Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/578

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Т.Отгонтөгс /томилолт/,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Галсан овогт Гомбын Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110017160568 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан Галсан овогт Гомбын М /РД

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт паласын 1102-17 тоотод “эгч Дуламсүрэнгийн гэрт хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас Э.Ариунжаргал, Г.Б нарын нүүрэн тус газарт гараараа цохиж, Э.Ариунжаргалын эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Г.Бын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, дух, зүүн, дээд зовхи, зүүн нүдний гадна булан, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирлыг тус тус учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

1.Шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Манай эгчийг доромжлохоор нь эгчийгээ өмөөрөөд цохисон. Сарын орлого 800.000 төгрөг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Баримтаар хохирол нэхэмжилбэл төлнө...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

           2.Хохирогч Э.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аав Г.Дуламсүрэн гэх хүнтэй хамтран амьдарч байсан. Миний төрсөн дүү нар болох Э.Содгэрэл, Э.Содбаяр нарын хамт амьдарч байсан. 2021 оны  8 дугаар сарын  31-ний өдөр Г.Дуламсүрэн нь согтуудаа агсам тавьж миний аавыг гэрээс нь хөөсөн байсан. Тэр үед манай төрсөн дүү нар болох Э.Содгэрэл, Э.Содбаяр нар манай хүргэн дүүгийн гэрт байсан. Аав Амгалан гэх газар дүүгийнхээ гэрт хоносон байсан. Би 2021 оны 9 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн орчим хүргэн дүү Г.Баяржаргал, охин дүү Э.Содгэрэл, эрэгтэй дүү Э.Содбаяр гэх 3 дүүгийн хамт эгчийнхээ машиныг очиж аваад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нүхт палас” хотхоны 1101-17 тоот аавынхаа гэрт ойр зуурын хэрэглээний эд зүйлсээ авахаар очсон. Аавын гэрт очихоос өмнө ааваас “ойр зуурын юмнуудаа авч болох уу” гэж утсаар ярьсан. Аав Г.Дуламсүрэнгээс давхар асуусан байсан. Аав “тэг тэг, очоод авчих, ирээд ав гэж байна” гэж хэлсэн. Гэрийнх нь гадаа очоод би “та хэд ороод ир” гэж хэлээд, машиндаа үлдсэн. 10 орчим минутын дараа хүргэн дүү Г.Баяржаргал миний утас руу залгаад “аниа та ороод ирэх үү, энд бөөн юм болоод байна” гэж хэлсэн. Яваад ороход аавтай хамтран амьдарч байсан Г.Дуламсүрэн болон түүний эгч Болормаа, Болормаагийн охин Можуул, эрэгтэй дүү нь гэх М, түүний эхнэр нь гэх хүмүүс байсан. Тэр хэд манай гурван дүүг хэл амаар доромжлоод, согтуу гэрийнх нь ширээн дээр архи, пивоны сав хөглөрчихсөн байсан. Би явж очоод “сайн байна уу, Дээгий эгч” гэж мэндэлсэн. Тэгтэл Болормаа гэх хүн над руу ойртож ирээд “муу янхан минь” гэж хэлээд миний нүүр лүү нулимсан. Тэгэхэд би уурлалгүй “та яаж байгаа юм бэ, ингэж болохгүй шүү дээ” гэж хэлэхэд “та нар тэр аавынхаа бурхан юмыг гаргаж хая, зайлуул” гэж хэлэхээр нь дүүдээ хэлж юмыг нь эмхлүүлсэн. Тэр 5 бид 3-ыг “та нар гутлаа чирсэн гуйлгачид, хөгшин аавыгаа аваад зайлаарай” гэх мэтээр маш муухай үгсээр ээлжлэн хэлж, хэл амаар маш их доромжилж байсан. Бид хэд хажуугаар нь юмаа бэлдээд сууж байсан чинь Дуламсүрэнгийн дүү М гэнэт хажуугаар орж ирээд миний хамар хэсэг рүү маш хүчтэй цохисон. Миний хамраас цус гараад, толгой эргээд, тухайн үед шокны байдалтай хамраас цус гараад байсан болохоор доошоо суусан. Тэр хооронд манай дүү Содгэрэл, Баяржаргал нарыг Дуламсүрэн, Болормаа, түүний охин Можуул М нар бүгдээрээ нийлээд “чиний жирэмсэн байх чинь хамаагүй шүү” гэж хэлээд манай дүү рүү дайрч өшиглөж цохисон. Би “та нар болиоч, дүүг маань битгий зодоод бай, би та нараас гуйж байна шүү дээ”  гэж хэлсэн бүгд тоохгүй хувцаснаас татаж чангаагаад орц руу чирч гаргаж байгаад нийлж бид нарыг зодсон. Сүүлдээ миний жирэмсэн дүүг зодоод байхаар нь би Дуламсүрэн эгчээс “эгчээ одоо болилдоо, больчих л доо” гээд бүр өвдөг сөгдөөд гуйсан. Миний үгийг тоохгүй байсан бөгөөд гэнэт ухаан орсон юм уу яасан юм, эгч дүү нарыгаа аваад гэр лүүгээ орсон. Тэр хүмүүсийг гэрт орсных нь дараа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...Тухайн гэмтлүүдийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн орой миний биед М гэх хүн учруулсан. Намайг эд зүйлсээ эмхэлж цэгцэлж байхад цохисон. Тэгээд миний хамраас маш их цус гарсан. ...Одоо миний биед хамрын таславч гэмтэлтэй, хамраа эмчлүүлж хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа юм. Яагаад гэвэл би одоогоор хамраа бүрэн гүйцэд амьсгаа авч чадахгүй, зовиуртай байгаа зүйл нь гэвэл хамраараа бүрэн гүйцэт амьсгаа авч чадахгүй байна. ...Би шүүх эмчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Тухайн дүгнэлтэд ямар нэг буруу бичигдсэн үг алга байна. Би дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Г.М тухайн цаг үед гараараа 1 удаа цохиж миний биед учруулсан юм. ...Эдгээр хүмүүст маш их гомдолтой байна, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна, эмчилгээний зардал, цаашид гарах зардал, хамрын хагалгааны зардлыг нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

          3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5309 дугаартай:

“-Э.Ариунжаргалын биед хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал, хоёр бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал)

           4.Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 01-ний 20 цагийн үед би аав руугаа утсаар яриад “очиж ойр зуурын хувцас хунар, ганц нэг цахилгаан бараагаа авъя” гэж ярьсан. Төрсөн эгч болох Азнэмэхээс машиныг нь аваад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нүхт палас” хотхон руу эгч Ариунжаргал, эхнэр Содгэрэл, дүү Содбаяр нарын хамт явсан. Эхнэр, дүү бид 3 гэр лүү орсон. Эгч Ариунжаргал машиндаа үлдсэн. Ороход Дуламсүрэн, М, Болормаа, Можуулаа гээд хүмүүс байсан. Болормаа гэх эгч нь бид нарыг хэл амаар доромжлоод босож явснаа аавын бурхныг авч шидсэн. Би өөрийн юмаа баглаад байж байхад Можуулаа гэгч нь над руу ирээд намайг цохисон. Дараа нь эхнэр лүү маань дайрсан. Тэгэхээр нь Мыг “наад охиноо ав, бид нар юмаа аваад явлаа” гэж хэлсэн чинь улам дайраад байсан. Байдал улам дордоод байхаар нь би эгч рүү залгаж дуудсан. Эгч орж ирээд мэндлэхэд Болормаа гэгч хэл амаар доромжилсны дараа шүлсээрээ нүүр лүү нь нулимсан. Эгч “гялс юмнуудаа аваад явъя” гээд би ч юм хумаа салгаж бэлдээд зөөж гарахад бэлэн болоод байж байхад М манай эгчийг гараараа хамар луу нь цохисон. Тэд бүгдээрээ нийлж дайраад цохиж зодоод, Болормаа нь миний гарыг барьчихаад зодсон. Мөн манай эхнэрийн гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн. Бид нар зугтаах санаатай орц руу гарсан. Тэр хэд дагаж гараад бүр нэмж зодсон. Манай эгч өвдөг сөгдөөд гуйсан ч болихгүй байсан. Тэд нар нилээн зодож байгаад гэр лүүгээ орцгоосон. Тэгээд бид хэд орцонд цус нөжтэйгээ холилдсон хэсэг сууж байхад цагдаа нар ирсэн. ...2021 оны 9 дүгээр сарын 01-ний орой миний биед М гэх хүн хамар нүүр хэсэг рүү нилээн хэдэн удаа цохиж хамарны яс хугарсан. Хамар далийсан. Манай эгчийг эхлээд цохихоор  нь би хамгаалах гээд очиход шууд намайг барьж байгаад нүүр хамар луу цохиж эхэлсэн. Тэгэхэд миний хамраас маш их цус гарсан. ...Одоо миний биед хамрын гэмтэл байгаа. Хамраа эмчлүүлж хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Би одоо хамраараа бүрэн амьсгалж чадахгүй байгаа. Зовиурлаад байгаа зүйл гэвэл хамар байна. ...Би шүүх эмчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Тухайн дүгнэлтэд ямар нэг буруу бичигдсэн үг алга байна. Би дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Г.М тухайн цаг үед гараараа нэлээн хэдэн удаа цохиж миний биед учруулсан юм. ...Эдгээр хүмүүст маш их гомдолтой байна, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна, эмчилгээний зардал, цаашид гарах зардал, хамрын хагалгааны зардлыг нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал)

                 5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 8241 дугаартай:

“-Г.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн нүдний гадна булан, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дахь тал)

            6.Гэрч Э.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ...Дуламсүрэнгийн гэрт байж байхад орой 21 цаг өнгөрч байхад ах М гаднаас эхнэр, 2 хүүхдээ дагуулаад орж ирсэн. Хоол унд идэж угаад сууж байхад гаднаас түлхүүрээр онгойлгоод Содко гэдэг охин, түүний нөхөр, нэг хүүхэд, банди 4 хүн орж ирсэн. Тэд орж ирээд цаад талын жижиг өрөөнд ороод хаалга хаагаад юм буулгаад байсан. Ээж Болормаа “энд юу болоод байгаа юм, та нар айлд орж ирээд ямар дураараа юм” гэж хэлээд маргалдаад байсан. Ээж Болормааг “пизда шиг авгай минь дуугүй бай” гэж арай эгчмэд эмэгтэй хэлсэн. Би уурлаад тэр эгчтэй хэрэлдсэн. ...М дунд нь орсон “та нар боль” гээд хэрүүлийг болиулах гээд байсан. Дуламсүрэн эгч “та нар одоо яв, танай аав чинь манай гэрт ямар ч төлбөр өгөөгүй, миний хохирлыг барагдуулж өг гэж хэлээрэй” гэж хэлсэн. Нэг залуу нь миний бөгс рүү өшиглөөд авсан. Тэгэхэд ах М “хөөе, чи яаж байгаа юм” гээд тэр залууг болон бусад хүмүүсийг гар, боль гээд түлхээд байсан. Тухайн үед маш хурдан больсон. ...Надад ямар нэгэн харсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал)

                 7.Гэрч Э.Сарнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед орж ирсэн хүмүүс нь Дуламсүрэн, Болор-Эрдэнэ, М нартай маргаан хийгээд хэрүүл болоод байхаар нь би хүүхдээ аваад жижиг өрөөнд ороод байж байтал хаалганы гадна талд орилолдоод байхаар нь би гарахгүй өрөөндөө л байгаад байсан. ...Манай нөхөр Мын баруун талын хацар хэсэгт улайсан байдалтай болсон байхаар нь юу болсон талаар асуухад надад хэлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал)

                 8.Э.Содгэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор өгсөн: “...20 цагийн үед нөхөр, дүү, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нүхт палас” Б корпус, 17 тоот гэртээ хувцсаа авах гээд очтол гэрт 5 том хүн, 2 жоохон хүүхэд байсан. Тухайн хүмүүс бүгд согтуу байсан. Нөхөр, дүүгийн хамт хувцас ойр зуурын эд зүйлээ авах гээд гэртээ орсон. Би өмнө нь гэрт байсан тэр хүмүүсийг харж  байгаагүй. Гэр лүүгээ ортол аавын хамтран амьдрагч Дуламсүрэнгийн эгч гэх эмэгтэй  байсан. Эгчийг дуудахад эгч ороод ирсэн. Эгч “сайн байна уу эгч” гээд гаднаас орж ирэхэд “энэ бас хэн юм, бас нэг гуйлгачин нь уу” гээд гэрт байдаг бурхныг шидээд, цүнхэнд байсан хувцсыг өшиглөөд байхаар нь манай эгч Ариунжаргал “эгч та одоо яагаад байгаа юм бэ” гэж асуутал /тэр хөгшин эгчийн нэрийг мэдэхгүй/ эгч эгчийн нүүр лүү  нулимчихсан. Эгч “та яаж байгаа юм бэ, болиоч” гэж хэлэхэд цаанаас нь тэр эгчийн охин нь гэх нэг эмэгтэй гарч ирээд “та нар зайл” гээд хэл амаар доромжлоод, эгчийн үснээс зулгаачихсан. Эгч Ариунжаргал Дуламсүрэн эгчийг  түлхэхэд тэнд байсан 1 эрэгтэй нэрийг нь мэдэхгүй ах босож ирээд эгчийн нүүр тус газарт  гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тухайн үед манай эгч газарт унахаар нь манай нөхөр Б тэр ахыг “та яаж байгаа юм” гээд түлхтэл тэр ах манай нөхрийг нүүр лүү нь гараа атгаж байгаад цохиод байсан. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

             9.Гэрч Ж.Алтанцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр цагдаагийн дэд ахлах Доржийн хамт “Эрхэт-111” машинтай үүрэг гүйцэтгэж байсан. 21 цаг 10 минутын орчим “Эрхэс-10” -аас “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нүхт палас” хотхонд хойд ээж жирэмсэн манай дүүг зодоод байна” гэсэн дуудлага ирсэн. Уг газар очиход орцонд нэг залуу, эмэгтэй хоёр хамраас нь цус гарсан байдалтай “энэ айлын хүмүүс намайг зодсон” гээд орцны шал цус болсон байдалтай байсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг камерийн бичлэг хийж ажилласан. Бичлэгийг өглөө ээлж буугаад ахлах байцаагчид хүлээлгэн өгч хуулж ажилласан. Тухайн бичлэг нь байж магадгүй. Дуудлагаар тухайн айлд ороход 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн байсан. Хүмүүс аваад гарах үед эрэгтэй хүн ирж байсан. Тухайн хүмүүсийг хэлтсийн газар авчирч зөрчлийн байцаагч цагдаагийн дэслэгч Маралд хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал)

            10.Гэрч Н.Элдэв-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.Дуламсүрэнтэй 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод танилцсан. Дараа нь Дуламсүрэнтэй утсаар холбогдсон. Тухайн үед Дуламсүрэн Баянзүрх дүүрэгт амьдарч байсан. Бид хоёр хоёр биеийнхээ гэрт очиж хонодог дотно харилцаатай байсан. Дуламсүрэн Солонгос улсад сурдаг. Хажуугаар нь асрагч хийдэг гэж ярьж байсан. Тухайн хэрэг болсон байрыг Дуламсүрэн 122,000,000 төгрөг гаргаж, би тэр байрыг нь хөөцөлдөж авч байсан. Тухайн байрыг авахад Дуламсүрэн Солонгос Улсад байсан. 2021 оны 02 дугаар сарын сүүлээр уг байр ашиглалтад орж, түүнээс хойш 2021 оны 6 дугаар сарын 08-нд Дуламсүрэн манай охин Содгэрэлийн нэр дээр байрны баримт гарсан байсан. Тэр байранд 2 бага хүүхэд Содгэрэл, Содбаярын хамт амьдарч байсан. Дуламсүрэн 2021 оны 6 дугаар сарын сүүлээр ирсэн. Тэгээд бид хоёр хамт амьдарч байсан. Хүүхдүүд Дуламсүрэнг ирснээс хойш ирэн очин амьдарч байсан. 2021 оны 8 дугаар сарын  31-нд би Дуламсүрэнтэй утсаар яриад “хүүхдүүд эд зүйлсээ авах гээд байна” гэхэд “тэг, тэг ав” гэсэн. Би хүүхдүүдээ “өөрсдөө очоод ав” гэж хэлсэн юм. Тухайн асуудал болоход тэр газар би байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал)

            11.Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 11 дэх тал)

            12.Цагдаагийн ахмад Ж.Алтанцоожийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал)

            13.Хохирогч Э.Ариунжаргал, Г.Б нарын гэрэл зураг (хавтаст хэргийн 134-136 дахь тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 107-108 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), “Хаан банк”-ны дансны хуулга (хавтаст хэргийн 109-125 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

                    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нүхт палас”-ын 1102-17 тоотод “эгч Дуламсүрэнгийн гэрт хэрүүл хийлээ” гэх таарамжгүй харилцааны улмаас Э.Ариунжаргал, Г.Б нарын нүүрэн тус газарт гараараа цохиж, Э.Ариунжаргалын эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Г.Бын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, дух, зүүн, дээд зовхи, зүүн нүдний гадна булан, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Мын хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.Ариунжаргал, Г.Б, гэрч Э.Болор-Эрдэнэ, Э.Сарнай, Ж.Алтанцоож, Н.Элдэв-Очир нарын мэдүүлэг, шинжээчийн 5309, 8241 дугаартай дүгнэлт, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дуудлага лавлагааны хуудас, цагдаагийн ахмад Ж.Алтанцоожийн илтгэх хуудас, хохирогч Э.Ариунжаргал, Г.Б нарын гэрэл зураг, шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ариунжаргал, Г.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнчлэн тэд мөрдөн шалгах ажиллагааны явцад “эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байх тул хохирогч нарын энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Г.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Мын таарамжгүй харилцааны улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол төлсөн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдал /...32 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тодорхой орлого олдог болох нь дансны хуулгаар тогтоогдсон.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Мыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

           lll. Бусад асуудлаар:

             

Г.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Галсан овогт Гомбын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Мыг 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Г.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Мд сануулсугай. 

6.Хохирогч Э.Ариунжаргал, Г.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 

9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР