гээд дуудахаар нь очсон. Очиход Б ах, түүний найз Ганбаатар, У нар байсан. Намайг очиход 0,75 литрийн Хараа архи хувааж уугаад дуусаж байсан. ...Тэгээд гадагш гарч бие засаад, тамхи татчихаад гэрт ортол гэрийн зуухны хажууд У гараа бариад “Б ах намайг хутгалчихлаа” гээд хэвтэж байсан. Б ах гэрийн баруун талын оронд хутгаа зүүн гартаа чанга атгачихсан сууж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)

                 5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 6611 дугаартай:

“-Э.Уын биед баруун мөрөнд гүн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

 -Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 -Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

 -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

                 6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1728 дугаартай:

“-Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл үүссэн байна.

 -Улаан эрээн цамцанд 17мм, цэнхэр судалтай цагаан өнгийн фудболконд 17мм хурц иртэй зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин түлэгдэлт, цэнхэр судалтай цагаан өнгийн фудболконд 500мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

           7.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-1 дэх тал)

           8.Мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хавтаст хэргийн 13 дахь тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 74-93 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дахь тал), “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 66-70 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 00:00-01:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-1-4 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Э.Уыг хутгалж, эрүүл мэндэд нь баруун мөрөнд гүн хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

 

Шүүгдэгч П.Бгийн хохирогч Э.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, гэрч П.Ганбаатар, Л.Нямсүрэн нарын мэдүүлэг, шинжээчийн 1728, 6611 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “......Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Харин шүүгдэгч П.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

             

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...56 настай, ам бүл 2, охины хамт амьдардаг, банкны дансны хуулгаас үзэхэд тодорхой орлого олдог.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Хөл овогт Пүрэвдоржийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Бд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

            5.Шүүгдэгч П.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг П.Бд сануулсугай. 

            7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР