Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/555

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,   

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их монгол овогт Ган-Очирын Цд холбогдох эрүүгийн 2210000000749 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт йоршин суух, урьд ял шийтгэлгүй, Их монгол овогт Ган-Очирын Ц /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 14 цагаас 15 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Фүүд сити” төвийн 2 давхарт байрлах А-13 дугаартай лангуунаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Матин бланк /Mating blang/ нэртэй 1 ширхэг үнэртэй ус, Эв рочер ричи крем /Yves rocher riche creme/ 3 ширхгийг авч, 325.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           1.Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2.Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг 45 минутын үед гоо сайхны лангуугаа хаагаад цайндаа орохоор гарсан. 15 цаг 30 минутад лангуун дээрээ ирээд гоо сайхны бараагаа зарах гэтэл дараах бараа бүтээгдэхүүн алга болсон байсан. Нөхөн сэргээж чангаруулах тэжээлийн өдрийн тос 1 ширхэг, нөхөн сэргээж чангаруулах төрлийн серум 1 ширхэг, нөхөн сэргээж чангаруулах төрлийн маск 1 ширхэг, “Matin blang” үнэртэй ус зэрэг эд зүйл алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

            3.Гэрч С.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 74-98 УВЦ улсын дугаартай Приус-30 маркийн машинаар таксинд явдаг. 5 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн Шинэ замын ард 32-н буудал дээрээс нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй аваад “Яармаг орно” гэсэн. Тэгээд явж байхад замаараа пицца авна гээд “Фүүд сити” орохдоо тэвэрч явсан 2-3 насны хүүхдээ надад үлдээгээд өөрөө орсон. 20 орчим минутын дараа пицца, тортой юм барьж ирээд машинд суугаад явсан. Би “хаана хүргүүлэх вэ” гэхэд эмнэлгийн буудал гээд цагдаагийн хажуу талаар яваад баруун талын хашааны хажууд зогсоолд буусан. Ээж нь гэх эмэгтэй эмнэлгийн хашаанд явж байгаад тосоод авсан. Замдаа ээжийнх нь дугаар гээд 88-тай дугаар луу залгаад байсан. Одоо тэр дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Би буусан хашааг нь зааж өгч болно. ...Хар бараан палаажтай, нялх хүүхэд тэвэрсэн, том цүнх үүрсэн, 30 орчим насны бордуу царайтай, хүүхэд нь 2-3 орчим сартай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)

           4.“Дамно” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-22573 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

           5.Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 42-44 дэх тал)

           6.Шүүгдэгч Г.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би Яармагт байдаг ээж рүүгээ очих зорилгоор такси бариад явах замдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фүүд сити худалдааны төв рүү орж пицца авах гэж 3 давхарт гарахад, пицца авахад түр хүлээх шаардлагатай болсон. Тус давхрын ойр орчмоор явж байгаад гоо сайхны бүтээгдэхүүн үзэж байхад худалдагч нь байхгүй, харагдахгүй байхаар нь лангуу дээрээс 4 ширхэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэн нэгэнд хэлэлгүй нууцаар аваад захиалсан пиццагаа аваад Яармаг руу ээжийн гэр лүү явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар тал)

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр (хавтаст хэргийн 33-40 дэх тал) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 14:00-15.30 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Фүүд сити” төвийн 2 дугаар давхар, А-13 дугаартай лангуунаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Матин бланк /Mating blang/ нэртэй 1 ширхэг үнэртэй ус, Эв рочер ричи крем /Yves rocher riche creme/ 3 ширхгийг авч, хохирогч Г.Од 325.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.

Шүүгдэгч Г.Цгийн холбогдсон “Хулгайлах” гэмт хэргийн үйлдэл нь хохирогч Г.О, гэрч С.Одгэрэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Г.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Од 325.600 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгчийн туслахын хохирогчтой утсаар ярьсан “...Хохиролд 100,000 төгрөгийг авсан үлдэх хохирлыг талаар тохиролцсон байгаа, гомдол саналгүй” гэсэн тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгчээс 225.600 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г.Цгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохиролд 100.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 33 настай, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, 7 сартай хүүхэдтэй.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдээс гарахыг хориглох нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Г.Цд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Их монгол овогт Ган-Очирын Цг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3.Шүүгдэгч Г.Цг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4.Шүүгдэгч Г.Цд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

            6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Цгээс 225.600 /хоёр зуун хорин таван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Од олгосугай.

            7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР