Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                            Д.Соёлзул

                        Улсын яллагч                                          Б.Энхбаяр

                        Шүүгдэгч                                             Б.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох 2232000000103 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянбулагийн 1-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн Боржигон овогт *******ын ******* /РД:МИ83101110/

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Т.*******ийн бие эрх чөлөөнд халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй..гэжээ.

 

Эрүүгийн  2232000000103 тоот хавтаст хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/,

Хохирогч Т.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...”2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн үед би нөхөр Б.*******ийн хамт гэртээ амарч байсан. Манай нөхөр Б.******* нь орон дээр хэвтэж байгаад надаас өвчин намдаах эм асуусан тэгэхээр нь нэг байсан өвчин намдаах эмийг би уучихсан гэхэд миний бие өвдөж байхад намайг тоосонгүй хоол хийж өг гэж над руу уурласан. Тэгээд үс засаж өг гэж хэлээд надаар үсээ засуулчхаад хоол хийж өг гэж нэхсэн. Би будаатай хуурга хийж нөхөртөө өгөхөд хоолоо идэж байгаад ууж байсан аягатай цайгаа над руу цацаж босож ирээд миний үснээс зулгааж гараараа миний зүүн талын хавирга болон толгой хэсэгт 7-8 удаа цохисон, тэгээд байж байхад гаднаас манай нөхрийн ээж ******* орж ирж бид хоёрыг салгасан”... гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

Гэрч С.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...”2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед би өөрийн том хүүхэд *******ийн гэрт бэр ******* хоёр хоорондоо мөнгөнөөс болж маргалдаад хоорондоо хэсэг хэрэлдсэн. Удалгүй хэрүүл маргаан хийхээ болиод *******, ******* нар нь хоол унд хийж идэцгээж байхаар нь би гэрээс нь гараад байшингийх нь ард талд салхилаад суух байхад манай хүүхэд *******ийг зайлаад өг гэж хэлж орилоод байсан. Удалгүй гэр дотор ороход ******* орон дээр хэвтчихсэн ******* намайг зодчихлоо гэж надад хэлсэн тухайн үед манай хүүхэд *******ийн урд зогсож байсан. Намайг гэрт орж ирэхэд зодолдохоо больчихсон байсан, ******* надтай зөрөөд гэрээс гараад явсан. Манай бэр ******* надад миний хавирга гэмтчихсэн юм шиг түргэн дуудаад өгөөч гэсэн. Би түргэн тусламжийн дугаарыг мэдэхгүй байсан тул хүн рүү ярьж асуулгад түргэн тусламж дуудаж *******тэй хамт нэгдсэн эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Ц.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...”2021 оны 07 дугаар сард хараа голын эрэг дээр манай хойд аав ******* нь манай ээж *******ийг үснээс нь зулгааж газар чирээд яваад байсан, би яг цохиж байхыг нь хараагүй ээ удалгүй ээж гэрт орж ирэхэд хөл нь хөхрөөд хавдчихсан байсан /аль талынх нь хөл гэдгийг санахгүй байна/. Өмнө нь 2020 онд манай хойд аав ******* манай ээжтэй хамт Өмнөговьд том машин барьдаг байхдаа зодож байсан гэж манай эгч Түвшинжаргал надад хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №119 дугаартай “...Т.*******ийн биед тархи доргилт, зүүн 6-р хавирганы хугарал, цээжний зүүн хэсэгт цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-26-р тал/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн Баян-Арцат Гандангийн 1 тоотод оршин суудаг тухай засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.*******ийн  ял шийтгэгдсэн талаарх ял шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.  

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Б.*******ийг гэм буруутайд тооцох талаар:

          Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Т.*******ийн бие эрх чөлөөнд халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Т.*******ийн мэдүүлэг /хх-ийн 10-р тал/, гэрч С.*******ийн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/, насанд хүрээгүй гэрч Ц.*******ын мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-26-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч Т.******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

         Гурав.Шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:     

         Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Т.*******ийн бие эрх чөлөөнд халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.*******ийг торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.