Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2022/0570/Э |
Дугаар | 2022/ШЦТ/557 |
Огноо | 2022-08-05 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,
улсын яллагч С.Ууганбаяр /томилолтоор/,
шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Нд холбогдох эрүүгийн 2210010860768 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн, Боржигон овогт Эрдэнэбатын Н /РД:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан стар” худалдааны төв дотор гэр бүлийн харилцаатай, найз охин М.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаах, хазах, гараараа базах, чимхэх зэргээр зодож, биед нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, жавжны дотор салстын язарсан шарх, нурууны хазагдсан шарх, зүүн бугалга зүүн сарвуу, хүзүүний цус хуралт зулгарал бүхий хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.Хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Нтай 2021 оны 8 дугаар сард танилаараа дамжуулан танилцаж байсан. Түүнээс хойш бид 2 дотносож, 2021 оны 12 дугаар сард үерхсэн. Н нь ...ер нь их хартай хүн байсан. Гайгүй болчих болов уу гээд тухай бүрт нь өнгөрөөдөг байсан. Сүүлдээ ааш авир нь бүүр дийлдэхээ болиод 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр надад гар хүрэхээр нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн мэдэгдэж, гэмтэл гараагүй учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. ...2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр миний ажиллаж байсан “Зайсан стар” нэртэй газарт ирээд “Цагдаагийн байгууллагад мэдэгдээд ямар овоо гар вэ, ажлаа хаачих, явъя” гэсэн. Би “үгүй” гэж хэлсэн. Н нь миний хувцас, гар утас, ажлын түлхүүр авч гарахаар нь би араас нь гараагүй юм. Хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд ажлын хяналтын камер хаачихаад цаасны хутга гаргаж ирээд миний баруун сарвуу хэсгийн зүсээд, зүүн хацар луу гараараа цохиод, үсдээд дарчихсан байх үед манай ажлын охин Үүрцайх ороод ирсэн чинь Н гараад явчихсан. Түүнээс хойш Нтай огт уулзаагүй... ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)
3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5618 дугаартай:
“-М.Эын биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, жавжны дотор салстын язарсан шарх, нурууны хазагдсан шарх, зүүн бугалга, зүүн сарвуу, хүзүүний цус хуралт, зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал)
4.Шүүгдэгч Э.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Э гэдэг охинтой 2021 оны 8 дугаар сард танилцаад 2021 оны 11 дүгээр сард үерхэж эхэлсэн. ...Энэ хугацаанд залуу хосуудын хооронд маргах, муудалцах үе зөндөө гарч ирсэн. Миний найз охин Э заримдаа худлаа яриад, эсхүл юу ч дуугарахгүй байгаад байдаг болохоор энэ зангаас нь болж хэрүүл маргаан үүсдэг. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Э утсаа авахгүй байхаар нь “Зайсан стар” гэх газар худалдагч ажил хийдэг ба ажил руу нь ороход хэн ч байгаагүй. Эыг ажлынх нь гадаа хүлээж байгаад Эыг ирэхээр нь дотор ороод хаачисныг нь асуухад “Төв оффис орчихоод ирлээ” гэхээр нь итгэхгүй “битгий худлаа яриад бай” гэж хэлээд цаасны хутга гаргаж ирээд өөрийнхөө гарыг зүсээд, Эын хацрыг нь 2 гараараа дотогшоо дарж байгаад нуруун дээр нь хазсан. Ингээд Эын найз Үүрийнтуяа ороод ирэхээр нь зөрөөд гараад явчихсан юм. Одоо бол бид 2 дахиж харьцахгүй байгаа... ...Эын биед хөнгөн зэргийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал)
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 55-60 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан стар” худалдааны төв дотор гэр бүлийн харилцаатай, найз охин М.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаах, хазах, гараараа базах, чимхэх зэргээр зодож, биед нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, жавжны дотор салстын язарсан шарх, нурууны хазагдсан шарх, зүүн бугалга зүүн сарвуу, хүзүүний цус хуралт зулгарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Шүүгдэгч Э.Нгийн хохирогч М.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 5618 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Э.Нгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...22 настай, эрхэлсэн тодорхой ажилтай гэх, урьд 2 удаагийн ял шийтгэгдсэн/ зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Нг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Э.Нд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбатын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахв хэсэгт зааснаар Э.Нг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Нд оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Нд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Нд сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР