Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 823 дугаар байрны 306 тоотод оршин суух, Лу Монгол овогт Дорждагвын Тамир /РД:ЧН79052017/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, өөрийн байранд байрлах, Т.Б ХХК /РД:5341469/-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,185,944 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь Т.Бны Сүхбаатар дүүрэг салбарын харьяа Шинжлэх ухаан технологийн их сургууль тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/196 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан.

 

Дээрх хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Т.Б ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжпэл гаргасан.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01695 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг Т.Бны Сүхбаатар дүүрэг салбарын харьяа ШУТИС тооцооны төв-ийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэн Т.Бны гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/692 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Т.Б ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын харьяа ШУТИС тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд ажиллуулахаар буцаан томилсон.

 

Ийм хариуцагч Т.Б ХХК-иас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 5 дугаар сарын 29-нөөс ажилд томилсон тушаал гарсан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 232 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 16,185,944 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дугаартай шийдвэрийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр биелүүлж Д.Тыг Т.Б ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын харьяа ШУТИС тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд томилсон.

 

Т.Б ХХК-ийн хувьд шүүхийн шийдвэрийн дагуу гарсан ажилгүй байсан хугацааны цалин 4,977,273 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Т.Б ХХК-д холбогдуулан aжилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,185,944 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь тус шүүхийн шийдвэрийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр биелүүлж Д.Тыг Т.Б ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын ШУТИС тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд томилж, шүүхийн шийдвэрийн дагуу гарсан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,977,273 төгрөгийг олгосон, энэ хугацаанд нэхэмжлэгч нь өөр ажил хийж байсан байх магадлалтай учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Б/196 тоот тушаалаар Т.Б ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын ШУТИС тооцооны төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

 

Нэхэмжлэгч Д.Т нь ажлаас халсан тушаалд гомдол гаргасан байх ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэрээр Т.Б ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын ШУТИС тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,977,273 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэрт давж заалдах гомдол гаргасан байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1755 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 

Нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийнхээ дагуу хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01695 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1755 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01695 дугаар тогтоол, Хүний нөөцийн хорооны 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/692 тоот тушаалаар Д.Тыг Сүхбаатар дүүрэг салбарын ШУТИС тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,977,273 төгрөгийг олгосон талаар талууд маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс ажилд томилсон 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд цалин хөлсгүй байж хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол хариуцагч Т.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нь 4,977,273 төгрөгийг олгосон, энэ хугацаанд нэхэмжлэгч өөр ажил хийж байсан байх магадлалтай учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Хариуцагч Т.Б ХХК нь нэхэмжлэгч Д.Тыг ажлаас үндэслэлгүй халсан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01695 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, түүнийг дахин ажилд томилох хүртэл хугацаанд нэхэмжлэгчийг цалин хөлсгүй байсан явдалд шүүх хариуцагчийг буруутгах үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно гэж заасан учраас нэхэмжлэгч нь хуулийн дээрх үндэслэлээр 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс ажилд томилсон тушаал гарсан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,185,944 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.

 

 

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлээр олгохоор зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл ажилтаныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаардаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Тыг Сүхбаатар дүүрэг салбарын ШУТИС тооцооны төвийн захирлын ажилд томилсон 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/692 дугаартай тушаал гаргах хүртэл хариуцагч Т.Б ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/489 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолоор тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч Д.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш, ажилд эгүүлэн томилох тушаал гарсан өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Т.Б ХХК-иас нэхэмжлэх эрхтэй.

 

Ажилтныг ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргаж шийдвэрлүүлдэг учраас нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Д.Т нь Т.Б ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын ШУТИС тооцооны төвийн захирлын албан тушаалд сарын 1,500,000 төгрөг, өдрийн 68,181 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлээр дахин нотлох шаардлагагүй юм.

 

Ийм учраас нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хойш, ажилд томилсон тушаал гарсан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 229 хоног /229 х 68,181 төгрөг = 15,613,449/-ийн хугацаанд тооцогдох цалинтай тэнцэх олговорт 15,613,449 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 572,495 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар Т.Б ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 15,613,449 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 572,495 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б ХХК-иас 236,017 төгрөг гаргуулж Д.Тт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Х.ДАШДЭЧМАА