Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/566

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/,

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батмэргэний Ут холбогдох эрүүгийн 2210009220501 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 669 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/866 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэгдсэн Боржигон овогт Батмэргэний У /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр С.Ггийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, 17-421 тоот байшинд хууль бусаар нэвтэрч 163000 төгрөгийн хөрөнгө бүхий хөнгөн цагаан тогоо, түлхүүр олшруулдаг багаж зэргийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 17-421 тоотод охин хүү зээ нарын хамтаар ...амьдарч байна. 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн үед би гэртээ зурагт үзээд хэвтэж байтал манай хүү Мөнхсүх гэрээс гараад гал түлэх гэж доош буугаад орилоод байхаар нь би доошоо буугаад хартал манай гэрт цэнхэр өнгийн куртиктэй, саарал өнгийн малгайтай, алаг эрээн өнгийн өмдтэй ойролцоогоор 25-28 насны архи уусан залуу байсан. Тухайн үед манай хүү Мөнхсүх цагдаагийн 102-т дуудлага өгсөн. Манай гэрээс хулгай хийсэн хүнийг хүү бариад явж байсан. Удалгүй цагдаагийн газраас хүмүүс ирээд бид хоёрыг мэдүүлэг өгнө гээд машиндаа суулгаад явсан.

...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ хүүхдүүдийн хамт байж байхад би хүүхдээ “байшингийн 1 давхарт юм дугараад байна, үзээдэх” гэхэд Мөнхсүх гараад харсан чинь манай тогоо болон түлхүүр олшруулдаг багажийг аваад байшингаас гараад зугтаж байхад нь хашаан дотор хөөж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд бид нар авсан зүйлийг нь тэр дор нь буцааж авсан. ...Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Би алдагдсан гэх зүйлсээ хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 37 дахь тал)

            3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022.04.11-ний өдрийн Х-0002 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Тогоо -23,000, түлхүүр хувилагч – 140,000, нийт 163,000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 10-12 дахь тал)

            4. Шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн эцэст үл таних 2 эрэгтэй хүнтэй 2 шил Хаан түшиг нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан. Архиа уугаад нилээн согтсон байсан. Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 17 дугаар гудамжаар явж байтал хашааны хаалга нь онгорхой хашаа байхаар нь ороход 2 давхар байшин байсан. Гэрийн хаалгыг нь татахад онгорхой, 1 давхарт нь хүн байхгүй байхаар нь тухайн 1 давхарт байсан 1 ширхэг хөнгөн цагаан тогоо, ажлын багаж байхаар нь аваад гарах гэж байсан чинь дээд давхраас 1 эрэгтэй хүн гараад ирэхээр нь гэрээс нь гараад явж байсан чинь хөөгөөд бариад авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал)

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн мэдээлэл (хавтаст хэргийн 17 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 61-74) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У нь согтуурсан үедээ 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр С.Ггийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, 17-421 тоот байшинд хууль бусаар нэвтэрч, хөнгөн цагаан тогоо, түлхүүр олшруулдаг багаж зэргийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 163,000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой бөгөөд субьект нь тухайн гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх, үйлдэхийг завдсанаар хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Б.Уын хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Ггийн мэдүүлэг, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Би алдагдсан гэх зүйлсээ хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 37 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Харин шүүгдэгч Б.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

             

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /... ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.../, бусдад 163,000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

              Шүүгдэгч Б.У нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/866 дугаар шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдсэн байх бөгөөд уг ялыг эдэлсэн эсэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Шүүгдэгч Б.Уын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ут холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Боржигон овогт Батмэргэний Уыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/866 дугаар шийтгэх тогтоолоор Б.Ут оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.                               

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Уын эдлэх 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уын цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6.Шүүгдэгч Б.Ут холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Уын эдлэх ялыг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 

 9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР