Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/574

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Б.Нандин-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч У.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн У.Нт холбогдох эрүүгийн 2210000000732 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, Ямаат овогт Ууганбаярын Н /РД:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Н нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива сити” хорооллын гадаа хохирогч Х.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан, маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч У.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2.Хохирогч Ц.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 5 дугаар сарын 14-ний шөнө ...05 цагийн үед Хүүхдийн 100 гэх  газраас нэг залуу гар өргөхөөр нь авсан. Уг залуу “Вива сити рүү явъя” гэж хэлсэн. Вива сити хорооллын хамгийн хойд талын байрнууд орчим зогссон. Тухайн залуу хүн рүү залгаад байсан. “Надад таксины мөнгө байхгүй, манай найз гарч ирээд өгөх юм, утсаа авахгүй байна” гэж хэлсэн. Буугаад найзыгаа дуудаад байсан. Цаанаас байр дундаас нэг залуу гарч ирээд нөгөө такси барьсан залуу дээр ирээд “чамайг бас  дуудсан юм уу” гэж хэлээд хоорондоо юм яриад зогсож байхад дахиад нэг залуу хүрч ирээд юм яриад  зогсоод байсан. Би такси барьсан залууд хандан “найз чинь яасан бэ, гарч  ирж байна уу, болохгүй бол таксины мөнгөө аваад явмаар байна” гэж хэлсэн чинь “за за явъя ахаа” гэж хэлээд нөгөө хоёр  найздаа хандан “та хоёр такситай яваа юм уу” гэж асуухад нөгөө хоёр  залуу “таксигүй явна” гэж  хэлсэн. “Би такситай явна, гурвуулаа явъя” гэж хэлэхэд анх байран дундаас  гарч ирсэн залуу нь “цаадах чинь одоо гарч ирж байна гэнэ, хүлээж байя” гэж хэлэхэд удалгүй байрнаас  нэг залуу гарч ирээд нөгөө хэдтэй  юм ярихаар нь би такси барьсан залууд хандан “нөгөө найз чинь энэ юм уу” гэж хэлсэн чинь нөгөө байрнаас  гарч ирсэн залуу над дээр хүрч ирээд “чи намайг энэ юм уу гэдэг хэн юм пизда минь, хоёулаа доошоо буугаад сайхан зодолдъё” гэж хэлээд над руу дайраад миний цамцны  энгэр хэсгээс баруун гараараа татаад, цамцны баруун талын мөр хэсгийг урсан. Тэгэхэд найзууд нь надаас салгаад цааш болгосон. Нөгөө залуу “намайг тавь пиздануудаа” гэж хэлээд, над руу гүйж ирээд, миний өмсөж байсан куртикны зүүн талын  мөрнөөс татаад, зүүн талын оёдол хэсгээр нь урсан. Тэгэхээр нь би “чамтай зодолдмооргүй байна, чи зүгээр больчих” гэж хэлэхэд болихгүй намайг биеэрээ түлхээд, хоёр гараараа цамцны энгэр  хэсгээс барьж байгаад, хоёр удаа мөргөхөөр нь  би бултсан. Гурав дахь мөргөлтөөрөө миний баруун талын хөмсөг хэсэгт мөргөж, миний хөмсгийг сэтэлсэн. Хөмсөгнөөс цус гараад тогтохгүй байсан. Тэгээд манай найз Болдбаатар хүрч ирээд найзынхаа хамт Гэмтлийн  эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал)

3.Гэрч М.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны  05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ...03 цагийн  үед найз  Б  залгаад “хаана явна, хальт уулзаж тамхилах уу” гэж ярихаар нь би “тэгье” гэж хэлээд Бий байгаа газар очиж тамхилсан. Б Сэнгүр нэртэй 0,5 литрийн 1 лааз  пивотой гарч ирээд тэрийгээ машинд сууж явж байхдаа ууж дуусгасан. Би Бий  хамт таксинд явж, Хүүхдийн 100 гэх газар орчмоос  нэг залуу гар өргөхөөр нь  авсан. Тухайн залуу “120 мянгат оръё” гэж  хэлсэн. Тухайн залуу утсаар яриад Вива сити  орохоор болсон. Вива сити хорооллын хамгийн хойд талын байранд очиход тухайн үед гэгээ орсон байсан. Цаг хэд болж байгааг хараагүй. Тухайн залуу хүмүүс рүү залгаад байсан. ...Хоёр залуу хүрч ирээд юм яриад байсан. Найзууд юм шиг  байсан. Тэр гурав “наадах чинь гарч ирэхгүй юм биш үү, таксигаа явуулъя” гэж ярьж байсан. Нэг нь “гарч ирж байна гэнэ, хүлээж байя” гэж хэлсэн. Тухайн газар нь зогсоол байхгүй  байсан. Нэг эгнээ  замтай байсан учир ардаас машин ирээд  байхаар нь би урагшаа хойшоо болоод  машинуудыг гаргаж байсан. Тэгсэн нөгөө гурван залуугийн найз нь гээд нэг залуу гарч ирчихсэн манай найз Бийг  заамдаад  авчихсан, куртик, цамцыг нь урчихсан байсан. “Юу болж байна” гэж хэлээд салгасан чинь  нөгөө залуу Б рүү  дайраад, заамдаж байгаад нүүр  хэсэгт нь 1 удаа мөргөсөн. Бий баруун талын нүднийх нь зовхи хэсгээс нь цус гарч эхэлсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал)

4.Гэрч Д.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэргүйбаатар такси бариад ирчихсэн, Ныг хүлээж байсан. Н Вива сити  хорооллын  байрнаас  гараад ирсэн. Жолоочийн найз болох залуу хар өнгийн  хувцастай, 1,75  орчим өндөртэй, 25-30 орчим насны  эрэгтэй Ныг гарч ирэх үед бид 3-аас “та гурав хэнийг хүлээгээд  байгаа юм” гэсэн. Бид 3 найзыгаа гэж хариулсан. Ныг тухайн эрэгтэй хараад “энэ юм уу” гэж ёжилж хэлсэн. Н тухайн эрэгтэйтэй маргалдаж, хоорондоо энгэрээс заамдалцаж, ноцолдоод байсан. Н тухайн залуугийн нүүр хэсэг рүү нь толгойгоороо  мөргөхөд тухайн эрэгтэйн зүүн хөмсөгний дээд талд сэтэрсэн байсан. ...Нөгөө эрэгтэй оёдол тавиулаад дараа нь цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дэх тал)

5.Гэрч П.Нэргүйбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н бид 4-лүү ирэхэд таксины жолоочийн найз “энэ юм уу” гэсэн. Манай найз “би хүн биш юм уу” гээд тухайн залууд тулаад ирэхэд таксины жолоочийн найз “яах гэж байгаа юм” гээд Ныг заамдаж авсан. Н зөрүүлээд  заамдахаар нь бид 3 салгах гээд дийлээгүй. Такси ухарч ирээд бид 4 нийлээд салгах гэж байхад  таксины жолоочийн найзын хувцсыг Н зууралдаж байгаад урсан. Ныг таксины жолоочийн найз боосон байхад  боолтыг нь бид нар тавиулаад салгасан.  Салгасны дараа таксины жолоочийн найз “миний куртик, цамц урагдсан байна” гэхээр нь Н уучлалт гуйхад, тухайн залуу нэг эвгүй үг хэлсэн. /тухайн үгийг санахгүй байна/ Тэгээд зогсож байхад таксины жолоочийн найз 2-уулаа нэглэчих үү гэхэд Н хувцсаа тайлаад  дайрч байгаад тухайн залууг  мөргөх гэж дайраад мөргөхөд хөмсөг нь сэтэрсэн. Тэгээд тухайн залуугийн хөмсөгнөөс цус гараад нилээд тайвширахаар нь уучлалт гуйсан боловч тухайн залуу “шүүх цагдаагаар явна” гэсэн. Тэгээд бид нар зодуулсан хүнээ дагаад Гэмтлийн  эмнэлэг орж үзүүлээд байж байхад цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)

           6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7122 дугаартай:

“-Ц.Бий биед баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний дээд зовхи, хүзүүнд цус хуралт, баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дахь тал)

           7.“Дамно” ХХК-ийн 2022.5.19-ний өдрийн ХУ2-22-497 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр нийт 453,866 төгрөгөөр үнэлэв” гэсэн тайлан (хавтаст хэргийн 16-17 дахь тал).

           8.Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 32-34 дэх тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 29 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Н нь согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива сити” хорооллын гадна хохирогч Х.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан, маргалдаж, түүний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч У.Нын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулах” гэмт хэргийн үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ц.Бий мэдүүлэг, гэрч М.Болдбаатар, Д.Ган-Эрдэнэ, П.Нэргүйбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн 7122 дугаар дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, цагдаагийн байгууллагын дуудлагын лавлагааны хуудас, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч У.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...бүрэн дүүрэн хохиролгүй болсон, Нт ямар ч гомдолгүй болно...” гэсэн гар бичвэр /шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн баримт/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

       Шүүгдэгч У.Нын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч У.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, 22 настай, эцгийн хамт амьдардаг, урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Ныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч У.Нт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ямаат овогт Ууганбаярын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Нямбарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Нт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч У.Нт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг У.Нт сануулсугай.       

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР