Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/556

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,   

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Год холбогдох эрүүгийн 2210007540813 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, , ам бүл 1, , урьд ял шитгэлгүй, Төвд овогт Сандагийн Г /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 3 дугаар гудамж, 4 тоотод Л.Бг “хамтран амьдрагч О.Болор-Эрдэнийг зодлоо” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүний цээж толгой хэсэгт хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн шилбэ, баруун шилбэнд сорив гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

           2.Хохирогч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Олзвойн Б гэх эмэгтэйтэй танилцаад 1 жил гаран болж байна. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах гэрт Болор-Эрдэнийн хамт амьдардаг. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Валентины өдөр Болор-Эрдэнийн төрсөн ах Пгийн нөхрийн гэр болох Ууганбаярын гэрт очсон. Тухайн үед 14 дүгээр хорооны ард санагдаж байна. Бтэй хамт 1 шил Хараа 0,75 литрийн архи аваад очоод бид бүгдээрээ гэрт ууцгаасан. Тухайн үед манай төрсөн дүү Баасандоржийг дуудсан. Намайг согтсон байх үед Баасандоржид өгч явуулаад ээж Буяндалайн гэрт авчирсан байсан. Би өглөө гэртээ 5-6-ийн үед ирэхэд Б байхгүй байхаар нь Ууганбаярын гэр лүү очоод Болор-Эрдэнийг “2-уулаа хамт гэр лүүгээ явъя” гэсэн боловч дургүйцээд байхаар нь би Ууганбаярын шараа тайлахаар авсан байсан архийг нь уугаад унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь Болор-Эрдэнийн нагац ах Чойдонгийн Ганбат миний цээж толгой бусад хэсэг рүү дэвсээд “Чи яахаараа миний дүүг дээрэлхээд байгаа юм” гэж хэлээд миний толгой болон цээж рүү маш  олон удаа дэвсээд байхаар нь би ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй хэвтэж байтал Ганбат гэрээс гараад явсан. Нэг мэдсэн Б намайг цагдаад өгөөд явуулсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)

          3.Гэрч О.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б Валентины баяр гээд эхнэр болох Болор-Эрдэнийн хамт манай гэрт ирсэн. Ирэхдээ 1 шил Хараа гэх нэртэй 0,75 литрийн архи барьж ирсэн. Тухайн шил архийг хувааж уусан. Түүнийг дуусгаад би нэмж 1 шил авч уусан. Улмаар тухайн өдрөө унтаж амрах гэж байтал Б орилж хашигараад, манай дүүг хараагаад, цохих гээд агсам тавиад байсан. Аргаа бараад Б төрсөн дүүг нь дуудсан. Дүү нь машинтай ирээд машиндаа суулгах гэтэл Б суухгүй, агсам тавиад, дүү нь ахыгаа цохиж барьсан гэж байсан. Тэгээд дүү нь аваад явсан. Маргааш буюу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Ууганбаяр, Б болон манай хүүхдүүд унтаж байхад Ууганбаяр Г ахыг дуудсан юм билээ. Тэгээд Г ах ирсэн бөгөөд юм яриад сууж байтал гаднаас Б согтуу орж ирсэн. Болор-Эрдэнийг “гичии, янхан” гэж дуудаад зодож цохиод эхэлсэн. Тэгэхэд Г ах “боль, битгий, болдоггүй юм” гэж зөндөө гуйсан. Тэгээд Б гадагшаа гарсан бөгөөд араас нь Г ах гарахад Б Г ахыг цохьсон. Тэгээд эргэж гэрт орж ирээд Б рүү дайраад хойд талын хоймрын орон дээрээс татаж чангаагаад байсан. Тэгэхэд нь Г ах Бг татахад Б газар унасан бөгөөд тэр хоёр ноцолдоод нэг нэгнийгээ ганц хоёр цохисон байх. Орилж хашигачаад байхаар нь би хүүхдээ аваад гэрээс гараад явсан. Г ах нүүр нүд рүү нь бол цохиогүй, бие рүү нь л цохисон байх. Гэхдээ Б манай гэрт орж ирэхдээ цээж өвдөөд байна гэж орж ирсэн...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

            4.Гэрч О.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б согтчихсон байсан бөгөөд над руу агсраад намаг үстээд, миний нүүр ам руу цохиод, агсам тавьж, “ална хядна, янхан гичий” гэж дуудаж, манай охиныг бас “гичий” гээд хараагаад байхаар нь охин бид 2 Ууганбаярын гэрээс гүйж гарсан. Тэгэхэд Г ах ирчихсэн байсан ба “боль, ингэж болохгүй” гээд болиулж байсан. ...Маргааш өглөө нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны 9-10 цагийн орчимд Б Ууганбаяр ахын гэрт таксины жолооч гээд нэг ахын хамт орж ирсэн бөгөөд тэр нь яваад өгсөн. Би хойд талын буюу хоймрын орон дээр хэвтэж байхад зодож, хаалга руу чирээд, үүдэнд аваачсан. Тэгэхэд Г ах байсан бөгөөд “ингэж болдоггүй юм, ах нь чамд өчигдөр хэлсэн” гээд Бг барьж аваад Б, Г ах хоёр ноцолдоод хоймрын ор луу яваад дээр доороо гараад 2-3 цохилцсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

            5.Гэрч Э.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15-16 цагийн орчимд би Г ахыг “хоол, унд хийчихлээ, ирж ид” гээд дуудсан. Г ах ирээд юм яриад сууж байтал Б гаднаас халамцуу ороод ирсэн. Хоол хийгээд өгтөл бидэнтэй мэнд мэдээд Бтэй муудалцаад, хэрэлдээд байсан. Тэгэхэд Б “энэ намайг чимхээд байна, янаглаад байна” гээд орилсон. Би Г ахын хамт “гарч юм яръя” гээд гэрээс Б, Г ах бид гурав гарсан. Г ах гадаа гараад “болдоггүй юм, залуу хүүхдүүд байж эвтэй, найртай бай” гээд аргадангуй хэдэн үг хэлж байсан. Тэгэхэд Б Г ах руу бага зэрэг агсрах гээд байсан. Гэрт ороод дахин Болор-Эрдэнийг чимхээд, базаад байсан. Г ах очоод “боль” гэхэд нилээн зайнаас Б Г ахыг өшиглөсөн. Тэгэхэд нь Г ах хөлийг нь барьж аваад газар унагаасан. 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

                 6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3587 дугаартай:

“-Л.Бгийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн шилбэ, баруун шилбэнд сорив гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хугацаа тогтоох боломжгүй.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

                     Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 3 дугаар гудамж, 4 тоотод Л.Бг “хамтран амьдрагч О.Болор-Эрдэнийг зодлоо” гэх таарамжгүй харилцааны улмаас түүний цээж, толгой хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн шилбэ, баруун шилбэнд сорив гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч С.Гын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулах” гэмт хэргийн үйлдэл нь хохирогч Л.Б, гэрч О.П, О.Б, Э.Ууганбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 3587 дугаартай дүгнэлтээр тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч С.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /...48 настай, “Монос” ХХК-д агуулахын сахиур ажилтай гэх.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч С.Год холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Төвд овогт Сандагийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Год оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч С.Год холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5.Хохирогч Л.Бгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Год сануулсугай.       

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.БАТБОЛОР