Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2823

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ц-д холбогдох,

2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг хариуцагчаас нэхэмжлэгчид биет байдлын доголдолгүй буцааж өгөх, улсын бүртгэлд нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах, хариуцагч Г.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, гэрч П.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Бишдарь нар оролцов.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Ц нь 2011 оны 9 дүгээр сард Капитал банкны захирал А.Ариунболдын зуучлалаар миний өмчлөлийн УНЛ 01-05 улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашиныг 75,000 ам. доллартай тэнцэх төгрөгөөр худалдан авахаар тохирч авч явсан бөгөөд 2012 оны 6 дугаар сард тээврийн хэрэгслийн гэрчилгээнд түүний гуйлтаар өөрчлөлт оруулж нэр дээр нь шилжүүлж өгсөн боловч өнөөдрийг болтол мөнгийг нь төлсөнгүй. Миний хувьд хариуцагчаас автомашины төлбөрийг удаа дараа нэхэж байсан бөгөөд Г.Ц нь “Бишрэлт холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, Капитал банк, “Бишрэлт холдинг” ХХК-ууд нь харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд тул төлбөрийг төлөх учиртай гэж хүлээж байтал Г.Ц ажлаасаа гарсан гэсэн мэдээллийг авч шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас автомашины төлбөрийг өдий хүртэл төлж барагдуулахгүй байгаа тул 75,000 ам. доллар буюу 140,349,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “... Миний хувьд шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэхээр 2014 онд хандсанаас хойш дээрх иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэхгүй удаа дараа шат шатны шүүх дамжиж хэлэлцэгдэж байгаагаас шүүхэд итгэх итгэл алдарсан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 292 дугаар магадлалаар анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Улсын дээд шүүхийн 2018 оны 00782 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч хянасан үндэслэл нь туйлын ойлгомжгүй, хуулиар хориглосон атал дээд шатны шүүхээс доод шатны шүүхэд чиглэл болохуйц үйл байдлын талаар дүгнэсэн, нэхэмжлэгчийн хувьд шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх үүднээс нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж байна. 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний бие өөрийн өмчлөлийн 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг Г.Цийн гуйлтаар Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээний үндсэн дээр автомашиныг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаар өөрийн нэр шилжүүлэн авсан ч өнөөдрийг болтол автомашины үнийг төлөөгүй, 25.000.000 төгрөгөөр худалдсан, төлбөр төлөгдсөн хэмээн бичиж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж гэж үзэж байгаа тул 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсантай хамааралтайгаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг хариуцагчаас нэхэмжлэгчид биет байдлын доголдолгүй буцааж өгөх, улсын бүртгэлд нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг хариуцагчид даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бид анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өөрийн өмчлөлийн 0105 УНЛ улсын дугаартай Тоёото ланд грузер  200 маркийн автомашиныг Г.Цийн гуйлтаар авто машин худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр хариуцагч улсын бүртгэлийн байгууллага дээр шилжилт хөдөлгөөн хийлгэсэн. Гэрээнд бичигдсэн 25,000,000 төгрөгийг би аваагүй. Авто машины үнэ огт төлөгдөөгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 56.1.3-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн авто машин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсантай хамааралтайгаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-т заасны дагуу хүчин төгөлдөр хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор 01-05 УНЛ улсын дугаартай Тоёото ланд круйзер  200 маркийн автомашиныг  хариуцагчаас нэхэмжлэгчид биет байдлын доголдолгүй буцаан өгөх, улсын бүртгэлд нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж, бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  маргаан бүхий авто машиныг битүүмжлэх арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар шилжилт хөдөлгөөн огт хийгдээгүй. Энэ авто машин хариуцагч нэр дээр бүртгэлтэй. Хариуцагчийн өмчлөлд энэ авто машин байгаа юм ...” гэв.

 

Хариуцагч Г.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг хэргийг анх эхэлсэн цагаас авахуулан өнөөдрийг хүртэл хэргийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Г.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Мандах нар нь уг 01-05 УНЛ улсын бүртгэлийн дугаартай автомашин төлбөрийг нэхэмжлэхдээ хариуцагчаа буруу тодорхойлон нэхэмжлэл гаргасан байна гэдгийг удаа дараа хэлж байсан билээ. Уг автомашиныг би 2011 оны 7-р сараас 2013 оны 2-р сарын хооронд “Бишрэлт Холдинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тухайн компанийн үүсгэн байгуулагч А.Ариунболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл, ажиллах нөхцөлийн талаар ярилцан тохиролцсоны дагуу байгууллагаас автомашинаар хангах тохиролцооны дагуу хүлээн авч өөрийн албан болон хувийн хэрэгцээндээ ашигладаг болсон юм. Уг автомашиныг тухайн үед А. Ариунболд захирал нь зах зээлийн ханшнаас хамаагүй доогуур тохирч байгаа учраас тухайн үед өөрийн найз хэмээн танилцуулсан Г.Өгээс машиныг нь авахаар болсон тул намайг тухайн автомашиныг хүлээж авахыг үүрэг болгосны дагуу би 2011 оны 9-р сард хүлээн авсан билээ. Ингэхдээ намайг тухайн үед автомашиныг хүлээн авч буй үнэ нөхцөлийг сонирхоход А.Ариунболд нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж авч өгч байгаа бөгөөд төлбөрийн асуудал надад хамааралгүй хэмээн хэлж ойлгуулж байсан болно. Тухайн автомашиныг 1 жил орчим унаж хэрэглэсний дараа, 2012 онд А.Ариунболдын зааварчилсны дагуу тухайн үед "Бишрэлт Холдинг" ХХК-ийн охин компани болох "Эрдэнэ зам" компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан Г.Өтэй Худалдах худалдан авах гэрээг байгуулан уг автомашиныг өөрийн нэр дээр улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлэн авсан бөгөөд ингэх явцад Г.Ө нь төлбөр бүрэн төлөгдсөн, чиний нэр дээр шилжүүлж өг гэж А.Ариунболд захирал хэлсэн, одоо шилжүүлье гэж байсан ба одоо хүчингүйд тооцуулах гээд байгаа гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулж өгч байсан юм. Мөн 25 сая төгрөг хэмээх үнийн дүнг ч өөрөө хэлж бичүүлсэн бөгөөд тухайн үед надад ХАОАТ-тай холбогдуулан тайлбарлаж байсан болно. Тэгэхээр тухайн үедээ Г.Ө нь автомашины төлбөрийг ямар нэг байдлаар А.Ариунболдоос авсан болох нь тодорхой болдог ба надаас давхар нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Энэ хэрэг анх үүсгэх нэхэмжлэл гаргатлаа уг Г.Ө нь нэг ч удаа энэ автомашины үнэ, мөнгө гэж надад нэг ч удаа хандаж байгаагүй бөгөөд илт худал агуулга бүхий нэхэмжлэл гаргах болсон шалтгааныг нь тухайн үед миний бие дээр дурдсан компаниас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, эргүүлээд ажилласан хугацаандаа хөдөлмөрийн гэрээний дагуу авах байсан ч авч чадаагүй 6 сарын цалин, нэг жил хагасын урамшуулал, мөн өөрийн хадгаламжаас авч тухайн компанийн эргэлтэд оруулсан мөнгө зэрэг нийт 200 гаран сая төгрөгийг “Бишрэлт Холдинг” компаниас нэхэмжлэн тухайн үеийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд хандан хэрэг хэлэлцэгдэж байх явцад А.Ариунболд болон түүнтэй гэрээгээр ажиллаж байсан өмгөөлөгч Мандах нарын зохиосон арга гэдэгт би бүрэн итгэдэг. Тэдний тухайн үед тавьсан зорилго нь миний эсрэг сөрөг хэрэг гаргаж төлбөрийг тэнцвэржүүлж хаах зорилготой байсан нь олон зүйл дээрээс харагддаг. Иймд миний бие Г.Ц нь тухайн автомашины төлбөрийг төлөх ямарваа нэгэн үүрэг хүлээгээгүй, уг автомашиныг А.Ариунболд нь миний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Г.Өтэй хэлцэл хийн надад авч өгсөн үйлдэл нь тодорхой байгаа бөгөөд уг надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг миний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгон өгч, удаа дараа шат шатны шүүхээр худалдан авсан үйлдэл нь тогтоогдох боломжгүй гэдэг нь нотлогдсон хэргийг хааж өгөхийг хичээнгүйлэн хүсье. 2011 оны 9 сард авто машиныг хүлээн авсан, 25 сая төгрөг төлөөгүй нь үнэн боловч “Бишрэлт холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч “Бишрэлт групп” ХХК-ийн захирал А.Ариунболд надад уг авто машиныг Г.Өгээс авч өгсөн тул үнийг нь хариуцах ёстой, эдгээр хүмүүс найз нөхдийн холбоотой, тооцоо дууссан гэж бичсэн байгааг анхаарч үзнэ үү. Уг авто машин одоо миний өмчлөлд байгаа, захирамжийн дагуу захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн хэлэлцээд

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ө хариуцагч Г.Цэд холбогдуулан “худалдсан авто машины үнэд 75,000 ам.доллар буюу 140,349,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж,

Нэхэмжлэлийн шаардлагаа 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэмэгдүүлж,

2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэлээ өөрчилж “2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “автомашин худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг хариуцагчаас нэхэмжлэгчид биет байдлын доголдолгүй буцааж өгөх, улсын бүртгэлд нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна.

Хариуцагч “авто машиныг худалдан авах хүсэл зорилго байгаагүй, “Бишрэлт холдинг” ХХК үнийг төлөх үүрэгтэй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Өлдийдүүрэн хариуцагч Г.Ц нарын хооронд 2011 оны 9 дүгээр сард 2010 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 9 сарын 3-нд Монгол Улсад орж ирсэн 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг  75,000 америк доллараар худалдах, худалдан авах гэрээ амаар болон бичгээр байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Харин хариуцагч Г.Ц нэхэмжлэгч Г.Өгийн өмчлөлийн 2010 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 9 сарын 3-нд Монгол Улсад орж ирсэн 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг   2011 оны 9 дүгээр сард хүлээн авч эзэмшиж байгаад 2012 оны 10 сарын 25-нд “авто машин худалдах, худалдан авах гэрээ” байгуулан нэр дээрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, одоог хүртэл эзэмшиж, өмчилж байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2012.10.25-ны өдрийн “авто машин худалдах, худалдан авах гэрээ”, Авто тээврийн үндэсний төвийн 2015.11.03-ны 01 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийг бүртгэх хаягт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Г.Ц нэхэмжлэгч Г.Өгийн өмчлөлийн 2010 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 9 сарын 3-нд Монгол Улсад орж ирсэн 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг 2011 оны 9 дүгээр сард хүлээн авч эзэмшиж байгаад улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийн тулд 2012 оны 10 сарын 25-нд “авто машин худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан / үнийг 25,000,000 төгрөг, тооцоо бүрэн дууссан гэх/  болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 2012 оны 10 сарын 25-ны өдрийн “авто машин худалдах, худалдан авах гэрээ”-г дүр үзүүлсэн хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл 2012.10.25-ны өдөр Г.Өгээс Г.Цэд 25,000,000 төгрөгөөр 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдах хүсэл зорилго байгаагүй, Г.Ц нь 25 сая төгрөг төлөөгүй, тухайн өдөр нэр дээрээ шилжүүлэхийн тулд авто машиныг тухайн өдөр 25 сая төгрөгөөр худалдаж, үнийг бүрэн төлсөн  мэтээр гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Харин өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2012 оны 10 сарын 25-ны өдөр “авто машин худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 10 сарын 25-ны өдөр “авто машин худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд тооцуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Г.Ц 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг 2011 оны 9 сард Г.Өгээс хүлээн авсан, 2012.10.25-ны өдрийн 25 сая төгрөгийн худалдах, худалдан авах гэрээгээр өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэн, одоог хүртэл түүний өмчлөлд байгаа, 2012.10.25-ны өдөр 25 сая төгрөгийг төлөөгүй зэрэгтэй маргаагүй.

Хариуцагч Г.Ц  “Бишрэлт холдинг” ХХК-ийн захирлаар 2011 оны  7 сарын 1-нээс 2013 оны 1 сарыг дуустал хугацаанд менежментийн ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан менежментийн ажилтны хөдөлмөрийн гэрээ, уулзалтын протокол зэргээр  тогтоогдож байх боловч уулзалтын протоколын 5-д заасан “албаны автомашинаар хангах”, менежментийн ажилтны хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан “ажлын өдрүүдэд албаны авто машин хэрэглэнэ” гэх заалтуудын дагуу Г.Өгээс хүлээн авч, эзэмшиж, өмчилж байгаа 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашины үнийг “Бишрэлт холдинг” ХХК, уг компанийг үүсгэн байгуулагч “Бишрэлт групп” ХХК-ийн захирал А.Ариунболдыг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн ...“Бишрэлт холдинг” ХХК-ийн захирлаар 2011 оны  ажиллахад авто машинаар хангах үүрэгтэй байсан тул “Бишрэлт холдинг” ХХК болон уг компанийг үүсгэн байгуулсан А.Ариунболд уг авто машиныг надад худалдаж авч өгсөн, тэдгээр үнийг нь төлөх үүрэгтэй... гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй, тэрээр маргаан бүхий автомашиныг хууль болон гэрээнд заасны дагуу Г.Өгээс шилжүүлэн авч өмчилж байгаа болохоо баримтаар нотолж чадаагүй.

Гэрч П.Наранцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн ...”Бишрэлт холдинг” ХХК-ийн захирал Г.Цэд компанийн захирлынх нь хувьд түүнд Ариунболд захирал авч өгсөн гэж ойлгосон, манай ажилчид бас тэгж ойлгож байсан,    ... гэх таамаглал, бодлоор 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг “Бишрэлт холдинг” ХХК болон “Бишрэлт групп” ХХК-ийн захирал А.Ариунболд Г.Өгээс худалдан авч, Г.Цийн хувийн өмч болгож өгсөн, үнийг нь “Бишрэлт групп” ХХК болон “Бишрэлт холдинг” ХХК төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхгүй юм.  

2012.10.25-ны өдрийн 25 сая төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг хариуцагч Г.Цээс биет байдлын доголдолгүй гаргуулж нэхэмжлэгч Г.Өд буцаан олгож, 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн авто машиныг улсын бүртгэлд Г.Өгийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг хариуцагч Г.Цэд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Урьд Г.Өгийн нэхэмжлэлтэй Г.Цэд холбогдох иргэний хэргийг ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу буцааж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2014 оны 12 сарын 10-ны өдрийн 25193 дугаар захирамжтай Архивд байгаа хэргээс: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 3 сарын 13-ны өдрийн 8411 дугаартай захирамжаар /1хх-30-31/  гэрч А.Ариунболдын өгсөн мэдүүлгийг эх хувиар нь, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 сарын 13-ны өдрийн 6719 дугаартай захирамжаар /1хх-225-226/ хууль сануулсан баримтыг эх хувиар нь тус тус гаргуулахаар шийдвэрлэсний дагуу гэрч А.Ариунболдын 2014.11.28-ны өдрийн мэдүүлэг болон хууль сануулсан талаарх 2014.11.07-ны өдрийн баримтыг эх хувиар нь хэрэгт хавсаргажээ./1хх-74-75, 229/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.24-ний 292 дугаартай Магадлал /2хх-130-131/, УДШ-ийн 2018.05.15-ны өдрийн 782 дугаартай Тогтоол /2хх-150/-д дурдагдсан, 1-р хавтас хэргийн 74-75-р хуудсанд авагдсан А.Ариунболдыг гэрчээр асуусан тэмдэглэл, 1-р хавтас хэргийн 229-р хуудсанд авагдсан хууль сануулсан тухай баримт нь 2014 оны 8 сард Г.Өгийн Г.Цэд холбогдуулан 139,566,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2014 оны 8 сард иргэний хэрэг үүсгэж /хариуцагч энэ талаар маргаагүй/, ажиллагаа явуулаад 2014 оны 12 сарын 10-ны өдрийн 25193 дугаартай захирамжаар ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн захирамжтай /1хх-6-7/ хэрэгт хийгдсэн ажиллагааны баримт байх ба Г.Ө дахин Г.Цэд холбогдуулан 140,349,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасанд 2014.12.30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, одоо шийдвэрлэж байгаа иргэний хэрэгт хийгдсэн ажиллагаа биш, тус хэрэгт гэрчээр А.Ариунболдыг асуухаар шийдвэрлээгүй учир А.Ариунболдыг гэрчээр асуух боломжгүй, зохигч хэн аль нь А.Аринуболдыг гэрчээр асуулгах талаар хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

Түүнчлэн урьд нэхэмжлэлийг буцаасан Архивд хадгалагдаж байгаа хэргээс авсан А.Ариунболдыг гэрчээр асуусан тэмдэглэл /1хх-79/, хууль сануулсан баримт /1хх-229/-ыг уг хэрэгт нотлох баримтаар хавсаргасныг үнэлэх эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Н.Мандах уг хүсэлтээсээ татгалзсан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

Шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч тал 80,000 төгрөг, хариуцагч тал 100,000 төгрөг тус тус төлсөн байх боловч шүүх зохигч талуудын хүсэлтээр хийгдсэн шинжээчийн дүгнэлтийн аль алийг хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтаар үнэлээгүй тул зохигчдын өөрсдийнх нь хүсэлтээр хийгдсэн шинжээчийн хөлсийг зохигч талуудад хуваарилах үндэслэлгүй гэж дүгнээд, төлсөн талаар дурдав.

Нэхэмжлэгч Г.Ө 2014.12.23-нд анх нэхэмжлэл гаргаж, 2014.12.22-нд Н.Мандахад өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг олгосон, уг итгэмжлэлийн хугацаа дуусахад 2017.11.07-ны өдөр дахин Н.Мандахад өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгожээ.

Г.Өгээс 2017.11.07-ны өдөр Н.Мандахад олгосон итгэмжлэлд /2хх-88/ ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ээс 25.1.6-д заасан үүргийг шилжүүлсэн байгаа тул төлөөлөгч Н.Мандах шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлэх учиртай ба нэхэмжлэгчийг зайлшгүй өөрийн биеэр нь шүүх хуралдаанд оролцуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, итгэмжлэл хуульд нийцэж байна гэж дүгнэн нэхэмжлэгчийг  оролцуулахгүй хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                          ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Ө, Г.Ц нарын хооронд байгуулагдсан “2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг хариуцагч Г.Цээс биет байдлын доголдолгүй гаргуулж нэхэмжлэгч Г.Өд буцаан олгож, 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн авто машиныг улсын бүртгэлд Г.Өгийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг хариуцагч Г.Цэд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,142,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 423,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Өд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч тал 80,000 төгрөг, хариуцагч тал 100,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ