Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 165

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,

  улсын яллагч Ц.Алдархишиг,

   шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

   шүүгдэгч Т.Бэлгүтэй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрэд овогт Төмөрбатын Бэлгүтэйд холбогдох эрүүгийн 2016 0100 0138 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэрэд овогт Төмөрбатын Бэлгүтэй, Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж 1а байрны 35 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, аавын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ хотхоны 39 дүгээр байр 32 тоотод оршин суух, регистрийн УШ96020312 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Бэлгүтэй нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна талбайгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агуулга бүхий “өвс” гэх гудамжны нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ хотхоны 39 дүгээр байрны 32 тоот гэртээ 10 ширхэгийг цаасанд ороож тамхины хэлбэрт оруулан, 20 грамм бодисыг сонингийн цаасанд 2 хэсэг болгон тус тус хууль бусаар хадгалж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Шилтгээн” амралтын газарт зохиогдсон “Play Time” тоглолтын үеэр авч явж үүргэвчиндээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Бэлгүтэйн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 19 дүгээр хорооллын байрны гадна найз охин н.Анужинг хүлээж байсан. Фэйсбүүкээс тэр ургамлын зургийг харж байсан болохоор адилхан харагдаад байхаар нь мөн болов уу биш юм болов уу гээд сонирхоод жижиг уутанд түүгээд авсан. Тэр өдөр нь найз охинтойгоо явж байгаад орой гэртээ очоод хэрэглэж үзмээр санагдаад үзсэн. Тэгэхэд хоолой гашуун оргиод надад ерөөсөө таалагдаагүй. Ааваасаа айгаад цүнхэндээ хадгалж байгаад 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Флэй тайм тоглолт үзэхээр найзтайгаа найз охиноо дагуулаад явж үзсэн. Тэр орой цүнхээ хулгайд алдаад цагдаад хандсан. Цүнхэн дотор бичиг баримт байсан. Манай найз охин өдөр нь зураг авалттай гээд яваад орой нь ирж байсан. Би заавал цүнхээ олж байгаад явна гээд тэнд байгаад байсан. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цүнхээ олоод цагдаа доторх эд зүйл нь бүрэн байна уу, шалга гэхэд нь эд зүйлээ гаргаж шалгаж байхад гараад ирсэн. Цагдаа “та нар татаж хэрэглэсэн үү, хэнийх юм” гэхээр нь эхлээд “минийх биш” гэж байгаад би үнэнгээ хэлсэн. Би энэ өвсийг хориотой гэж мэдээгүй учир цагдаад хандсан.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Бэлгүтэйн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед найз охин Анужинг 19 дүгээр хорооллын ойролцоо гэрийнх нь үүдэнд хүлээж байхад саравчны хажууд каннабис өвстэй адил төстэй өвснүүд ургасан байхаар нь угаар нь зулгааж аваад үүргэвчиндээ хийсэн. 30 орчим минутын дараа Анужин гарч ирээд бид 2 гадуур явсан. Орой 16 цагийн үед би Анужингаас салаад гэртээ хариад үүргэвчнээсээ нөгөө өвсөө гаргаад нунтаглаж байгаад гэртээ байсан нимгэн цаасанд ороогоод татаж үзсэн. Үлдсэн өвсөө хэдэн цаасанд боогоод аавыг харчихна гэж бодоод буцаагаад цүнхэндээ хийж нуусан. Ингээд 06 дугаар сарын 22, 23-нд цүнхнээсээ огт гаргалгүй хадгалж байгаад 06 дугаар сарын 24-ний өдөр “Play Time” тоглолт үзэхээр Анужин, Амартүвшин хоёртой хамт Монгол шилтгээн рүү явсан. 06 дугаар сарын 24-ний орой сүүлийнх нь тоглолтыг үзчихээд 23 цаг өнгөрөөд хоол идчихээд майхандаа ирэхэд манай майханы цоожийг эвдлээд 3 цүнх хулгайлсан байсан. Цүнхээ алдсан талаараа цагдаад мэдэгдээд майхандаа ирж бид 3 хоносон. …. Цагдаа нь Анужин бид хоёрыг цүнхээ онгойлгоод доторх эд зүйлсээ бүртгээд үз гэхээр нь онгойлгож үзэхэд миний нүдний шилний хайрцагтай 7 ширхэг ороосон тамхи, Анужингийн цүнхнээс 1 ширхэг ороосон тамхи, хуйлсан мөнгөн дэвсгэрт, Амартүвшингийн цүнхнээс ууттай нунтаг өвс гаргаад ирсэн. “Энэ юу юм” гэж асуухаар нь би эхэндээ “минийх биш” гэхэд итгэхгүй байхаар нь сүүлдээ “минийх” гээд үнэнээ хэлсэн. Гэхдээ би Дарханаас түүсэн гэж худлаа хэлсэн, намайг байрны гаднаас түүсэн гэхэд итгэхгүй байх гээд би “Дарханаас түүж ирсэн” гээд хэлчихсэн юм. ... Каннабис өвсийг фэйсбүүкээс зургийг нь харж байгаад мэддэг болсон. Тэгээд Анужингийн байрны гадна ургасан байхаар нь миний харж байсан зурагтай адилхан байсан тул татаж үзье гэж бодоод түүж авсан юм. Өмнө нь би мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Би 2 найздаа өвснөөс өгөөгүй, бусдад зарж борлуулж байсан асуудал огт байгаагүй. ... Би 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байхдаа хэрэглэснээс гарсан. Учир нь би дахин хэрэглээгүй.  ...Би энэ талаар хэнд ч хэлээгүй, нуусан. Хэрэв Анужин намайг мансууруулах бодис авч явааг мэдвэл уурлах байсан. Үүнээс гадна би өөрийнхөө түүсэн өвсийг мансууруулах бодис биш ч байж магадгүй гэж бодсон болохоор тайван байсан. ...энэ хэрэг Анужин, Амартүвшин хоёртой ямар ч холбоогүй, би дахиж ийм хэрэгт холбогдохгүй байж чадна.

... Миний цүнхнээс хураагдсан байгаа өвсийг л түүсэн. Харин нэг ширхэг ороосон тамхийг би өөрөө гэртээ ганцаараа байхдаа татаж үзээд үлдсэн нь миний цүнхэнд байсан. Анужингийн цүнхнээс гарсан 1 ширхэг ороосон тамхи бол минийх байгаа юм. Би гэртээ байхдаа нийтдээ 10 ширхэгийг ороож бэлдсэн бөгөөд үүнээсээ нэгийг нь би гэртээ татаж хэрэглээд надад 9 ширхэг үлдсэн байсан. Үүргэвчээ  хулгайд алдахад Анужин, Амартүвшин бид гурвын эд зүйлс хоорондоо эмх замбараагүй холилдсон байсан учраас Анужингийн цүнхэнд нэг ширхэг ороосон тамхи нь орсон байна лээ. ... Миний хувьд энэ каннабис гэх өвсийг түүхэд ойр хавьд хүн байгаагүй болохоор нь гялс хэдийг уутлаад авчихсан. ... Анужин, Амартүвшин нар надад өвс гэх мансууруулах бодис байсныг мэдээгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 62-63, 65 дугаар тал/

 

            Гэрч Э.Анужингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би Амартүвшин, Бэлгүтэй нарын хамт амьд хөгжмийн тоглолт үзэхээр Гачууртад байх Монгол шилтгээн амралтын газар руу явсан. Тоглолт 06 сарын 24-26-ны хооронд 2 шөнө 3 өдөр үргэлжлэх байсан тул майхнаа аваад тэнд очиж байрласан. 06 дугаар сарын 24-ний оройны сүүлийн тоглолтыг 23 цаг 30 минутын үед үзчихээд майхнаа цоожлоод явж хоол идсэн. 20 орчим минутын дараа буцаад майхандаа ирэхэд манай майхны цоожийг сугалж онгойлгоод дотроос нь бид гурвын цүнхнүүд хулгайлсан байсан. Дотор нь бичиг баримтууд, мөнгө, хувцаснууд байсан болохоор цагдаад мэдэгдье гээд тэр хавьд эргүүлд гарч байсан цагдаа нарт цүнхээ алдсан талаар мэдэгдсэн. Ингээд буцаад майхандаа ирэхэд дахиад майхны цахилгааныг яраад дэлгэсэн байсан. Тэр шөнөдөө бид гурав майхандаа хоноод маргааш өглөө нь буюу 06 дугаар сарын 25-ны өдөр Амартүвшин, Бэлгүтэй хоёр Монгол шилтгээнд үлдээд би зураг авалттай байсан болохоор гэртээ харьж хувцасаа солиод, хотын төвийн газруудаар явж сэтгүүлд зураг авхуулчихаад орой 18 цагийн үед буцаад Монгол шилтгээнд очсон. Тэр оройдоо мөн л тоглолт үзэж байгаад майхандаа хоносон. Маргааш өглөө 2016 оны 06 сарын 26-ны өглөө би дахин зураг авалттай байсан болохоор Амартүвшин, Бэлгүтэй хоёр үлдээд би Цонжин болдог руу  зураг авхуулахаар явсан. Орой нь 20 цагийн үед би буцаж ирээд Бэлгүтэйтэй хамт цүнхээ олдсон эсэхийг асуухаар цагдаа дээр очиход хэдэн цүнх олдсон байгаа, шинж тэмдэг бичиг баримт чинь таарах юм бол хүлээж аваарай гэхээр нь Гачууртын цагдаагийн хэлтэс дээр очсон. Ингээд цагдаагийн хэлтэс дээр очоод цүнхээ харахад бид гурвын цүнх нил шороо тоос болчихсон байсан. Доторх эд зүйлээ гаргаж ирээд бүртгээд үз гэхээр нь би цүнхээ онгойлгож үзэхэд миний цүнхэнд Амартүвшингийн өмд, цамц, оймс, бас хэнийхийг мэдэхгүй нэг ширхэг ороосон тамхи, нэг ширхэг ороосон мөнгөн дэвсгэрт гарч ирсэн. Харин миний цүнхэнд байсан юмнуудаас юбка, цамц, задгай 5000 төгрөг алдагдсан байсан. Харин Амартүвшингийн цүнхийг онгойлгож үзэхэд миний алга болсон цамц, юбка гарч ирсэн. Бэлгүтэйгийн цүнхнээс юу гарч ирснийг нь мэдэхгүй байна. Өөр өрөөнд ороод цүнхээ шалгаж байсан. Тэгтэл миний цүнхнээс гарч ирсэн ороосон тамхийг “хар тамхи байна, та нар мансуурах гэж шоу үзсэн үү, одоо та нарыг шалгана” гээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс рүү авч явсан. Тухайн үед Амартүвшингийн гар утасны цэнэг дуусчихсан байсан болохоор холбоо барьж чадаагүй. Ингээд цагдаагийн хэлтэс дээр ирээд шээсний дээж өгөөд байцаалт өгч байгаад шөнө 4 цагийн үед гэртээ харьсан. Миний цүнхнээс  гарч ирсэн зүйл хэнийх байсныг юу болохыг би мэдээгүй. Харин Бэлгүтэй “энэ зүйлүүд бол минийх байгаа юм. Анужингийнх биш, миний цүнхэнд байсан боловч бид гурвын цүнхтэй эд зүйлс хоорондоо холилдсон байна” гэдгийг цагдаа нарт хэлсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25-26 дугаар тал/

 

            Гэрч Э.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “Уг шоунд найзынхаа хамт очиж үзэх саналыг анх би гаргасан. Би 2012-2015 оны хооронд “Futuroma” нэртэй амьд хөгжмийн хамтлагт соль гитар тоглодог байсан учир 2012 оноос хойш Play time шоуг тасралтгүй үзэж, бас хамтлагаараа оролцож байсан. Тийм болохоор үзэл бодол санаа нийлдэг найзууд болох Анужин, Бэлгүтэй хоёртой хамт 2016 оны 06 сарын 24-ний өдөр 17 цагийн үед Гачууртад байх Монгол шилтгээн амралтын газар очсон. Тоглолт 3 өдрийн турш үргэлжлэх байсан тул бид 3 майхнаа аваад тэнд байрлахаар очсон. 06 дугаар сарын 24-ний өдрөө тоглолтоо үзэж байгаад шөнө 23 цаг өнгөрөөд хоол идчихээд майхандаа ирэхэд майхны цоожийг эвдлээд бид гурвын цүнхийг хулгайлсан байсан. Цүнхээ алдсан талаар цагдаад мэдэгдэхээр тэнд эргүүлд гарч байсан цагдаа нарт болсон асуудлыг хэлж тэмдэглүүлсэн. Тэр шөнөдөө бид 3 майхандаа хоночихоод Анужин өглөө нь зураг авалттай байсан тул маргааш өглөө Анужин хот руу яваад Бэлгүтэй бид 2 үлдсэн. Ингээд 6 дугаар сарын 25-ны өдөр би таньдаг хүмүүстэйгээ тааралдаад пиво уугаад, Бэлгүйтэй надаас тусдаа тоглолтоо үзсэн. Орой Анужин ирчихсэн байсан бөгөөд бид 3 мөн л энэ шөнөдөө майхандаа хоносон. Маргааш өглөө нь буюу 06 дугаар сарын 26-ны өглөө Анужин бас зураг авалттай гэж яваад Бэлгүтэй бид 2 үлдсэн. Би Бэлгүтэйгээс тусдаа том асарт орж хэвтээд, Бэлгүтэй хааяа цагдаа нараас цүнхээ асууж өөр таньдаг хүмүүстэйгээ тааралдаад надаас тусдаа явсан. Орой тоглолтон дээр Анужин ирчихсэн байсан бөгөөд бид гурвын утасны цэнэг дуусаад унтарсан. Тэгтэл орой Бэлгүтэй, Анужин хоёр хаашаа явсан нь мэдэгдэхгүй, майхандаа очихоор байхгүй алга болчихсон байсан. Ингээд тоглолт дуусаад Бэлгүтэй, Анужин 2 хүрээд ирэх байх гээд майхнаа тэндээ үлдээгээд би  06 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед гэртээ харьсан. Унтаж байгаад өдөр сэрээд Фэйсбүүк ороход Анужингийн найз нь намайг яаралтай холбогд гэхээр нь Анужин руу ярихад Анужин шоконд орчихсон ярьж чадахгүй гацаад байхаар нь Бэлгүтэйтэй ярихад надад шөнө болсон асуудлын талаар ярьсан бөгөөд хурдан Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэхээр нь би очсон. Намайг очиход байцаагч үзлэг хийж шээсний дээж аваад цүнх хүлээлгэж өгсөн. Надад хэлэхдээ дотроос нь 2 ширхэг сонингийн цаастай өвс мэт зүйл хураан авсан гэж хэлсэн. Гэхдээ тэр зүйл нь минийх биш, хэнийх байсныг нь би анх мэдээгүй. Дараа нь Бэлгүйтэйтэй ярилцахад Бэлгүйтэй “минийх байгаа юм. Бид гурвын цүнх хулгайд алдагдахад доторх эд зүйлс нь холилдсон байна лээ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 27-28 дугаар тал/

 

            Гэрч П.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү 1996 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа эцэг эхийн гараар болон цэцэрлэгээр хүмүүжиж 2003 онд 1 дүгээр сургуульд элсэн ороод 9 дүгээр ангидаа 23 дугаар сургуулийн гадаад хэлний анги руу шилжиж ороод 2013 онд сургуулиа төгссөн. Хүү маань урлаг, спортын авъяастай болохоор 10 жилийн сургуульд сурч байх хугацаандаа олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог, хамт олон найз нөхдийнхээ дунд нэр хүнд сайтай, англи хэлний олимпиадад оролцдог, ном их уншдаг, багш нар нь их хайрладаг байсан. Би хүүгийнхээ ааваас 2 настай байхад нь салсан ба ихэвчлэн надтай хамт байсан бөгөөд их сургуульд ороод аавтайгаа хамт амьдарч эхэлсэн. 2013 онд ШУТИС-ийн автын инженерийн ангид элсэн ороод одоо 4 дүгээр курст орно. Миний хүү их өрөвч  зөөлөн сэтгэлтэй, их дөлгөөхөн, цайлган, сайхан сэтгэлтэй хүүхэд. Элдэв бусын гаж зуршил байхгүй, тамхи татдаггүй, аав ээжийнхээ үгнээс гардаггүй хүмүүжилтэй хүүхэд. Би харин хэрэгт холбогдсо н талаар нь сонсоод итгэж ч чадаагүй. Гэнэн томоогүй зангаасаа боллоо л гэж бодож байна. Түүнээс миний хүү айлын хүүхдүүдтэй ч маргалдаж, муудалцаад, зодоон цохион хийж, цагдаагийн байгууллагад шалгагдаж үзээгүй, хүүхэд сэтгэхүйгээсээ салж амжаагүй байгаа л хүүхэд. Бид хүүгээ хайр халамжаар дутааж үзээгүй.“ гэх мэдүүлэг,

            /хх-ийн 29-30 дугаар тал/

 

            Гэрч Д.Төмөрбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хүүгээ хэрэгт холбогдсон талаар сонсоод маш том цочролд орсон. Тэр дундаа хар тамхины хэрэгт холбогдсоныг сонсоод итгэж ч чадаагүй. Нэгдүгээрт миний анхаарал сул байсан байх, хоёрдугаарт интернетээс хүүхдүүд их буруу мэдээлэл авч байгаатай холбоотой байх. Түүнээс миний хүү гэртээ аавыгаа тамхи татахад хүртэл уурладаг, архи тамхинаас хол байдаг. Өдий болж өсөхдөө нэг ч удаа миний сэтгэлийг зовоож, чих халууцуулж асуудал үүсгэж байгаагүй болохоор би хөдөө явахдаа хүртэл санаа амар явдаг, хүүдээ бат итгэдэг юм. Харин энэ асуудал сониуч зан, гэнэн томоогүй байдлаас нь боллоо гэж бодож байна. 1 дүгээр сургуульд тооны гүнзгийд онц сурч байгаад дараа нь 23 дугаар сургуулийн англи хэлний ангийг онц сурч төгссөн. Миний хүү айлын хүүхдүүдтэй эвтэй найртай нэг ч удаа хэл ам муруйж, гар зөрүүлж үзээгүй, цагдаа сэргийлгэхээр шалгагдаж байгаагүй, хамт олныхоо дунд их нэр хүндтэй, бусдын хайрыг татсан хүүхэд болохоор би хүүдээ маш их итгэдэг.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 31 дүгээр тал/

           

            Гэрч Н.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Плэй тайм” тоглолтонд ахлах байцаагч Данзанравжаа, Хас-Очир нарын хамт хэв журмын хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 2 цагийн үед байх цагийг нь нарийн санахгүй байна, 20 орчим халаасны хулгайч нарыг барьж, саатуулан би Гэмт хэрэгтэй тэмцэх газар луу явсан. Энэ хооронд Данзанравжаа, Хас-Очир нар голын эрэг дээр эргүүл хийж яваад модны ёроолд 3 ширхэг үүргэвч байхыг олсон байсан. 06 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед цагдаагийн майхан дээр 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд ирээд “2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тоглолт үзэж байгаад, 3 ширхэг үүргэвчээ алдсан байгаа, үүргэвчүүд маань олдсон болов уу” гэхээр нь “ямар содон шинж цүнх байсан бэ? Дотор нь бичиг баримт байгаа юу? гэхэд Хан-Уул дүүргийн оршин суух хаягтай, Анужин гэх охины цүнх содон шинж тэмдгээрээ Данзанравжаагийн олсон цүнхтэй таарч байхаар нь 3 цүнхийг хүлээлгэж өгөхөөр Гачуурт дахь цагдаагийн хэсэг дээр очоод өөр өөрсдийнх нь цүнхийг өгөөд “алдсан эд зүйлс байна уу, гаргаж ирээд бүртгэж үз” гэхэд нэг цүнхнээс цаасанд ороосон тамхинууд, нөгөө цүнхнээс нь сонингийн цаасанд боосон нойтон өвс, нэг цүнхнээс нь тамхи ороодог цаас, шүүлтүүр, нунтаг тамхи зэрэг гарч ирсэн. Ингээд “энэ өвс мэт зүйл юу вэ? Та нар хэрэглэдэг юм уу” гэхэд эхэндээ “бид нарынх биш ээ, мэдэхгүй” гэж хэлэхээр нь шалгуулахаар тухайн өдөр гарч байсан жижүүрийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн. Харин дараа нь тэнд байсан нэг өндөр залуу нь “эдгээр зүйлс минийх байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 30 дугаар тал/

 

            Гэрч Г.Батцогтын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шинжээч томилохдоо 2 материалын эд зүйлийг нийлүүлээд 1 шинжилгээ томилсон байна лээ. Уг нь бол Т.Бэлгүтэйд холбогдох хэргийн материалд 9 ширхэг тамхи мэт өвс болон 2 ширхэг сонингийн цаасанд боосон 20 орчим грамм өвс ургамал байсан юм. Би шинжилгээ томилохдо 3 ширхэг ууттай өвсийг нэмээд 12 гэж бичээд явуулчихсан байна. Энэ гурав нь мөн Play time тоглолтон дээрээс баригдсан 5 залуугийн өвс байгаа юм” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 32 дугаар тал/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5712 дугаар:

1.2.Шинжилгээнд ирүүлсэн “Т.Бэлгүтэй 2016.6.21” гэсэн хаягтай шээсний дээжинд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Илэрсэн бодисын тоо хэмжээг тодорхойлох стандарт ажлын заавар батлагдаагүй байгаа тул хариулт өгөх боломжгүй байна” гэсэн дүгнэлт,

            /хх-ийн 36 дугаар тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5634 дүгээр:

“2.3 Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

1.4 Энэ асуулт нь манай лабораторын тодорхойлох хүрээнд хамаарахгүй” гэсэн дүгнэлт,

            /хх-ийн 38 дугаар тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5633 дугаар:

“3.4. Шинжилгээнд ирүүлсэн 1-9 хүртэл дугаартай цагаан өнгийн цаасанд ороосон тамхи мэт зүйл, 1-3 хүртэл дугаартай цэнхэр өнгийн гялгар уутанд боодолтой дээж зэргийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “PUEBLO” гэсэн хаягтай цаасан ууттай дээжнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй.

1.2.5 Энэ асуулт нь манай лабораторын тодорхойлох хүрээнд хамаарахгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зураг,

            /хх-ийн 41-48 дугаар тал/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 6783 дугаар:

“1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг аналитик жин дээр жигнэхэд гялгар уутын хамт 0.9672 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно”  гэсэн дүгнэлт,

            /хх-ийн 53 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 70 дугаар тал/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 71 дүгээр тал/

 

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд,

/хх-ийн 19-20 дугаар тал/

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургууд,

/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

Зан байдлын тодорхойлолт /хх-ийн 80 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Т.Бэлгүтэй нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна талбайгаас НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агуулга бүхий “өвс” гэх гудамжны нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ хотхоны 39 дүгээр байрны 32 тоот гэртээ 10 ширхэгийг цаасанд ороож тамхины хэлбэрт оруулан, 20 грамм бодисыг сонингийн цаасанд 2 хэсэг болгон тус тус хууль бусаар хадгалж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол шилтгээн” амралтын газарт зохиогдсон “Play Time” тоглолтын үеэр авч явж үүргэвчиндээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бэлгүйтэйн өгсөн “...Фэйсбүүкээс тэр ургамлын зургийг харж байсан болохоор адилхан харагдаад байхаар нь мөн болов уу биш юм болов уу гээд сонирхоод жижиг уутанд түүгээд авсан. Тэр өдөр нь найз охинтойгоо явж байгаад орой гэртээ очоод хэрэглэж үзмээр санагдаад үзсэн. Тэгэхэд хоолой гашуун оргиод надад ерөөсөө таалагдаагүй. Ааваасаа айгаад цүнхэндээ хадгалж байгаад 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр орой Флэй тайм тоглолт үзэхээр найзтайгаа найз охиноо дагуулаад явж үзсэн. Тэр орой цүнхээ хулгайд алдаад цагдаад хандсан.” гэх,

мөрдөн байцаалтад Т.Бэлгүтэйн өгсөн “Анужингийн цүнхнээс гарсан 1 ширхэг ороосон тамхи бол минийх байгаа юм. Би гэртээ байхдаа нийтдээ 10 ширхэгийг ороож бэлдсэн бөгөөд үүнээсээ нэгийг нь би гэртээ татаж хэрэглээд надад 9 ширхэг үлдсэн байсан.” гэх,

гэрч Э.Анужингийн өгсөн “…Тэгтэл миний цүнхнээс гарч ирсэн ороосон тамхийг “хар тамхи байна, та нар мансуурах гэж шоу үзсэн үү, одоо та нарыг шалгана” гээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс рүү авч явсан. Миний цүнхнээс  гарч ирсэн зүйл хэнийх байсныг юу болохыг би мэдээгүй. Харин Бэлгүтэй “энэ зүйлүүд бол минийх байгаа юм. Анужингийнх биш, миний цүнхэнд байсан боловч бид гуравын цүнхтэй эд зүйлс хоорондоо холилдсон байна” гэдгийг цагдаа нарт хэлсэн.” гэх,

            гэрч Э.Амартүвшингийн өгсөн “...Намайг очиход байцаагч үзлэг хийж шээсний дээж аваад цүнх хүлээлгэж өгсөн. Надад хэлэхдээ дотроос нь 2 ширхэг сонингийн цаастай өвс мэт зүйл хураан авсан гэж хэлсэн. Гэхдээ тэр зүйл нь минийх биш, хэнийх байсныг нь би анх мэдээгүй. Дараа нь Бэлгүйтэйтэй ярилцахад Бэлгүйтэй “минийх байгаа юм. Бид гурвын цүнх хулгайд алдагдахад доторх эд зүйлс нь холилдсон байна лээ” гэж хэлсэн.”  гэх,

гэрч Н.Батбаярын өгсөн “…06 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед цагдаагийн майхан дээр 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд ирээд “2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тоглолт үзэж байгаад, 3 ширхэг үүргэвчээ алдсан байгаа, үүргэвчүүд маань олдсон болов уу” гэхээр нь “ямар содон шинж цүнх байсан бэ? Дотор нь бичиг баримт байгаа юу? гэхэд Хан-Уул дүүргийн оршин суух хаягтай, Анужин гэх охины цүнх содон шинж тэмдгээрээ Данзанравжаагийн олсон цүнхтэй таарч байхаар нь 3 цүнхийг хүлээлгэж өгөхөөр Гачуурт дахь цагдаагийн хэсэг дээр очоод өөр өөрсдийнх нь цүнхийг өгөөд “алдсан эд зүйлс байна уу, гаргаж ирээд бүртгэж үз” гэхэд нэг цүнхнээс цаасанд ороосон тамхинууд, нөгөө цүнхнээс нь сонингийн цаасанд боосон нойтон өвс, нэг цүнхнээс нь тамхи ороодог цаас, шүүлтүүр, нунтаг тамхи зэрэг гарч ирсэн. Ингээд “энэ өвс мэт зүйл юу вэ? Та нар хэрэглэдэг юм уу” гэхэд эхэндээ “бид нарынх биш ээ, мэдэхгүй” гэж хэлэхээр нь шалгуулахаар тухайн өдөр гарч байсан жижүүрийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн. Харин дараа нь тэнд байсан нэг өндөр залуу нь “эдгээр зүйлс минийх байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5712 дугаар, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5634 дүгээр, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5633 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 6783 дугаар дүгнэлтүүд, мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь Т.Бэлгүтэйг яллах үндэслэл болж байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Хэрэд овогт Төмөрбатын Бэлгүтэйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Бэлгүтэйг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч Т.Бэлгүтэйд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч Т.Бэлгүтэйн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн цаасанд ороосон, 10,5 см урттай, 1 талын амсар хэсэгт нь хатуу цаас ороож хийсэн, нэг талын амсар хэсгийг нь хуйлж ороосон 9 ширхэг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодис, 20 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодис, 0.8 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэрэд овогт Төмөрбатын Бэлгүтэйг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Т.Бэлгүтэйд 1 жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Бэлгүтэйд оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Бэлгүтэй нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн цаасанд ороосон, 10,5 см урттай, 1 талын амсар хэсэгт нь хатуу цаас ороож хийсэн, нэг талын амсар хэсгийг нь хуйлж ороосон 9 ширхэг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодис, 20 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодис, 0.8 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Т.Бэлгүтэйд оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бэлгүтэйд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ