Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0286

 

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0286

Улаанбаатар хот

 

 

 

 

                                      Б.Э***гийн нэхэмжлэлтэй

                                          захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, өмгөөлөгч Н.О***,

Нэхэмжлэлийн шаардлага:

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э***,

хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***, өмгөөлөгч Г.Х***,

хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, Н.О*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***,

Хэргийн индекс: 125/2023/0018/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Э***гаас Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн  40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э***гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Б.Э***д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй” болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байна.

3.1 Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Э***гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр буюу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн хуулийн 40.1.1-д заасан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.2 Ховд аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2020-2022 онуудад газрын төлбөр төлөөгүй, 2023 онд 131,480 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

3.3 Хэрэгт авагдсан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ авагдсан бөгөөд тухайн гэрээний 2.2, 3.1, 4.5, 4.14, 4.19, 7.2 дахь заалтуудыг биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон.

3.4 Мөн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Э***г “Зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн” хэмээн дүгнэсэн.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 125/ШШ2024/0011 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Э***гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Э*** нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/367 дугаар захирамжаар Цамбагарав багийн Ану хатан 3 дугаар гудамжны 305 тоот хаягт байрлах 3270 м.кв талбай бүхий газрыг “ойжуулалт, нөхөн сэргээх” зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшсэн бөгөөд,

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон 0000072594 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 08401-2022/00246 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд “Ховд аймгийн аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, Анухатан-3 гудамж, 305 тоот хаяг”-т байрлах, “3287 м.кв” хэмжээтэй газрыг мод үржүүлгийн зориулалтаар 9 жилийн хугацаатай эзэмших эрхийг улсын бүртгэлийн Э-1617001093 дугаарт бүртгэсэн болохыг тэмдэглэсэн.

3.2 Маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон хавсралтад нэр дурдсан Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшигч 36 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Б.Э***гийн 3000 м.кв талбай бүхий газар багтсан. 

3.3 Улмаар Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 13/05 дугаар тогтоолоор “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшлийн бус нийтийн эдэлбэр газрын төлөвлөлтийг 1 дүгээр хавсралтаар баталж, үүнд Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн бүсийн 32.6 га газрыг хамруулж, мөн өдрийн “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” 13/15 дугаар тогтоолоор Ховд хотыг 2023 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн цэцэрлэгт хүрээлэнг Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд 32.6 га газарт хавсралтад заасан байршилд байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах шийдвэрлэсэн байршилд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар багтсан.

3.3 Үүнтэй холбогдуулан, нэхэмжлэгчээс шүүхэд хандан “...Холбогдох ажлын хэсэг ирж үзээд зориулалтын дагуу ашиглаж байна гэсэн дүгнэлт гаргасан байхад Жаргалант сумын Засаг дарга захирамж гарган газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус, шүүхээс уг маргааныг шийдвэрлээгүй байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж миний эзэмшлийн 3287 кв метр газрыг нийтийн эзэмшилд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус, газрын төлбөрөө жил бүр төлж, газраа зориулалтын дагуу ашиглаж мод үржүүлж, Газрын хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээ зөрчөөгүй байхад миний газар эзэмших эрхэд халдаж байгаа нь хууль бус” гэж,

Хариуцагч Жаргалант сумын Засаг даргаас “...нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 600.000 төгрөгийн газрын төлбөрийг тухайн ондоо хугацаанд нь төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгч эдгээр газрын төлбөрөө маргаан бүхий захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй... нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд тусгайлан заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж,

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...Тус шийдвэрийг гаргах үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйл гэх мэт заалтуудаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаас “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай болон 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хэлэлцэн баталсан” хэмээн тус тус тайлбарлан маргажээ.

4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж,

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”,10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.”, 4-д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж тус тус заасан.

5. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн... 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасныг зөрчиж газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ...40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй... бодит байдалд нийцээгүй... нэхэмжлэгчийн  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус болох нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулах үндэслэлгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/367 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Э***д маргаан бүхий газрыг эзэмших эрхийг олгосноос хойш 2 жилийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 08401-2022/00246 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрээний 2.2-д “Газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн хуульд заасны дагуу газрын төлбөрийг тооцож ногдуулна” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох байгууллагаас гаргасан лавлагаагаар нэхэмжлэгч нь харъяалах татварын хэлтсээс нэхэмжлэгчийн нэр дээр 2022 оны газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгээгүйтэй холбоотойгоор 2022 онд газрын төлбөр төлөөгүй, 

2023 оны газрын төлбөр болох 131480 төгрөгийг маргаан бүхий захирамж гарахаас өмнө буюу 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн болох нь төлбөр төлсөн баримт болон татварын лавлагаагаар,

 эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу ашиглаж байсан болох нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Шалгалтын дүнгийн тухай” 02-32-04/102/22 дугаар  дүгнэлтэд “Иргэн Б.Э*** нь өөрийн эзэмшлийн 3287 м.кв газрын хашаа хамгаалалтыг сайжруулж, жимсний болон улиас, бургаснууд тариалж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1 дэх заалтын дагуу ашиглаж байна” хэмээн дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, улмаар маргаан бүхий газрыг нийтийн эзэмшилд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэмээн дүгнэн Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 125/ШШ2024/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА

 

 

       ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

                    ШҮҮГЧ                                                               Г.МӨНХТУЛГА