Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                      Д.Соёлзул

                        Улсын яллагч                                     Б.Энхбаяр

                        Шүүгдэгч                                                Л.Лхагважанцан нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.Лхагважанцанд холбогдох 2232000000102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Их уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Уул Худаг Ундраг” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Их уул сумын Сэлэнгэ баг 4-р хороо 1-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Банзар Бошигт овогт Лхагвасүрэнгийн Лхагважанцан  /РД:РЖ91121119/

 

Холбогдсон хэргийн талаар:

Л.Лхагважанцан нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг дэвсгэр “Ар зүрх” гэх газарт чоно агнахаар Б.Даваасүрэн, Г.Эрдэнэцогт нарын хамт 01-12 СЭА улсын дугаартай Ланд-80 загварын тээврийн хэрэгслийн арын суудалд сууж явахдаа өөрийн барьж явсан ТОЗ-8-01 загварын калибрын винтов бууны сум алдаж иргэн Б.Даваасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Лхагважанцан мэдүүлэхдээ:... 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Хар зүрх” гэдэг газар чоно агнахаар яваад машины урд суудалд Эрдэнэцогт жолоо барьж байсан, Даваасүрэн ах гэрэл бариад хажуу талд нь сууж байсан. Би арын суудалд сууж байсан. Тэгээд чоно харагдахаар нь хөөгөөд явтал чоно жалга руу ороод цаашаа даваад алга болсон. Би чоно буудах гээд машины ард талын цонхоор гарч буудахдаа Даваасүрэн ахын биед сум алдсан тэгээд 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод хагалгаанд орсон... гэжээ.

 

Эрүүгийн  2232000000102 тоот хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/,

Хохирогч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 00 цагийн үед Эрдэнэцогт, Лхагважанцан нарын хамт “Ар зүрх” гэх газар руу чоно агнах зорилгоор Тоз-8 маркийн галт зэвсэгтэй Ланд-80 загварын 01-12 СЭА Улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй анд явсан. Би жолооч талын хажуу талын суудал дээр сууж байсан. Эрдэнэцогт жолоо барьчихсан Лхагважанцан ар талын суудал дээр сууж явж байсан. Тэгээд бид нарыг уул руу өгсөхөд урд чоно харагдахаар нь би машины сандал дээр босож зогсоод машины лүүкээр биеэ гаргаж гэрэл тусгаж байсан. Ар талд сууж байсан Лхагважанцан Тоз-8 маркийн галт зэвсэгтэй миний хажуу талаар лүүкээр гарч ирчхээд буудах гэж байхад нь бид нарын хөөж байсан чоно жалга руу орчихсон. Тэгээд Лхагважанцан миний хажуу талаар буцаж машин руу орж суух гэж байхдаа сум алдаж миний баруун талын сүвээ хэсэгт нэг удаа буудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Гэрч Ч.Сэлэнгэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Даваасүрэнгийн биеийн байдал хэвийн байсан. Баруун талын бөөрний ард хэсэгт 2 оёдолтой шарх нь бага зэрэг идээлчихсэн байсан болохоор оёдлыг нь авч цэвэрлэж боолт хийж өгсөн. Баруун цээж хэсэгтэй мөн адил оёдолтой байсан. Тэр оёдол нь идээлж ямар нэгэн юм болоогүй байсан болохоор үлдээсэн. Бусад нь ямар нэгэн гэмтэл шархгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

Гэрч Э.Эрдэнэсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай ажил дээр үхэр гаргах гээд гаргаж чадах хүн олдохгүй Эрдэнэцогт надаас таньдаг буутай хүн байгаа юу гэж асуухаар нь би Батмандахаас 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Тоз-8 загварын галт зэвсэг авч Эрдэнэцогтод хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

Гэрч Г.Эрдэнэцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед Даваасүрэн, Лхагважанцан нарын хамт чоно агнах зорилгоор Ланд-80 загварын 01-12 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр “Ар зүрх” гэх газар руу явсан, Лхагважанцан ард талын суудал дээр сууж байгаад Даваасүрэнгийн хажуу талаар лүүкээр зэрэгцэж Тоз-8 маркийн галт зэвсэгтэй биеэ гаргаж чоно буудах гэж байсан боловч Даваасүрэн, Лхагважанцан хоёр машины лүүкээр хамт биеэ гаргаж багтахгүй байсан болохоор Лхагважанцан буцаж машин руу орж ард талын цонхоор буудах гэж хойшоо суух явцдаа сум алдаж Даваасүрэнгийн баруун сүвээ хавьд нь буудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

Гэрч Д.Чинбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 08 цагт миний утас дугарсан бөгөөд аваад ярьтал эрэгтэй хүн байсан ба надаа таны эмнэлэг болон утасны дугаарыг лавлахаас авлаа. Мэс заслын эмч мөн үү, та хүний биед орсон төмрийг гаргаж авах уу, төмөр орчихсон юмаа гэж хэлэхээр нь би нарийн зүйл асуулгүй, түүнээс зураг авсан уу гэж асуухад зураг авхуулсан гэж хэлэхээр нь 9 цагт онгойно гэж хэлэхээр нь бид нар яаралтай очих шаардлагатай байна, та эрт ирж чадахгүй юу гэж асуухаар нь би гэрээсээ гараад эмнэлэг дээрээ 9 цагт онгойх цагтаа ирэхэд эмнэлгийн дотор үүдний хүлээлгийн хэсэгт надтай ярьсан эрэгтэй сууж байсан ба хар хөх өнгийн дээлтэй, бүс байхгүй, хормойгоороо бүсэлчихсэн 50 орчим насны 170 см орчим өндөртэй бор арьстай эрэгтэй хүн байсан. Түүнийг дагуулаад орох гэтэл тэр хүн нь өөрөө биш болж таараад гаднаас нөгөө хүнээ оруулаад ирье гэж гараад гаднаас тэр хүнтэйгээ орж ирэхэд нас өндөр нь ойролцоо арай залуу байж магадгүй, дээгүүрээ бор өнгийн куртиктэй ба хэвлийн баруун доод хэсэгт цус гараад хувцсандаа нэвччихсэн байдалтай нөгөө хүнтэйгээ алхаад ороод ирсэн ба би рентген зургийг нь харахад сум гэдэг нь тодорхой байсан. Цус гарч байсан учир тэр даруй мэс засалд оруулахаар болсон бөгөөд мэдээ алдуулалт хийгээд цусыг нь тогтоосон. Тэгээд 09 цаг 30 минутад хэсгийн мэдээ алдуулалт хийж сумыг авахаар мэс ажилбар хийсэн. Мэс заслын явцад баруун 12 дугаар сүвээний хавирганы доод хэсэгт гадна сумны шарх байсан бөгөөд мэс ажилбараар сумыг авахад тухайн сум нь орсон газраасаа дээшээ 6-7-р хавирганы завсар байрласан байсан. Тухайн сумыг биеийн доод хэсгээс дээш чиглэсэн байдалтай буудсан ул мөртэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36- 37-р тал/,

Шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2030 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэгт эвдрэл гэмтэл байхгүй. Уг галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь гох дарагдаагүй үед цохилт, доргилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд сангийн анги 84N18730 дугаартай, замаг 149620 дугаартай хуучнаар ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн Тоз-8-01 загварын бага калибрын винтов буу байна. Уг буу нь галт зэвсэг мөн. Шинжилгээнд ирүүлсэн сум нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг сум нь ОХУ-ын VOSТОК-н сумны үйлдвэрт ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5.6x15R мм /22Lr/-ийн калибртай сум байна. Уг сумнууд нь 5.6x15R мм калибрын сумны байртай бүх буугаар буудлага үйлдэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 48-53-р тал/,

Шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаартай “...Б.Даваасүрэнгийн биед баруун уушгины плеврт их хэмжээний шингэн, элэгний эдэд хий, 10-р хавирганы хугарал, цээжний баруун дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн баруун ар хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоосон. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р тал/, Л.Лхагважанцангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Лхагважанцангийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 78 дугаар хуудас/, мөн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-н 84 дүгээр хуудас/ зэрэг болно.    

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Л.Лхагважанцанг гэм буруутайд тооцох талаар:

 Шүүгдэгч Л.Лхагважанцан нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг дэвсгэр “Ар зүрх” гэх газарт чоно агнахаар Б.Даваасүрэн, Г.Эрдэнэцогт нарын хамт 01-12 СЭА улсын дугаартай Ланд-80 загварын тээврийн хэрэгслийн арын суудалд сууж явахдаа өөрийн барьж явсан Тоз-8 загварын калибрын винтов бууны сум алдаж, иргэн Б.Даваасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 18-р тал/ гэрч Ч.Сэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 23-р тал/, гэрч Э.Эрдэнэсайханы мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, гэрч Г.Эрдэнэцогтын мэдүүлэг /хх-ийн 30-р тал/, гэрч Д.Чинбатын мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/, шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2030 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-53-р тал/, шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43-р тал/, Л.Лхагважанцангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Л.Лхагважанцан нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Лхагважанцанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Лхагважанцанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Даваасүрэнгийн биед баруун уушгины плеврт их хэмжээний шингэн, элэгний эдэд хий, 10-р хавирганы хугарал, цээжний баруун дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн баруун ар хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учирсан байх ба эмчилгээ, эм тарианы төлбөрийн 1090600 төгрөгийн баримт хэрэгт нотлох баримтаар хавсаргасан ба хэрэгт авагдсан гараар бичсэн төлбөрийн жагсаалтаар 6693100 төгрөгийг шүүгдэгч Л.Лхагважанцан нь хохирогч Б.Даваасүрэнд төлсөн гэх бөгөөд уг баримтад “3 сарын дотор 5000000 төгрөгийг Даваасүрэнд өгөхөөр тохирсон байгаа” гэж дурдан баримтыг хэрэгт хавсаргажээ.

            Хохирогч Б.Даваасүрэн нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг шүүхэд нэмж ирүүлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

            Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

         Гурав.Шүүгдэгч Л.Лхагважанцанд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Л.Лхагважанцан нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг дэвсгэр “Ар зүрх” гэх газарт чоно агнахаар Б.Даваасүрэн, Г.Эрдэнэцогт нарын хамт 01-12 СЭА улсын дугаартай Ланд-80 загварын тээврийн хэрэгслийн арын суудалд сууж явахдаа өөрийн барьж явсан Тоз-8 загварын калибрын винтов бууны сум алдаж, иргэн Б.Даваасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Лхагважанцанд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 2700 нэгж буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 36 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар сангийн анги 84N18730 дугаартай, замаг 149620 дугаартай хуучнаар ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн Тоз-8 загварын бага калибрын винтов буу 1 ширхэг, 5,6х15R мм сум 2 ширхэг, сумны хошуу 1 ширхэг тус тус хураагдан ирсэн байх бөгөөд Тоз-8-01 загварын бага калибрын винтов буу нь иргэний нэхэмжлэгч Б.Батмандахын мөрдөн байцаалтад өгсөн “ ...Эрэнэсайхан нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай гэрт ирээд манай ажил дээр бух гаргах гэсэн чинь гаргаж чадах хүн байдаггүй чи буугаа өгчихөөч бухаа гаргачхаад буцаагаад өгий гэхээр нь би өөрийн эзэмшлийн Тоз-8 загварын гарт зэвсгийг сумгүйгээр өгч явуулсан..., миний эзэмшлийн Тоз-8 маркын гарт зэвсэг нь ямар нэг бичиг баримт байхгүй ээ. Манай аав 2007 онд бурхан болсноос хойш манай гэрт байгаа, би өөрөө уг гарт зэвсгийг ашигладаггүй болохоор мэдэхгүй байна..., ...надад ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй ээ... ” гэх мэдүүлгээр Галт зэвсгийн тухай хуульд заасан зохих бүртгэлд бүртгүүлээгүй, галт зэвсгийн гэрчилгээ аваагүй байх тул сангийн анги 84N18730 дугаартай, замаг 149620 дугаартай, хуучнаар ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн, Тоз-8 загварын галт зэвсэг 1 ширхэг, 5,6х15R мм сум 2 ширхэг, сумны хошуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст хүргүүлж, иргэний нэхэмжлэгч Б.Батмандах нь Тоз-8 загварын бага калибрын винтов бууны үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Мөн энэ хэрэгт Л.Лхагважанцан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Банзар Бошигт овогт Лхагвасүрэнгийн Лхагважанцаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лхагважанцаныг 2700 нэгж буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Л.Лхагважанцан нь торгох ялыг 36 /гучин зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт Л.Лхагважанцан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сангийн анги 84N18730 дугаартай, замаг 149620 дугаартай, хуучнаар ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн, Тоз-8 загварын галт зэвсэг 1 ширхэг, 5,6х15R мм сум 2 ширхэг, сумны хошуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст хүргүүлж, иргэний нэхэмжлэгч Б.Батмандах нь Тоз-8 загварын бага калибрын винтов бууны үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Л.Лхагважанцанаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Хохирогч Б.Даваасүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Лхагважанцанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.