| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/03264/и |
| Дугаар | 3161 |
| Огноо | 2018-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 3161
| 2018 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2018/03161 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Т /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Б /-д холбогдох,
Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Н.Т миний бие 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.Б тэй “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, ******* аралын дугаартай, ******* маркийн, улаан өнгөтэй зүтгүүр /толгой/-ийг, ******* улсын дугаартай, *******, ******* маркийн, улаан өнгөтэй чиргүүл /нүүрс тээвэрлэхэд зориулагдсан өндөрлөгөөтэй/-ийн хамт 40,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, гэрээ байгуулсан өдрөө 20,000,000 төгрөгийг авч, 15,000,000 төгрөгт нь ******* улсын дугаартай ******* тоот аралын дугаартай, Т.Ланд 100 маркийн автомашиныг тооцон авч, үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл М.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлөхгүй, элдэв шалтаг шалтгаан хэлсээр ирсэн. Би түүнд эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй ашиглаж, эзэмших бүрэн боломжтой тээврийн хэрэгсэлийг чиргүүлийн хамт шилжүүлсэн байхад М.Б нь 2017 оны 12 сарын 31-ний өдөр төлөх ёстой 5,000,000 төгрөгийг төлөхгүй, миний эрх ашгийг илт хохироосоор байна. Бидний хооронд байгуулсан гэрээний 3.8 дахь заалтанд төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг худалдан авагч тал нь төлөхөөр тохиролцсон тул хариуцагч М.Б эс төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулж, өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“******* Б миний бие нь 2017 оны 12 сарын 02-ны өдөр иргэн Н.Т тай Автомашин худалдах худалдан авах гэрээг байгуулж үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохирч гэрээг байгуулсан билээ. Уг гэрээг байгуулж худалдан авах явцад иргэн Н.Т нь автомашин болон чиргүүлд бүрэн бүтэн байдал болон моторт ээлж хийсэн асуудалгүй, запас олон дугуйтай, кропны диск болон муфьт сольсон гэж аман баталгаа гаргаж, манай ах унадаг байсан асуудалгүй гэж итгэл үзүүлсэнд би итгэж дээрх гэрээг байгуулсан. Гэвч дээрх автомашин нь эвдэрч, одоог хүртэл засвартай, санхүү болон цаг хугацааны хувьд хохирол амсаж, гэрээний биелэлтийг хангаж чадахгүй байгаа болно. Хэрвээ иргэн Н.Т нь ингэж итгэл төрүүлэх замаар дээрх автомашинд баталгаа гаргаж хэлээгүй бол зах зээлийн дүнгээс хэт өндөр үнээр худалдан авахгүй байсан билээ. Ингэж итгэл төрүүлснээс гарсан хор уршгаас дурдвал дөнгөж аваад явж байхад масло их хэмжээгээр гоожсон, рулийн аппарат гацаж замын хажуу руу орж онхолдох шахсан, дугуйг нь хийлж машиндаа тавих явцад буудаж жолоочийн амь насанд хүрэх дөхсөн зэрэг, мөн эвдрэл гэмтэл маш их гарч мотор нь цохьсон тул иргэн Н.Т тай хийсэн гэрээнд дурдсан ёсоор автомашины ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйгээр хүлээлгэн өгөх үйл явцаас татгалзсан, моторт ээлж хийсэн гэж худал хэлснээс болж өнөөдрийн байдалд хүрч байгаа тул дээрх төлбөрийг барагдуулах нь боломжгүй гэж үзэж байна” гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч М.Б д холбогдуулан Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Т , хариуцагч М.Б нар нь 2017 оны 12 сарын 02-ны өдөр “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Н.Т нь ******* улсын дугаартай, ******* аралын дугаартай, ******* маркийн, улаан өнгөтэй зүтгүүр /толгой/, ******* улсын дугаартай, *******, ******* маркийн, улаан өнгөтэй чиргүүлийн хамт 40,000,000 төгрөгөөр худалдах, М.Б нь 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, 15,000,000 төгрөгт нь ******* улсын дугаартай, ******* тоот аралын дугаартай, Т.Ланд 100 маркийн автомашиныг тооцон өгч, үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-4-5/
Зохигчдын хооронд хийгдсэн тохиролцооноос үзэхэд худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч М.Б эс төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй.
Хариуцагч М.Б гэрээ байгуулсан, автомашин худалдсан, худалдан авсан үйл баримт болон төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй боловч нэхэмжлэгч Н.Т эвдрэл гэмтэлтэй автомашин худалдсанаас түүнд хохирол учирсан тул үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй гэх тайлбарыг гарган маргаж байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ”, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд худалдан авагч нь гэрээний зүйлийн доголдолтой холбоотой асуудлаар хуульд зааснаар шаардах эрхтэй.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.3-т “Худалдагч тал тээврийн хэрэгслийг худалдан авагч талд шилжүүлэн өгөхдөө хүлээлцэх акт үйлдэж болно. Тус актад талуудын хүсэлтээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг зохих шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн баримтыг хавсаргаж болно” гэж заасан байх боловч талууд уг ажиллагааг хийгээгүй байна.
Гэрээнд худалдаж буй автомашин /зүтгүүр-толгой, чиргүүл/-ы чанарын талаар тусгайлан тохиролцоогүй боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжтой автомашин /зүтгүүр-толгой, чиргүүл/-ыг худалдах үүрэгтэй.
Хэрэгт авагдсан авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд талууд гэрээний зүйл болох автомашин /зүтгүүр-толгой, чиргүүл/-ы шинж чанар, байгаа байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан тохиролцоо хийж, хариуцагч тал байгаа байдлаар нь худалдаж авсан байх тул зохигчид гэрээний зүйлийг байгаа байдлаар нь тодорхойлж, тохирсон гэж үзэхээр байна. Хариуцагч тал гэрээний зүйлийг ийнхүү байгаа байдлаар нь хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасны дагуу эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох бөгөөд хожим мэдэх боломжгүй доголдол илэрсэн бол үүнийг нотлох ёстой.
Хариуцагч нь худалдан авсан автомашин /зүтгүүр-толгой, чиргүүл/-ыг доголдолтой гэдгийг илрүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах талаар нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй. Гэвч хариуцагч нь гэрээний зүйл болох ******* улсын дугаартай, ******* аралын дугаартай, ******* маркийн, улаан өнгөтэй зүтгүүр /толгой/, ******* улсын дугаартай, *******, ******* маркийн, улаан өнгөтэй чиргүүлийг ердийн зориулалтын дагуу ашиглаж болохгүй доголдолтой байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй байна. Хариуцагчийн гэрээний зүйл доголдолтой байсан гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийг эд хөрөнгийг доголдолгүй байдлаар худалдсан гэдгийг нотлох ёстой хэмээн буруутгах боломжгүй юм.
Дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч М.Б нь гэрээний дагуу худалдан авсан автомашин /зүтгүүр-толгой, чиргүүл/-ын төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
2017 оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.8-д “Худалдагч тал гэрээнээс татгалзаагүй бол төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож худалдан авагчаар төлүүлэх эрхтэй” гэж заасан байх бөгөөд хариуцагч гэрээний төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зааснаар хариуцагч үлдэгдэл төлбөрийг 2017 оны 12 сарын 31-нд төлөх үүргийг хүлээсэн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2018 оны 06 сарын 27-ны өдөр хүртэл хугацааг 178 хоногоор тооцоход алданги 4,450,000 төгрөг болсныг нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 2,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх тул алданги 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.Б эс гэрээний төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Т т олгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч М.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2018 оны 07 сарын 16-ны өдрөөс оролцсон бөгөөд 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутанд хуралдахаар товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнайрамдалд 2018 оны 10 сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, гарын үсэг зуруулсан. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч М.Б эс 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Т т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б эс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Т т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР