Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 41 дүгээр байрны 40 тоотод оршин суух, Л.Б /РД:/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Т.Б ХХК /РД:/-д холбогдох,

 

Т.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1572 тоот, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1903 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, 2017 оны 4 дүгээр улирлын урамшуулалт цалин 720,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч Р.Болдбаатар, П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие өнөөдрийг хүртэл 18 жилийн хугацаанд банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Т.Бны Да хүрээ тооцооны төвийн захирлаар, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Т.Бны Гэгээнтэн тооцооны бизнес төвийн захирал, 2018 оны 02 дугаар сарын12-ноос 2018 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд Т.Бны Зээлийн судалгааны хэлтсийн захирлаар тус тус ажиллаж байсан.

 

...Т.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б/1572 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Т.Бны Хөдөлмөрийн дотоод журам-ын 13 дугаар зүйлийн 13.5.2, Хүний нөөцийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа зээл хүсэгч Н.Батбаярын хөрөнгө оруулалтын зээлийг судлан Улаанбаатар зээлийн дэд хорооны 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн 60/11 дугаартай шийдвэрийн дагуу бусад шаардлагуудыг биелүүлээгүй байхад зээл олгосон зөрчил гаргасан гээд сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах caxилгын шийтгэл ногдуулсан байсан.

 

Үүнээс хойш дахин Т.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1903 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Т.Бны Хөдөлмөрийн дотоод журам-ын 13 дугаар зүйлийн 13.2, 13.5.2, Хүний нөөцийн хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 86 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн Ж.Отгонбаяр, Удмын булаг ХХК, Р.Цагаанган, Н.Батбаяр нарт зээл олгосон нь Зээлийн үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.3.5, Үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Зээлийн үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.1.3, 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2.2г, 8.3.3, 8.3.4, 24 дүгээр зүйийн 24.5.1а, в, г, 24.5.3а, Т.Бны зээлийн бодлогын 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасныг тус тус зөрчсөн байна гээд цалинг маань 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулж шийдвэрлэсэн байсан.

 

Би дээрх 2 тушаалууд гарсныг мэдээгүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 04-нд банк нь дээр очиж гардаж авахдаа мэдсэн бөгөөд Гэгээнтэн тооцооны төврүү шилжсэний дараа Да хүрээний тооцооны төвийн захирлаар ажиллаж байх үеийн асуудлаар дээр арга хэмжээ авсанд гомдолтой байна.

 

Эхний сахилгын шийтгэлд дурдсан 7 төрлийн нэмэлт шаардлагаас зургааг нь зээл олгохоос өмнө, нэг шаардлагыг нь зээл олгосны дараа шийдвэрлэсэн байхад 2 шаардлагыг биелүүлж бусад шаардлагыг биелүүлээгүй гэж тусгасан байдаг.

 

Миний хувьд 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн дэд хорооны шийдвэрт заасны дагуу эхний ээлжинд хийхээр заасан шаардлагуудаас Гарьд зам ХХК-иар батлан даалтын гэрээ хийлгэж, хамтран зээлдэгчээр Батбаярын эхнэрийг оруулж гэрээнүүдэд гарын үсэг зуруулсан, Т.Бнаас авсан зээлийг нь хаалгасан, барьцааны гэрээ байгуулсан. Бусад нь бол зээл олгосны дараа хийгдэх ажлууд байсан.

 

... Энэ 350,000,000 төгрөгийн зээл нь бараг дараагийн 7 хоногт хугацаанаасаа өмнө хаагдах байх. Дараагийн сахилгын шийтгэлд Батбаярт олгосон зээлийг бас хамруулсан байсан.

 

Тухайн үед Ж.Отгонбаяр, Удмын булаг ХХК, Р.Цагаанган нарт олгосон зээлийг судлахгүйгээр олгосон нь дотоод аудитын газрын гаргасан аудитын тайлангаар тогтоогдож байна гэсэн.

 

Ж.Отгонбаяр гэдэг хүн бол намайг 2016 оны 6 дугаар сарын 01-нд ажлаа авчихаад байж байхад Баянзүрх дүүргийн Авто тээврийн үндэсний төв дээр касс нээхэд ихээхэн дэмжлэг үзүүлсэн хүн бөгөөд энэ газар нь олон хүн бужигнасан, мөнгө олдохоор газар байсан учраас тэнд байсан Улаанбаатар банкийг гаргаад Т.Бны кассыг оруулсан.

 

Энэ хүн бол миний багийн найз, өнөөдөр гэхэд л тэр касс үнэхээр гайхамшигтай ажиллаж байгаа. Хотын төвд байршилтай бизнес төвөөс ч илүү ажиллаж байгаа стратегийн ач холбогдолтой газар. Т.Бны тэнд нээсэн касс нь Таван ган трейд компанийн байранд байрладаг байсан учраас Отгонбаярт зээл олгоход миний цохолт стратегийн ач холбогдолтой тул судлая гэсэн цохолт байгаа.

 

Удмын булаг ХХК нь хүлэмжийн аж ахуй эрхэлдэг, өнөөдөр гэхэд манай Т.Бтай хамтран ажиллах, хүлэмжийг зээлээр олгох гэрээтэй учраас 50,000,000 төгрөгийн зээл авч байсан, хугацаа зөрчсөн юм байхгүй, маш амжилттай яваа.

 

Р.Цагаанган бол Оллоо телевиз, Оллоо сайтын захирал-аар ажилладаг бөгөөд миний Худалдаа хөгжлийн банкинд байх үеийн харилцагч, Оллоо телевиз, Оллоо сайт-аар Т.Бны үйл ажиллагааг үнэгүй сурталчилж өгдөг бөгөөд бусад телевизүүдээр ч гэсэн цагаан сараар, цагийн хүрдээр үнэ төлбөргүй сурталчилгаа явуулж өгдөг харилцагч.

 

Хэрвээ сурталчилгаа явуулах бол зөвхөн Монгол телевизийн цагийн хүрд нэвтрүүлгээр сурталчилгаа явуулахад 1,500,000 төгрөгийн төлбөртэй байдаг. Гэтэл тэрийг үнэгүй зохион байгуулж өгч байсан. Банкны бизнес бол ялгаагүй ашгийн төлөө бизнес, хоёр тал хоёулаа ашигтай байх ёстой учраас эдгээр зээлдэгчид зээл олгосон.

 

Энэ зээлийг олгосноороо банк хохироогүй, банкны нэр хүнд унасан юм байхгүй, харин ч ашгаа өгөөд явж байгаа.

 

...Ийм учраас Т.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1572 тоот, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1903 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү.

 

2017 оны 4 дүгээр улирлын урамшуулалт цалин 720,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа нэр бүхий 4 зээлдэгчид Т.Бны зээлийн үйл ажиллагааны журмын тодорхой дүрэм, заалтыг заалтыг зөрчиж, өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн, харилцагчид давуу тал олгож Т.Бны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж 2017 оны 10 дугаар сарын 25, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус сахилгын шийтгэл ногдуулсан захирлын тушаал гарсан.

 

Т.Б ХХК-ийн Улаанбаатарын зээлийн хорооны 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрт Н.Батбаяр 350,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 27.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай олгоход Бизнесийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, Гарьд зам ХХК-иар батлан даалт гаргуулах, Хамтран зээлдэгчээр эхнэрийг нь оруулж холбогдох гэрээнд гарын үсэг зуруулах, Т.Бнаас авсан зээлийг хаалгах, ЗЭУХ-ийн дүгнэлтэд тавигдсан шаардлагуудыг хангуулах, Автомашинуудыг барьцааны гэрээ хийж барьцаалах, хөдлөх хөрөнгийн программд бүртгүүлэх, Зээл олгосны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулах зэрэг 7 төрлийн нэмэлт нөхцөл заасан байхад 2 л шаардлагыг нь биелүүлээд бусад шаардлагуудыг нь биелүүлээгүй байсан.

 

Гарсан зээлүүдийг жилд 1-2 удаа Т.Бны тухайн үед Улаанбаатарын зээлийн газар гэж байсан, тэндээс шалгадаг, шалгах процесс нь дандаа онлайнаар буюу зайнаас шалгагддаг, энд гаргах акт, дүгнэлт бичгийн хэлбэрээр гарахгүй, манай дотоод журмаар ч гэсэн тийм байдаг.

 

Энд яаж шалгасан гэхээр Улаанбаатарын зээлийн хэлтсээс гарсан зээлүүдийг зээлийн материалаас холбогдох материалуудыг шалгаад, тавигдсан зөрчил, шаардлагууд биелэгдсэн байна уу гэдэгт хяналт тавьдаг. Энэ хяналтаар Болдсайхан захирлын дангаар гаргасан буюу эсхүл Улаанбаатарын зээлийн дэд хорооноос нэмэлт шалгалтаар дээрх зөрчлүүд илэрсэн.

 

... Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн захирамжаар Т.Б захирлын гаргасан нэхэмжлэл нь бүрдүүлбэр дутуу гэж дүгнээд нэхэмжлэлийг Иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан шүүгчийн захирамж гарсан байдаг.

 

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалд гомдох байсан бол нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 25-наас өмнө нэхэмжлэл гаргах эрх бүрэн нээлттэй байсан.

 

... Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдийн Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд үндэслэлтэй гарсан бөгөөд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь Т.Б ХХК-д холбогдуулж Т.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1572 тоот, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1903 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, урамшуулалт цалин 720,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч сахилгын шийтгэл ногдуулсан гүйцэтгэх захирлын тушаалууд нь үндэслэлтэй гарсан мөн нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан учраас Иргэний хуулийн 76 дугаар зүйл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д тус тус заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т тус тус зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжлэхээр зохицуулсан байдаг.

 

Нэхэмжлэгч Т.Б нь Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1572 тоот, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1903 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гардаж аваад тус шүүхэд дээрх тушаалуудыг хүчингүй болгуулах, 2017 оны 4 дүгээр улирлын урамшуулалт цалин гаргуулах шаардлагыг Т.Б ХХК-д холбогдуулан тус шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасныг хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 182/ШЗ2018/00087 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

 

Үүнээс хойш нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Т.Б ХХК-д холбогдуулан Т.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1572 тоот, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1903 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, 2017 оны 4 дүгээр улирлын урамшуулалт цалин 720,000 төгрөг гаргуулахыг шаардлагыг дахин гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд нийцэж байх тул хариуцагчийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Б нь Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/859 дугаартай тушаалаар Да хүрээ тооцооны төв-ийн захирлын албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/1418 дугаартай тушаалаар Да хүрээ тооцооны төв-ийн захирлын ажил албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдон, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б/1324 дугаартай тушаалаар Да хүрээ тооцооны төв-ийн захирлын ажил албан тушаалаас чөлөөлөгдөж, Хан-Уул дүүрэг салбарын Гэгээнтэн бизнес төв-ийн захирлын ажил албан тушаалд томилогдон 885 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулжээ.

 

Нэг: Т.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1572 тоот, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1903 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч Т.Бд Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1572 тоот тушаалаар ...Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа зээл хүсэгч Н.Батбаярын 350,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг судлан Улаанбаатар зээлийн хорооны 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн 60/11 дугаартай шийдвэрээр уг зээлийг олгосон. ...Шийдвэрт 7 төрлийн нэмэлт шаардлага тусгасны 6-г зээл олгохоос өмнө, 1 шаардлагыг зээл олгосны дараа биелүүлэхээр шийдвэрлэсний 2 шаардлагыг биелүүлж, бусад шаардлага биелэгдээгүй байхад зээлийн 97.1 хувийг олгосон гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах,

 

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1903 тоот тушаалаар ...Зээлийн үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.3.5, Үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Зээлийн үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.1.3, 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2.2г, 8.3.3, 8.3.4, 24 дүгээр зүйлийн 24.5.1а, в, г, 24.5.3а, Т.Бны зээлийн бодлогын 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасныг тус тус зөрчиж Ж.Отгонбаяр, Удмын булаг ХХК, Р.Цагаанган, Н.Батбаяр нарыг 4 зээлдэгчид 403,000,000 төгрөгийг зээл олгосон нь Аудитын тайлангаар тогтоогдсон гэж үндсэн цалинг нь 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлүүдийг тус тус ногдуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Улаанбаатарын зээлийн хорооны 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрт Н.Батбаярт зээл олгох шаардлагатай 7 төрлийн нэмэлт шаардлага тусгасны зургааг нь зээл олгохоос өмнө, нэг шаардлагыг зээл олгосны дараа биелүүлэхээр шийдвэрлэсэн байхад хоёр шаардлагыг биелүүлээд бусад шаардлага нь биелэгдээгүй байхад зээл олгосон, мөн банкны ажилтнуудын дагаж мөрдөх холбогдох журмуудыг зөрчиж өөрийн танил тал, найз нөхдөдөө зээл олгосон нь тогтоогдсон учраас Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1572 тоот, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1903 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалууд нь хуульд нийцсэн гэж маргасан.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1572 тоот тушаалын үндэслэлийг авч үзвэл:

 

...Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа зээл хүсэгч Н.Батбаярын 350,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг судлан Улаанбаатарын зээлийн хорооны 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн 60/11 дугаартай шийдвэрээр уг зээлийг олгосон. ...Шийдвэрт 7 төрлийн нэмэлт шаардлага тусгасны 6-г зээл олгохоос өмнө, 1 шаардлагыг зээл олгосны дараа биелүүлэхээр шийдвэрлэсний 2 шаардлагыг биелүүлж, бусад шаардлага биелэгдээгүй байхад зээлийн 97.1 хувийг олгосон гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах гэжээ. /хх-ийн 21 х/

 

Т.Б ХХК-ийн Улаанбаатарын зээлийн хорооны 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрт Н.Батбаяр 350,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 27.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай олгоход шаардлагатай 7 төрлийн нэмэлт нөхцөл, зээл олгохоос өмнө биелүүлэх шаардлагуудыг тусгажээ.

 

Үүнд: 1.Бизнесийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих,

 

2.Гарьд зам ХХК-иар батлан даалт гаргуулах,

 

3.Хамтран зээлдэгчээр эхнэрийг нь оруулж холбогдох гэрээнд гарын үсэг зуруулах,

 

4.Т.Бнаас авсан зээлийг хаалгах,

 

5.ЗЭУХ-ийн дүгнэлтэд тавигдсан шаардлагуудыг хангуулах,

 

6.Автомашинуудыг барьцааны гэрээ хийж байрьцаалах, хөдлөх хөрөнгийн программд бүртгүүлэх,

 

7.Зээл олгосны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулах гэжээ. /хх-ийн 62 х/

 

Нэхэмжлэгч нь Да хүрээ тооцооны төв-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа иргэн Н.Батбаярт 350,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг олгохдоо дээрх шийдвэрийн дагуу үүрэг болгосон 7 төрлийн нөхцөлүүдээс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Гарьд зам ХХК-иар батлан даалтын гаргуулах, Хамтран зээлдэгчээр эхнэрийг нь оруулж холбогдох гэрээнд гарын үсэг зуруулах гэсэн нөхцөлүүдийг нь биелүүлж, 17/05 дугаартай Батлан даалтын гэрээ /хх-ийн 67-68 х/, 17/158 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 69-71 х/ тус тус байгуулсан байх ба бусад шаардлагуудыг биелүүлэлгүйгээр 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 290,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийн буюу нийт 340,000,000 төгрөгийн зээлийг олгосон болох нь 201708236400443309, 2017090864000354987-0 тоот Мемориалын баримт-ууд, Зээлийн эрсдэлийн дүгнэлт /хх-ийн 74-75 х/ болон зохигч талуудын тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1572 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хариуцагч Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1903 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Т.Бы үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулахдаа Зээлийн үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.3.5, Үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Зээлийн үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.1.3, 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2.2г, 8.3.3, 8.3.4, 24 дүгээр зүйлийн 24.5.1а, в, г, 24.5.3а, Т.Бны зээлийн бодлогын 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасныг тус тус зөрчиж Ж.Отгонбаяр, Удмын булаг ХХК, Р.Цагаанган, Н.Батбаяр нарыг 4 зээлдэгчид 403,000,000 төгрөгийг зээл олгосон нь Аудитын тайлангаар тогтоогдсон... гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь дээрх тушаалд Зээлийн үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.3.5 заалтыг зөрчсөн гэсэн байх ба Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/30 дугаартай Зээлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан дээрх журмын 2 дугаар зүйл нь 2.1, 2.2 гэсэн заалттай байх ба 2.1.2, 2.3.5 гэсэн заалт байсангүй. /хх-ийн 117, 118-137 х/

 

Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1903 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үндэслэлээс нэхэмжлэгчийн зээлдэгч Ж.Отгонбаярт 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 107800529775 дугаартай Кредит карт эзэмших гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн, Удмын булаг ХХК-д 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийн, Р.Цагаанганд 2017 оны 3 дугаар сарын 10-нд 10,000,000 төгрөгийн, Н.Батбаярт 2017 оны 8 дугаар сарын 23-нд 350,000,000 төгрөгийг зээлийг тус тус олгохдоо хэнийх нь зээл Зээлийн үйл ажиллагааны журам, Үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл, Т.Бны зээлийн бодлогын аль хэсгийн ямар үндэслэлд тус тус хамаарч байгааг тодорхойлох боломжгүй байна.

 

Үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Т.Бны зээлийн бодлогын 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасныг тус тус зөрчиж Ж.Отгонбаяр, Удмын булаг ХХК, Р.Цагаанган, Н.Батбаяр нарыг 4 зээлдэгчид 403,000,000 төгрөгийг зээл олгосон нь Дотоод аудитын газрын хийсэн аудитын тайлангаар тогтоогдсон гэх боловч эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй болно.

 

Өөрөөр хэлбэл тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал буюу сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг нотлох ач холбогдол бүхий нотлох баримтыг хариуцагч нь гаргаж өгөөгүй учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар бүрэн нотолж байна гэж үзэхгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байхад хариуцагч нь Н.Батбаярт олгосон 350,000,000 төгрөгийн зээлтэй нь холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үндсэн цалинг нь 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулчихаад дахин үндсэн цалинг 3 сарын хугацаатай бууруулах шийтгэл ногдуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

 

Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1903 тоот Т.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмууддаа нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж, уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хоёр: Урамшуулалт цалин 720,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хууль бус сахилгын арга хэмжээнүүд авагдсаны улмаас 2017 оны 4 дүгээр улиралд авах ёстой байсан урамшуулалт цалин 720,000 төгрөгөө авч чадаагүй хохирсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр улиралд авах ёстой байсан урамшуулалт цалин 720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бичгээр гаргасан хүсэлт зэргээр тус тус нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.Бы шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарах учраас Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1572 тоот Т.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр улиралд авах ёстой байсан урамшуулалт цалин 720,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1903 тоот тушаалыг хүчингүйд болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар нэхэмжлэгчийн Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1572 тоот Т.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Т.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1903 тоот тушаалыг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн Т.Б ХХК-иас 2017 оны 4 дүгээр улиралд авах ёстой байсан урамшуулалт цалин 720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгчийн татгалзлыг баталсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж Т.Бд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Х.ДАШДЭЧМАА